| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/0928/Э |
| Дугаар | 930 |
| Огноо | 2019-08-28 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Х.Онолт |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 930
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,
улсын яллагч Х.Онолт,
шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа,
шүүгдэгч Г.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Г....ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808015430540А дугаар эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто агрегат мэргэжилтэй, ...газар ажиллуулдаг гэх, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн ... тоотод оршин суух,
урьд Багануур дүүргийн шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 292 дугаар шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11-д зааснаар нэмж нэгтгэн нийт 17 жил 1 capын хорих ял шийтгүүлж, 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр эдлээгүй үлдсэн 2 жил 10 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Боржигин овогт ...ийн ... /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Г.... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр, ...дүгээр гудамжинд иргэн Х....г хүч хэрэглэж довтлон “Нокиа” маркийн гар утсыг нь дээрэмдэн, 40.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтэй адилхан тул одоо мэдүүлэг өгөхгүй. Хохирогчийг өдөр танилцсан хүүхэнтэй андуурсан. Хүүхний араас хүзүүгээр нь боосон. Хохирогчийн утас унахад нь би авч өгсөн. Би “утсаа өг” гэж хэлээгүй. Замын хажууд суух гээд чирсэн. Уучлаарай, болж бүтэхгүй хүмүүстэй нийлээд ийм юм болчихлоо. Гэр бүлийн байдлыг минь харгалзан хөнгөн ял өгнө үү” гэв.
Эрүүгийн 1808015430540А дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Х....гийн: “2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 20 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дуүргийн 30 дугаар хорооны доод талд байх жалганд байрладаг 2 давхар шаргал өнгийн дэлгүүрийн баруун талын хоёр хашааны дундуур гардаг шатаар дээш гарч гэр лүүгээ явж байсан. Тухайн үед өөдөөс болон араас хүн зөрж өнгөрөөгүй. Би ямар ч хүнгүй байна даа гэж бодоод алхаж явсан. Шатаар гараад нэг их хол явалгүй бараг хашааны хажууд явж байтал ард хөлийн чимээ сонсогдсон. Тэгээд шууд миний хоолойг гарын шуугаараа нэг эрэгтэй хүн боогоод “утсаа өг” гэхээр нь би куртикнийхээ зүүн талын гадна халаасанд байсан 2018 оны 02 дугаар сард 45000 төгрөгөөр худалдан авсан байсан Нокиа маркийн товчлууртай гар утсаа өгсөн. Тэгтэл намайг боосон чигтээ чирээд хажуугийн хоёр хашааны хоорондын залгааны догол руу оруулаад “Мөөмийг чинь барья” гэхээр нь “та юу яриад байгаа юм бэ ахаа, би жирэмсэн, намайг явуулчихаач” гээд орилсон чинь “дахиад орилвол алчихна шүү” гэсэн. Би “дахиж орилохгүй ээ, та гараа суллачихаач” гэхэд гараа сулласан. Би эргээд харах гэтэл намайг үсдээд доош нь дараад, эргүүлж харуулаад хоолойгоор гараа оруулж боогоод доош хашааны булан руу суулгасан. Би урагш зүтгээд зам руу харахад цагдаагийн эргүүлийн алаг машин тэр гудамж руу ороод ирсэн. Би чимээгүй байж байгаад “ахаа та гараа жаахан суллачихаач” гэж хэлсэн чинь суллахгүй байсан. Би гарнаас нь гараараа татаж байгаад цагдаагийн машин ойртохоор нь “туслаарай” гээд орилсон. Цагдаа машинаасаа гараад ирэхэд нөгөө эрэгтэй доош шатаар зугтаасан. Цагдаа хойноос нь хөөгөөд бариад авсан. ...Тухайн үед тэр намайг дээрэмдсэн эрэгтэйгээс архи үнэртэж байсан. Миний гар утсыг надаас авсан байснаа цагдаа ирэхэд газар шидчихээд зугтаасан.
...Тэр эрэгтэй миний хөхнөөс бариагүй. Би тэр хүнийг танихгүй. Тэр үед би архи хэрэглээгүй байсан, ажлаасаа гэр лүүгээ явж байсан. ...Ямар нэгэн гомдол санал байхгүй. Утасны мөнгө болон эхо-ны мөнгө, шүүх эмнэлэгт үзүүлсэн мөнгө, ажлын 2 өдрийн цалин зэрэг хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-30-31, 34-35, 36/,
Гэрч Г....рын: “...2018 оны 3 дугаар сарын 26-ны ...21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын гудамжуудаар эргүүл хийж яваад ...дүгээр гудамжаар ороход хашааны догол буланд нэг эмэгтэйг газар унагаагаад хоолойг нь боогоод дээр нь гарчихсан эрэгтэй хүн байхаар шалгахаар очтол хөдөлгөөнт эргүүлийн машин хараад нөгөө эрэгтэй хүн урагш нарийн гудамжаар зугтсан. Түүний хойноос цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Дашням бид хоёр хөөгөөд барьж авахад тэр эрэгтэй “энэ миний явалддаг хүүхэн, та нар бараг намайг зүгээр байхад барьлаа” гэж дайрсан. Нөгөө эмэгтэйгээс “нөгөө эрэгтэйг таних уу” гэж асуухад “огт танихгүй, сая миний араас дагаж яваад намайг дээрэмдсэн” гэж хэлсэн. ...Тэгээд нөгөө эрэгтэйг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир саатуулсан. Биеийн байцаалтыг шалгахад ...ийн ... гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-37/,
Гэрч М....ын: “...2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр би ...тай уулзаад 0,5 литрийн архи хувааж уусан. Дахин 0,5 литрийн архи авчраад жижиг дэн буудалд орж уусан. ...Бид хоёр ...ын дүү ... гэх залуутай ...явж байхдаа Хилчин хотхоны доод талын хүнсний дэлгүүрээс архи авахаар буухад ... тэр цуг явсан эмэгтэйтэй үүдэнд тааралдаад үлдсэн. Би дэлгүүр орж архи аваад эргээд гараад ирэхэд танилцсан зогсож байсан. Тэр эмэгтэй нөхөртэйгөө муудалцсан гэж яриад байсан. 35-40 орчим насны биедээ таарсан махтай, 160-165 см орчим өндөртэй, дээгүүрээ хар бараан өнгийн нөмрөг шиг нэвсгэр хувцастай байсан санагдаж байна. Би согтуу байсан учир хувцсыг нь андуурсан байж магадгүй. ...Уг лавлагаан дээр байгаа хүний зураг тухайн үед бидэнтэй цуг явж байсан эмэгтэй биш байна. Тэр эмэгтэйг бодвол арай залуу байна...” гэх мэдүүлэг /хх-38-39, 40/,
Гэрч Э....ын: “...2018 оны 3 дугаар сарын 26-ны 18 цагийн үед нагац ах ... “би архи уучихсан байна, машин бариад өгөөч” гэхээр нь очоод Хархорины Вест баарны урд талын зогсоолд байсан машиныг нь унаад ах ...ыг ...найзынх нь хамтаар суулгаад 1 дүгээр хорооллын арын Хилчин хотхоны дундуур өгсдөг засмал замын доод талд байх дэлгүүрийн үүдэнд зогссон. Ах ..., ...2 дэлгүүрийн гадаа тамхи татаад зогсож байхад нэг цагаан цайвар өнгийн нимгэн куртиктэй, хар өнгийн өмдтэй, намхандуу нуруутай, шар царайтай, халамцуу эмэгтэй ганцаараа ирээд нэг тамхилаач гэж хэлсэн. Тэр гурав машинд суугаад тамхи татсан. ...ах “хорхог хийж байгаа, манай гэрт очъё” гэсэн чинь тэр эмэгтэй “тэгье” гээд цуг явсан. Гэрт нь оччихоод тэр гурав ...0,5 литрийн архи машинд хувааж уусан. ...Тэр эмэгтэйд цүнх байхгүй байсан. Утас байгаа эсэхийг мэдээгүй. ...Эхлээд тэр эмэгтэй явсан, Хүрлээ ах надад юм хэлчихээд нөгөө эмэгтэйн араас явсан. Тэгэхэд нь би хараагүй. Тэр эмэгтэй өөрийгөө Цээнээ л гээд байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-41, 42-44/,
Гэрч М....ийн: “...... 2018 оны 3 сарын эхээр манай гэрт ажилд ороод 2018 оны 9 дүгээр сарын 01 хүртэл ажилласан. ...Тухайн өдөр ... өглөө 9 цагаас гэрт асрагчийн ажлаа хийгээд 18.30-19 цагийн хооронд явсан байх. Манай ажлаас гарах хүртэл ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. ...2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ажилдаа ирсэн. ...Тухайн өдөр гар билүү хүзүүний хэсгээс боосон гээд хөхөрсөн гээд харуулсан...” гэх мэдүүлэг /хх-46-48/,
Гэрч Э....ы: “...... надад “энэ залуу намайг ам хамар дараад хүчиндэх гэж оролдлоо, би энэ хавиар баахан ориллоо, тэгтэл дээрээс хөдөлгөөнт эргүүлийн машин аз болж харагдаад иртэл нөгөө залуу зугтах гэж байгаад цагдаад баригдсан, ингээд байж байна” гэсэн. Тухайн үед ... архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-50-51/,
Гэрч Г....гийн: “...Гэрээсээ гүйж гараад доошоо очиход найз ..., ... уйлсан дуугарч чадахгүй харахад шоконд орсон байдалтай байсан. ...гийн хүзүү боосон юм шиг байсан, үс нь арзайсан байсан. Би гэмт хэрэг үйлдсэн хүнийг машин дотор байхад нь “чи муу пизда найзын эхнэр хүчиндэх гэж оролддог ямар овоо пизда вэ, ална” гэхэд өөдөөс хараад мангар хүн шиг инээгээд байсан. “Яасан бэ” гэхэд ... “алхаад явж байсан чинь араас хүн боогоод утсаа өг” гээд хэлэхээр нь манай найз утсаа өгсөн гэсэн...” гэх мэдүүлэг /хх-53-54/,
Гэрч Н....ийн: “...Тухайн өдөр эхнэр ... уйлаад залгаад “доошоо хурдан буугаад ир” гэж хэлтэл нэг цагдаа утсыг нь аваад “яаралтай ир” гэсэн. ...Очиход эхнэр уйлсан, хүзүү улайсан, 2 цагдаа машинтайгаа байсан. “Энэ хавиар дуудлагатай явахад танай эхнэрийг дээрэмдэж байхад нь таарч гэмт хэрэг үйлдсэн хүнийг барьж авсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-56-57/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.04.17-ны өдрийн 5029 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Х....-н биед гэмтэл тогтоогдсонгүй. 2. Х.... нь 8 долоо 1 хоногтой жирэмсэн байна” гэжээ /хх-73/,
“Дамно” ХХК-ийн 2018.04.23-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний СХЗ-18-182 дугаар тайланд: “Товчлууртай Нокиа маркийн гар утас 40.500 төгрөгөөр үнэлэгдэв” гэжээ /хх-75-76/,
Шүүгдэгч Г....ын яллагдагчаар өгсөн: “2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр .../.../-тай Хархорингийн ойролцоо паабад архи уусан. Тэндээсээ гараад Хилчин хотхоны хойно байдаг айл руу очсон. Тэр айлд хорхог хийж байгаа гэж ...хэлсэн. ...бид 2 архи авахаар урагшаа нэрийг нь мэдэхгүй ногоон дэлгүүр явсан. Архи аваад гарч ирэхэд нэг эмэгтэй “тамхи байна уу” гээд үүдэнд зогсож байсан. Би тэр эмэгтэйд тамхи өгөөд танилцсан. Тухайн үед надад нэрээ Зэрмаа билүү, Зина гэлүү би яг сайн санахгүй байна. Тэгээд тэр эмэгтэй “нөхөртэйгөө муудалцсан явж байна” гэсэн. Би тэр эмэгтэйгээс “архи уух уу” гэж асуухад “тэгье” гээд хамт бид 3 ...буюу ...ын ахын гэр лүү явсан. Бид 3 машинд суусан. Тухайн үед ... /.../ гэдэг хүүхдээр машинаа бариулсан байсан. Бид 3 нөгөө архиа буюу 0,75 литрийн архиа уусан. ...тасраад эгч нь орж ирээд авсан. Танихгүй эмэгтэй бид нар доошоо уруудаад засмал руу машинтайгаа явсан. Замд нөгөө эмэгтэй төв рүү хүргүүлнэ гээд байсан. Би үгүй гээд замдаа буусан. Тухайн үед 1 дүгээр хорооллын арын туслах замын ойролцоо буусан. Нөгөө эмэгтэй хүргүүлэх байсан гэж уурлаад байсан. Би бие засаад зогсож байтал нөгөө эмэгтэй гудам руу ороод алхсан. Би бие засаж дуусаад хартал нөгөө эмэгтэй байхгүй байсан. Би өгссөн зүг рүү явтал нөгөө эмэгтэй алхаж байх шиг байсан. Араас нь гүйж очоод тэврээд автал гар утас нь газарт унасан. Би гар утсыг нь газраас аваад өгтөл гэнэт машинтай цагдаа гараад ирсэн...” гэх мэдүүлэг /хх-165-168/,
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан иргэн Х....гийн өргөдөл /хх-3/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-6, 13-14/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх гэрч Г....ын мэдүүлэг /хх-59/, гэрч С....ын мэдүүлэг /хх-61/, зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-65-70/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-101, 102/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-116/, хохирогчийн “Хохирлын мөнгөө хүлээн авсан, одоо санал гомдолгүй...” гэх хүсэлт /хх-171/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-174/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,
мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн түрээсийн гэрээний хуулбар, шүүгдэгчийн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, түрээсийн төлбөр төлдөг тухай баримтыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай. Бусдад төлөх төлбөргүй” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн асуудлаар маргаагүй гэж ойлгох байх. Дээрэмдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Танилцсан эмэгтэйтэйгээ хохирогчийг андуурсан байгаа. Үйлдлийн хувьд боосон” гэж,
шүүгдэгч “Уучлаарай. Болж бүтэхгүй хүмүүстэй нийлээд ийм юм болчихлоо” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүгдэгч Г.... хэрэг хянан шалгах ажиллагааны явцад гэм буруугийн талаар маргасан бөгөөд “Миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх мэдүүлэг /хх-164/, “...Нөгөө эмэгтэй алхаж байх шиг байсан. Би араас нь очоод тэврээд автал гар утас нь газарт унасан. Би утсыг газраас аваад өгтөл гэнэт машинтай цагдаа гараад ирсэн...” гэх мэдүүлэг /хх-167/, шүүх хуралдаанд “би хохирогчийг өөр эмэгтэй хүнтэй андуураад араас нь тэврээд авсан. Гараараа боогоогүй” гэж тус тус мэдүүлжээ.
Гэвч шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.... согтуурсан үедээ 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, ...дүгээр гудамжинд иргэн Х....гийн хоолойг гараараа боон, ам таглах, үсдэх зэргээр хүч хэрэглэн довтолж “Нокиа” маркийн гар утсыг дээрэмдэн авсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Х....гийн “...Миний хоолойг гарын шуугаараа нэг эрэгтэй хүн боогоод “утсаа өг” гэхээр нь би куртикнийхээ зүүн талын гадна халаасанд байсан Нокиа маркийн товчлууртай гар утсаа өгсөн. Намайг боосон чигтээ чирээд хашааны догол руу оруулсан. “...Намайг явуулчихаач” гээд орилсон чинь “дахиад орилвол ална шүү” гэсэн. Эргээд харах гэтэл намайг үсдэж дараад эргүүлж харуулаад хоолойгоор гараа оруулж боогоод доош хашааны булан руу суулгасан. ...Тэр эрэгтэйгээс архи үнэртэж байсан...” гэх мэдүүлэг /хх-30-31/, гэрч Г....рын “...хашааны догол буланд нэг эмэгтэйг газар унагаагаад хоолойг нь боогоод дээр нь гарчихсан эрэгтэй хүн байхаар нь шалгахаар очтол хөдөлгөөнт эргүүлийн машин хараад нөгөө эрэгтэй урагш нарийн гудамжаар зугтсан. ...Тэр эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-37/, гэрч М....ийн “...... гар билүү хүзүүний хэсгээс боосон, хөхөрсөн гээд харуулж байсан...” гэх мэдүүлэг /хх-46-48/, гэрч Г....гийн “......гийн хүзүү боосон юм шиг байсан. Үс нь арзайсан байсан...” гэх мэдүүлэг /хх-53-54/, гэрч Н....ийн “...очиход эхнэр уйлсан, хүзүү нь улайсан байсан. “Энэ хавиар дуудлагатай явахад танай эхнэрийг дээрэмдэж байхад нь таарч гэмт хэрэг үйлдсэн хүнийг барьж авсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-56-57/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-5, 6, 13-14/, зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-65-70/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Г....ын хохирогч Х....гийн хоолойг гараараа боож, ам таглах, үсдэж чирэх зэргээр хүч хэрэглэн довтолж, “дуугарвал ална шүү” гэж заналхийлэн гар утсыг нь авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Гэмт хэргийн улмаас хохирогч Х....д 40.500 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн “Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-34-35/, “Хохирлын мөнгөө хүлээн авсан...” гэх хүсэлт /хх-171/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч өмнө нь 2 удаа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсныг харгалзан түүнийг нийгэмшээгүй гэж үзлээ. Гэмт хэргийн хор уршиг арилсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа ч хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г....т 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.6-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Мөн зүйлийн 3 дахь хэсгийг харгалзан үзнэ үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээнээс багасгаж өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учирсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн”, 3 дахь хэсэгт заасан “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасныг хэрэглэж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн болно. Хэдийгээр шүүгдэгч “Хохирогчийг тэр өдөр танилцсан эмэгтэйг гэж бодон араас нь тэвэрсэн, гар утсыг нь унахаар авч өгсөн” гэж мэдүүлж байгаа ч хэрэгт авагдсан хохирогчийн “...Араас хоолойг гарын шуугаараа боогоод “утсаа өг” гэхээр нь би ...өгсөн. Тэгтэл боосон чигтээ чирээд хашааны догол руу оруулсан. Орилсон чинь “дахиад орилвол ална шүү” гэсэн. Намайг үсдээд доош дараад эргүүлж харуулаад боогоод хашааны булан руу суулгасан...” гэх мэдүүлэг, гэрч Г....рын “...хашааны догол буланд нэг эмэгтэйг газар унагаагаад хоолойг нь боогоод дээр нь гарчихсан эрэгтэй хүн байхаар нь шалгахаар очтол ...зугтсан...” гэх мэдүүлэг /хх-37/, гэрч Г....гийн “......гийн хоолой нь боосон юм шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-53-54/ зэргээс дүгнэхэд шүүгдэгч Г....ын дээрх үйлдлийг нөхцөл байдлыг андуурсны улмаас хийгдсэн үйлдэл гэж үзэх, түүнчлэн “...онцгой нөхцөл байдал” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, хохирогчийн хоолойг араас нь боож, үсдэж дарах, ам таглах зэргээр хүч хэрэглэн, “дахин дуугарвал ална шүү” гэж заналхийлэн гар утсыг авахаар довтолсон, улмаар утсыг авсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хохирол учраагүй хэдий ч эд хөрөнгөд 40.500 төгрөгийн хохирол учруулсан, хохирол төлөгдсөн, хохирогч “Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага/ зэргийг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэн шүүгдэгч Г....т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг дээрх үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн дээрх нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хэрэглэж болохоор хуульчилсан. Харин шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г....ын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр урьдчилан хоригдсон 2 /хоёр/ хоногийг түүний эдлэх ялаас хасаж тооцохоор шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт ...ийн ...ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г....ыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г....ын урьдчилан хоригдсон 2 /хоёр/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож хассугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г....т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.... бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г....т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г....т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР