Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 931

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,  

улсын яллагч А.Мөнхзул,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч В.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт В....ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908029061028 дугаар хэргийг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, дүү, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Элжигин овогт ...гийн ... /РД:.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч В.... нь 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны ...тоотод оршин суух иргэн О....гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшингийн цонхоор нэвтэрч, 30 литрийн багтаамжтай хайлшин тогоо 1 ширхэг, 20 литрийн багтаамжтай хайлшин тогоо 1 ширхэг, тогооны таг 1 ширхэг, 20 литрийн багтаамжтай усны сав 2 ширхэг, цахилгаантай цүнх 1 ширхэг, монгол гэрийн цаваг 1 ширхэг, монгол гэрийн бүслүүр 1 ширхэг зэрэг зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 240.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч В....ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Жаахан согтуу явж байгаад тэр айлын жорлонд бие засчихаад хүнгүй байхаар нь байшин руу орж эд зүйл авсан. Тэгсэн нэг залуу намайг барьж авсан. Хашааны хаалга нь онгорхой байсан. Байшингийн цонхоор нь орсон. Эд зүйлийг нь буцааж тэр дороо оруулж өгсөн. Согтуугаар буруу зүйл хийсэндээ гэмшиж байна” гэв.

 

Эрүүгийн  1908029061028 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч О....гийн: “2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ...16 цагийн үед гэртээ ирээд гэрийнхээ эд зүйлсийг янзлаад байж байхад хажуу хашаанаас танихгүй ах орж ирээд “энэ айлын эзэд өөрсдөө мөн үү” гэж асуухаар нь “тийм байна” гэхэд “танай гэрт одоогоос хэд хоногийн өмнө цонхоор чинь хулгайч орж гэрийн чинь эд зүйлсийг авч гарч байхад нь би тэр хулгай хийж байгаа хүнээс “та юун хүн бэ, ямар учраас энэ айлын эд зүйлсийг зөөж гаргаад байгаа юм” гэж асуухад “би энэ айлын эзний ах нь байгаа юм, манай дүү энэ байшинг худалдаж авсан, би өөрийнхөө гэрийг энэ байшинд хураачихсан байгаа, манай дүү хөдөө байгаа, би дүүтэйгээ утсаар ярьсан чинь та өөрөө очоод эд зүйлсээ авчих гэж хэлсэн” гэхээр нь би худлаа ярьж байна гэж бодоод “тэгвэл дүүгийнхээ утасны дугаарыг өгчих, дүүтэй чинь ярья” гэхэд юу ч дуугарч чадахгүй зогсоод байхаар нь цагдаа дуудаж бариулсан” гэсэн. ...Өнөөдөр цагдаагийн газар ирээд 1 ширхэг 30 литрийн багтаамжтай хайлшин тогоо, 1 ширхэг 20 литрийн багтаамжтай хайлшин тогоо, 1 ширхэг тогооны таг, 2 ширхэг шар өнгийн 20 литрийн багтаамжтай усны сав, цагаан өнгийн монгол гэрийн цаваг, хөх өнгийн цахилгаантай цүнх, монгол гэрийн бүслүүр 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан талаар мэдлээ.

...Хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-16, 19/,

Гэрч Т....ын: “2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр би хамт ажилладаг хоёр залуу болох ...нартай Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны ...тоот айлын хашаанд засварын ажил хийж байхад хойд хашааны байшингийн цонх онгойчихсон байсан. Тус байшинд хүн ерөөсөө харагдахгүй байсан. Ойрын 4 хоног ажил хийхэд хүнгүй байсан. Тэгээд би ажлаа хийж байхад хойд хашааны байшингийн цонхоор хүн орж байгаа харагдсан. Би өөрийн хүмүүс нь түлхүүрээ хаячихаад орж байгаа юм байх гэж бодоод байж байтал юмнуудаа зөөгөөд гаргаж  байсан. Тэгэхээр нь “Хүүе, чи юу хийгээд байгаа юм бэ” гэсэн чинь “дүүгийнхээсээ юмаа авч байна” гэсэн. Би “дүүгийн чинь утасны дугаар байна уу, та яаж батлах вэ” гэсэн чинь “дугаар байхгүй” гэсэн. Тэгээд би цагдаа дуудсан. Тухайн хүн согтуу байсан. Тус айлаас 2 ширхэг канистр, 2 ширхэг ширмэн тогоо, гэрийн цагаан цаваг, 1 цүнхтэй зүйл байсан...” гэх мэдүүлэг /хх-21-22/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2019.06.04-ний өдрийн хөрөнгийн үнийн 19/160 дугаар тодорхойлолтод: “7 нэр төрлийн 8 ширхэг эд зүйлийн нийт дүн 240.000 төгрөг” гэжээ /хх-30/,

Шүүгдэгч В....ийн яллагдагчаар өгсөн: “2019 оны 5 дугаар сарын 28-ний өдөр ...би гудамжаар гэр лүүгээ өгсөж явж байгаад гэдэс өвдөхөөр нь танихгүй айлын хашаа ороод жорлонд нь бие засчихаад гарч ирээд байшин руу нь очиход эзэнгүй цоожтой байхаар нь жижиг цонхыг түлхээд үзэхэд онгорхой байхаар нь дотогш ороод гал тогооны өрөөний цонхны хажууд байсан шар өнгийн 2 ширхэг усны савыг авчихаад, цааш том өрөөнд нь ороход монгол гэр хураачихсан байхаар нь гэрийн цаваг 1 ширхэг, гэрийн бүслүүртэй хамт аваад барьж явсан цэнхэр өнгийн бүслүүртэй цүнхэнд хийж цонхоор нь гаргачихаад том өрөөнд нь байсан 2 ширхэг тогоог үзэхэд нэг нь таглаатай, нөгөө нь таггүй байхаар нь аваад цонхоор гаргачихаад хулгайлсан эд зүйлсээ цонхны доор бөөгнүүлж тавиад байшингаас гарч ирэхэд нэг танихгүй залуу хашааны хаалгаар гарч ирээд намайг бариад авахаар нь “ахыгаа явуулчих тэгэх үү, хулгайлсан эд зүйлсээ буцаагаад хийчихье” гээд гуйхад “үгүй” гэж хэлээд намайг барьж байгаад цагдаа дуудаад бариулсан...” гэх мэдүүлэг /хх-70-71/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-6/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-11/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-37/, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны тодорхойлолт /хх-52/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-53/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч В....ийг гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хялбар аргаар мөнгө олж, архи уух гэсэн санаатай үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн. Бусдын эд хөрөнгийг байшингаас гаргаад тавьсан байсан тул төгссөн гэмт хэрэг гэж үзнэ. Хашаанаас гаргаж чадсан эсэх нь хамаагүй. ... гэмт хэрэг төгссөний дараа очсон байгаа. Тиймээс шүүгдэгчийн үйлдэлд хамаарахгүй. Өөрийн эзэмшилд хууль бусаар авсан үйлдэл тогтоогдсон. Шүүгдэгч байшингаас гарсан байсан” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Цонхон доор тавьсан байдаг, хашаанаас гаргаж чадаагүй байсан нь гэрч ...ын мэдүүлгээр тогтоогдоно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд заасан байгаа. Захиран зарцуулах бодит боломж байгаагүй учраас завдалт гэж үзэж байгаа. Гэрч шүүгдэгчийг хүсээгүй байхад нь гарч ирсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцуулав.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч В.... согтуурсан үедээ 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 18 дугаар гудамж, 14 тоотод байрлах иргэн О....гийн өвлийн байшингийн цонхыг түлхэн нэвтэрч, нийт 240.000 төгрөгийн үнэ бүхий 7 төрлийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч О....гийн “...хажуу хашаанаас танихгүй ах орж ирээд ...“танай гэрт хэд хоногийн өмнө цонхоор чинь хулгайч орж гэрийн чинь эд зүйлсийг авч гарч байхад нь... цагдаа дуудаж бариулсан” гэсэн...” гэх мэдүүлэг /хх-16, 19/, гэрч Т....ын “...хойд хашааны байшингийн цонхоор хүн орж байгаа харагдсан. “Хүүе, чи юу хийгээд байгаа юм” гэсэн чинь “дүүгийнхээсээ юмаа авч байна” гэсэн. ...Тус айлаас 2 ширхэг канистр, 2 ширхэг ширмэн тогоо, гэрийн цагаан цаваг, 1 цүнхтэй зүйл байсан...” гэх мэдүүлэг /хх-21-22/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн 19/160 дугаар “Нийт дүн 240.000 төгрөг” гэх тодорхойлолт /хх-30/, шүүгдэгч В....ийн яллагдагчаар өгсөн “...жижиг цонхыг нь түлхээд онгорхой байхаар нь дотогш явж ороод гал тогооны өрөөний цонхны хажууд байсан шар өнгийн 2 ширхэг усны савыг авчихаад, цааш том өрөөнд нь ороход монгол гэр хураачихсан байхаар нь гэрийн цаваг 1 ширхэг, гэрийн бүслүүртэй хамт аваад барьж явсан цэнхэр өнгийн бүслүүртэй цүнхэнд хийж цонхоор нь гаргачихаад том өрөөнд байсан 2 ширхэг тогоог үзэхэд нэг нь таглаатай, нөгөө нь таггүй байхаар нь аваад цонхоор гаргачихаад хулгайлсан эд зүйлсээ цонхны доор бөөгнүүлж тавиад байшингаас гарч ирэхэд нэг танихгүй залуу хашааны хаалгаар гарч ирээд намайг бариад авахаар нь...” гэх мэдүүлэг /хх-70-71/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-6/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-11/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт В....ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзнэ. Тухайлбал шүүгдэгч В....ийн бусдын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, бусдын эд хөрөнгийг уг орон байрнаас гарган, цонхны доор бөөгнүүлж тавьсан байхад гэрч Т.... ирснээр түүний хулгайн үйлдэл таслан зогсоогдож туйлдаа хүрээгүй болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч, гэрч Т...., шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл гэмт этгээд эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үеэс хулгайлах гэмт хэргийг төгссөнд тооцох бөгөөд шүүгдэгч В.... тухайн эд хөрөнгийг хадгалагдан хамгаалагдаж байсан орон байрнаас нь хөдөлгөж шилжүүлсэн байх боловч өөрийн болгон хэрэглэх бодит боломж бүрдээгүй байгаа тул хулгайлах гэмт хэргийг төгссөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн болно.

Иймд прокуророос шүүгдэгч В....-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч В....ийн хохирогч О....гийн эзэмшлийн өвлийн байшингийн цонхоор нэвтэрч, эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан гэмт хэргийн шинжтэй байх тул В....ийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.   

Гэмт хэргийн улмаас хохирогч О....д 240.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн эд хөрөнгийг биет байдлаар нь буцаан төлсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-11/, хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Надад учирсан хохирлыг В.... бүрэн төлж барагдуулсан. ...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-19/-ээр тус тус тогтоогдох тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа, хүндрүүлэх нөхцөл байдал буюу орон байранд нэвтэрч үйлдсэнийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар В....-д 2 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Гэм буруугийн асуудлаар маргаагүй тул 6 сарын хорих ял оногдуулж өгнө үү.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах боломжтой. Завдалт учраас хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Улсын яллагчийн “шүүгдэгчид гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал байгаа” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй” гэж хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжид “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэж тодорхой зааж өгсөн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учирсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, эзэнгүй айлын хүн амьдардаг орон байрны цонхоор нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 240.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол биет байдлаар төлөгдөж, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /48 настай, гэр бүлийн байдал, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй байдал/ болон шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч В....-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр буюу 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг дээрх үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэлээ. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч В.... урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт В....ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Элжигин овогт ...гийн ...ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч В....ийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В....-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч В.... цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч В....-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол В....-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР