Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 935

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа, 

улсын яллагч А.Мөнхзул,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа,

шүүгдэгч Д.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д....ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908005800683 дугаар эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ноос ялгагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Гүн овогт ...ын ... /РД:.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Д.... нь 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Оёдлын ...тоотод байх гэртээ ямар ч шалтгаангүйгээр өөрийн төрсөн охин бага насны /13 настай/ Г....ийн гуян тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг “бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Шүүгээнээс хутга авсан. Хутгалсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

Эрүүгийн 1908005800683 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Насанд хүрээгүй хохирогч Г....ийн: “2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ээж ... одонгийнхоо мөнгийг авч архи уучихсан согтуу ирсэн. Тэгээд дүү бид хоёрыг загнаад гэрээс хөөгөөд байсан. Би дүүгээ аваад хамаатны ах ...ийнд очсон. Тэднийд хоночихоод байж байтал өглөө ээж халамцуу орж ирээд дүү бид хоёрыг “гэр лүүгээ харья” гэж хэлсэн. Бид 3 гэртээ очиход ээж архи аваад тавьчихсан байсан. Тэр архиа ганцаараа ууж дуусгачихаад одонгийнхоо мөнгийг хайгаад байх шиг байсан. Мөнгөө олохгүй болохоороо дүү бид хоёрт агсам тавиад бид хоёрыг цохих гээд байхаар нь дүүгээ ардаа хийчихээд хөлөө өргөтөл миний зүүн гуя орчим хутгаар хатгаж гэмтээсэн. ...Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-25/,

Гэрч Т....ы: “2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ байхад төрсөн дүү ... залгаад “ээж намайг хутгалчихлаа, би ... ахын гэрт байна” гэж ярьсан. Би ... ахын гэр лүү очиход ...ийн гуян тус газар хутгалчихсан, ээж намайг хутгалчихлаа гээд уйлчихсан байсан. Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. ...Ээж сүүлийн үед архи согтууруулах ундааны зүйл их хэрэглээд байдаг болсон...” гэх мэдүүлэг /хх-35/,

Гэрч Ц....ын: “2019 оны 01 дүгээр сарын 25-ны орой ... “ээж гэртээ ирэхгүй байна, гэртээ ганцаараа хонож чадахгүй” гээд дүүтэйгээ цуг манайд хоносон. 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө ... эгч ирээд ...ийг дүүтэйгээ цуг унтаж байхад нь “гэртээ харья” гэж хэлээд аваад явсан. Удалгүй ... манай гэрт уйлчихсан ирсэн. Юу болсон талаар асуухад “ээж миний гуя руу хутгалчихлаа” гэсэн. Гуяыг нь дагаад цус урсаж байсан...” гэх мэдүүлэг /хх-37/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.04.17-ны өдрийн 4723 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Г....ийн биед гуянд сорви гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-47/,

Шүүгдэгч Д....ын яллагдагчаар өгсөн: “2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 112 дугаар автобусны буудал дээр явж байтал зүс таних найз тааралдаад “манай гэрт очиж нэг шил архи ууя” гэхээр нь дагаж явсан. Бид хоёр 2 шил архи уусан. Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Оёдолын 2-2 тоот гэртээ иртэл хүнгүй байсан. 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө унтаж байтал охин Г.... Тэлмэнг тэвэрчихсэн орж ирсэн. ... надаас мөнгө нэхээд сэрээгээд байсан. Би тухайн үед архи уучихсан байсан болохоор “жоохон унтмаар байна” гээд цааш нь түлхсэн. Дахиад намайг сэрээгээд байхаар нь уур хүрээд гал тогооны шүүгээнд байсан цэнхэр өнгийн цэцэгний зурагтай хутгыг аваад гуя руу нь нэг удаа хатгачихсан. ... “ээж та намайг хутгалчихлаа шүү дээ” гээд уйлаад гэрээс гараад гүйчихсэн. Араас нь гартал гудамж эргээд ...ийн гэр лүү явчихсан...” гэх мэдүүлэг /хх-61-62/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019.7.30-ны өдрийн 936 дугаар дүгнэлтэд: “1. Д.... нь Архины хараат байдлын 1-р үе сэтгэцийн эмгэгтэй байна. 2. Д....ын дээрх сэтгэцийн эмгэг нь олдмол эмгэг болно. 5. Д....ын Архины хараат байдал нь 1-р үедээ байна. 6. Д.... нь гэмт хэрэг үйлдэх үедээ Архины хараат байдлын 1-р үе сэтгэцийн эмгэгтэй байсан байна. 7. Д....ын дээрх сэтгэцийн эмгэг нь цаашид эмийн эмчилгээ болон сэтгэл заслын эмчилгээнд эдгэрэх боломжтой болно. 8. Д.... нь архи согтууруулах ундаа хэрэглээгүй үедээ өөртөө болон бусдад аюул учруулах боломж багатай. Харин архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөртөө болон бусдад аюул учруулах боломжтой байна. 9. Д.... нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 10. Д.... нь өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байна. 11. Д.... нь хэрэг хариуцах чадвартай байна. 12. Д....т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. 13. Д.... нь өөрийн үйлдлыг удирдан жолоодох чадвартай хэрэг хариуцах чадвартай тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэжээ /хх-146-148/,

Хохирогчийн нас тоолсон тухай тэмдэглэлд: “Иргэн Г.... нь 2005 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн байна. Г.... нь 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хутгалуулсан үедээ 13 нас 04 сар 15 хоногтой байсан байна” гэжээ /хх-52/,  

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /хх-10-15/, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-18/, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, аюулын зэргийн үнэлгээний маягт, хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-71-76/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-78/, Нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын мэдээлэл /хх-87/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-90/, хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-95/, Асап сангийн мэдээлэл /хх-99-101/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд,

шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бор иштэй хутга 1 ширхгийг талуудын хүсэлтээр тус тус шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.... согтуурсан үедээ 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, ...тоот гэртээ өөрийн төрсөн охин, 13 настай Г....ийн гуян тус газар хутгалж, сорви бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь насанд хүрээгүй хохирогч Г....ийн “...ээж ... ...архиа ууж дуусгачихаад ...дүү бид хоёрт агсам тавиад ...миний зүүн гуя орчим хутгаар хатгаж гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх-25/, гэрч Т....ы “... над руу залгаад “ээж намайг хутгалчихлаа, би ... ахын гэрт байна” гэж ярьсан. ......ийн гуян тус газар хутгалчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-35/, гэрч Ц....ын “...... манай гэрт “ээж миний гуя руу хутгалчихлаа” гээд орж ирсэн. Гуяыг нь дагаад цус урсаж байсан...” гэх мэдүүлэг /хх-37/, шүүх эмнэлгийн 4723 дугаар “1. Г....ийн биед гуянд сорви гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-47/, шүүгдэгч Д....ын “...уур хүрээд гал тогооны шүүгээнд байсан цэнхэр өнгийн цэцэгний зурагтай хутгыг аваад гуя руу нь нэг удаа хатгачихсан. ... “ээж та намайг хутгалчихлаа шүү дээ” гээд уйлаад гэрээс гараад гүйчихсэн...” гэх мэдүүлэг /хх-61-62/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /хх-10-15/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-18/, нас тоолсон тухай тэмдэглэл /хх-52/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-95/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д....ын согтуурсан үедээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох 13 настай, охин Г....ийн зүүн гуянд хутгалж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г....ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “Надад одоо ямар нэгэн гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-25/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хохирогчийн буруутай үйлдэл тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д....т 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, урьдчилан хоригдсон 20 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, эдлэх ялаас нь хасах саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн асуудлаар маргаагүй. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ач хүүхдээ хардаг, эрхэлсэн тодорхой ажилгүйг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг 240 цаг болгож өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ хэрэглэж өгвөл илүү ач холбогдолтой гэж үзэж байна...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, үл ялих зүйлээр шалтаглан, хутга хэрэглэж, бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч “Гомдол саналгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /51 настай, Архины хараат байдлын 1-р үе сэтгэцийн эмгэгтэй/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Д....т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Түүнчлэн шүүгдэгчийн согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон баримтууд болох насанд хүрээгүй хохирогч Г....ийн “...ээж архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-25/, гэрч Т....ы “...Ээж ...сүүлийн үед архи согтууруулах ундааны зүйл их хэрэглээд байдаг болсон...” гэх мэдүүлэг /хх-35/, шүүх сэтгэц эмгэг судлалын 936 дугаар “1.Д.... нь Архины хараат байдлын 1-р үе сэтгэцийн эмгэгтэй байна. ...8.Д.... нь архи согтууруулах ундаа хэрэглээгүй үедээ өөртөө болон бусдад аюул учруулах боломж багатай. Харин архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөртөө болон бусдад аюул учруулах боломжтой байна...” гэх дүгнэлт /хх-146-148/-ийг тус тус үндэслэн шүүгдэгч Д....т 3 /гурав/ сарын хугацаагаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Д....ын 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл урьдчилан хоригдсон 20 /хорь/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүний эдлэх ялаас 160 /нэг зуун жар/ цагийн ажлыг хасаж тооцлоо. /хх-121, 133/. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалган шийдвэрлэж байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гүн овогт ...ын ...ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д....ыг 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д....ын урьдчилан хоригдсон 20 /хорь/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүний эдлэх ялаас 160 /нэг зуун жар/ цагийн ажлыг хасаж тооцсугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.... нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг шүүгдэгч Д....т 3 /гурав/ сарын хугацаагаар тус тус авсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн бор иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.... бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д....т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

            

                    

 

 

ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР