Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 604

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Багануур дүүрэг 3-р хороо, 59-р байрны 29 тоотод оршин суух, ам бүл-5, аав, ээж, охин, ахын хамт, Улаанбаатар хот “Оранж” дэлгүүрт худалдагч ажилтай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн  гэх Тоост овогт Дүгэрсүрэнгийн Эрдэнэчимэг /РД: МА-82080601/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өмнөговь аймаг Цогтцэций сум Уурхайчингийн 5-160 тоотод оршин суух, Өмнөговь аймгийн “Энержи ресурс”-д тээврийн жолооч ажилтай, ам бүл-1, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Боржигон овогт Сүхбатын Мөнгөнжигүүр /РД: МЭ-81041614/ -т холбогдох

“Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, эд хөрөнгө хуваалгах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цолмон, хариуцагч С.Мөнгөнжигүүр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бүүвэйцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 Нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би С.Мөнгөнжигүүртэй 2002 онд танилцаж гэр бүл болсон ба 2003, 2008 онуудад охин М.Халиун, М.Өсөхбаяр нар төрсөн. Энэ үедээ бид гайгүй л байсан. Мөнгөнжигүүр нь сүүлийн жилүүдэд хардаж, сэрдэж, зоддог болсон. Мөн мөнгө төгрөг ч өгөхгүй зайл гэдэг болсон тул 2012 оноос хойш тус тусдаа амьдрах болсон. Мөнгөний тооцоо хийж хардаж сэрддэг нь их болсон. С.Мөнгөнжигүүр өөр хүүхэнтэй болсон. Бид эвлэрүүлэн зуучлалаар хоёр ч удаа орсон боловч бүтэлгүй болсон. Хүү М.Өсөхбаяр, охин Халиун нар одоо над дээр хамт амьдарч байгаа. Иймд бид хоёрын гэрлэлтийг цуцлаж, хоёр хүүхдийг эх миний асрамжид өгч, 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, мөн Сүхбаатар сумын 4-р багт байрлах 56 м.кв, 2 өрөө орон сууцыг өөрт нь үлдээж, үнэлгээгээр тогтоосон 39 839 200 төгрөгөөс хүү, охин бид гуравт оногдох хэсгийг гаргуулах, харин газар нь өөр хүний нэр дээр байгаа тул энэхүү шаардлагаасаа татгалзаж байна гэх.    

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цолмонгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ... дээрх хувийн сууцыг хариуцагчид үлдээж,  эхнэр, 2 хүүхдэд оногдох хэсгийг мөнгөн хэлбэрээр гаргуулах саналтай байна гэх.

Хариуцагч С.Мөнгөнжигүүр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 2002 онд эхнэртэйгээ танилцаж гэр бүл болсон. 2011 онд “Энержи Ресурс” уурхайд жолоочоор ажилд орсон. 45 хоног ажиллах хугацаанд Д.Эрдэнэчимэг нь архидан согтуурч гадуур явдаг болсон гэж хүн амьтан хэлдэг. Цалин мөнгө авдаг боловч гэрт архины шил, лааз дүүрэн байдаг байсан. Хүүхдүүд ч хэлдэг байсан. Ингээд цаашид амьдрах боломжгүй болсон тул би ч больё гэсэн саналтай байна. Хүүгээ эх дээр нь үлдээмээргүй байна. Шүүхийн шийдвэрийн дагуу хүүхдийн тэтгэлэг өгнө. Бид хоёрын дундын өмч болох байшинг хуваалгахыг зөвшөөрч байна. Энэ байр нь Сүхбаатар сумын 4-р баг 2-р хэсгийн 098 тоотод байрлах хашаа байшин юм. 2008 онд анх цалингийн зээлээр авч байсан юм. Газар нь миний нэр дээр байх л ёстой гэх. 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэгийн шүүхэд гаргасан ... С.Мөнгөнжигүүрээс гэрлэлтээ цуцлуулах, хоёр хүүхдээ өөрийн асрамжинд авах, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгө болох 56 м.кв бүхий хувийн сууц, газраас хүүхдүүд болон өөрт оногдох хэсгийг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Д.Эрдэнэчимэг С.Мөнгөнжигүүр нар нь 2001 онд хууль ёсны гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан ба хамтран амьдрах хугацаандаа буюу 2003 онд охин М.Халиун, 2008 онд хүү М.Өсөхбаяр нарыг төрүүлсэн ба гэрлэгчид дээрх хугацаанд зан харьцааны таарамжгүй байдлын улмаас / хэрэлдэж, маргалдах, эхнэрээ зодох, архидан согтуурах зэрэг/ 2012 оноос хойш тус тусдаа одоог хүртэл амьдарч байгаа талаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчдын шүүхэд урьдчилан бичгээр болон шүүх хуралдаан  дээр өгсөн ... цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн тайлбар, мөн 2015 онд шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар орж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа үр дүнгүй болсон тухай тэмдэглэл зэргийг үндэслэж тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Мөн гэрлэгчид ... гэрлэлт цуцлах тал дээр ямар нэгэн маргаангүй байна. Харин гэрлэгчид ... хоёр хүүхдийн асрамжийн тал дээр маргаж байгаа бөгөөд эхнэр Д.Эрдэнэчимэг нь хоёр хүүхдээ өөр дээрээ авч асран хамгаалах, мөн эцэг С.Мөнгөнжигүүр нь ... хүү М.Өсөхбаяраа өөр дээрээ авах саналтай гэж байгаа боловч одоогийн байдлаар хоёр хүүхэд эх дээрээ хамт амьдарч хүмүүжиж байгаа тухай зохигчдын талбар, хүүхдүүдийн ирээдүйн ахуй амьдрал, сурч боловсрох, хүмүүжих орчин нөхцөл хамтдаа өсөж хүмүүжих нөхцөл боломж, бололцоо, эхийн хайр халамж, хүүхдүүд / насны байдал / бага настай  зэргийг харгалзан үзэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар эхийнх нь асрамжинд үлдээх, мөн хуулийн 14.6-д зааснаар хоёр хүүхдийн тэтгэлэгийг амьжиргааны баталгаажих доод түвшингийн  хэмжээгээр сар бүр эцгээс нь гаргуулах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.2-т тус тус зааснаар доорхи хашаа, байшин нь гэрлэгчдийн дундын эд хөрөнгө бөгөөд Сүхбаатар сумын 4-р баг, 2-р хэсгийн 098 тоотод байрлах 56 м.кв талбай бүхий Ү-1317001010 улсын бүртгэлийн дугаар бүхий хашаа, байшинг  хавтаст хэргийн 10, 26, 27, 42-47-р талд авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа,”Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан, зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар зэргийг үндэслэн өмчлөгч С.Мөнгөнжигүүрийн эзэмшилд үлдээж, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.2-т зааснаар дээрх үнэлгээний тайланд тусгагдсан 39.849.200 төгрөгийг гэр бүлийн 4 гишүүнд адил тэнцүү хуваах нь зүйтэй бөгөөд талууд энэхүү үнэлгээ болон хөрөнгө хуваах шаардлага дээр маргаангүй байна.

Мөн нэхэмжлэгч нь эзэмшил газраас ногдох хэсгээ гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, дундын өмчлөлийн эд хөрөнгө хуваалгахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 357.200 тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нийт /357.200+70.200/ 427.400  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, мөн хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэг жилийн хугацаанд тогтмол төлөгдөх хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ болох 3.943.200 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 78.041 төгрөгийг нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй.     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.5, 132.6-д тус тус заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь :

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-д зааснаар Боржигон  овогт Сүхбатын Мөнгөнжигүүр, Тоост овогт Дүгэрсүрэнгийн Эрдэнэчимэг нарын 2001.06.24-ний өдрийн гэр бүл болсныг 2005.06.30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Иргэний гэр бүлийн бүртгэлд бүртгэж олгосон 0174735 дугаар гэрчилгээ бүхий гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2003 оны 11 дүгээр сарын 04-нд төрсөн охин Мөнгөнжигүүрийн Халиун, 2008 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Мөнгөнжигүүрийн Өсөхбаяр нарыг эх Д.Эрдэнэчимэгийн асрамжинд үлдээж, уг хүүхдүүдийг эцэг С.Мөнгөнжигүүртэй хүссэн үед нь уулзуулж, эцэг, эх, үрийн холбоог таслахгүй байхыг эх Д.Эрдэнэчимэг, эцэг С.Мөнгөнжигүүр нарт үүрэг болгосугай.

3.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин М.Халиун, хүү М.Өсөхбаяр нарыг 11 нас хүртэл нь амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас /-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.Мөнгөнжигүүрээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.2, 129 дүгээр зүйлийн 129.1, 129.1.1, 129.2, 130 дугаар зүйлийн 130.1-д тус тус зааснаар 2009.08.25-ны өдрийн улсын бүртгэлийн Ү-1317001010 дугаартай Сүхбаатар сумын 4-р баг 2-р хэсэг 098 тоотод байрлах С.Мөнгөнжигүүр, Д.Эрдэнэчимэг, М.Халиун, М.Өсөхбаяр нарын 4 хүний өмчлөлийн 56 м.кв талбай бүхий хашаа, байшинг С.Мөнгөнжигүүрийн эзэмшилд үлдээж, уг хашаа, байшинг үнэлсэн 39.849.200 төгрөгийн үнийн дүнгээс 29.886.900 төгрөгийг С.Мөнгөнжигүүрээс гаргуулан Д.Эрдэнэчимэг, М.Халиун, М.Өсөхбаяр нарт олгож, нэхэмжлэгч нь эзэмшил газраас ногдох хэсгээ гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурьдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, дундын өмчлөлийн эд хөрөнгө хуваалгахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 357.200 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нийт /357.200+70.200/ 427.400  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, мөн хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөх хүүхдийн тэтгэлэг болох 3.943.200 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 78.041 төгрөгийг нөхөн гаргуулж орон нутгийн орлогод тус тус оруулсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийн хувийг шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүгчийн туслахад даалгасугай.

8. Энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурьдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-д заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай. 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Л.ЭНХТАЙВАН