Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 951

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа,

улсын яллагч Ж.Отгончимэг,

шүүгдэгч Т.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т....ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1908034281196 дугаар хэргийг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Булган аймгийн Хялганат суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “...” төвийн 4 дүгээр давхарт үсчин ажилтай, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн ...тоотод түр оршин суух,

урьд Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.2, 126.2.2.4-т зааснаар 5 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж, 2009 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 3 сар 02 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Ялавцай овогт ...гийн ... /РД:.../.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Т.... нь 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, ...тоотод Ч....тай маргалдсаны улмаас толгойн тус газар нь алхаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Ээжийн дүүгийн хүүхэд ...тай маргалдаад дүүгээ цохичихсон миний буруу. Би 2 удаа алгадсан. Намайг бариад авахад нь айлгах гээд алх авсан. Тэгээд барилцаж аваад булаацалдсан. Хохирол төлбөр төлсөн. Гэм буруугаа ойлгож байна, хүлээн зөвшөөрч байна” гэв.

Эрүүгийн 1908034281196 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Ч....ын: “...2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ...... согтууруулах ундаа хэрэглэсэн ирсэн. Намайг дуудахаар нь очтол “Ахыгаа гэрт оруулаад өг” гэсэн. ...Гэрт нь оруулж өгөөд “би ажилдаа явлаа, та сайхан ороод амар” гэж хэлсэн. Дахиад дуудахаар нь би төвөгшөөгөөд “ажилдаа явлаа чадахгүй” гээд гэртээ ороод цамц өмсөж байсан. ... ах дагаж ороод “чи надтай арсалддаг болсон юм уу” гээд бага зэрэг хоорондоо маргалдсан, ах уурлаад мөр лүү 2 удаа түлхэсхийгээд цохисон. Би өөдөөс нь ноцолдоод алх аваад дайрахаар нь орон дээр унагаасан. Алхыг булааж авах гэж булаацалдаж байгаад толгойн тус газраа цохиулсан. Толгойноос цус гарсан. Эмч нар толгойны баруун хэсэгт 2 оёдол тавиад, тархины мэс заслын тасагт 4 хоног хэвтэж эмчлүүлсэн. ...Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-23/,

Гэрч М....ын: “...2019 оны 6 дугаар сарын 27-ны өглөө 06:30 цагийн үед хүү ... босоод “ажилдаа явлаа” гээд гарсан. Удалгүй эгч ...гийн том хүүхэд ...тэй маргалдаад ороод ирэхэд би “больцгоо” гэж хэлээд орон дээр сууж байхад хоорондоо маргалдаад нэг нэгэн рүүгээ салаавч гаргаад ... ...ыг заамдахад нь салгаад ...ыг “ажилдаа яв” гээд сууж байхад ... үүдэнд хаалганы ард өлгөөтэй байсан төмөр алхыг аваад газар хий цохихоор нь би ...ээс алхыг авах гэтэл гэнэт миний хойгуур ...ын толгой руу цохиод авахад цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-30/,

Гэрч Э....гийн: “2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж байхад 09:45 цагт толгойдоо гэмтэлтэй, үеэл ах нь толгой руу нь алхаар цохисон гэсэн эрэгтэй ирсэн. Тухайн хүнд үзлэг хийхэд урьдчилсан байдлаар баруун зулай хэсэгт цөмөрсөн ил хугаралтай, хугарлын харалдаа жижиг хэмжээний үүсэж байгаа цус хуралттай, гавлын хөндийд хий тодорхойлогдсон. Тэгээд эмч нар зөвлөлдөөд 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр мэс засалд оруулахаар шийдвэр гарсан...” гэх мэдүүлэг /хх-28/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.07.04-ний өдрийн 8197 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Ч....ын биед баруун зулайн хуйхны язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-42/,

Шүүгдэгч Т....ийн яллагдагчаар өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Модны 2-т найзуудтайгаа караокед пиво уусан. 06 цагийн үед нийтийн байрны гэр лүүгээ орох гэж байтал дүү ...тай байрны үүдэнд тааралдаад “чи сүүлийн үед давраад байгаа шүү, аятайхан байгаарай” гэж хэлтэл “чадахгүй пизда минь” гээд яваад өгсөн. Би гэртээ орсон. Буцаж гараад ...ын гэр лүү орсон. Ороход аав ..., дүү ..., Отгонбаяр ах нар байсан. Би ...т “чи муу ер нь яагаад давраад байгаа хулгайч вэ” гэхэд надтай хэрэлдээд “та одоо намайг барахгүй шүү” гээд ам руу салаавч өгсөн. Тэгээд ... заамдаад авахаар нь зүүн мөрөн тус газар нь гараараа 2 удаа цохисон. Миний хоолойг боогоод орон дээр дараад унагаасан. Би доороос нь ноцолдож босож ирээд үүдний ширээн дээр өлгөөтэй байсан хар иштэй төмөр урт алх аваад айлгах санаатай гартаа бариад зогссон. ... над руу дайраад “чи муу одоо бол намайг амжихгүй” гээд орон дээр дахиад дараад авсан. Би гартаа барьсан алхтайгаа орон дээр унахад алх булааж авах гээд алхнаас бариад авсан. Булаацалдаж байгаад орноос босоход толгойн тус газар нь 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-52-53/,

хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-1/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-7/, алханд үзлэг хийсэн “Алхны бариулын нийт урт 38см, ажлын хэсэг нь 12.5см урттай төмөр бариултай...” гэх тэмдэглэл /хх-8/, прокурорын тогтоол /хх-10/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-13/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-50/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-56/, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны тодорхойлолт /хх-57/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-58/, “Бат Энх-Форс” ХХК-ийн “Т.... нь компанийн үсчин гоо сайхны газарт үсчнээр ажилладаг нь үнэн” гэх тодорхойлолт /хх-59/, хохирогч Ч....ын “Үеэл ах ...дээ алхаар цохиулж бэртэл авсан. Сайн дураар эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэх хүсэлт /хх-78/ зэрэгт хэрэгт авагдсан нотлох баримтуудыг уншиж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар иштэй алхыг таниулж тус тус шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Т.... согтуурсан үедээ 2019 оны 6 дугаар сарын 27-ны өглөө 07 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн ...тоотод байрлах нийтийн байранд үеэл дүү Ч....тай маргалдсаны улмаас толгой руу нь алхаар цохиж, баруун зулайн хуйхны язарсан шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Ч....ын “...... согтууруулах ундаа хэрэглэсэн ирсэн. Тэрээр уурлаад мөр лүү 2 удаа цохисон. ...Алхыг авах гэж булаацалдаж байгаад толгойдоо цохиулсан...” гэх мэдүүлэг /хх-23/, гэрч М....ын “...... хаалганы ард өлгөөтэй байсан төмөр алхыг аваад газар хий цохихоор нь би ...ээс алхыг авах гэтэл гэнэт миний хойгуур ...ын толгой руу цохиод авахад цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-30/, гэрч Э....гийн “...толгойдоо гэмтэлтэй, үеэл ах нь толгой руу нь алхаар цохисон гэсэн эрэгтэй ирсэн. Үзлэг хийхэд урьдчилсан байдлаар баруун зулай хэсэгт цөмөрсөн ил хугаралтай, хугарлын харалдаа жижиг хэмжээний үүсэж байгаа цус хуралттай, гавлын хөндийд хий тодорхойлогдсон...” гэх мэдүүлэг /хх-28/, шүүх эмнэлгийн 8197 дугаар “1.Ч....ын биед баруун зулайн хуйхны язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-42/, шүүгдэгч Т....ийн яллагдагчаар өгсөн “...... заамдаад авахаар нь зүүн мөрөн тус газар нь гараараа 2 удаа цохисон. ...өлгөөтэй байсан хар иштэй төмөр урт алх байхаар нь аваад айлгах санаатай гартаа бариад зогссон. ...босоход толгойн тус газар нь 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-52-53/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-7/, алханд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-13/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар иштэй алх болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т....ийн согтуурсан үедээ, хохирогч Ч....тай хувийн таарамжгүй харилцсаны улмаас маргалдан төмөр алхаар толгойг нь цохиж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ч....ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн зүгээс хохирлын баримт гаргаж өгөөгүй ч шүүгдэгч нь хохирогчид хохирол төлсөн талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, түүнчлэн хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-23/, “......тэй сайн дураар эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэсэн хүсэлт /хх-78/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Т.... бусдад төлөх төлбөргүй, урьд ял шийтгэгдэж байсан ч ялгүй болсон, согтуурсан үедээ зэвсэг хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч “Хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа сайтар ойлгож байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. 

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, алх хэрэглэж хүний эрх, эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд буюу толгойд баруун зулайн хуйхны язарсан шарх бүхий хөнгөн хохирол учирсан, хохирол төлөгдсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэсэн болно. Харин торгох ялын хэмжээний хувьд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд буюу шүүгдэгчийн согтуурсан үедээ, хүний толгой руу төмөр алхаар цохиж гэмтэл учруулсан үйлдэлд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь хууль ёсны зарчим болоод шударга ёсны зарчимд үл нийцнэ гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т....ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг үндэслэн шүүгдэгч Т....ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн бариулын нийт урт 38см, ажлын хэсэг нь 12.5см урттай төмөр бариултай 1 ширхэг алхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.... урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ялавцай овогт ...гийн ...ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т....ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т....ийг 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.... торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн бариулын нийт урт 38см, ажлын хэсэг нь 12.5см урттай төмөр бариултай 1 ширхэг алхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.... урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т....эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР