Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 607

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, 19 дүгээр байрны 20 тоотод оршин суух, “Зонноз өвчин судлал”-ын төвийн дарга ажилтай,  ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Олгод овогт Нямдоржийн Эрдэнэбат / РД:/МЭ64130335/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Монгол эмимпекс концерн” ХХК-ний Сэлэнгэ аймаг дахь салбарын захирал Б.Ганзолбоод холбогдох “Бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх хөрөнгө / барилга /-ийг гаргуулах, уг барилгыг ашиглуулахыг зогсоолгох, албадан нүүлгэж гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч Н.Эрдэнэбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Н.Эрдэнэбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Сэлэнгэ аймгийн Зонноз өвчин судлалын төв (хуучин нэрээр Байгалийн Голомтот Халдварт Өвчинтэй Тэмцэх Газар) МУ-ын ЭМС-ын 2003 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 84 тоот тушаалаар Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган аймгийн нутаг дэвсгэрт хамрагдах байгалийн голомтот халдварт өвчин болон Зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үзүүлж байхаар анх байгуулагдсан юм. Уг байгууллагын хэвийн үйл ажиллагааг явуулах шаардлагын үүднээс Сэлэнгэ аймгийн ИТХТ-дийн 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 53 тоот тогтоолоор Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн хөрөнгөнд бүртгэлтэй 38.2 сая төгрөгийн үнэтэй 2 давхар тоосгон барилгыг тус аймагт шинээр байгуулагдсан БГХӨТГ-ын хөрөнгийн бүртгэлд шилжүүлсэн байдаг юм. Тухайн үед бид хувийн хэвшлийн эмийн үйлдвэр ажиллаж байсан тухайн барилгыг манайд суллаж өгч байна гэсэн ойлголтоор тэр үедээ шууд засвар хийгээд ажлаа эхэлсэн. 2013 оноос эхлээд Монголын эмимпекс компаний Сэлэнгэ аймаг дахь салбараас надад албан тоот болон амаар төв байгууллагынх нь хэлтсийн хүмүүс ирээд “манайх байгууллагынхаа гэрчилгээг авах гэтэл газрын асуудал дээр тохиролцож болохгүй байна” гэж хэлсэн. Иймд бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх хөрөнгө / барилга /-ийг гаргуулах, уг барилгыг ашиглуулахыг зогсоолгох, албадан нүүлгэж өгнө үү гэх.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хариуцагч болж байгаа Монголын “Эмимпекс”-ХХК-ны Сэлэнгэ салбарын 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1629 тоот албан бичгээр хариу тайлбараа өгсөн байгаа. Энэ тайлбар нь хууль зүйн үндэслэлтэй төдийгүй уг тайлбарыг дэмжиж байгаагаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хэлмээр байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Учир нь 1992 онд Сэлэнгэ аймгийн ардын депатутын шийдвэрээр Нэгдсэн эмнэлэг шинэ байранд нүүн орсонтой холбогдуулж хуучин байрыг нь тухайн үеийн эмийн сангуудын удирдах газар хүлээж авсан. Эмийн сангуудын удирдах газар нь Монгол улс зах зээлийн харилцаанд орж олон шинэ хууль батлагдан гарсантай холбогдуулж “Монгол Эмимпекс” нэртэйгээр Монгол орон даяар үйл ажиллагаа явуулж байгаа тухайн үеийн аймаг болгонд байсан эмийн сангуудын удирдах газар нь тус “Монгол Эмимпекс” компаний салбар болсон. Н.Эрдэнэбат дарга болон энэ орон нутагт амьдарч байгаа хүмүүс надаар хэлүүлэлтгүй энэ түүхийг сайн мэднэ. 2006 онд Өмч хувьчлалын тухай хууль гарч уг барилгын 49 хувь нь “Монгол Эмимпекс” ХХК-ы мэдэлд 51 хувь нь төрийн мэдэлд шилжсэн. 2006 онд Төрийн өмчийн хорооны шийдвэрээр төрийн мэдэлд байсан 51 хувийг хаалттай дуудлага худалдаагаар “Инс Фарм” ХХК 1.7 тэрбум төгрөгөөр худалдаж авсан. Уг компани худалдаж авснаар аймаг болгонд байсан эмийн сангуудын удирдах газар уг компаний мэдэлд очсон. Манай компани энэ барилгыг улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд удаан хугацаанд маш олон хуудас баримт бичгүүд бүрдүүлж өгсөн. Бүрдүүлж өгсөн баримтууд дотор “Монгол Эмимпекс компанид хөрөнгө шилжсэн талаарх төрийн өмчийн хорооны шийдвэр, засгийн газрын тогтоол, холбогдох бусад баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. “ИнсФарм” ХХК уг 51 хувийг худалдан авснаар “Монгол Эмимпекс” нэр нь хэвээр үлдэж ХХК болсон. Хаалттай дуудлага худалдаагаар худалдан авсан 51 хувийг хууль ёсоор эзэмшиж байгаа. Нэхэмжлэгчийн маргаан болгож байгаа уг барилгыг бүрэн хэмжээгээр хаалттай дуудлага худалдаагаар худалдан авсан. Үүний үндсэн дээр  улсын бүртгэлийн газарт бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Хаалттай дуудлага худалдаагаар худалдаж аваад улсын бүртгэлд бүртгүүлснээрээ уг барилгыг бид бүтнээр нь авах ёстой байсан. Гэвч “Монгол Эмимпекс” ХХК-ы удирдлагууд нөхцөл байдлыг харгалзаад Зоонозын өвчин судлалын төвд нэг давхар 7 цонх бүхий хэсгийг үлдээсэн. Манай компани өөрийнхөө өмчид авч болох л байсан. Хэрэв энэ байдлаар яриад байх юм бол манай компаний удирдлагууд уг нэг давхар 7 цонх бүхий талбайн үнийг төлүүлэх арга хэмжээ авч болох талаар анхааруулсан байгаа гэдгийг хэлмээр байна. Энэ барилга болон барилгын эргэн тойрны газрыг эзэмших эрхийн гэрчилгээгээ авчихсан байгаа. Гэрчилгээнийхээ хуулбарыг хавтаст хэрэгт гарган өгсөн байгаа. Энэ гэрчилгээг 2002 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 15 жилийн хугацаатай авсан бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хугацаа нь дуусна. Хугацааг нь дуусахаар дахин сунгах ажлыг бид хийж байгаа гэдгээ хэлмээр байна. Нэхэмжлэгч тал болох Зоонозын өвчин судлалын төв нь өөрийн эзэмшлийн хэсэг мөн эргэн тойрны газрыг хашаалж хамгаалаад эзэмшиж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Зоонозын өвчин судлалын төв нь тус барилгад явуулж байгаа “Монгол Эмимпекс” ХХК-ны Сэлэнгэ аймаг дахь салбараас барилгыг гаргуулах, үйл ажиллагааг зогсоох албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байгаа тул уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх.

 

 

 

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судалж үзээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Зонноз өвчин судлалын төвын дарга Н.Эрдэнэбатын шүүхэд гаргасан ... Монгол эмимпекс концерн ХХК-ний Сэлэнгэ аймаг дахь салбарын захирал Б.Ганзолбоод холбогдуулан ... бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх хөрөнгө / барилга /-ийг гаргуулах, уг барилгыг ашиглуулахыг зогсоолгох, албадан нүүлгэж гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь: Нэхэмжлэгч талаас дээрх хоёр давхар тоосгон барилгыг 2004.07.09-ний өдрийн тус аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид / хэргийн 53 тал /-ийн тогтоолоор тухайн үеийн нэршлээр тус аймагт шинээр байгуулагдсан Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газрын хөрөнгийн бүртгэлд шилжүүлсэн тул манай өмчлөл, эзэмшлийн барилга хэмээн маргаж байгаа боловч уг барилгыг албан ёсоор баталгааажуулан өөрийн эзэмшил  / өмчлөл / -д авсан гэх газрын болон үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ баримтгүй, нэхэмжлэгч шүүхэд үүнийгээ бусад баримтаар давхар баталж нотлоогүй ба харин хариуцагч тал болох Монгол эмимпекс концерн буюу түүний Сэлэнгэ дэх салбар нь уг обьектыг өмчлөх эрхтэй болох нь түүний шүүхэд гаргасан ... хавтаст хэргийн 16-18-р талд авагдсан 1992.05.15-ны өдрийн үндсэн хөрөнгө хүлээн авах, шилжүүлэх тухай актаар ... дээрх 2 давхар барилгыг тухайн үеийн нэгдсэн эмнэлэгээс эм хангамжийн газарт шилжүүлсэн тухай / акт / баримт мөн 1391 мкв талбай бүхий объект / үл хөдлөх хөрөнгө / - ыг  хууль ёсны өмчлөх эрхийн Ү-1317004177 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлагдсан хуулбар, мөн шүүх хуралд хариуцагчаас гаргаж өгсөн Монгол эмимпекс концерн ХХК-ний Сэлэнгэ дэх салбарын газар эзэмших эрхийн 2002.04.12-ны өдрийн 171200568 дугаартай гэрчилгээний нотариатаар батлагдсан хуулбар зэрэг бусад баримтаар нотлогдож байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч тал нь ... 2004.07.09-ний өдрийн Сэлэнгэ аймгийн ИТХТ-ийн 53-р тогтоолоор уг объектыг 2 байгууллага хооронд блансаас блансд шилжүүлснийг тухайн үеэс эхлэн мэдэж байсан боловч шүүхэд энэхүү эрхээ хамгаалуулах талаар урьд нь хандаж байгаагүй тухай мэдүүлж байгаа нь Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.2, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т тус тус зааснаар ... шүүхэд шаардах эрхийн хөөн хэлэлцэх хуулийн хугацаа / ерөнхий хугацаа 10 жил, тусгай хугацаа 6 жил / - нь өнгөрсөн гэж үзнэ.

Мөн нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн нийт 56 хуудас бичгийн чанартай баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангаагүй тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар шүүх үнэлэх боломжгүй гэж үзэж мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар уг баримтуудыг нотлох баримтаас хасах нь зүйтэй.

Хууль зүйн үүднээс дүгнэхэд: нэхэмжлэгч нь уг барилгыг хууль ёсоор эзэмших буюу өмчлөх эрхтэй тул хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй хэмээн маргаж буй боловч Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 89.3-д зааснаар ... уг хөрөнгийн эзэмших эрх нь Монгол эмимпекс концерн ХХК буюу түүний Сэлэнгэ дэх салбарт байна гэж үзнэ. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар ... тухайн хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой /Үл хөдлөх хөрөнгийн болон газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээтэй / байгаа Монгол эмимпекс концерн буюу түүний Сэлэнгэ дэх салбар нь шударга эзэмшигч, өмчлөгч байна. Иймд мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 106.1, 106.2-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас ийнхүү шаардах эрхгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд түүний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж олговол зохино.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-д тус тус зааснаар Сэлэнгэ аймгийн Зонноз өвчин судлалын төвийн дарга Н.Эрдэнэбатын хариуцагч Монгол эмимпекс концерн ХХК-ний Сэлэнгэ аймаг дахь салбарын захирал Б.Ганзолбоогоос ...өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө / хоёр давхар барилга /-ийг гаргуулан авах, уг барилгыг ашиглуулахыг зогсоолгох, албадан нүүлгэж гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.3,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус зааснаар нэхэжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, түүний тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан 56 хуудас бичгийн баримтуудыг нотлох баримтаас хассугай.

4. Энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурьдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-д заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай. 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Л.ЭНХТАЙВАН