Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 954

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,

улсын яллагч М.Сансарсайхан,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Аззаяа,

шүүгдэгч М.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч М....г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908034321150 дугаар хэргийг 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Номгон суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 2, эцгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Дархан овогт ...ын ... /РД:.../.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч М.... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 26-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, ... тоотод иргэн Л....ыг “гар утас хулгайлсан байна” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хутгаар зүүн шууны хэсэгт нь хутгалж, улмаар биед нь зүүн шууны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Уучихаад найзыгаа ингэсэндээ харамсаж байна” гэв.

Эрүүгийн 1908034321150 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Л....ын: “2019 оны 6 дугаар сарын 26-ны шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Толгойтын эцэст байх найз ...гийн гэрт очиход ..., ...нар архи уугаад нилээд халамцуу байсан. Намайг ороход хоцорч ирсэн торгууль гээд 3 удаа аягатай пиво өгсөн. Бид 4 гарч караокеноос 0,75 литрийн архи, 0,5 литрийн 4 шил пиво аваад ...гийн гэрт очсон. Намайг дахин торгоно гээд 50 граммын архины аягаар 3 удаа өгч уулгасан. ...Би нилээд согтолттой байсан болохоор яг юу болсныг сайн санахгүй байгаа. Намайг хүний гар утас хулгайлсан гээд ... бид хоёр маргалдаад гэрийн гадаа зогсож байтал хутга гаргаж ирээд миний зүүн гарыг 2 удаа зүссэн. Би “чи намайг хутгалчихлаа шүү” гэж хэлээд гараад түүхий эд авах цэг дээрээ ирсэн. ...Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-20-21/,

Гэрч Б....ийн: “2019 оны 6 дугаар сарын 26-ны шөнө манай гэрт нөхөр ..., дүүгийн нөхөр ..., найз ... нар пиво ууж байтал 01 цагийн орчимд найз ... ирээд бид нартай хамт ууцгаасан. ...Архиа ууж дуусчихаад унтаж амарцгаасан. ...унтаж амрахгүй байхаар нь би “харь” гэж хэлтэл харихгүй гэхээр нь “тэгвэл наанаа унтаж амраач” гэтэл унтахгүй орилж чарлаад байсан. Тэгсээр байгаад өглөө 5 цаг орчим болж байхад ... эгч орж ирээд “миний гар утас алга болчихлоо” гэхээр нь бид гар утас руу нь залгатал дуудаж байгаа мөртлөө дуу гарахгүй байсан. Тэгсэн ...явлаа гээд эхэлсэн. ... “чамайг явуулахгүй утсыг нь олж байж явуулна” гээд ...ын халаасыг ухтал халааснаас нь ...гийн iphone 6 гарч ирсэн. Дахиад сайн ухсан чинь ...аа эгчийн Samsung A7 маркийн гар утас гараад ирсэн. ...Тэр хоёр муудалцаад маргалдаж эхэлсэн. ... хутга бариад ... руу дайраад ... гараад зугтаасан. ...ын гар зүсэгдчихсэн “миний гарыг зүсчихлээ” гээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-24-26/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.06.26-ны өдрийн 7978 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Л....ын биед зүүн шууны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.  3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хх-30/,

Шүүгдэгч М....гийн яллагдагчаар өгсөн: “2019 оны 6 дугаар сарын 25-ны 21 цагийн орчимд ...гийн гэрт ...бид дөрөв пиво уугаад дуусч байхад ... 00 цагийн орчимд ирээд том аягаар 3 удаа уусан. ...... ...гийн утсаар “ганц ярья” гээд аваад гарсан. Би удалгүй араас нь гараад найз ...аагийн гэрт ортол ...аа “... сая миний утсаар ярья гээд аваад гарсан” гэхээр нь би ...гийн гэр лүү яваад ортол ... гадуур хувцсаа өмсөөд эхэлсэн. ... “...гийн утас алга болчихлоо” гэхээр нь би “бүгд гарахгүй байж байгаарай” гээд бүх хүмүүсийг нэгжтэл ...ын халааснаас ..., ...аа хоёрын утас гараад ирсэн. Би ...ыг “чи утас хулгайлсан байна” гээд уурлаад дагуулж гараад маргалдсан. ...гийн гэрээс хутга гаргаж ирээд ...ын зүүн гарыг зүсчихсэн...” гэсэн мэдүүлэг /хх-39-41/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-10-13/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-42/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-46/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-47/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-48/, хохирогчийн “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх /хх-59/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн “...” ХХК-ийн “М.... нь өдрийн 30.000 төгрөгийн цалинтайгаар туслах ажилтнаар ажиллаж байгаа болно” гэх тодорхойлолт, хохирогчийн “Эмчилгээний зардал 300.000 төгрөг авсан. Нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт, шүүгдэгчийн эцгийн иргэний үнэмлэхний хуулбарыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч М.... согтуурсан үедээ 2019 оны 6 дугаар сарын 26-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, ... тоотод иргэн Л....ыг “гар утас хулгайлсан” гэх шалтгаанаар хутгалж зүүн шууны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Л....ын “...Пиво уусан. ... бид хоёр маргалдаад гэрийн гадаа зогсож байтал хутга гаргаж ирээд зүүн гарыг 2 удаа зүссэн...” гэх мэдүүлэг /хх-20-21/, гэрч Б....ийн “......ын халаасыг ... ухтал Iphone 6, Samsung A7 маркийн гар утас гараад ирсэн. ...Тэр хоёр хоорондоо муудалцаад маргалдаж эхэлсэн. ... хаанаас хутга авсныг хараагүй хутга бариад ... руу дайраад ...ын гар зүсэгдчихсэн...” гэх мэдүүлэг /хх-26/, шүүх эмнэлгийн 7978 дугаар “1. Л....ын биед зүүн шууны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэжээ.  3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-30/, шүүгдэгч М....н яллагдагчаар өгсөн “......гийн гэрээс хутга гаргаж ирээд ...ын зүүн гарыг зүсчихсэн...” гэх мэдүүлэг /хх-39-41/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М....гийн хохирогч Л....ын зүүн гарын шууг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Л....ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн өгсөн  “Надад ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-20-21/, “...д гомдол санал, нэхэмжлэл байхгүй...” гэх хүсэлт /хх-59/, мөн “300.000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. М....д 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Хохирогч гар утас хулгайлсан нь тогтоогдоогүй тул хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргаагүй. Хохирогчийн зүй бус үйлдлээс гэмт хэрэг үйлдэгдсэн. Торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”, 1.4-т заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. 

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж, зэвсэг буюу хутга хэрэглэж гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохиролд 300.000 төгрөг төлсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа буюу хандаж байгаа хандлага/-ыг тус тус харгалзан улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгчид “торгох ял” оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Гэвч торгох ялын хэмжээний хувьд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд буюу шүүгдэгчийн согтуурсан үедээ, хутгаар хохирогчид гэмтэл учруулсан үйлдэлд улсын яллагчийн санал болгосон 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчийн торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах дүгнэлтүүд нь хууль ёсны зарчим болоод шударга ёсны зарчимд үл нийцнэ гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М....г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс /өдрийн 30.000 төгрөгийн цалинтай/-ийг үндэслэн шүүгдэгч М....д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн хар өнгийн иштэй, ажлын хэсэг нь 19,5см, бариул хэсэг нь 14см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.... урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дархан овогт ...ын ...г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М....г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М....г 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.... торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн хар өнгийн иштэй, ажлын хэсэг нь 19,5см, бариул хэсэг нь 14см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.... урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М....д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР