| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/0714/и |
| Дугаар | 0714 |
| Огноо | 2016-05-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 0714
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, шүүгч Б.Бямбасүрэн, шүүгч Б.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-13-15 тоотод оршин суух Элжигэн захирагч овогт Балгансүрэнгийн Дэлгэрмөрөн /ФА:88050575/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-13-36 тоотод оршин суух Алаг адуут овогт Чулууны Эрдэнэбаяр /ФА:88122576/
10 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Балгансүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Дэлгэрмөрөн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Эрдэнэбаяр нь Дэлгэрмөрөнгийн эзэмшлийн 62-16 ОРХ улсын дугаартай Toyota Allion маркын автомашиныг согтуугаар унаж яваад онхолдуулж их хэмжээний хохирол учруулсан. Ч.Эрдэнэбаяр нь тухайн үед эрүүгийн хэрэг үүсгэх байсныг өөрийн зүгээс хичээнгүйлэн гуйж 45 хоногийн хугацаатай буюу 2015 оны 9 дүгээр сарын 15-наас 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл барагдуулж дуусгана гэж хэлцэл хийж нотариатаар батлуулсан юм. Энэ хугацаанд Ч.Эрдэнэбаяр нь хэлцэлдээ хүрээгүй учир шүүхэд хандаж байна. Иймээс хохирол болох 9 000 000 төгрөг алданги 1 300 000 төгрөг нийт 10 300 000 төгрөгийг Ч.Эрдэнэбаяраас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Эрдэнэбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дэлгэрмөрөн, Уранбаяр бид 3 хамт архи уусан, архи дуусаад дахин гарах болоход би бага ууснаараа жолоо барих болсон. Уранбаяр миний гарыг угз татаж машиныг онхолдуулсан. Цагдаа дээр очтол та нар найзууд учир хоорондоо тохиролц, тохиролцохгүй бол ял эдлүүлнэ гэсэн. Ингээд надад машинаа өгөх, машины зөрүүд эгчийнхээ машиныг өгөхөөр болж нотариат дээр очтол энэ асуудлаар гэрээ хийж болохгүй, үнийн дүн шаардлагатай гэсэн. Бодитоор машинаа солих болоход эгчийн машин дээр нэмж 1 500 000 төгрөг өг гэсэн тэгээд тохироогүй тул цагдаа дээр очоод машины эвдрэл гэмтлийг гаргуулъя гэтэл нөгөө гэрээг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүнд гомдолтой байдаг боловч хэрэг байдлын учир олдох байх гээд өдий болтол хүлээсэн. Машин унагахад дан ганц миний буруу байгаагүй, намайг согтуу гэдгийг мэдсээр байж машинаа унуулсан Дэлгэрмөрөн, гар угз татсан Уранбаяр нар мөн буруутай. Өдий болтол машинаа өгөөгүй байж 9 000 000 төгрөг, хүү гаргуулах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд эвлэрсэн ба эвлэрлийн гэрээнд: Б.Дэлгэрмөрөнгийн нэхэмжлэлтэй, Ч.Эрдэнэбаярт холбогдох иргэний хэрэгт зохигчид дараах байдлаар эвлэрэв. Нэхэмжлэгч 10 300 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 5 001 400 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд хандсан 30 000 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70 200 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав. Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр болов. Нийт 5 101 600 төгрөгийг хүлээн зөвшөөрч эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Дэлгэрмөрөн хариуцагч Ч.Эрдэнэбаяраас 10 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-д иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно. Төлөөлөл нь хуульд зааснаар, эсхүл сайн дураар буюу гэрээгээр төлөөлөх хэлбэртэй байна гэж хуульчилсаны дагуу нэхэмжлэгч Б.Дэлгэрмөрөнг төлөөлж Г.Балгансүрэн, хариуцагч Ч.Эрдэнэбаярыг төлөөлж Х.Оюунбат нар хуульд заасан хэлбэрээр олгогдсон хүчин төгөлдөр итгэмжлэлийн дагуу шүүх хуралдаанд оролцож байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Балгансүрэн нэхэмжлэлийн шаардлагаа 5 198 400 төгрөгөөр бууруулж 5 101 600 төгрөг болгосныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг батлах үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 170 000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож хариуцагчаас 96 576 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Томилогдсон иргэдийн төлөөлөгч О.Отгонтуяа нь шүүх хуралдааны тов хүлээн авсан боловч хүүхэд харах хүнгүй, очих боломжгүй байна гэсэн хариу өгсөн ба зохигчид иргэдийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хурлыг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар зохигчдын зөвшөөрлөөр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Дэлгэрмөрөнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Балгансүрэн нэхэмжлэлийн шаардлагаа 5 198 400 төгрөгөөр багасгаж 5 101 600 төгрөг болгосныг хариуцагч Ч.Эрдэнэбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 170 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Эрдэнэбаяраас 96 576 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Дэлгэрмөрөнд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.БЯМБАСҮРЭН
Б.ХИШИГДАВАА
| |