Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 57

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Ж.Дэлгэрмөрөн даргалж, нарийн бичгийн дарга Б.Энхзул, улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Д.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд

нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б д холбогдох 163/2020/0056/Э индекстэй, эрүүгийн 2015001090043 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомашины засварчин мэргэжилтэй, малчин, ам бүл 3, урьд ял шийтгэлгүй, Б овогт Д.Б ,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б  нь 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн ...ийн нутаг “Б” гэх газарт байх өөрийн гэртээ Б.М ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд/

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

2015001090043 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Б.М ий өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 16 цагийн үед ...ийн нутаг Б гэдэг газарт Д.Б гийн гэрт очсон... Б , түүний эхнэр А  бид гурав нэг шил Арвай нэртэй архи хувааж уусан... Би Б г эхнэртэйгээ маргалдаж яах гээд байгаа юм гэж хэлсэн чинь над руу дайраад бид хоёр хоорондоо барьцалдаж аваад ноцолдоод би Б гийн доор орж газар унасан. Тэр хооронд Б  намайг засчихья хутга аваад хүрээд ир гээд эхнэр А даа хэлээд байсан... Б  нь миний өмсөж явсан өмдийг доош нь шувтлаад гараараа төмсөгнөөс базаж татаад байсан. Тухайн үед төмсөг өвдөж байсан... босож ирээд төмсгөө үзэхэд нойтон оргиод цус гараад байсан. А гаар төмсгөө үзүүлэхэд зүгээр байна гээд нойлын цаасаар арчиж үзэхэд цус болоод байсан.. төмсөгний хуйх зүсэгдсэн. Хамар хавдсан. Нуруу гэдэс зулгарсан. Төмсгөндөө мэс заслын оёдол тавиулсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 25-28 дугаар хуудас/,

Гэрч С.Л ын өгсөн: “...утсаар ярихад М  Б , А  хоёр намайг засчихлаа гэж хэлэхээр нь би итгээгүй. Тэгээд Б гийн гэрт яваад очиход манай нөхөр орон дээр хагас хэвтсэн хөлөө өргөдсөн байдалтай цус гарчихсан байсан. Б гийн хамар луу нь хөлөөрөө өшиглөсөн. Баруун талын нүд нь бага зэргийн хөхрөлттэй, баруун талын доод талын хавирга хөндүүрлэж өвдөж байна гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Гэрч А.Н гийн өгсөн: “...төмсөгний зүүн талын хуухнаг нь хурц ирмэгтэй зүйлээр 6 см орчим зүсэгдсэн, нойлын цаасаар цусыг тогтоосон байсан. Зүүн талын төмсөг хуухнагаасаа гараад ирсэн байсан. Зүүн талын төмсөг зүсэгдээгүй байсан. Цэвэрлэгээ хийж мэс заслын 8 ширхэг оёдол хийж боолт тавьсан...” гэх мэдүүлэг /ххийн 34-37 дугаар хуудас/,

      Гэрч Б.А гийн өгсөн: “...гэр дотор Б , М  хоёр газар дээр доороо ороод ноцолдоод байсан. Тэгээд би жаахан хүүхдээ аваад орлуугаа яваад өгсөн. Б , М тэй ноцолдож байгаад гэрээс гараад явсан. М газраас босоод орон дээр суусан. М  Б  намайг ийм болгочихлоо ш дээ гээд өмдөө доош нь шувтлаад бэлэн эрхтнээ харуулахад М ийн зүүн талын төмсөг нь хуйхнагаасаа гараад ирчихсэн байсан... М  бэлэг эрхтэнээс цус гараад байна гэхээр нь нойлын цаас авч өгсөн...” гэх мэдүүлэг /ххийн 41-43 дугаар хуудас/,

Яллагдагчаар Д.Б  мэдүүлэхдээ: “...архи хувааж ууж байхад Б.М чи манай адууг хараагүй юм байна лээ ш дээ гэж хэлээд миний зүүн хацар луу гараараа атгаж байгаад 1 удаа цохихоор нь миний уур хүрээд Б.М тэй зодолдсон. Б.М  миний дээр гарахаар нь би Б.М тэй зодолдсон. Б.М  миний дээр гарахаар нь би Б.М ийн төмсгийг нь базаж хажуу тийшээ унагаагаад гэрээсээ гарч яваад ойролцоо байдаг модны хажууд очиж суусан... Б.М д учирсан гэмтлийг би учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар хуудас/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 66 тоот дүгнэлтэнд: 1. Б.М ийн биед хуухнаг, нуруунд шарх, нуруу, баруун тохой, баруун сарвуу, зүүн ядам, дунд хуруу, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи нуруунд шарх, нуруу, баруун тохой, баруун сарвуу, зүүн ядам, дунд хуруу, хэвлийд зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Харин хуухнагны шарханд оёдол тавигдсан учир үүсгэгдсэн багажийг нарийн тогтоох боломжгүй байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи гэмтэл нь цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

Гэмт хэрийн талаархи гомдол, мэдэлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /ххийн 62-66 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 61 дүгээр хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Б  нь 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн

...ийн нутаг “Б” гэх газарт байх өөрийн гэртээ Б.М ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Б.М , гэрч С.Л , А.Н , Б.А  нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон Б.М ий биед хуухнаг, нуруунд шарх, нуруу, баруун тохой, баруун сарвуу, зүүн ядам, дунд хуруу, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 66 тоот дүгнэлтэнд зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүгдэгч Д.Б гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Д.Б гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

   Хохирогч Б.М  нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

   Шүүгдэгч Д.Б г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.Б гийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Б  нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэгт эд мөрийн хураагдан ирсэн цэнхэр өнгийн судалтай хар хөх өнгийн дотуур өмдийг тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахаар тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

  1. Шүүгдэгч Б овогт Д.Б г “хүний эрүүл мэндэд хөнгөнхохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааршүүгдэгч Д.Б г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тусзаасныг баримтлан шүүгдэгч Д.Б д оногдуулсан 450.000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгийн торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.
  4. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б  нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдолсаналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэгт эд мөрийн хураагдан ирсэн цэнхэр өнгийн судалтай хар хөх өнгийн дотуур өмдийг тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахаар тус тус дурьдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэххэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахьхэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.ДЭЛГЭРМӨРӨН