Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 959

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа,

улсын яллагч Ж.Энхжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б....,

иргэний хариуцагч Д....,  

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганболд,

шүүгдэгч Х....нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Х....ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1903004640267 дугаар эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1955 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, эхнэрийн хамт Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал баг, ...тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Шандас овогт ...ын .../РД:.../.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Х....нь 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 22 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “361 гарам явах замд Д....ийн эзэмшлийн “Ssangyong Istana” маркийн ...дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б....г мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Х....шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би ачаа ачаад гарч явсан. Зүүн талаас 1 юм мөргөөд зогссон. Буутал хүн мөргөсөн байсан. 40-50 км/цаг-ийн хурдтай явсан. 2 метрийн урд байхад хохирогчийг харсан. Явган зорчигч зүүн талаас гарч ирсэн. Нүд гялбасан асуудал байхгүй. Хохирогч согтуу явсан, гарц гарамгүй, гэрэлтүүлэггүй газраар явсан буруутай гэж үзэж байна. Би харамсаж  байна. Уучлалт гуйж байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Буяны ажил 2 газар болж, 8-9 хоног 4 гэрт үргэлжилсэн. Оршуулгын зардлыг нэхэмжилж байна. Шарилыг Ховд руу зөөвөрлөсөн. 2 талын ах, дүү нар олуулаа. Баримтын хүрээнд нэхэмжилж байгаа. Анхны тусламж үзүүлсэн байна лээ. 3 сая төгрөг өгсөн. Оршуулганд 500-600 хүн оролцсон. 64 настай, хөгшин хүнийг ялгүй гаргаж өгөхийг хүсэж байна” гэв.

Иргэний хариуцагч Д.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Ийм юм болсонд харамсаж байна. ...ыг хөлсөөр авч явж байсан. Би хохирогчид 1.500.000 төгрөг өгсөн. Шүүхээс тогтоосон төлбөрийг төлнө” гэв.

 

Эрүүгийн 1903004640267 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б....гийн: “...2018 онд Улаанбаатар хотод охин Д....ийг сургуульд оруулах гээд Эмээлт зах дээр өдрийн 50.000 төгрөгийн цалинтай ажил хийж байсан. Эмээлтэд айлын хашаанд амьдарч байсан. Буяны ажилд ойролцоогоор 14.000.000 төгрөг болсон байх. Эмчилгээ болон буяны ажилд зарцуулсан мөнгө төгрөг, сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэх болно. Маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-21-24/,

Иргэний хариуцагч Д....ийн: “......миний машиныг жолоодон Хөвсгөл аймаг явахаар Нарантуул захаас хөдлөөд ...361 гарам хүрээгүй байсан. Хойд суудал дээр сууж явсан зорчигч нартай би юм яриад явж байтал машин тоормос гишгээд зогссон. Жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан зорчигч “яаанаа хүн дайрчихлаа” гээд орилоод байсан. Бид хэд машинаас бууж түргэн тусламж дуудсан. Урд сууж явсан эмэгтэй цагдаа дуудсан байх. Удалгүй түргэн ирээд явган зорчигчийг аваад явсан. Машины урд хэсэгт асфальтан зам дээр архины шил хагарсан байсан. Жолооч ...ах асгарсан шингэн зүйлийг үнэртэж үзээд “архи байна” гэж байсан. Дараа нь цагдаа ирж хэмжилт хийсэн. Тухайн үед дуудлага өгөхөд 22 цаг орчим болж байсан. Тухайн үед явган зорчигч миний бодлоор ертөнцийн зүгээр урд зүгээс 2 урсгалтай замын нэг урсгалыг нэвтэрч манай урсгалд орж ирж мөргүүлсэн байх. Машинаас 2 метр орчимд хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-26-29/,

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2019.05.28-ны өдрийн 1093 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Талийгаач Б....гийн цогцост баруун, зүүн чамархайгаас дагз хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, баруун, зүүн зулай, дух, дагзны дэлбэнгийн хатуу хальсан доорх тархмал цусан хураа, зүүн чамархайн дэлбэнгийн тархины эдийн иврэлт, баруун 4,5,6,7,8,9,10,11-р хавирганы далд хугарал, элэгний баруун дэлбэнгийн язрал, язралын түвшин дэх нимгэн цусан хураа, дэлүүний капсул доорх цус харвалт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед мохоо зүйлд цохигдох, мөргөгдөх, шахагдах үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Талийгаачийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4.Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. 5.Талийгаач нь 2019.05.08-ны өдрийн 13:00 минутын цогцост хийсэн гадна үзлэгээр нас бараад 1-2 цаг болсон байна. 6.Талийгаач нь Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн ЭЭТ-н 05717 тоот өвчний түүхэнд бичигдсэнээр АВО системээр АВ/IV/ бүлгийн цустай байна. 7.Талийгаач нь ГССҮТ-н ЭЭТ-т хэвтэж эмчлүүлсэн тул цусанд спиртийн зүйл тодорхойлох шаардлагагүй” гэжээ /хх-39-44/,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын шинжээчийн 2019.05.13-ны өдрийн 33111 дүгээр дүгнэлтэд: “1.Солонгос Улсад 2003 онд үйлдвэрлэгдсэн SsangYong маркийн Istana 5/2.9/ загварын ...улсын дугаартай KPAFBFC813P168501 арлын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. 2. Урд нүүр зүүн хэсэг нугаларч хонхойсон, зүүн урд их гэрэл хагарсан, урд салхины шил зүүн тал 4/1 цөмөрч, бяцарч хагарсан, хойд тоормос өрөөл баруун талдаа тоормосны хүч сул гэх эвдрэл, гэмтэлтэй байна. 3. Урд нүүр зүүн хэсэг нугаларч хонхойсон, зүүн урд их гэрэл хагарсан, урд салхины шил зүүн тал 4/1 цөмөрч, бяцарч хагарсан гэх гэмтлүүд нь ослын үед үүссэн байх гэмтлүүд юм. Харин хойд тоормос өрөөл баруун талдаа тоормосны хүч сул гэх гэмтлийг хэзээ хэрхэн үүссэнийг тогтоох боломжгүй. 4. Гэвч уг гэмтлийг осолд нөлөөлөх байдлаар авч үзвэл: тоормосны зам уртсгах, хальтиргаа гулгаа үүсэх байдлаар нөлөөлж болзошгүй гэмтэл. 5. SsangYong маркийн Istana 5/2.9/ загварын тээврийн хэрэгсэл нь ABS шингэн дамжуулалт тоормосны системтэй, SsangYong маркийн Istana 5/2.9/ загварын ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны ажиллагаа хэвийн бус байна. 6.SsangYong маркийн Istana 5/2.9/ загварын тээврийн хэрэгсэл нь ABS шингэн дамжуулалт тоормосны системтэй, тоормос гишгэх үед тоормосны мөр зам дээр үүснэ” гэжээ /хх-47-50/,

Мөрдөгчийн 2019.06.26-ны өдрийн 280 дугаар магадлагаанд: “7. SSANGYONG Istana маркийн ...улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Х....нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 8. Явган зорчигч Б.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэжээ /хх-56-57/,

Шүүгдэгч Х....ийн яллагдагчаар өгсөн: “Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн буруутай үйл ажиллагаа байгаа. Шүүхээс тогтоосон хохирлыг төлж барагдуулна. Хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгөхийг хүсэж байна. Хохирогчийн ар гэрээс уучлалт гуйж байна” гэх мэдүүлэг /хх-126-127/,

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019.05.09-ний өдрийн 2844 дүгээр дүгнэлтэд: “...2.Шинжилгээнд ирүүлсэн “Нэр хаяг тод/гүй Эр” гэж хаягласан /В84171342/ серийн дугаартай хуруу шилтэй цусанд 2,7 промилли спиртийн агууламж илэрч байна. 3.Цусанд илэрсэн 2,7 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэжээ /хх-67/,

хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-1/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /хх-3/, тодорхойлолт /хх-4/, хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авсан тэмдэглэл /хх-6/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-11-17/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-31/, мөрдөгчийн магадлагаа танилцуулсан тэмдэглэл /хх-58-59/, мөрдөгчийн тогтоол /хх-60-61/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019.05.10-ны өдрийн 2533 дугаар дүгнэлт /хх-62-65/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019.05.09-ний өдрийн 2845 дугаар дүгнэлт /хх-69/, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн албан бичиг /хх-74-75/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-81/, хохирлын баримтууд /хх-82-97/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-108/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-112/, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /хх-113-114/, гэрлэгсдийн баталгааны хуулбар /хх-115/, тэтгэврийн дэвтрийн хуулбар /хх-116/, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны тодорхойлолт /хх-120/, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан мөрдөгчийн тогтоол, баталгаа /хх-122-123/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-124-125/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн хохиролтой холбоотой 12 хуудас баримт, хохирол төлсөн баримтыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай. Жолооч, явган зорчигч хэн аль нь буруутай. Жолоочийн анхаарал болгоомжгүй байдлын улмаас үүссэн. 6 метр замын 4,8 метрийг явган зорчигч туулсан байснаас дүгнэхэд жолооч үүнийг хараагүй, харах боломжтой хурдыг сонгож яваагүй. Талийгаачийн шарилыг Ховд аймаг руу зөөж Булган суманд хөдөөлүүлэхээр ажиллагаа явагдсан гэж хохирогчийн төлөөлөгч хэлж байгаа. Статистик тоог үнэн зөв гэж үзэх боломжгүй. Ховд аймгийн хэмжээнд гаргасан судалгаа, үнийн дүн, түүнчлэн бараа материалын дундаж үнэлгээгээр гаргасан гэдгийг анхаарах ёстой. Нотлох баримтын шаардлага хангахгүй, үнийн дүн зөрүүтэй баримтын дүнг хасаж тооцох нь зүйтэй. Үлдсэн нэхэмжлэлийг шүүгдэгч, иргэний хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах саналтай.

Явган зорчигчийг ухаанаа алдсан байсан гэж байгаа ч ийм нотлох баримтууд хэрэгт авагдаагүй. Шүүгдэгч, иргэний хариуцагч харин зөв ойлгож байгаа байх гэж бодож байна...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн асуудлаар маргаагүй. Тиймээс иргэний хариуцагчтай нийлж 3 сая төгрөг өгсөн. Хохирогчийн цуснаас 2,7 промилли спирт илэрсэн. Хүнд согтолттой, замын нөгөө талаас асар хурдтай гүйснээс осол гарсан. Хохирлын баримтууд уншигдахгүй, огноогүй, огноотой ч энэ хэрэгт хамааралгүй баримтууд их байна. Баримт засвартай гэж хэлсэн. Бэлэн мөнгөөр худалдаа хийсэн тохиолдолд зарлагын баримт бичигдэхгүй тул нотлох баримтын шаардлага хангахгүй...” гэж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Би энэ танхимд настай шүүгдэгчийг яаж ялгүй гаргах вэ гэж бодож ирсэн. Сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй. Амь хохирогч өндөр цалинтай ажил хийдэг байсан, түүнийг нэхэмжлээгүй. Би баримтыг бичсэн нь үнэн” гэж тус тус дүгнэлтээ танилцуулав.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Х....нь 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 22 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 361 дүгээр гарам явах замд Д....ийн эзэмшлийн “Ssangyong Istana” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Б....г мөргөж, амь насыг нь хохироосон нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь иргэний хариуцагч Д....ийн “...зорчигч “яаанаа хүн дайрчихлаа” гээд орилоод байсан. ...Мөргүүлсэн хүн машинаас 2 метр орчимд хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-27-29/, гэрч Б.Эрдэнэчимэгийн “...Нэг мэдсэн “жолооч хүн дайрчихлаа” гэхээр нь “юу болов” гээд хашгираад сэрсэн хүн дайрчихсан байсан. ...мөргүүлсэн хүн автомашины урд ухаангүй хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-40/, шүүх эмнэлгийн 1093 дугаар “1. Талийгаач Б....гийн цогцост баруун, зүүн чамархайгаас дагз хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, баруун, зүүн зулай, дух, дагзны дэлбэнгийн хатуу хальсан доорх тархмал цусан хураа, зүүн чамархайн дэлбэнгийн тархины эдийн иврэлт, баруун 4,5,6,7,8,9,10,11-р хавирганы далд хугарал, элэгний баруун дэлбэнгийн язрал, язралын түвшин дэх нимгэн цусан хураа, дэлүүний капсул доорх цус харвалт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед мохоо зүйлд цохигдох, мөргөгдөх, шахагдах үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ...” гэх шинжилгээ /хх-39-42/, мөрдөгчийн 280 дугаар “7.SSANGYONG Istana маркийн ...улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Х....нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 8. Явган зорчигч Б.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6. “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх магадлагаа /хх-56-57/, шүүгдэгч Х....ийн “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-126-127/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-11-17/, цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-34-37/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Х....ийн иргэний хариуцагч Д....ийн эзэмшлийн “Ssangyong Istana” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүйн улмаас явган зорчигч Б....г мөргөж, амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийн шинжтэй байх тул Х....ийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б....гийн амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.... “Оршуулгын зардалд нийт 12.811.136 төгрөг нэхэмжилснээс хэрэгт авагдсан баримт /хх-82-97/-аар 11.930.300 төгрөгийн хохирол тогтоогдсон болно. Хэрэгт авагдсан дээрх баримтуудаас доторх бичвэр нь уншигдахгүй болж арилсан, алдаатай бодогдсон /пүнтүүзний үнэ 540.000 төгрөг/ үнийн дүн, огноогүй, түүнчлэн гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнөх огноотой 2 ширхэг баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзлээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар 3.000.000 төгрөг төлснийг хасаж тооцон, үлдэгдэл 8.930.000 төгрөгийг шүүгдэгч, иргэний хариуцагч нараас тэнцүү хуваан гаргуулахаар шийдвэрлэснийг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Х....ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.   

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.... гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдав.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Хүний амь нас хохирсон, төлөх төлбөргүй, төлбөр төлөгдсөнийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Х....ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасаж, 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг авч үзвэл хор уршиг арилсан гэж үзэх үндэслэлгүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан арга хэмжээг хэрэглэх саналтай” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч нь 64 нас 7 сартай, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирлыг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “64 настай, хөгшин хүнийг ялгүй гаргаж өгөхийг хүсэж байна...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүй, хохирогчийн буруутай үйлдэл буюу үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлээгүйн улмаас мөргөгдсөн, согтуугаар замын хөдөлгөөнд оролцсон/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /нэг хүний амь нас хохирсон, нотлох баримт бүхий хохирол төлөгдсөн, хохирогч “Хөгшин настай хүн учраас ялгүй гаргаж өгөхийг хүсэж байна” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /хийсэн хэрэгтээ гэмшиж буй, 64 настай/-ыг тус тус харгалзан шүүгдэгч Х....гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х....ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Х....өд тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэж байна.  

Хэрэгт хураагдан ирүүлсэн шүүгдэгч Х....ийн жолоочийн BCD ангиллын 42909 дүгээр үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Х....урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Шандас овогт ...ын ...ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж нэг хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х....ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Х....өд тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Х....өд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Х....тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Хэрэгт хураагдан ирүүлсэн Х....ийн жолоочийн BCD ангиллын 42909 дүгээр үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х....урьдчилан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.... гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х....өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР