Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 620

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван би “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй Л.Гантөмөрт холбогдох “371,250 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч танилцаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

 Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Хэрэглэгч Л.Гантөмөр нь манай компанитай 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 1348904 тоот “Зээлээр гар утас худалдан авсан хэрэглэгчид урьдчилсан төлбөрт үйлчилгээ үзүүлэх”-гэрээ байгуулан U6 маркын 310.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг урьдчилгаа 40.000 төгрөг төлж, 12 сарын хугацаанд сар бүр 22.500 төгрөг төлөх нөхцөлөөр худалдан авсан.

Гэвч Л.Гантөмөр нь гэрээний эргэн төлөлтөөр төлөх 270.000 төгрөгөөс 22.500 төгрөгийг төлж, үлдэгдэл 247.500 төгрөгийг төлөхөөс зайлсхийж байна.

Иймд Л.Гантөмөрөөс U6 маркын гар утасны үлдэгдэл төлбөр 247.500 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 202 хоногийн алданги 123.750 төгрөг, нийт 371.250 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Гантөмөр нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие Л.Гантөмөр нь Жи мобайл компанаас U 6 маркийн 310,000 үнтэй гар утсыг 40 мянган төгрөгийн урьдчилгаа төлж 12 сарын хугацаанд 22,500 төгрөг төлөх нөхцлөөр худалдан авсан 1 сарын төлбөр болох 22,500 төгрөгнөөс сүүлийн саруудад эмнэлэгт хөгшин ээжийгээ асарч байсны улмаас төлж чадсангүй одоо уг мөнгийг төлхөд татгалзах зүйлгүй /371,250/ төлнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-нь хариуцагч Л.Гантөмөрт холбогдох “371,250 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Л.Гантөмөр нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,787,5 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5,893,75 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 5,893,75 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй Л.Гантөмөрт холбогдох “371,250 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,787,5 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5,893,75 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 5,893,75  төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Л.ЭНХТАЙВАН