Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 963

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,

улсын яллагч С.Мөнхтулга,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч Ч.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ч....г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908020801032 дугаар хэргийг 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эх, эгч, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ...ын ... /РД:.../.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ч.... нь 2019 оны 4 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Партизан буюу Жаргалант гэх газар гээгдүүлсэн иргэн Ц....ийн өмчлөлийн Самсунг жи-6 загварын гар утас, иргэний үнэмлэхийг хаяж гээгдүүлснийг мэдсээр байж завшсаны улмаас, бага хэмжээнээс дээш буюу 724.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Эрүүгийн 1908020801032 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Ц....ийн: “2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Партизаны 74 дүгээр сургуулийн төгсөгчдийн тэмцээнд оролцсон. 22 цаг өнгөрч байхад Төрийн банкны хажууд байрлах цайны газарт 9 хүүхдийн хамт орж хоол идээд 1 шил 500 граммын архи, хүний тоогоор нэг пиво уусан. 23 цаг өнгөрч байхад найзтайгаа утсаар ярьчихаад гар утсаа ширээн дээр тавьсан. 24 цагийн орчим гарах гээд гар утсаа хайсан боловч олдоогүй. Өөр хүний утсаар залгасан боловч дуудаад дуудлага авахгүй байсан. Тэнд байсан хүмүүсээс асуусан боловч мэдэх хүнгүй байсан. ...Улаан өнгийн, гадуураа хатны зурагтай хар хүрээтэй гэртэй, 2 сим карт ордог 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Мобикомоос 699.000 төгрөгийн зээлээр авч байсан. Миний гар утасны ард талд иргэний үнэмлэх байсан хамт алга болсон. ...Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-17/,

Гэрч Ч....гийн: “...2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ... би Жаргалант хэсэгт байх Төрийн банкны салбарын урд хэсэгт байрлах модон жорлонгийн гадна талаас улаан өнгийн, Самсунг Жи-6 маркийн хоёр сим ордог гар утас олсон талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-23-25/,

Гэрч Э....гийн: “...Ширээн дээр байсан чихэр, чипс, самар, ундаа, хиам, талх зэргийг торонд хийгээд ... авч гарсан. ...г цайны газраас авсан тортой юмтай хамт хүргэж өгсөн. Удалгүй Партизаны төвөөс Улаанбаатар хот руу гарах гэж байхад ... “миний гар утас байхгүй байна, нөхөр лүүгээ залгах гэсэн юм” гээд утас руу залгаад өг гэсэн. ...ийн гар утас руу залгасан боловч дуудаад байсан хэрнээ авахгүй байсан. ... руу залгаад хашааны чинь гадаа зогсохдоо унагаасан байж магадгүй үзээд өгөөч гэсэн чинь байхгүй байна гэж хариу өгсөн...” гэх мэдүүлэг /хх-46-48/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019.04.16-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний 336 дугаар тайланд: “Гар утас 699.000 төгрөг, иргэний үнэмлэх 25.000 төгрөг, нийт хохирлын дүн 724.000 төгрөгөөр тогтоож байна” гэжээ /хх-31-33/,

Шүүгдэгч Ч....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэмцээн дууссаны дараа Партизаны төв дээр байдаг нэг хоолны газарт ороод хоол цай идэж архи, пиво ууцгаасан. 17 цагийн үед цайны газрын ард байдаг модон жорлон руу явж байсан чинь үүдэнд нь улаан гэртэй гар утас байхаар нь аваад би ангийн хүүхдүүдийн сууж байсан ширээн дээр тавиад үлдээсэн. 21 цагийн үед тарсан. Ундаа, архи, хиам, самраа торонд хийгээд надад нэг нь гэр лүүгээ аваад яв гэж хэлсэн. Би тухайн үед бага зэрэг архи уусан байсан учраас тортой өгсөн зүйлийг нь гэртээ авч ирсэн. Гэртээ орсны дараа найз ... над руу залгаад “миний утас чамд байна уу” гэж асуухаар нь би “мэдэхгүй” гэж хэлээд утсаа салгаад унтаад өгсөн. Өглөө нь босоод ангийн хүүхдүүдийн өгч явуулсан тортой хиам, самар, ундааг нь задлаад үзсэн чинь улаан өнгийн гэртэй ...ийн утас гараад ирсэн. Би ...т хэлэхгүй өөрийнхөө сим картыг хийгээд гар утсыг нь ашигласан...” гэх мэдүүлэг /хх-54-57/,

эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-11/, гэрч Д....ын мэдүүлэг /хх-30/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-37/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-64/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-67/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актад “...Н90 Дуу дамжуулах ба хүлээн авах хэлбэрийн сонсгол буурах оноштойгоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоосон” гэжээ /хх-68-69/, хохирогчийн “Гар утсаа орхиж явснаас манай найз авч цагдаад мэдэгдсэний дараа утас өгсөн. ...д гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-70/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны тодорхойлолт, тэтгэврийн дэвтрийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанд улсын яллагч “Хохирогч ... согтууруулах ундаа их хэрэглэсэн, утсаа хаана гээснээ мэдэхгүй байсан. Энэ талаар гэрч ...гийн мэдүүлэгт байгаа. Шүүгдэгч утсыг аваад эгчдээ өгсөн байдаг. Иймээс шунахайн сэдэлтээр үйлдсэн тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирол төлөгдсөн” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн асуудлаар маргахгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцуулав.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ч.... нь 2019 оны 4 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант гэх газарт хохирогч Ц.... Самсунг жи-6 загварын гар утас, иргэний үнэмлэхээ хаяж гээгдүүлснийг мэдсээр байж завшиж 724.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Ц....ийн “...найзтайгаа утсаар ярьчихаад гар утсаа ширээн дээр тавьсан. ...гар утсаа хайсан боловч олдоогүй...” гэх мэдүүлэг /хх-17/, гэрч Ч....гийн “...... “би Жаргалант хэсэгт байх Төрийн банкны салбарын урд хэсэгт байрлах модон жорлонгийн гадна талаас улаан өнгийн, Самсунг Жи-6 маркийн хоёр сим ордог гар утас олсон” талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-23-25/, гэрч Э....гийн “...Ширээн дээр үлдсэн байсан чихэр, чипс, самар, ундаа, хиам, талх зэргийг торонд хийгээд ... авч гарсан. ......ийн гар утас руу залгасан боловч дуудаад байсан хэрнээ хүн авахгүй байсан. ... руу залгаад хашааны чинь гадаа зогсохдоо унагаасан байж магадгүй үзээд өгөөч гэсэн чинь байхгүй байна гэж хариу өгсөн...” гэх мэдүүлэг /хх-46-48/, шүүгдэгч Ч....гийн яллагдагчаар өгсөн “...Маргааш өглөө нь тортой зүйлийг задлаад үзсэн чинь ...ийн утас гараад ирсэн. Би ...т хэлэхгүй өөрөө ашигласан...” гэх мэдүүлэг /хх-54-57/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ч....гийн хохирогч Ц....ийн гээгдүүлсэн Самсунг Жи-6 маркийн гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц....т 724.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн “...Гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-17/, “...утсыг өгсөн, гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-70/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан, 2 бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй тул Эрүүгийн хууулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. 3, 6 насны 2 хүүхдийн хамт амьдардаг, 174.000 төгрөгийн группийн мөнгө авдаг, эхийн хамт мал маллаж, сүүгээ борлуулж амьдардаг зэргийг харгалзан 450.000 төгрөгөөр торгож, хэсэгчлэн төлөх хугацааг 6 сараар тогтоож өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. 

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, найзынхаа гээгдүүлсэн эд хөрөнгийг завшсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 724.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол биет байдлаар төлөгдсөн, хохирогч “Гомдол саналгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /3-6 насны 2 хүүхэдтэй, дуу дамжуулах ба хүлээн авах хэлбэрийн сонсгол буурах оноштойгоор хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа буюу хандаж байгаа хандлага/-ыг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч....г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /группийн мөнгө авдаг, мал маллаж, сүү, цагаан идээгээ борлуулж орлого олдог гэх/-ийг үндэслэн шүүгдэгч Ч....г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.... урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт ...ын ...г гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч....г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч....г 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.... торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.... урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч....д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР