Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 01

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Тунгалаг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар иргэн С.Г-гийн гомдолтой, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын боловсрол, соёлын хяналтын улсын байцаагч Д.Д-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд гомдол гаргагч С.Г-, хариуцагч Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын боловсрол, соёлын хяналтын улсын байцаагч Д.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдлын шаардлага: Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын боловсрол, соёлын хяналтын улсын байцаагчийн 2017 оны №07-09-034/17 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэжээ.

Гомдол гаргагч С.Г- шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******гээс ирсэн гомдлыг үзээгүй. Гомдол ирсэн гэдэг үндэслэлээр намайг шалгасан. Яг хэн гомдол гаргасан гэдгийг хэлж өгөөгүй...Хичээлийн дараа хүүхдүүдээ уншуулаад суулгаж байхад *******гийн эхнэр ******* гэдэг эмч орж ирсэн. Тухайн үед эцэг эхчүүд хүүхдүүдээ уншуулаад хамт сууж байсан. Гэтэл ******* эмч гэнэтхэн чи яагаад манай хүүхдийг уншуулахгүй, араас нь урагш уншуулдаг юм бэ гэсэн. Тэгэхээр нь би хүүхдүүдийн түвшин өөр өөр учраас түвшинд таруулж уншуулж байна гэж хэлсэн. Гэтэл ******* эмч хэлэхдээ яагаад эмч хүнийг 3 цаг суулгаж байгаа юм бэ, миний ард зөндөө өвчтөн байна гээд над руу уурласан. Тухайн үед нь би хүүхдийн дэргэд хэрэлдмээргүй байна, хэрвээ болохгүй байгаа бол сургуулиа сонго, багшаа сонго гэж хэлээд явуулсан. Миний тухайд эцэг эхчүүдийн хурал болгон дээр нэгдүгээр ангийн хүүхдүүдтэй ажиллаж байгаа учраас хичээлийн дараа заавал уншуулж явуулна, завтай бол хамт уншуулчихаад аваад явж болно, хэрвээ бүр завгүй бол ажилдаа явчихаад буцаж ирээд хүүхдээ авч болно гэж байнга хэлдэг. Үдээс хойш ангийн хурал дээр ******* эмч хэлэхдээ манай хүүхэд хоцроод байх шиг байна, хүүхдийг хойно, урдаас нь уншуулаад байх юм гэдэг асуудлыг тавьсан. Тэгэхэд нь би хүүхэд бүрийн түвшин өөр учраас түвшинд нь тааруулж уншуулдаг, *******, ******* нарын тухайд 9 дүгээр сарын 1-ний өдөр хүүхдээ өгчихөөд өөрсдөө сургалтанд яваад өгсөн, хүүхэдтэйгээ огт ажиллаагүй, гэхдээ хүүхэд нь уншиж бичиж чадна, хүүхдийг нэг л өдөр уншуулахгүй бол муу болдог гэж тайлбарласан. Гэтэл хурлын дараа ******* эмч нь гэртээ очоод багшаа уучлаарай, буруу ойлгосон байна гээд уучлалт гуйсан мессежийг явуулсан. Мөн утсаар яриад уулзъя гэхээр нь оройтсон учраас уулзаж чадаагүй. Ийнхүү удаа дараа надаас уулчлалт гуйгаад явсан. Ийм учраас *******, ******* нар намайг ойлгосон байна гэж бодоод өнгөрсөн. Ингээд байж байтал Д.Д- уулзаад хүүхдүүдээс улирал бүр 10 000 төгрөг хураасан байна гэдэг асуудал ярьсан. Миний тухайд 9 дүгээр сарын 1-ний өдөр эцэг эхчүүдтэй уулзаад үдийн унд уудаг аяга таваг, халбага, сальфетик, нойлын цаасаа яах вэ? гэдэг асуудал тавьсан. Жил бүр үдийн цайны аяга тавгаа нэгдсэн журмаар авахуулдаг болохоор энэ журмаар л авсан. Гэхдээ миний тухайд хураалгасан мөнгөнд нь оролцоогүй. Эцэг эхчүүд надад нэг удаа бичгийн цаас авч өгсөн. Энэ бичгийн цаасаар хүүхдүүдэд нь шүлэг болон гэрийн даалгаврыг нь хуулбарлаж өгсөн байгаа. Ийм учраас эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ суралцах орчныг зөв болгохын тулд мөнгө хураах санаачилга гаргасан гэж бодсон.

Улсын байцаагч Д.Д- гомдлын дагуу эцэг эхчүүдээс санал, судалгаа авч үзээд ёс зүйн зөрчил илэрсэнгүй гэж өөрөө ирж хэлсэн. Эцэг эхчүүд хурлаар өөрсдөө зөвлөл байгуулж, хүүхдэд хэрэгтэй зүйлсийг авч өгсөн. Үлгэрийн ном Марчаахай-г эцэг эхчүүдийг сонирхоорой гэж хэлсэн. Би тулган шаардаагүй учир уг торгуулийн арга хэмжээг хууль бус гэж үзэж байгаа... Гомдол гаргасан ******* гэдгийг би сайн танихгүй. Надтай ер нь харьцаж үзээгүй. Харин эхнэрийг нь сайн танина. Гэтэл эхнэр нь цаасаар гомдол өгөөгүй гэдэг... Би 2017 оны 11 дүгээр сарын 14-нд улсын байцаагчийн өрөөнд нөхөртэйгөө хамт байцаагдаж байсан. Тухайн үед шийтгэлийн хуудас бичиж өгсөн. Тэгсэн мөртлөө яагаад 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр торгуулийн арга хэмжээ авсныг ойлгохгүй байна. Д.Д- байцаагч нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхэлж зөрчлийн талаар надтай ярилцсан. Энэ өдрөө захирлын өрөөнд орсон. Тэгээд ямар учраас 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэж яриад байгааг ойлгохгүй байна... Байцаагч хэлэхдээ зөрчлийн талаар эцэг эхчүүдээс асууж тодруулна гэсэн. Тийм болохоор эцэг эхчүүдийн бүх дэлгэрэнгүй мэдээллийг байцаагчид өгсөн. Ийнхүү эцэг эхчүүдээс асууж тодруулж байгаад асуудлыг шийдвэрлэх байх гэж найдсан. Гэтэл яагаад эцэг эхчүүдээс гэрчийн мэдүүлэг аваагүй байгаа нь ойлгомжгүй байна. Мөн эцэг эхчүүдээс тийм, үгүй гэсэн санал асуулга аваад, энэ талаарх тодорхой мэдээллийг өгөөгүй болохоор сонин санагдаж байна. Энэ зөрчлийн асуудал нь жил дамжиж байна. Тэгсэн мөртлөө яагаад нэг ч зөрчил дээр нь нотлох баримт бүрдүүлээгүй байгаа юм бэ? Энэ хугацаанд хүүхдүүд болон эцэг эхчүүд хэцүү байна шүү дээ. Өөрөөр хэлбэл багш хүн тэгэх ёстой, тэгсэн гэдгээр биш, тодорхой зүйл дээр хариулт өгмөөр байна. Д.Д- байцаагч нь хууль мэддэг учраас хуулийн дагуу ажиллагаагаа явуулаач гэж хүсмээр байна гэв.

Хариуцагч Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын боловсрол, соёлын хяналтын улсын байцаагч Д.Д-шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улиастай сумын Дэвшил сургуулийн бага боловсролын багш С.Г- нь ангийн хүүхдүүдэд буюу эцэг, эхчүүдэд Марчаахай ном худалдан борлуулсан, хүүхэд бүрийн эцэг эхчүүдээс улирал бүр арван мянган төгрөг хураадаг, гэрийн даалгавар их өгдөг учраас хүүхдэд ачаалал ихтэй байдаг. Хичээлийн дараа эцэг, эхчүүдийн хамт хүүхдийг цагийн хязгааргүй уншуулдаг дарамттай, IQ хичээлд хүүхэд бүр хамрагдах шаардлагатай гэж хамруулсан боловч хэзээ яаж ордог нь мэдэгдэхгүй, эцэг, эхтэй ёс зүйгүй харьцсан зэрэг гомдол мэдээлэл Улиастай сумын иргэн *******гээс аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ирүүлсэн. Гомдлын талаар Мэргэжлийн хяналтын газрын даргад танилцуулж, иргэн *******гээс ирсэн гомдлын дагуу шалгахад бага боловсролын багш С.Г- нь Марчаахай номыг зарж борлуулсан эцэг эхийн зөвлөл хураасан гэх арван мянган төгрөгийг ангийн хүүхдүүдийн эцэг эхчүүдээс хурааж багшийн сургалтанд шаардлагатай бичгийн болон люминаторийн цаас, сургуулийн анги танхимд хөшиг, цэвэрлэгээний материал зэрэг хэрэгслийг худалдаж авахуулсан. IQ хичээлийг багшийн номноос өөр бусад багш баримталж сургалт явуулдаг хэрэглэгдэхүүн байхгүй хичээлийн хуваарь байхгүй тухайн хичээлийн явцад хяналт тавигдаагүй байсан. IQ хичээлд ерөнхий боловсролын сургалтын стандартад байдаггүй учир хүүхэд хүсвэл л хамрагдана. С.Г- багшийн ******* бүлгийн сургалтын үйл ажиллагаанд мөрдөх монгол хэлний хичээлийн хөтөлбөрийг баталгаажуулаагүй. Математик, Иргэний боловсрол, Хүн ба орчин хичээлүүдийн сургалтын хөтөлбөрүүд, ээлжит хичээлийн төлөвлөгөөнүүдийг батлуулж ажиллаагүй сургалтын үйл ажиллагааг явуулж байгаа зөрчлүүд байсан. Гомдлын дагуу 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Дэвшил сургууль дээр очиж С.Г- багшийн гаргасан зөрчлийн талаар асууж, захирал Д.*******ийн хамт мэдэгдсэн. 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгууллагын нярав ээлжит амралтаа авсан байсан тул улсын байцаагчид торгууль, шийтгэврийн хуудас байхгүй байснаас 12 дугаар сарын 04-ны өдөр 07-09-034/37 дугаар торгууль шийтгэврийг аймгийн хууль цаазын прокурор *******ас зөвлөгөө авч оногдуулсан. С.Г- багшийн ёс зүйн талаар Багшийн ёс зүйн дүрэм-ээс 7 асуулт бүхий асуулгаар 1 а ангийн 40 хүүхдүүдийн эцэг эхээс 32 хүүхдийн эцэг, эх, өвөө, эмээ, эгч нар оролцсон. Санал асуулгаар дэлгэрэнгүй хариулт бичих байсан. Гэтэл тийм, үгүй гэсэн хариулт бичсэн бөгөөд багшийн ёс зүйн дүрмийн албаны хэллэгтэй байсан тул зарим эцэг, эх, өвөө, эмээ нар асуулт ойлгохгүй байна гэсэн асуултыг асууж байсан. Санал асуулгыг авч байх явцад эцэг эхчүүд нэрээ заавал бичих ёстой юу, дараа нь багш мэдчихвэл яах бол, миний хүүхдэд эргээд сөргөөр нөлөөлөх болов уу гэж асуусан хандлагатай байсан. Санал асуулгаар үнэн зөв хариултыг өгөөгүй гэх үндэслэл байгаа ч бичилт нь тийм, үгүй хариулт байсан учраас ёс зүйн зөрчил гаргасан, гаргаагүй дүгнэлтийг өгөөгүй. С.Г- багшид энэ асуудлыг танилцуулснаас та ёс зүйн зөрчил гаргаагүй байна гэж дүгнэж хэлээгүй... Энэ ёс зүйтэй холбоотой асуудлыг шалгах эрх надад байхгүй учраас энэ багшийн асуудлыг шалгаж шийдвэрлэхийг сургуулийн захиргаанд хэлсэн. Түүнээс энэ багшийн зэрэг дэвийг хас гэдэг зүйл би яриагүй...Ёс зүйн асуудал нь тусдаа асуудал учраас зөрчлийн хэргийн материалд хийгдээгүй, тусдаа байгаа... Эцэг эхийн зөвлөлөөс улирал бүр хүүхэд бүрийн эцэг эхээс хураадаг 10 000 төгрөгөөр багш болон анги танхимд шаардлагатай эд хэрэгсэл, зүйлсийг авснаас харахад багш санаачилсан байгаа юм. Багш санаачлаагүй бол сургуулийн анги танхимд эцэг эхийн хурлыг хийж, 10 000 төгрөг хураах санал гаргахгүй байсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 7 дугаар хэсэгт Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно., Монгол Улсын боловсролын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1 дэх хэсэгт Суралцагч суралцах нөхцөл бололцоогоор хангуулах эрхтэй, Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.7 дахь хэсэгт Суралцагчаас хуульд заагаагүй төлбөр хураамж авахыг хориглоно Монгол Улсын хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дахь хэсэгт Хүүхэд ерөнхий боловсролыг төлбөргүй эзэмших эрхтэй гэсэн хууль тогтоомжийн заалтууд байдаг. Сургуулийн ой, тэмдэглэлт баяр, элсэлт болон төгсөлт, эрдмийн баярт зориулан хандив нэрээр эцэг эх, асран хамгаалагчаас нийтийг хамруулан албадан болон тэгшитгэн мөнгө хураах, хууль бус төлбөр хураамжийн хэлбэрт ангийн засвар үйлчилгээ, цэвэрлэгээний материал худалдан авах, ном гарын авлага, сонин сэтгүүл болон бусад материал худалдан борлуулахгүй байх, төлбөртэй сургалт явуулах, IQ олимдиад уралдаан, тэмцээн зохион байгуулсны төлөө мөнгө авах, ангид болон сургуульд тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, шаардлагатай хэрэгсэл худалдан авах, сургалтын хэрэглэгдэхүүн, материал хувилж олшруулахыг шаардах, үзвэр үйлчилгээ үзэх, тасалбар албадан өгөх зэрэг нь хууль бус төлбөр хураамжийн хэлбэрт ордог.

Эцэг эхчүүд бол зургаан настай хүүхдээ төлөөлж, нийгэмшиж, хөгжихөд нь багштай хамтран ажиллах ёстой. Эцэг эхийн зөвлөлийн дарга Намхай гэдэг хүн 10 000 төгрөгийг хураасан байдаг. Энэ мөнгөө юунд зарцуулсан бэ? гэхээр авсан зүйлийн жагсаалтыг авч ирж өгсөн. Улирал бүр хураалгадаг 10 000 төгрөгийг эцэг эхчүүд өөрсдөө санаачилсан гэж хэлдэг. Гэвч эцэг эхийн зөвлөл нэртэйгээр багшийн санаачилгаар мөнгийг хураалгасан байгаа. Цаашдаа энэ асуудал нь амьдралын боломжгүй хүмүүсийн амьдралд дарамт үүсгэдэг. Тэгэхээр багш нар ч бай, эцэг эхийн зөвлөл ч бай хүүхдүүдээс мөнгө хураахыг хориглосон зүйл юм.Хүүхдийнхээ төлөө аливаа зүйл хийх нь эцэг, эхийн үүрэг мөн. Гэхдээ тухайн сургуулийн ангийн хөшгийг авч өгч байгаа үйл ажиллагаа нь хууль бус болоод байна. Хэрвээ эцэг эхчүүд хандив өгөхөөр бол дүрэм, журмын дагуу багшид биш, ангид биш, тухайн сургуульд хандах ёстой. Гэтэл таван хүн нийлчихээд эцэг эхийн зөвлөл нэртэйгээр улирал бүр 10 000 төгрөг хурааж байгаа нь хууль бус юм.

Шалгалтын явцад ангийн эцэг эхийн хурлын протоколыг шаардсан боловч гаргаж өгөөгүй болно. Багш энэ зөрчлийнхөө талаар эцэг эхийн хурал зарлан өөрийн буруугүй мэтээр эцэг эхчүүдэд танилцуулж мэдээлэл хийж гомдол гаргасан иргэн *******гийн эхнэр Энхсайхан нарыг эцэг эхчүүд гэх нэр бүхий хүмүүс хүүхдээ аваад энэ ангиас яв бид энэ багшаар заалгамаар байна гэх зэрэг эцэг эхчүүдийн хооронд үл ойлголцлыг бий болгосон байна. Гэвч багш зөрчил гаргасан талаар эцэг эхчүүдэд танилцуулах үүрэг бүхий албан тушаалтан биш юм. Улсын байцаагч миний бие С.Г- багшид оногдуулсан торгууль шийтгэврийн хуудсыг 2 удаа бичээгүй болно. Надад хүндэтгэн үзэх шалтгаан тухайн үед байсан юм. Тэр асуудлаас болоод тухайн үед С.Г- багшид өгсөн шийтгэлийн хуудсан дээр сар, өдрийг бичилгүй орхигдуулсан байсан, түүнээс надад үлдсэн хувь дээр огноо бүрэн бичигдсэн. Мөн манай байгууллагын нярав чөлөөтэй байснаас шийтгэлийн хуудсыг тэр өдөрт нь авч чадаагүй, дараа нь авч бичсэн байгаа.Түүнээс он, сар өдрийг буруу бичээгүй...Торгуулийн хэмжээний тухайд яагаад хуулийн этгээдээр арга хэмжээ авсан юм бэ? гэхээр прокурор *******гаас албан тушаалтан хуулийн этгээд мөн үү? гэж асуусан. Тэгэхэд албан тушаалтан нь хуулийн этгээдэд ордог болсон гэж байсан. Дараа нь хуулийн этгээд гэдгийг Иргэний тухай хуулийн 7 дугаар зүйлээс уншиж байсан. Ийм учраас С.Г-г хуулийн этгээд гэж үзээд, 200 нэгжээр торгосон...гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Дэвшил бүрэн дунд сургуулийн бага боловсролын багш С.Г- нь Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын боловсрол, соёлын хяналтын улсын байцаагчийн 2017 оны 07-09-034/17 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-аар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргажээ.

Шүүх зөрчлийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр С.Г-гийн гаргасан гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.9 дэх хэсэгт заасны дагуу нэмэлт нотлох баримт цуглуулах ажиллагааг явуулахгүйгээр зөрчилд холбогдогчийн шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан гомдол, хариуцагч эрх бүхий албан тушаалтны зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан баримтад дүгнэлт өгч, дараах үндэслэлээр гомдлыг хангаж, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Маргаж буй Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын боловсрол, соёлын хяналтын улсын байцаагч Д.Д-гийн 2017 оны 07-09-034/17 дугаар шийтгэлийн хуудсаар[1] Марчаахай номыг сурагч хүүхдүүдэд худалдан борлуулсан, ангид шаардлагатай эд хэрэглэл, ахуйн материалыг авах зорилгоор эцэг, эх /хүүхдүүдээс/ улирал тутам 10 000 төгрөг хурааж авсан гэх зөрчлийг үйлдсэн хэмээн Дэвшил бүрэн дунд сургуулийн бага боловсролын багш С.Г-д Зөрчлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 200 нэгж буюу 200 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1-д Суралцагчид сэтгэл санааны дарамт үзүүлсэн, эсхүл мөнгө өгөх, ном, бүтээгдэхүүн худалдаж авахыг тулгасан, эсхүл хуульд заагаагүй төлбөр, хураамж авсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно., 3.4 дүгээр зүйлийн 3-д ...нэг торгуулийн нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна. гэж тус тус заажээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-д зааснаар Зөрчлийн тухай хуулийн 9.1-д заасан зөрчлийн талаар мэргэжлийн хяналтын улсын байцаагч шалгалт явуулж, шийдвэрлэх эрх хэмжээтэй байна.

Хариуцагч Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын боловсрол, соёлын хяналтын улсын байцаагч Д.Д- нь дээрх хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд маргаан бүхий 2017 оны 07-09-034/17 дугаар шийтгэлийн хуудсыг гаргасан байх боловч С.Г-гийн гаргасан гэх зөрчлийг шалгаж тогтоох, шийтгэл ногдуулах түүний ажиллагаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зарчим, журамд доорх үндэслэлээр нийцээгүй байна.

С.Г- шүүхэд гаргасан гомдлын үндэслэлээ ...Эцэг эхчүүд хурлаар өөрсдөө зөвлөл байгуулж, хүүхдэд хэрэгтэй зүйлсийг авч өгсөн. Үлгэрийн ном Марчаахай-г эцэг эхчүүдийг сонирхоорой гэж хэлсэн. Би тулган шаардаагүй учир уг торгуулийн арга хэмжээ хууль бус... гэж тайлбарлан маргаж байна.

Хариуцагч Мэргэжлийн хяналтын газрын боловсрол, соёлын хяналтын улсын байцаагч Д.Д- нь *******гээс ирсэн гомдлын дагуу шалгахад бага боловсролын багш С.Г- нь Марчаахай номыг зарж борлуулсан, эцэг эхийн зөвлөл хураасан гэх арван мянган төгрөгийг ангийн хүүхдүүдийн эцэг эхчүүдээс хурааж багшийн сургалтанд шаардлагатай бичгийн болон люминаторийн цаас, сургуулийн анги танхимд хөшиг цэвэрлэгээний материал зэрэг хэрэгслийг худалдан авахуулснаас харахад багш санаачилсан байгаа юм. Багш санаачлаагүй бол сургуулийн анги танхимд эцэг эхийн хурлыг хийж, 10 000 төгрөг хураах санал гаргахгүй байсан...С.Г- нь гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн учраас зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн... гэж тайлбарлаж байна.

С.Г-д холбогдох Зөрчлийн хэрэг-т авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын боловсрол, соёлын хяналтын улсын байцаагч Д.Д- нь иргэн н.*******гээс уншиж сураагүй хүүхдүүдэд Марчаахай ном худалдан борлуулсан, эцэг эхчүүдээс улирал бүр 10 000 төгрөг хурааж авдаг, гэрийн даалгаврыг их өгч хүүхдүүдэд ачаалал үүсгэдэг, хичээлийн дараа эцэг эхчүүдийг хамруулан цагийн хязгааргүйгээр хүүхдүүдийг уншуулдаг дарамт үүсгэдэг, эцэг эхчүүдтэй ёс зүйгүй харьцсан, IQ хичээлд хүүхэд бүрийг хамруулах шаардлагатай гэж хамруулсан боловч уг хичээл хэзээ, хэрхэн ордог нь тодорхойгүй гэх мэдээллийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 12 цаг 50 минутанд хүлээн авч тэмдэглэл[2] үйлдэж, уг зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ, 4.8 зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан зөрчил гарсан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор мэдүүлэг авна, 4.15 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гэж тус тус заасан бөгөөд 7.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэл ногдуулахдаа тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэн эсэхийг шалгах ажиллагааг бүрэн дүүрэн хийж, баримтаар тогтоохоор байна.

Тодруулбал, Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн хэрэг бүртгэлтийг явуулахдаа холбогдох нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулж, нотлох зарчмыг хэрэгжүүлсний үндсэн дээр хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах ёстой юм.

Гэтэл хариуцагч Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын боловсрол, соёлын хяналтын улсын байцаагч Д.Д- нь иргэн н.*******гийн мэдээлэлд дурдсан зөрчлийг бүрэн дүүрэн шалгаж тогтоолгүйгээр зөрчилд холбогдогч С.Г- болон Дэвшил сургуулийн бага боловсролын сургалтын менежер Ч.Амаржаргал нараас мэдүүлэг[3] авах, мөнгө хураалгасан гэх ******* ангийн сурагчдын нэрсийн жагсаалт[4] болон тэдэнд авч өгсөн эд зүйлсийн жагсаалтыг[5] гаргуулан авах зэрэг ажиллагаагаар зөрчил шалгах ажиллагааг хязгаарлан дуусгаж, бага боловсролын багш С.Г-г Марчаахай номыг худалдан борлуулсан, эцэг эхчүүдээс улирал тутамд 10 000 төгрөг хураасан гэх зөрчил үйлдсэн хэмээн үзэж, 2017 оны 07-09-034/17 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хууль бус болжээ.

Тухайлбал, сурагчдаас улирал бүр мөнгө хураасан гэх гомдлын хүрээнд Дэвшил бүрэн дунд сургуулийн ******* ангийн сурагчдаас хэдэн улирлын турш нийт хэдэн төгрөгийг хэн хурааж, юунд зарцуулсан болох, зарцуулалтыг хэн хариуцаж байсан болох, багшийн оролцоо, санаачилга байсан эсэх, мөн Марчаахай номыг хэдэн сурагчид хэрхэн худалдан борлуулсан, тэдэнд худалдаж авахыг тулгасан үйлдэл байсан эсэх талаар эцэг, эхчүүдээс тодруулж, баримтаар бүрэн дүүрэн тогтоогоогүй бөгөөд гомдолд дурдсан асуудлаар ******* ангийн эцэг эхийн зөвлөлийн нэр бүхий хүмүүстэй уулзсан хэмээн хариуцагч тайлбарлаж байгаа боловч тэднээс тайлбар мэдүүлэг авч баримтжуулаагүй, тэд санаачилсан гэдэг нь худлаа хэмээн хариуцагч хийсвэр дүгнэлт хийж багш С.Г-д дээрх шийтгэлийг оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Түүнчлэн зөрчлийн материал дахь баримтуудаас харахад уг гомдол, мэдээллийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээж авснаар тэмдэглэл үйлдэгдсэн байх боловч, зөрчилд холбогдогч С.Г-гаас 11 дүгээр сарын 23-ны өдөр тайлбар авсан тэмдэглэл байх ба энэ талаар хариуцагч ...н.******* эхлээд утсаар мэдээлэл өгсөн, тэр үед нь тэмдэглэл хөтлөөгүй, түүний дараа биечлэн ирж мэдээллээ өгөх үед нь гомдол хүлээж авсан тэмдэглэл хөтөлсөн... хэмээн хариуцагчаас тайлбарлаж байгаа нь ...улсын байцаагч гомдол, мэдээллийг хэдний өдөр хүлээж авсан эсэх нь эргэлзээтэй, Н.******* хэзээ гомдол гаргасан нь тодорхойгүй гэх гомдол гаргагч С.Г-гийн тайлбарыг буруутгах боломжгүй байна.

Хариуцагч нь холбогдох хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа бүрэн дүүрэн явуулж, зөрчлийг үйлдсэн талаарх холбогдох нотлох баримтыг хангалттай цуглуулж, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдийн оролцоог бүрэн хангах шаардлагатай байсан бөгөөд уг ажиллагааг хуульд заасны дагуу хийснээр С.Г-гийн зөрчил гаргасан эсэхийг шалгаж, баримтаар тогтоох боломжтой байсан байна.

Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зөрчил үйлдсэн этгээдэд оногдуулах торгох шийтгэлийн хэмжээг хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хуульчилсан байхад хариуцагч нь хуулийн этгээд болох Дэвшил сургуулийг зөрчил гаргасан гэж үзээгүй мөртлөө зөвхөн хүнийг буюу бага боловсролын багш С.Г-г дээрх хуулийг зөрчсөн хэмээн үзэж шийтгэл оногдуулахдаа хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл болох хоёр зуун нэгж буюу 200 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь дээрх хуульд мөн нийцээгүй байна.

Иймд маргаан бүхий Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын боловсрол, соёлын хяналтын улсын байцаагчийн 2017 оны 07-09-034/17 дугаар шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан шийтгэл ногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна, 1.1-д тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх, 1.3-д тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх гэж заасантай нийцээгүй байх тул Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын боловсрол, соёлын хяналтын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай 07-09-034/17 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэн үзвэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар тусгайлан харьяалуулсан асуудлаар буюусуралцагчид сэтгэл санааны дарамт үзүүлсэн, мөнгө хураалгах, ном худалдаж авахыг тулгасан зэрэг зөрчлийн талаарх гомдол, мэдээллийн дагуу хариуцагч эрх бүхий албан тушаалтан болох Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын боловсрол, соёлын хяналтын улсын байцаагч Д.Д-гээс явуулсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэм хэмжээнд тохирсон байна. гэж заасантай нийцээгүй бөгөөд гомдол гаргачийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нь шалгалтын явцад бага боловсролын багш С.Г- нь ******* бүлгийн сургалтын үйл ажиллагаанд мөрдөх монгол хэлний хичээлийн хөтөлбөрийг баталгаажуулаагүй. Математик, Иргэний боловсрол, Хүн ба орчин хичээлүүдийн сургалтын хөтөлбөрүүд, ээлжит хичээлийн төлөвлөгөөнүүдийг батлуулж ажиллаагүй, IQ /ай кю/ хичээлийн хуваарь байхгүй, тухайн хичээлийн явцад хяналт тавиагүй байсан тул сурагчдад өгч буй гэрийн даалгаврын ачаалал болон IQ хичээл орсон эсэхийг тогтоох боломжгүй байсан тул гомдолд дурдсан энэ асуудлаар С.Г-д шийтгэл оногдуулаагүй хэмээн хариуцагч тайлбарласныг дурдах нь зүйтэй байна.

Мөн зөрчлийн хэргийн материалд С.Г-д шийтгэл оногдуулснаас хойш буюу 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс хойш авагдсан баримтууд үдэгдсэн байх ба тэдгээр баримтуудыг шүүх үнэлэх боломжгүйг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 9.1 дүгээр зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1-ын 1.1, 1.3 дахь заалтуудыг баримтланС.Г-гийн гомдлыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын боловсрол, соёлын хяналтын улсын байцаагч Д.Д-гийн 2017 оны №07-09-034/17 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаад, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын боловсрол, соёлын хяналтын улсын байцаагч Д.Д-гээс 70 200 төгрөгийг гаргуулж, төсвийн орлогод оруулсугай.

3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ