Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 624

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум, 6 дугаар баг, 1 дүгээр хэсэг 079 тоотод оршин суух, “Style” худалдааны төвд борлуулагч ажилтай, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт амьдардаг, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Бүргэд овогт Баасансамбуугийн Цэрэнчимэг /РД:/МО82012300/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.Бурмаад холбогдох “Гэрээ хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, 9.000.000 төгрөг гаргуулах, хашаа байшинг буцаан өгөх” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч Б.Цэрэнчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сансарчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, гэрч Б.Ууганцэцэг, Л.Баярмаа,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Б.Цэрэнчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Алтанбулаг сумын иргэн Бурмаагаас Б.Эгшиглэнгийн эзэмшлийн газраас 897.8 мкв газар, мөн газар дээр байрлах байшинг 9000 000 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулсан. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байрлах 9х12 ын хэмжээтэй хоёр өрөө нь ашиглалтанд ороогүй дутуу баригдсан байшинг иргэн Б.Сансарчимэгийн том охин Эгшиглэнгийн нэр дээр байсан бөгөөд 9.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч 5.000.000 төгрөгийг бэлэн төлж үлдэгдэл 4.000.000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр нотариатын баталгаа гаргуулж авсан. Энэ байшинд Б.Сансарчимэг амьдардаг боловч Д.Бурмаа болон түүний охин Эгшиглэн нарын нэр дээр байдаг. Үлдэгдэл 4.000.000 төгрөгөө тохирсон хугацаандаа төлсөн. 7 хоногийн дараа түлхүүрээ аваад нөхрийнхөө дүүг манай худалдаж авсан байшинг хараад байж бай гэж хэлсэн. Гэтэл 7 орчим хоногийн дараа залгаад мөөг шиг зүйл гарч ирээд байна гэж хэлсэн. Ийм зүйл болохоор нь би Б.Сансарчимэг рүү залгаад “Танай байшин чинь мөөгтэй юм бишүү?” гэхэд “Мөөг байхгүй” гэж хэлсэн. Ингээд маргаан үүсч эхэлсэн. Хэд хоногийн дараагаас мөөгөнцрийнх нь хэмжээ улам ихэсч эхэлсэн. Би нөхрийнхөө ахыг дуудаад үзүүлтэл мөөгөнцөртэй байшин байна гэж хэлсэн. Сүүлдээ ихсээд болохгүй байхаар нь би шүүхэд нэхэмжлэл гаргасан. 9.000.000 төгрөгөөр худалдаж авсан байшинд 7 хоногийн дотор мөөнгөнцөр ургасан тул миний бие гомдолтой байна. Яаж ч бодсон 9.000.000 төгрөгөөр худалдаж авчихаад тийм мөөнгөнцөртэй байшинд амьдарч чадахгүй. Одоо 9.000.000 төгрөгөө гаргууланч авч байшинг нь буцаан өгөх хүсэлтэй байна гэх.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сансарчимэг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... 2016 оны 2 дугаар сарын 27-нд Цэрэнчимэгийн нөхөр М.Цогтбаатартай / Солонгос руу / яриад манайх хашаа байшингаа хямд зарна гэхэд Б.Цэрэнчимэг эгчийн нөхөр ахдаа 9.000.000 төгрөгөөр зарчих гэж хэлсэн. Би тэг тэг гэж зөвшөөрөөд “Үзэж харах хүн байгаа юм уу?” гэхэд “Ах нь эхнэрээ Сэлэнгээс явуулая” гэж хэлсэн. 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр эхнэр нь буюу Б.Цэрэнчимэг ирж манай байшинг үзсэн. Үзэж хараад санаанд нийцэж байна гэж хэлээд урьдчилгаа 5.000.000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг нь 07 дугаар сарын 01-ний өдөр өгөхөөр тохироод өгөлцөж авалцсан. Б.Цэрэнчимэг бид хоёр 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэд ирээд нотариатаар баталгаажуулан  худалдах худалдан авах гэрээ хийсэн ба үлдэгдэл 4.000.000 төгрөгөө 07 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар мөн адил гэрээ байгуулсан. Тухайн өдөртөө үл хөдлөх эд хөрөнгийн газар луу ороод нэр дээр нь шилжүүлж өгсөн. Ингэж гэрээ байгуулах үедээ үлдэгдэл мөнгөө өгч дууссаных нь дараа байшинг нь хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Байшинг нэр дээрээ шилжүүлж авсны дараа Б.Цэрэнчимэг эгч манайд нэг удаа ирж хоносон. Байшингаа хүлээж авахаас өмнө хоёр удаа ирж үзэж харсан. 2016 оны 06 дугаар сарын 28-нд ирж харсан бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 01-нд өөрт нь сайн үзүүлж харуулаад хүлээлгэж өгсөн. Намайг 2016 оны 07 дугаар сарын 22-нд Эрхүү явсан үеэр чатад таараад “Танай байшин чинь мөөнгөнцөртэй юм байна” гэж хэлсэн. Би “Манай байшинд ямар ч мөөгөнцөр ургаж байгаагүй наад асуудлыг чинь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж хэлсэн. Б.Цэрэнчимэг эгч “Ирээд надтай уулзаад мөнгийг маань хурдан өг” гэж хэлсэн. 2016 оны 07 дугаар 01-нээс хойш Б.Цэрэнчимэг эгчийн нөхрийнх нь дүү болох Б.Ууганцэцэгийг байснаас хойш хаалга үүд нь хаалттай, цонхоо онгойлгохгүй даавуу унжуулаад байнгын битүү харанхуй байдалтай байдаг байсан. Мөөг ургасан байдалтай зургийг 2016 оны 08 дугаар сарын дундуур авсан. Түүнээс өмнө манай нөхөр очиж уулзаад янзлаад өгье гэхэд Б.Ууганцэцэг оруулдаггүй байсан. Энийг чинь улам ургуулж байгаад мэргэжлийн хяналт дуудаж үзүүлээд шүүхэд хандаж мөнгөө буцааж авна гэж хэлж байсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх.

Гэрч Б.Ууганцэцэг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгдээ: ...Би 2016 оны 07 дугаар сарын 01-нд Б.Сансарчимэгээс түлхүүрийг нь аваад 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нүүж орсон. Нүүж орсноос хойш 7 хоногийн дараа мөөгөнцөр гарч эхэлснийг мэдсэн. Манай ажил амарсан байсан болохоор би өдөртөө айлаар яваад ирж хонодог байсан. Нээх анзаарахгүй байж байгаад нэг өдөр дрожны цаана хөөсөнцөр шиг зүйл гарсан байхаар нь ахыгаа дуудаад үзүүлэхэд мөөгөнцөр байна гэж хэлсэн. Тэгээд би “Одоо яах уу” гэхэд “Хусч хаяад уксус цацдаг гэсэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь хусаж авсан, гэтэл 7 хоногийн дараа хуссан газар болон хаалганы ойр орчмоос гарч эхэлсэн. Тэгээд хаана хаана ургаж байгаа юм бол гээд хартал гражин дотор битүү ургасан байсан. Тэгэхээр нь би Б.Цэрэнчимэг эгчид энэ байшин мөөгөнцөртэй юм байна гэж хэлсэн. Зуны халуун цаг байсан болохоор хөшгөө татаад цонхоо битүүлсэн байсан. Гэхдээ би охинтойгоо цуг байсан болохоор агаар салхи байнга л оруулж байсан. Бөгчим үед л цонхоо хаадаг байсан гэх.

Гэрч Л.Баярмаа шүүх хуралдаанд гарасан мэдүүлэгдээ: ... 2016 оны 08 дугаар сарын 17, 18- ны үед Сансарчимэгийнд ороход байшингийнх нь хаалганы тэнд мөөгөнцөр ургасан байхыг үзээд хэлсэн гэх.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Цэрэнчимэгийн шүүхэд гаргасан ... 2016 оны 2 сарын 29-ний өдөр Д.Бурмаатай байгуулсан Г-130100899 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө болох газар, хашаа байшин худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 9,000,000 төгрөг гаргуулах, мөн шүүх хуралд гаргасан тайлбартаа ...Сансарчимэгийн охин Эгшиглэн, түүний ээж Д.Бурмаа нарын нэр дээрх үл хөдлөх хөрөнгө болон хашаа байшинг бид тохиролцож худалдаж авсан ба уг байшинд мөөгөнцөр ургасан тул худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 9 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар,  хариуцагчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хэргийн 1-6 дахь талд авагдсан нэхэмжлэл, гэрээ, шүүх хуралдаанд гэрчүүдийн өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар худалдан авагч Б.Цэрэнчимэг нь худалдагч Д.Бурмаагаас газар, хашаа байшин зэрэг үл хөдлөх хөрөнгийг худалдсан, худалдан авсан болох нь нотлогдож, талууд гэрээ байгуулсан болон уг үл хөдлөх хөрөнгийг өгсөн, авсан асуудалд  дээр маргаангүй байна.

Өөрөөр хэлбэл; Хэргийн 3-р талд авагдсан талуудын хооронд хийгдсэн 2016.02.29-ний өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний нотариатаар батлуулсан хуулбараас үзэхэд ... талуудын хооронд 897,8 мкв талбай бүхий газрыг 4 саяаар худалдсан, худалдан авсан тухай тусгагдсан бөгөөд зохигчдын шүүхэд өгсөн тайлбараар ... талуудын хооронд нийт 9 сая төгрөгийн үнэ бүхий газар, хашаа, байшин зэрэг үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авч улмаар тэр өдрөө улсын бүртгэлд бүртгүүлж, харилцан шилжүүлэх, үнийг бүрэн төлсөн болох нь  нотлогдож байна.

Харин талуудын маргаж буй зүйл нь: тухайн худалдсан, худалдан авсан үл хөдлөх хөрөнгө болох хашаа байшин нь чанарын доголдолтой буюу ... байшингийн дотор, гадна тал, граш зэрэг объектод мөөгөнцөр их хэмжээгээр ургаснаас үүдэн уг хашаа байшинд хүн амьдрах эрүүл ахуйн чанарын шаардлага хангахгүй болсонтой холбогдон худалдан авагч болох Б.Цэрэнчимэг нь уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, Д.Бурмаагаас хашаа байшингийн үнэ 9 сая төгрөгөө буцаан авах, хашаа байшинг нь буцааж өгөхөөр маргаж байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар ... хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсанаас гадна мөн хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д зааснаар ... үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3, 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2-т заасан хэлбэрээр дээрх гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2-т зааснаар ... шүүх сонирхогч этгээд болох Б.Цэрэнчимэгийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болох үндэслэл нь худалдан авсан хашаа байшин чанарын доголдолтой буюу ... байшингийн дотор, гадна тал, граш зэрэг объектод мөөгөнцөр их хэмжээгээр ургаснаас үүдэн уг хашаа байшинд хүн амьдрах эрүүл ахуйн чанарын шаардлага хангахгүй, хүний биед аюултай сөрөг нөлөө үзүүлдэг тухай хэргийн 27 – 29 дүгээр талд авагдсан шинжээчийн 40 тоот дүгнэлт, зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2-т зааснаар ... худалдагч нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, мөн худалдаж буй эд хөрөнгийн шинж чанарын талаар үнэн зөв мэдээлэлийг худалдан авагчид өгөх үүргээ зөрчсөнөөс худалдан авагч Б.Цэрэнчимэг нь мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6-д зааснаар ... тухайн хөрөнгийн доголдлын талаар гомдлын шаардлага гаргах, гэрээг цуцлахыг шаардах эрхтэй байна. Харин хариуцагчаас шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа ... худалдан авагч нь хашаа байшинд нар салхи оруулаагүй, гэрэлгүй, цоожтой удаан байлгаснаас үүдэн мөөгөнцөр ургасан гэж маргаж байгаа боловч энэ байдлаа хариуцагч тал шүүхэд нотлоогүйгээс гадна мөөгөнцөр ургасанд худалдан авагчийг буруутгах үндэслэл, шалтгаан биш гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ... худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, хариуцагчаас хашаа байшингийн үнэ 9 сая төгрөг гаргуулж, хашаа байшинг буцаан өгөх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв. Хэргийн 4 дэх талд авагдсан газрын гэрчилгээний / нэг хуудас / хуулбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангахгүй байх тул мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар нотлох баримтаас хасах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, мөн хариуцагчаас 9 сая төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 158.950 төгрөгийг нөхөн  гаргуулж орон нутгийн орлогод оруулбал зохино.