| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/0713/и |
| Дугаар | 0713 |
| Огноо | 2016-05-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 0713
| 2016 оны 05 сарын 26 өдөр | Дугаар 142/ШШ2016/00713 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төрийн банкны Орхон салбар
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум 15 дугаар баг Рашаант уртын гол 10-24 тоотод оршин суух Илжигэн овогт Батбаярын Эрдэнэцэцэг /ОС:85110301/
8 973 398.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтүвшин, Б.Дариймаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Дондов овогтой Үүрцайх нь 2014 оны 08 сарын 22-нд Төрийн банкны Орхон салбарын Хороолол тооцооны төвөөс № 1300/541 тоот зээлийн гэрээ байгуулан 3 000 000 /гурван сая/ төгрөгийн нэмэлт зээл авч нийт 11 609 000 /арван нэгэн сая зургаан зуун есөн мянга/ төгрөгийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 36 сар /3 жил/-ын хугацаагаар, гэрээт цалингийн зээл авсан. Зээлийн барьцаанд цалин болон өөрийн эзэмшлийн гэрийн тавилга эд хогшил, хөдлөх хөрөнгө, зурагт , хөргөгч зэргийг зээлийн барьцаанд тавьсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.2.3 заалтыг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсаар байна. Банкны зүгээс 2016 оны 01 сарын 08-ны өдөр зээлээ төлөх, гэрээний үүргээ биелүүлэх мэдэгдэл хүлээлгэн өгсөн. Зээлийн гэрээний дагуу 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Батбаяр овогтой Эрдэнэцэцэгээс зээлийн үндсэн төлбөрийн өр 8 404 364.08 төгрөг, зээлийн хүүгийн өр 559 891.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 143.14 төгрөг нийт 8 973 398.26 төгрөг гаргуулах, шүүх хурал болтол хурамтлагдсан хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцох болно, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 08 дугаар сарын 22-ны №1300/541 тоот зээлийн болон барьцааны гэрээнд заагдсан барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Д.Үүрцайх хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан шинжээчийн дүгнэлт гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Эрдэнэцэцэгээс нэхэмжилж байна. Зээлээс чөлөөлөх боломжгүй, гэрээнд зааснаар 8 973 398.26 төгрөгийг Б.Эрдэнэцэцэгээс гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Эрдэнэцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний нөхөр Д.Үүрцайх нь Наран цогцолбор сургуульд сургалтын менежер ажилтай байхдаа 2014 оны 08 дугаар сарын 22-нд Төрийн банкны хорооллын салбараас 3 000 000 төгрөгийн зээл авч 11 609 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай авсан.
2015 оны 04 дүгээр сарын 12-нд автомашины осолд орж тархи нугасандаа хүнд гэмтэл авч хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан. 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл байнгийн эмчилгээ асаргаанд байна. Энэ хугацаанд 20 гаран сая төгрөгийн эмчилгээний зардал гарсан. Бага насны 2 хүүхэд, өвчтэй нөхрөө асраад сэтгэл санаа, санхүүгийн маш хүнд бэрхшээлд байна. Энэ хугацаанд зээлийг боломжоо шавхан төлж байсан ба цаашид 2 хүүхдээ хооллоход ч хүнд байдалд орсон тул зээлийг төлөх ямар ч боломжгүй болсон тул зээлээс чөлөөлж бидний амьдралд гүн туслалцаа үзүүлнэ үү гэжээ.
Хариуцагч Б.Эрдэнэцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээнээс харвал өмнөх үлдэгдэл дээр нэмж авсан гэдэг боловч өмнөх гэрээ байхгүй, зээл авснаас хойш төлөгдсөн байдлыг харвал бүрэн төлсөн байдал харагдаж байна. Гэрээг хугацаанаас өмнө цуцлах нөхцөл зааснаас дуусгавар болгох нөхцөл заагаагүй, үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Д.Үүрцайхын цалинг барьцаалсан байсан. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар Д.Үүрцайхад 3 000 000 төгрөгийг олгосон бөгөөд гүйлгээг Д.Үүрцайхтай хийсэн иймд Б.Эрдэнэцэцэг хариуцах үндэслэлгүй, Д.Үүрцайх 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр автомашины осолд орж хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан эрх зүйн чадамжгүй болсон нь шинжээчийн дүгнэлтээр тодорхой болсон тул Иргэний хуулийн 240 дүгээр зүйлд зааснаар үүрэг дуусгавар болно. Б.Эрдэнэцэцэг зээлдэгч биш тул хариуцахгүй, банк хуулийн этгээд эрсдэлийн сантай байдаг нийтэд түгээсэн мэдээллээс үүнийг олж мэдсэн тул Б.Эрдэнэцэцэгт хариуцагдах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчдын тайлбар, мэдүүлэг шүүхэд ирүүсэн нотлох баримтыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбар хариуцагчаар Д.Үүрцайх, Б.Эрдэнэцэцэг нарыг тодорхойлж, Б.Эрдэнэцэцэгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8 973 398.26 төгрөг гаргуулах, шүүх хуралдаан болтол хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцох, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Д.Үүрцайхаас татгалзаж, хамтран үүрэг гүйцэтгэгч хариуцагч Б.Эрдэнэцэцэгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэсэн хүсэлт гаргасан.
Мөн шүүх хуралдаан болтол хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцно гэсэн боловч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргаагүй байна.
Хариуцагч Б.Эрдэнэцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн
үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбар нь зээлдэгч Б.Эрдэнэцэцэгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Төрийн банктай Д.Үүрцайх, Б.Эрдэнэцэцэг нар 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулж 3 000 000 төгрөгийг нэмж аван нийт 11 609 000 төгрөгийн зээлийг 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, гэрийн эд хогшил, цалин барьцаалж зээлж авсан. Зээлдэгч нар гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.3-д заасан заалтыг зөрчиж, зээлийг хуваарийн дагуу төлөхгүй, удааширч байх тул банкны зүгээс мэдэгдэл өгсөн. Зээлийн үндсэн төлбөр 8 404 364.08 төгрөг, хүүгийн төлбөр 559 891.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 143.14 төгрөг, нийт 8 973 398.26 төгрөгийг хариуцагч Б.Эрдэнэцэцэгээс гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэж тайлбарладаг.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар Д.Үүрцайхад 3 000 000 төгрөгийг олгосон бөгөөд гүйлгээг банк Д.Үүрцайхтай хийсэн ийм учраас Б.Эрдэнэцэцэгээс нэхэмжлэх эрхгүй, мөн тухайн өдөр 3 000 000 төгрөг авсан байдаг, өмнөх гэрээ гээд яриад байдаг энэ талаар нотолсон баримт гэрээ байхгүй, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар уг зээл нь Д.Үүрцайхын хувийн байдалтай холбоотой цалингийн зээл тул дуусгавар болсон. Байгууллага эрсдэлийн сангаас уг зээлийг хаах боломжтой гэж тайлбарлаж байна.
2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Төрийн банк зээлдэгч Д.Үүрцайх, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Эрдэнэцэцэг нар 1300/541 дугаартай цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулж, 3 000 000 төгрөгийг өмнөх зээлийн үлдэгдэл 8 609 000 төгрөг дээр нэмж нийт 11 609 000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, зээлдэгч Д.Үүрцайхын Төрийн банкны 130100238749 тоот дансаар шилжүүлэн авсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан барьцаат зээлийн гэрээ, зээлийн дансны хуулгаар нотлогдож байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл болон 153 дугаар зүйлд зааснаар зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулагдсан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.
Зээлдэгч Д.Үүрцайх, Б.Эрдэнэцэцэг нар нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.3-т заасан хүлээсэн үүргээ зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулж байсан болох нь Төрийн банкнаас зээлдэгч нарт хандаж хүргүүлсэн мэдэгдэл №1, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн мэдэгдэл /гэрээний үүргээ биелүүлэх тухай/, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн мэдэгдэл /гэрээний үүргээ биелүүлэх тухай/-ээр тус тус батлагдаж байна.
Зээлдэгч Д.Үүрцайх 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 3 000 000 төгрөгийн зээл авсан ба энэ нь түүний дансны хуулгаар нотлогддог бөгөөд урьд зээлийн үлдэгдэл дээр нэмж нийт 11 609 000 төгрөг болсон гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл зээлдэгч Д.Үүрцайх өмнө нь Төрийн банктай хэдэн төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд үүргээ хэрхэн яаж гүйцэтгэж байсан талаархи холбогдох баримт байхгүй, энэ талаар нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлагын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байх тул нэхэмжлэгч Төрийн банк дээрхи үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасан ба зээлдэгч Д.Үүрцайхын дансаар 3 000 000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн болох нь түүний Төрийн банкны 130100238749 тоот дансын хуулгаар батлагдаж байх ба 3 205 242.77 төгрөгийн зээл төлсөн болох нь зээл хүү төлсөн тооцооноос харагдаж байна.
Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т Үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан бол үүрэг дуусгавар болно гэж зааснаар Төрийн банк, зээлдэгч Д.Үүрцайх, Б.Эрдэнэцэцэг нарын хооронд байгуулсан цалингийн барьцаат зээлийн гэрээ нь зээлдэгч Д.Үүрцайхын ирээдүйд орж ирэх цалинг барьцаалсан зээл байсан ба үүрэг гүйцэтгэгч Д.Үүрцайх нь иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй болсон нь түүний хувийн байдалтай салшгүй холбоотой буюу Төрийн банк, зээлдэгчтэй байгуулсан зээлийн эрх зүйн харилцаа дуусгавар болсон байна.
Хариуцагч Д.Үүрцайх нь 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр автомашины осолд орж 100 хувь хөдөлмөрийн чадвар алдсан, иргэний эрх зүйн эрх эдэлж, үүрэг хүлээх чадваргүй, өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгох чадваргүй болсон нь Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаагаар тус тус нотлогдож байна.
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ, 208.4-т Үүрэг гүйцэтгэх хугацааг хууль буюу гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй, 208.6-д Үүрэг гүйцэтгэгч төлбөрийн чадваргүй болсон буюу үүргийн гүйцэтгэлийг хангах эд хөрөнгийн хэмжээ багассан, эсхүл хөрөнгөгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь энэ хуулийн 208.4-т заасан хугацаанаас өмнө үүргээ нэн даруй гүйцэтгэхийг түүнээс шаардах эрхтэй гэжээ.
Зээлийн гэрээний хугацаа 36 сар буюу 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүртэл үргэлжлэх ба зээлдэгч нартай байгуулсан барьцаат зээлийн гэрээний 5 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачлагаар цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна.
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар зээлдүүлэгчээс гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг хүргүүлээгүй ба зээлдэгч нарт банкнаас хүргүүлсэн мэдэгдэл нь зээлийн эргэн төлөлтийн хугацаа зөрчигдөж байгааг анхааруулсан баримт гэж дүгнэв.
Иймд Төрийн банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Эрдэнэцэцэгээс зээлийн гэрээний үүрэг 8 973 398.26 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Хариуцагч Б.Эрдэнэцэцэг нь өөрийгөө төлөөлүүлэх эрхийг хуульд заасны дагуу олгосон ба Р.Нямцэрэн нь хүчин төгөлдөр итгэмжлэлээр шүүх хуралдаанд хариуцагчийг төлөөлөн оролцсон байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Эрдэнэцэцэгээс зээлийн гэрээний үүрэг 8 973 398.26 төгрөг гаргуулах, шүүх хуралдаан болтол хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцох, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Төрийн банкны Орхон салбарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 158 968.55 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ
|
| ||||
| |