Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 973

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа, 

улсын яллагч Х.Нарангуа,

шинжээч Т.Номинцэцэг,

шүүгдэгч, хохирогч Ч...., өмгөөлөгч Ж.Дорж,

шүүгдэгч, хохирогч Ч...., өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ч...., Ч.... тус бүрийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908019080649 дүгээр хэргийг 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “...” ХХК-д цахилгааны инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 3 хороо, Үйлдвэрийн гудамж, ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Эмгэн овогт ...ын ... /РД:.../,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, авто засварын газар ажилладаг гэх, ам бүл 7, эх, эхнэр, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ламын гэгээн овогт ...ийн ... /РД:.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Ч.... нь 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, ...тоотод байрлах Авто засварын газарт автомашины сэлбэг болох чагтан голыг авсан, аваагүй гэх шалтгаанаар иргэн Ч....тэй маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь зүүн сарвууны чигчий хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан,

яллагдагч Ч.... нь 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, ...тоотод байрлах Авто засварын газарт автомашины сэлбэг болох чагтан голыг авсан, аваагүй гэх шалтгаанаар иргэн Ч....тай маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн шанааны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч, хохирогч Ч.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Чулуу шидсэн, шидээгүй дээр маргалдаад байгаа. Уучлалт гуйж байна. Сэлбэг аваад солиулсан. Машины арыг онгойлгоод чагтан голыг авсан. Би чулууг шидээгүй. Би заамдсан, чулуу шийдэх боломж байхгүй, чулуу ч байгаагүй. Зодсоны сүүлд 1 хүн салгасан. Би цохиогүй. ... миний шанаа руу цохисон. Дахин цохиод хөмсөг задалсан. Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Шүүгдэгч, хохирогч Ч.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Өөрийнх нь рулийн аппаратанд чагтан гол нь байсан. Би солиогүй. Би гэмтэл учруулсан гэм буруу дээр маргах зүйлгүй. Бид хоёр маргалдсан. Би түлхсэн чинь ухарч яваад чулуу аваад шидсэн. Хаасан чинь хурууг оночихсон. Дахиад чулуу хайгаад байхаар нь очоод цохисон. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Шинжээч Т.Номинцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... өөрийн биеэр ирж үзүүлсэн. Рентген зураг дээр зөөлөн эд харагдахгүй. Рентген зургийг шинжээчийн дүгнэлт үндэслэл болгоогүй. Шинжээч нар үзлэг хийгээд зургаар бэхжүүлдэггүй. Мөрдөн байцааагч зургаар бэхжүүлэх ёстой” гэв.

 

Эрүүгийн 1908019080649 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Ч....ийн: “2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр би засварын газраа байж байтал өмнө нь сэлбэг солиулсан залуу буцаж ирээд “сольсон сэлбэг чинь дуугараад байна” гэсэн. Би тэр машинд тавьж өгсөн сэлбэгээ өөр сэлбэгээр сольж өгөх гээд задлаад байж байтал машины эзэн залуу нь рулийн өөр чагтан голыг нь харснаа “энэ миний чагтан гол байна” гэсэн. Би “наадах чинь чиний машины чагтан гол биш, чагтан голыг сугалж авахын тулд цохиж гаргадаг юм” гэж хэлсэн. Тэр залуу “пизда минь хуцалгүй наадахаа миний машинд хий” гэсэн. Би “чи яахаараа хэл амаар доромжилдог юм” гэтэл “за яахав, би наад чагтан голыг нь 5000 төгрөгөөр авъя” гэхээр нь би “энэ минийх биш, би хүний юм зарж байгаа учраас би мэдэхгүй” гэсэн. Тэгтэл намайг “хулгайч пизда энэ тэр” гээд байхаар нь би гараад ирсэн чинь нүүр лүү духаараа тулж ирээд “чи муу хулгайч пизда, чи наадхаа надад 5000 төгрөгөөр өгвөл өг, наадах чинь угаасаа минийх за юу, би үйлчлүүлж байгаа хүн, чамайг яасан ч яадаг юм” гээд байхаар нь би өөрөөсөө холдуулах гээд түлхчихсэн чинь цаашаа ухарснаа газраас чулуу аваад над руу шидэхээр нь гараараа хаатал гар дээр оносон. Ахиад чулуу хайгаад байхаар би уурлаад ...ын шанаа руу нь гараараа нэг удаа цохисон. Тэр залуу миний зүүн шанаа руу хоёр удаа цохисон. Цамцны захаар заамдаж боогоод байхаар нь би ахиад нэг удаа цохисон чинь хөмсгийг нь язалчихсан. Тэгээд цус гартал тэр залуу доошоо суусан. Би тэр залуугийн машин руу алхаж явтал араас ... чулуу авч дайрсан. Тэнд байсан хүмүүс салгасан. ...Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-9-11/,

Хохирогч Ч....ын: “Би Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах засварын газраас хоёр цап, дээд рулийн аппарат аваад солиулсан. Нэг цап дуугараад байсан, рулийн аппарат болохгүй байсан. “Авсан сэлбэгнүүд нь болохгүй байна” гэж хэлтэл ирээд “солиулаарай” гэсэн. ...2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр нөгөө сэлбэгүүдээ солиулж байтал засварчин залуу нь миний солиулж байгаа рулийн аппаратнаас чагтан голийг нь авчихаар “наадах чинь минийх юм бишүү” гэж хэлтэл тэр залуу “үгүй, энэ минийх” гэж хэлсэн. “Чи энийг надаас 15000 төгрөгөөр худалдаж ав, чи намайг хулгайч гэж бодоод байна уу” гэсэн. Тэгээд маргалдаж байтал тэр залуу миний шанаа руу гараараа нэг удаа цохисон. Би заамдаж хувцасны захаар нь боосон чинь ахиад шанаа руу цохисон. Тэгтэл нэг хүн орж ирээд салгасан чинь ахиад хөмсөг рүү цохиод хөмсөгнөөс цус гарсан. ...Надад одоо санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-15-17/,

Гэрч Х....ы: “2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр нэг залуу ирээд өөрийнхөө машины сэлбэгийг солиулах гээд ...тэй яриад сууж байсан. ...... чанга чанга яриад байхаар нь орсон чинь ... нөгөө залуутай заамдалцаад авчихсан, бие биенийгээ гараараа цохисон. Манай хоёр ажилтан очоод салгасан чинь нөгөө Приус машины жолооч салснаа ... лүү чулуу аваад шидчихсэн...” гэх мэдүүлэг /хх-22-23/,

Гэрч Ц....ийн: “Бм автозасварын газрын барилга дээр ажил хийж байгаа. 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр тус газрын хашаанд ... гэх залуу нь Приус-20 машин янзалж байсан. Би ажлаа хийж байгаад нэг харсан чинь ... рүү нэг туранхай өндөр залуу газраас аваад юм шидэх шиг болсон. ... цаанаас нь “чи яахаараа чулуу шиддэг юм бэ” гээд босоод ирсэн. ... тэр залуутай хэрэлдэж маргалдаад бие биенийгээ түлхээд байсан. Тэгж байтал биенийгээ заамдаад авсан. ... нөгөө залуугийн нүүр лүү нэг цохисон. Нөгөө залуу нь бас ...ийн нүүр лүү гараараа цохиж байгаа харагдсан. Нөгөө туранхай өндөр залуу доошоо суусан. Тэгснээ ахиж босож ирээд ... лүү дайраад байгаа харагдсан. Удалгүй хоёр цагдаа ирээд ... болон маргалдаад байсан залууг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-28-30/,

Гэрч Б....ийн: “...2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр би ажлаа хийж байтал өмнө нь 2-3 удаа ирж үйлчлүүлж байсан Приус 20 машинтай хүн ирээд ... ахаар машиндаа юм хийлгэж байснаа маргалдаад эхэлсэн. Би нэг харсан чинь Приус 20 машинтай залуу нь ... ахын нүүр лүү гараараа нэг удаа, цээж рүү нь нэг удаа цохиж байгаа харагдсан. Би гүйж очоод ... ахыг татаад ...нилээн холдуулсан бөгөөд нөгөө залуу руу харсан чинь тэр залуу ... ах руу нилээн том чулуу аваад шидсэн нь ... ахын хажуугаар өнгөрсөн. Тэр залуу ахиад чулуу аваад ... ах руу дайрсан чинь хажуугаас нь Түвшин ах тэр залууг болиулсан. Нөгөө залуу ... ахыг хэл амаар доромжлоод дайраад байсан...” гэх мэдүүлэг /хх-100-102/,

Гэрч Б....ын: “...2019 оны 3 дугаар сарын 30-ны ...орой нь гэртээ ирсэн чинь ... хүнтэй хэрэлдэж, маргалдаад зодолдсон гэж хэлсэн. Манай хүү ...ийн чигчий хурууны арьс язарсан, хацар нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-24-25/,

Гэрч Б....ын: “......ийн зүүн шанаа, чигчий хуруу нь хавдсан байсан. Юу болсон талаар асуусан чинь “нэг хүн надаар машин янзлуулж байтал машины эзэн нь “чи миний чагтан гол авсан, хулгайч” гэж хэлсэн, тэгээд маргалдсан” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-26-27/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.04.04-ний өдрийн 4081 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Ч....-н биед зүүн сарвууны чигчий хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна” гэжээ /хх-32/,

Материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2019.06.20-ны өдрийн 804 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2019.04.04-ний өдрийн 4081 дүгээр дүгнэлт үндэслэлтэй байна. 2.Ч....ийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар буюу дөрвөн долоо хоног хүртэл хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Ч....ийн өмгөөлөгч Ж.Доржийн хүсэлтэд дурдсан асуулт илрээгүй байна...” гэжээ /хх-108-109/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.04.02-ны өдрийн 4066 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Ч....ын биед зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн шанааны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-34/,

Шүүгдэгч Ч....ийн яллагдагчаар өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр би ажил дээрээ байхад өмнө сэлбэг солиулсан залуу ирээд “танай тавьсан сэлбэг чинь дуугараад байна” гэсэн. Би тэр сэлбэгийг нь сольж өгөх гээд рулийн дээд аппаратыг салгаад тавьсан чинь ... “наад чагтан гол минийх байна” гэсэн. Би “энэ чинийх биш, чинийх байсан бол цохигдсон ором байх ёстой, үүнд цохисон ором байхгүй байгаа, энийг хараарай, анх энэ аппаратыг тавихад чагтан гол солиогүй тавьсан” гээд чагтан голыг үзүүлсэн чинь “чи одоо миний юмыг хулгайлчихаад надад буцааж зарах гээд байгаа юм уу” гэж хэлсэн. Би “энэ чинийх биш, чиний рулийн аппаратны чагтан гол өмнө нь солиулсан аппаратанд байгаа, би чиний юмыг хулгайлаагүй” гэсэн. Тэгтэл ... “чи миний юмыг хулгайлчихаад яах гээд байгаа юм, чи наадхаа надад 5000 төгрөгөөр тавиад өгчих” гэсэн. “Энэ чинийх биш” гэтэл ... “чи хуцалгүй наадахаа хийгээдэх пизда минь” гэхээр нь би “энийг би чамд өгөхгүй” гээд машинаас нь буусан чинь машинаа тойрч хажууд ирэхээр нь би “чи намайг доромжилдог хэн юм бэ” гэж хэлсэн чинь “би үйлчлүүлж байгаа хүн, чамайг яасан ч яадаг юм бэ” гээд миний нүүр лүү толгойгоороо тулаад байхаар нь би түлхчихсэн чинь ухарч байснаа газраас чулуу аваад над руу шидэхээр нь зүүн гараараа нүүрээ хаасан чинь миний зүүн гарын чигчий хуруун дээр оносон. Би өөдөөс нь явсан чинь ахиад газраас чулуу авах гээд хайгаад байхаар нь очоод ...ын зүүн шанаа руу гараараа нэг удаа цохисон. Тэр залуу босож ирээд цамцнаас зуураад хоолой боогоод гараараа нүүр лүү 2-3 удаа цохисон. Би ...ыг түлхсэн чинь салахгүй байхаар нь ахиад баруун гараараа ...ын нүүр лүү цохисон чинь хөмсөгнөөс нь цус гараад доошоо суучихсан. Би цаашаа явсан чинь ... газраас чулуу аваад миний араас дайрсан чинь Түвшинбаяр ах болиулсан...” гэх мэдүүлэг /хх-75-79/,

Шүүгдэгч Ч....ын яллагдагчаар өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ...13 цагийн орчим очсон. Тэгээд рулийн аппаратаа солиулж байтал засвар хийж байсан ... миний машины ард байсан рулийн аппаратнаас чагтан голыг нь салгаж авчихаад буцаагаад надад 15000 төгрөгөөр зарах гээд байсан. Тэгэхээр нь би тэр залуутай маргалдсан. Тэр залуу “чамд хулгайч шиг харагдаад байна уу” гэж уурлаад машинаас бууж миний хажууд ирээд гараараа миний нүүр болон толгой, чих рүү цохисон. Би ...ийн дух руу толгойгоо тулгаад “чи яагаад намайг цохиж байгаа юм” гэтэл ахиад нүүр лүү гараараа цохисон. Нэг залуу хажуугаас салгаж байтал ... нүүр лүү гараараа ахиад нэг удаа цохисон чинь хөмсөгнөөс цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-85-88/,

шүүгдэгч Ч....ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-39/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-40/, эд хөрөнгө “бүртгэлтэй” лавлагаа /хх-41/, тээврийн хэрэгсэл “бүртгэлгүй” лавлагаа /хх-42/, банкны дансны дэлгэрэнгүй лавлагаа /хх-45-51/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-52/, Асап сангийн мэдээлэл /хх-66-68/, шүүгдэгч Ч....ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-55/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-56/, “...” ХХК-ийн “Ч.... цахилгааны инженерээр ажиллаж байгаа бөгөөд сарын 1.100.000 төгрөгийн цалинтай ажилладаг нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх-57/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-58/, тээврийн хэрэгсэл “бүртгэлтэй” лавлагаа /хх-59/, эд хөрөнгө “бүртгэлгүй” лавлагаа /хх-60/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,

мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амарын гаргаж өгсөн шүүгдэгч Ч....ийн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч тус бүрийг гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй. Шинжилгээний обьект биеэр очиж үзүүлсэн тул шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорж “Шинжээчийн дүгнэлтийг үндэслээд яллаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг зөвшөөрөхгүй. Үйл баримтын талаар маргаагүй ч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээч нь хүлээн авсан шинжилгээний объектыг гэрэл зураг болон бусад арга хэрэгслээр бэхжүүлэн авсны дараа батлагдсан аргачлалын дагуу шинжилгээ хийнэ” гэж заасныг зөрчиж хийгдсэн, шинжилгээг зохих ёсоор хийгээгүй шинжээчийн дүгнэлт учраас үнэлэх боломжгүй гэж үзэж байна. Гэмт хэрэг гэх үндэслэл маань эргэлзээтэй тул яллах үндэслэл болохгүй. Иймээс шүүгдэгч Ч....ыг цагаатгаж өгнө үү...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар “Гэм буруугийн асуудлаар маргах зүйлгүй. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан байгааг цаашдаа анхаарах ёстой гэдэгтэй санал нэг байна. Шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүгдэгч Ч...., Ч.... нар 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, ... тоотод байрлах Авто засварын газрын байранд “автомашины чагтан гол авсан, аваагүй” гэх шалтгаанаар хоорондоо маргалдан улмаар харилцан зодолдож,

шүүгдэгч Ч.... хохирогч Ч....ийн шанаа руу гараараа цохиж, чулуу шидэн, зүүн сарвууны чигчий хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Ч.... хохирогч Ч....ын шанаа, хөмсөг рүү гараараа цохиж, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн шанааны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч, шүүгдэгч Ч....ийн “...би өөрөөсөө холдуулах гээд түлхчихсэн чинь цаашаа ухарснаа газраас чулуу аваад над руу шидэхээр нь гараараа хаатал гар дээр оносон. Тэр залуу миний зүүн шанаа руу гараараа хоёр удаа цохисон. ...Ахиад чулуу хайгаад байхаар би уурлаад ...ын шанаа руу гараараа нэг удаа цохисон. Цамцны захаар боогоод байхаар нь би ахиад нэг удаа цохисон чинь хөмсгийг нь язалчихсан...” гэх мэдүүлэг /хх-9-11, 75-79/, хохирогч, шүүгдэгч Ч....ын “...тэр залуу шууд миний шанаа руу гараараа нэг удаа цохисон. Би заамдаж хувцасны захаар нь боосон чинь ахиад шанаа руу гараараа цохисон. Нэг хүн ирээд салгасан чинь ахиад хөмсөг рүү цохичихсон чинь хөмсөгнөөс цус гарсан. ...Би ...ийн биед гар хүрээгүй” гэх мэдүүлэг /хх-15-17, 85-88/, гэрч Х....ы “...... нөгөө залуутай заамдалцаад авчихсан ...бие биенийгээ гараараа цохисон. ...Приус машины жолооч ...... лүү чулуу аваад шидчихсэн...” гэх мэдүүлэг /хх-22-23/, гэрч Б....ын “...... хүнтэй хэрэлдэж, маргалдаад зодолдсон гэж хэлсэн. Манай хүү ...ийн чигчий хурууны арьс язарсан, хацар нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-24-25/, гэрч Б....ын “......ийн зүүн шанаа нь хавдсан байсан. ...Чигчий хуруу нь хавдсан байсан. ...өөс юу болсон талаар асуусан чинь “нэг хүн надаар машин янзлуулж байтал машины эзэн нь “чи миний чагтан гол авсан” гэж хэлээд хулгайч гэж хэлсэн, тэгээд маргалдсан” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-26-27/, гэрч Ц....ийн “...... тэр залуутай хэрэлдээд, маргалдаад бие биенийгээ түлхээд байсан. ...... нөгөө залууг нэг удаа нүүр лүү нь цохисон. Нөгөө залуу нь бас ...ийн нүүр лүү гараараа цохиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-28-30/, гэрч Б....ийн “...Приус 20 машинтай залуу нь ... ахын нүүр лүү гараараа нэг удаа, цээж рүү нэг удаа гараараа цохиж байгаа харагдсан. ...... ахыг нилээн холдуулсан бөгөөд хажууд нь зогсож байгаад нөгөө залуу руу харсан чинь тэр залуу ... ах руу нилээн том чулуу аваад шидсэн нь ... ахын хажуугаар өнгөрсөн. Тэгтэл тэр залуу ахиад чулуу аваад ... ах руу дайрсан чинь хажуугаас нь Түвшин ах тэр залууг болиулсан..” гэх мэдүүлэг /хх-100-103/, шүүх эмнэлгийн 4081 дүгээр “1.Ч....-н биед зүүн сарвууны чигчий хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна” гэх шинжилгээ /хх-32/, материалаар хийсэн шүүх эмнэлгийн 804 дүгээр “1. Шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2019.4.04-ний өдрийн 4081 дүгээр дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Ч....ийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар буюу дөрвөн долоо хоног хүртэл хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-108-109/, шүүх эмнэлгийн 4066 дугаар “1. Ч....ын биед зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн шанааны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-34/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ч...., Ч.... нарын харилцан зодолдож бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь тус бүрдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Доржийн “Хохирогч Ч....ийн биед шүүхийн эмнэлгийн шинжилгээ хийхдээ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчин шинжээчийн дүгнэлт гаргасан тул уг дүгнэлтийг үнэлэх боломжгүй тул цагаатгаж өгнө үү” гэх гэм буруугийн дүгнэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шинжилгээний объектыг гэрэл зураг болон бусад арга хэрэгслээр бэхжүүлэн авсны дараа батлагдсан аргачлалын дагуу шинжилгээ хийнэ” гэж заасан хэдий ч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр бүлэг буюу Хүний биед шинжилгээ хийх тухай бүлэгт шинжилгээний объект болох хүний биед шинжилгээ хийхдээ гэрэл зураг болон бусад хэрэгслээр бэхжүүлж авах тухай нарийвчлан зохицуулаагүй байна. Түүнчлэн Шүүхийн шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинжилгээтэй холбогдох зүйл, заалтуудад шинжээч нь шинжилгээний үйл явц, үр дүнг үндэслэн дүгнэлтээ бичгээр гаргана, дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжилгээний объектын талаарх мэдээлэл, шинжилгээний аргачлал, явц, үр дүнг тусгай мэдлэгийн хүрээнд хийхээр заажээ. Мөн шүүгдэгч Ч....ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийн дагуу Ч....ыг цагаатгах хууль үндэслэлгүй болохыг тэмдэглэж байна.

Түүнчлэн шүүгдэгч Ч.... “Чулуу шидсэн, шидээгүй дээр маргалдаад байгаа. Би чулуу шидээгүй, тийм боломж байгаагүй, чулуу ч байгаагүй” гэж гэм буруугийн асуудлаар маргасан боловч хэрэгт авагдсан хохирогч Ч....ийн “...түлхчихсэн чинь цаашаа ухарснаа газраас чулуу аваад над руу шидэхээр нь гараараа хаатал гар дээр оносон. Ахиад чулуу хайгаад байхаар би уурлаад ...ын шанаа руу нь гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-9-11/, гэрч Х....ы “...салгасан чинь нөгөө Приус машины жолооч салснаа ... лүү чулуу аваад шидчихсэн...” гэх мэдүүлэг /хх-22-23/, гэрч Ц....ийн “Би авто засварын газрын барилга дээр ажлаа хийж байгаад нэг харсан чинь ... рүү нэг туранхай өндөр залуу газраас юм аваад шидэх шиг болсон. ... цаанаас нь “чи яахаараа чулуу шиддэг юм бэ” гээд босоод ирсэн...” гэх мэдүүлэг /хх-28-30/, гэрч Б....ийн “...тэр залуу ... ах руу нилээн том чулуу аваад шидсэн нь ... ахын хажуугаар өнгөрсөн. Тэр залуу ахиад чулуу аваад ... ах руу дайрсан...” гэх мэдүүлэг /хх-100-102/ зэргээр шүүгдэгч Ч....ын чулуу шидээгүй гэх үйл баримт няцаагдахын зэрэгцээ харин шүүгдэгч Ч.... хохирогчтой маргалдсаны улмаас газраас чулуу авч Ч.... лүү шидсэнээс эрүүл мэндэд нь хохирол учирсан нөхцөл байдал бүрэн тогтоогдож байна гэж дүгнэв.    

Гэмт хэргийн улмаас хохирогч Ч...., Ч.... нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учирсан бөгөөд тэдний “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/-ийг үндэслэн шүүгдэгч тус бүрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ч. ... ажилтай, 2.100.000 төгрөгийн цалинтай, үйлдсэн хэргээ хүлээдэггүй хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч....т 800.000 төгрөгөөр торгох ял,  

шүүгдэгч Ч.... тогтмол цалинтай ажил эрхэлдэггүй ч засварын газар ажиллаж тодорхой орлого олдог байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах, тэдэнд оногдуулсан ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорж “Шүүгдэгч хоорондоо муудалцсан, зодолдсон асуудлаа хүлээн зөвшөөрч байгаа. Үнэнээ ярьсных нь төлөө илүү яллаж байгаад гомдолтой байна. Торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү. 800.000 төгрөгийн торгох ял өндөр байна...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар “Гэм буруугийн асуудлаар маргахгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Хэрэг шүүгдэгч хэн алины уур уцаар, хувийн таарамжгүй харилцаанаас үүссэн. ... хийсэн хэрэгтээ дүгнэлт хийж байгаа, бусдад төлөх төлбөргүй тул торгох ялын хэмжээг хөнгөрүүлж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амарын “Шүүгдэгч Ч....д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа” гэх дүгнэлт нь үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч Ч.... нь хохирогч Ч....т гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн баримт хавтаст хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдоогүй бөгөөд хохирогч Ч....ын шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгч Ч....өөс нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Ч....ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус бүрт нь тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хувийн таарамжгүй харьцааны улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн, шүүгдэгч Ч.... хохирогчийн биед чулуугаар хохирол учруулсан, шүүгдэгч Ч.... хохирогчийн биед гараар цохиж хохирол учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч нар харилцан “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгч нарын хувийн байдал /шүүгдэгч нар эрхэлсэн тодорхой ажилтай, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулах, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын торгох ялыг хөнгөрүүлэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч....д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ч....т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгч нарын цалин хөлс /Ч.... сарын 1.100.000 төгрөгийн цалинтай, Ч.... ажил эрхэлж тодорхой орлого олдог/, бусад орлого олох боломжийг үндэслэн шүүгдэгч Ч...., Ч.... нарыг торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч...., Ч.... нар урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эмгэн овогт ...ын ..., Ламын гэгээн овогт ...ийн ... тус бүрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч....ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Ч....ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч...., Ч.... нарыг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч...., Ч.... нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч...., Ч.... нар урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч...., Ч.... нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

          

                   

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л. БААТАР