Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 980

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ...,

хохирогч О...., өмгөөлөгч Ц....,

иргэний нэхэмжлэгч М...., өмгөөлөгч Я.Энхжаргал,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б....,    

шүүгдэгч Б....нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б....ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1903003440289 дүгээр 2 хавтас хэргийг 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, уламжлалын эмч мэргэжилтэй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 14 хороо, 12 дугаар байр, 96 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ...гийн .../РД:.../.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Б....нь 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 12 цаг 17 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Улаанбаатар-Өвөрхангай орох замын мөнгө хураадаг товчооны постноос Эмээлт орох замд “Тоёота Приус-20” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэх заалтыг зөрчсөний улмаас “Тоёота Ландкрузер-100” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас “Т.Ландкрузер-100” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь онхолдож, улмаар зорчиж явсан зорчигч О...., О.... нарын эрүүл мэндэд хүнд, зорчигч Э....ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулж, зорчигч Б....ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б....шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 4 дүгээр сарын 02-нд Эмээлт рүү найз ...тай явсан. Тоосгоны үйлдвэр орчихоод туслах замаас засмал зам руу орох гээд зогсож байсан. Машин харагдаагүй, энэ машиныг мөргөн мөргөтөл хараагүй. Намайг уучлаарай. Гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна. Оршуулгын зардалд 1.5 сая төгрөг өгсөн. 108 мод тарисан. Би 1 дүгээр эгнээнд явж байсан, чиг өөрчлөөгүй. Өөрийн санамсар болгоомжгүй үйлдлээс ийм хэрэг хийсэн. Ганц бие, хоёр хүүхэдтэйгээ амьдардаг тул шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Талийгаачийн оршуулгын зардалд 9.600.000 төгрөг гарсан, түүнийг бүрэн өгч чадахгүй байгаад гомдолтой байна. ... миний дүүтэй хуурай ах дүү байсан, эргэж уулзаагүйд аав, ээж 2 гомдолтой байгаа. Сэтгэл санааны хохирол 70 сая төгрөг нэхэмжилнэ” гэв.

Хохирогч О.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “4 дүгээр сарын 02-нд ажлаа хийж яваад осолд орсон. Гэмтэл авсан, эмчилгээ хийлгэж байгаа. Гурван удаа ухаан алдаж унасан. Хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан. Одоогоор ажил эрхлээгүй байгаа. Жилийн цалингаа нэхэмжилж байна. Цаашид гарах эмчилгээний төлбөрөө нэхэмжилнэ. Эмчилгээний зардалд 262.420 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 7.326.000 төгрөг, нийт 7.592.420 төгрөг нэхэмжилж байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... нь миний төрсөн дүү, эхнэр, 2 хүүхэдтэй, мөн ээжийг асарч явдаг байсан. Одоо гэрээс гараад явбал гэрээ олохгүй, өмдөндөө бааж, шээдэг болсон. Эмнэлгээс гарснаас хойших зардал 2,5 сая төгрөг, 5 сарын цалин 7.500.000 төгрөг, гоо сайхны хагалгаа хийлгэх зардал 10 сая төгрөг нэхэмжилнэ” гэв.

Иргэний нэхэмжлэгч М.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “4 дүгээр сарын 02-нд Улаанбаатар хот руу замын 2 дугаар эгнээгээр явж байсан. Туслах шороон замаас 1 цагаан машин орж ирсэн. Тэр машин 1 дүгээр эгнээ рүү орж дохио өгөлгүй урдуур зүүн эргэсэн. Тэгээд мөргөлдсөн. Миний жолоодож явсан машин онхолдоод босож ирсэн. Нөгөө машинаас 2 эмэгтэй бууж ирсэн. ...т 2.241.613 төгрөг, ...д 4.282.153 төгрөг, ...ад 1.408.387 төгрөгийн эмчилгээ тус тус хийлгэж зардлыг нь би төлсөн. Машины үнэ, дээрх төлбөрүүдийг нэмээд нийт 27.072.153 төгрөг болж байгаа бөгөөд миний бие уг төлбөрийн талыг буюу 13.536.076 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна” гэв.

Эрүүгийн 1903003440289 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б....ы: “Би талийгаачийн төрсөн ах, талийгаач айлын хамгийн бага, эхнэр хүүхэдгүй, ээж, аав хоёртой амьдардаг байсан. 2018 онд Монголд ирээд найз ...ын хамт “Баян нар од“ гэдэг ХХК-д мах бэлтгэгч хийгээд хамт ажилладаг байсан. Ажлын хүмүүстэйгээ явж байгаад осолд орсон. Буяны ажилд 9.692.500 төгрөг зарцуулсныг төлүүлмээр байна. Приус автомашины жолооч 500.000 төгрөг өгсөн. Цэл залуугаараа хийж бүтээх насандаа амь насаараа хохирсонд гомдолтой байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-38-39/,

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2019.04.24-ний өдрийн 858 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Талийгаачийн Б....ын цогцост гавлын орой, суурь ясны хэлбэр дүрс алдагдсан үйрч, бяцарсан хугарал, тархины эдийн бяцрал, няцрал, хатуу хальсны урагдал, тархи дарагдал, зулайн хуйханд шарх, дух, зүүн хацар, шанаа, баруун, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь авто ослын улмаас мөргөгдөх, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Амь насанд аюултай хүнд гэмтэл болно. 3.Талийгаачид үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4.Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. 5.Талийгаачиийн цогцост хийсэн 2019.04.02-ны 19:30 минутын шүүх эмнэлгийн гадна үзлэгээр нас бараад 6-8 цаг болсон байна. 6. Талийгаач нь нэгдүгээр бүлгийн цустай байна. 7.Талийгаачийн ходоодны шингэн, шээсэнд спиртийн агууламж илрээгүй байна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-94-95/,

Оршуулгын зардлын баримт /1 дүгээр хавтас, хх-186-201/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О....ы: “Би О....н төрсөн ах. ...О.... нь 2018 оны 9 дүгээр сараас 5 шар дээр махны үйлдвэрт ажиллаж байгаа гэж байсан. Жолооч ... ...н эмчилгээний зардлыг тухай бүрд гаргаж байсан. Яг хэдэн төгрөг зарцуулсныг мэдэхгүй байна. Эмчилгээний зардлыг баримтаар гаргаж өгнө. Одоо хэвтрийн байдалтай, ухаангүй, өөрийгөө илэрхийлэх чадваргүй, юм ярьж чадахгүй байгаа. Гомдолтой байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-48-49/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.04.08-ны өдрийн 4211 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.О....н биед суурь яс, чамархайн яс, дух яс, ухархайн дээд, дотор гадна ханагаймарын хөндийн хана, хамар ясны хугарлууд, тархины эдийн няцрал, цус хуралт, аалзан хальсны цус харвалт, баруун талын 1, 5,2,3,4-р хавирганы хугарал, зүүн 1,2-р хавирганы хугарал, зүүн эгэм ясны хугарал, бүсэлхийн 5, ууцны 1,2,3,4-р нугалмуудын баруун талын латерал масс баруун талын ууц сүүжний үе дайрсан хугарал, ууцны 5-р нугалмын баруун талын латерал масс дайрч их бие рүү ташуу чиглэлтэй хугарал баруун талын умдаг ясны дээд болон доод салаа их бие, симфизийн үе дайрч бяцарсан хугарал, баруун дунд чөмөгний толгой хүзүүний хугарал, гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3.Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.12, 3.1.15-д тус тус заагдсанаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг хэрхэн алдагдуулах нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. 5.Дээрх гэмтлүүд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-85-86/,

хохирогч О....н хохирлын баримтууд /1 дүгээр хавтас, хх-217-228/,

Хохирогч О....ын: “Би ... гэдэг хүн дээр малын мах шулдаг ажил хийдэг. 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг Эмээлт дээр өглөө очиж ямааны мах шулж янзлаад дуусч байтал ... Ландкрузер маркийн машинтайгаа ирээд “хот руу ажил гарчихлаа” гээд ..., ..., ..., талийгаач ... бид нар машинд суугаад Эмээлтээс хот орохоор хөдөлсөн. ... машинаа жолоодоод, хажууд нь талийгаач, би хойд суудлын голд сууж байсан. Миний баруун гар талд ..., зүүн гар талд ..., ...нар суусан. Ойролцоогоор 12 цагийн үед Эмээлтээс хөдөлсөн байх. Би машинд суугаад унтчихсан байсан. Унтаад явж байтал машин тоормослох чимээ гараад хажууд сууж байсан хүмүүс “хөөе яаж байнаа” гээд орилоход би сэрээд хартал манай машины урдуур нэг цагаан өнгийн Т.Приус маркийн автомашин хөндлөн ташуу ороод ирсэн. Тэгээд мөргөлдөөд түс хийгээд цааш юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан. Манай машины жолооч тоормос гишгэсэн тоормослоод дугуй чихарч дуугарч байсан. ... эмчилгээнд мөнгө гаргаж байсан. Биеэ эмчлүүлж эрүүл болмоор байна. Гомдолтой байгаа” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-41-42/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.04.08-ны өдрийн 4215 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.О....ын биед баруун чамархайгаас доош суурь яс, чихний суваг хөхлөг сэртэн дайрсан хоёрлосон нийлмэл шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, ар нуруу, баруун дал, мөр, баруун ташаа, хэвлийн баруун хажууд баруун өвдөгт зулгаралттай, баруун мөрөнд улаан хүрэн өнгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3.Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т заагдсанаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ /1 дүгээр хавтас, хх-90-91/,

хохирогч О....ын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актад /1 дүгээр хавтас, хх-203-204/, хохирлын баримтууд /1 дүгээр хавтас, хх-206-210, 230-238/,

Хохирогч Э....ын: “...... талийгаачийн хамт Ландкрузер машинтайгаа ирээд хот руу ажил гарчихлаа гээд ..., ..., ... бид дөрвийг суулгаад Эмээлтээс хот орохоор хөдөлсөн. ... машинаа жолоодоод, хажууд нь урд суудалд талийгаач, би баруун хойд хаалган талд, миний зүүн гар талд ..., ..., ...нар суусан. Эмээлтээс хөдлөөд Улаанбаатар орох чиглэлийн замаар 2 дугаар эгнээгээр явж байтал гэнэт осол болсон. Осол болох үед би гар утсаа оролдоод явж байсан. Гэнэт манай машин зүүн гар тал руу жолоогоо дарахад нь юу болов гээд хартал манай машины урдуур цагаан өнгийн Т.Приус автомашин хөндлөн орж ирж байгаа харагдсан. Уг машинтай мөргөлдөөд юу болсныг санахгүй байна. Нэг мэдсэн чинь машинаас гарчихсан зам дээр хэвтэж байсан. Миний эмчилгээний зардлыг ... гаргасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-52-53/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.04.08-ны өдрийн 4217 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Э....ын биед бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, хуйханд зөөлөн эдийн няцрал, дух, зүүн шанаа, зүүн мөр, ар нуруу, ууцанд зулгаралт, зүүн дээд зовхи, зүүн чихний ар хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3.Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Дээрх гэмтлүүд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-81/,

хохирогч Э....ын хохирлын баримтууд /1 дүгээр хавтас, хх-213-215/,

Гэрч М....ын: “Би талийгаач ..., ..., ..., ..., ... нарын хамт Эмээлтэд мах бэлтгэдэг ажил хувиараа хийдэг. 2019 оны 4 дүгээр сарын 02-ны ...12 цагийн үед Улаанбаатар хот руу орохоор талийгаач ..., ..., ..., ..., ...нарын хамт би автомашинаа жолоодоод Эмээлтээс хөдөлсөн. “...” дэлгүүрийн үүдэнд зогсож ундаа, ус аваад Улаанбаатар орох зам руу ороод Эмээлтийн зүүн талын даваа руу өгсөж гараад цааш уруудаад зүүн гар тал руугаа эргэлттэй зам өнгөрөөд, зам тэгшрээд ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй 2 дугаар эгнээнд явж байтал замын урд талаас нэг цагаан Тоёота Приус-20 маркийн автомашин шороон замаас төв зам руу орж ирэх гээд шороон зам дээр зогсож байсан. Миний урд 1 дүгээр эгнээнд цагаан өнгийн суудлын автомашин миний машинаас 20 орчим метрийн зайтай явж байсан. Тэр цагаан автомашиныг өнгөрөөгөөд Т.Приус-20 автомашин шууд шороон замаас төв замын 1 дүгээр эгнээ рүү орж ирснээ буцаж эргэх гэж байгаа юм шиг урдуур хөндлөн дараад ороод ирсэн. Тэр машиныг урдуур хөндлөн ороод ирэхээр нь тоормосоо зүүн гар тал руугаа зайлуулж дараад Т.Приус-20 автомашиныг мөргөөд машин онхолдсон. Онхолдсоноос хойш юу болсныг сайн мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь машин 4 дугуйн дээрээ босоод зогсчихсон, би жолооны ард суудал дээрээ сууж байсан. Талийгаач миний хажууд толгойноос нь их хэмжээний цус болон тархи нь гарчихсан суудал дээрээ сууж байсан. Машинаас буугаад талийгаачийг машинаас гаргах гээд чадахгүй байсан. Талийгаач нас барсан байсан. Т.Приус-20 маркийн автомашин дотроос хоёр эмэгтэй хүн бууж машин руу дөхөөд ирэхээр нь би тэр хоёр эмэгтэйд хандаж “та хүн алчихлаа шүү дээ” гэж хэлсэн чинь машин жолоодож явсан эмэгтэй нь буцаж машин руугаа алхаад толгойгоо бариад уйлаад байсан. Тэр үед жолоочтой хамт явсан эмэгтэй хүрч ирээд “та тайван бай, бид нарын буруу, бид нар бүх хариуцлагаа хүлээнэ” гэж ярьж байсан. ...Шороон замаас гарч ирээд 1 дүгээр эгнээнээс урдуур огцом эргэж орж ирснээс энэ осол гарч нэг хүний амь нас хохирч, 3 хүн гэмтсэнд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-60-61/,

Гэрч С....ын: “2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Эмээлтээс Улаанбаатар хот орох гээд шороон замаас төв зам руу орох гээд зогстол Улаанбаатар хотоос Эмээлт орох замаар буюу эсрэг урсгалаас нэг автомашин дохиогоо өгөөд шороон зам руу орсон. Тэр үед манай машин уг машинтай зөрөөд зам руу ороод 2 дугаар эгнээ рүү яваад ортол Эмээлтээс Улаанбаатар хот руу чиглэлтэй Л.Крузер маркийн автомашин гэнэт орж ирээд машины зүүн урд хэсэгт мөргөөд замын хойд хэсэг рүү гараад онхолдоод, эргэлдээд дөрвөн дугуйн дээр буугаад зогссон. Би нөгөө машин руу дөхөөд иртэл “би хүн алчихлаа” гээд манай найз орилоод буугаад машиндаа очоод суусан. Жолоочийн хажууд сууж байсан хүн нас барсан бололтой хөдөлгөөнгүй сууж байсан. ...Манай автомашин шороон замаас гарч ирээд 2-р эгнээ рүү ороод ташуу байрлалтай байхад мөргөлдсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-63/,

Гэрч Б....ын: “...Бид нар ойролцоогоор 12 цаг өнгөрч байхад Эмээлтээс хөдлөөд Улаанбаатар орох чиглэлийн замаар 2 дугаар эгнээгээр явж байтал ... “өө пизда” гээд орилохоор нь юу болов гээд хартал 1 дүгээр эгнээнээс нэг цагаан өнгийн Т.Приус-20 маркийн автомашин буцаж эргэх гэж байгаа бололтой манай машины урдуур хөндлөн ороод ирсэн. ... жолоогоо зүүн гар тал руугаа дараад Т.Приус-20 маркийн автомашины зүүн урд дугуй орчимд мөргөөд машин тэнцвэр алдаад миний сууж байсан талаар налаад машин хазайгаад онхолдоод, өнхрөөд явчихсан. Машин 4 дугуйн дээрээ буухад би машин дотор сууж байсан. Миний хажууд сууж байсан гурван хүн байхгүй байсан. Жолооч болон талийгаач сандал дээрээ сууж байсан. Талийгаачийн толгой нь бяцраад цус болон тархи нь гоожиж байсан. Миний хажууд сууж байсан ..., ..., Бүүвэйбаатэр гурав гадаа зам дээр хэвтэж байсан. ... “талийгаачийг гаргаарай” гээд орилохоор нь би машины цонхоор гараад талийгаачийн хаалгыг онгойлгох гээд дийлээгүй. Машинаас шидэгдэж унасан ..., ... нар ухаангүй, ... доошоо харсан, ухаантай хэвтэж байсан. Т.Приус-20 автомашинаас хоёр эмэгтэй бууж ирээд бид нар луу дөхөөд ирэхэд нь ... “хүн алчихлаа шүү дээ” гээд орилсон чинь буцаж машиндаа суугаад гарч ирээгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-68-69/,

Гэрч Г....ын: “2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр барилга дээр ажил хийж байсан. 12 цаг өнгөрч байх үед би манаачийн байранд орж ирээд цай уугаад сууж байтал манаачийн байрны урдуур нэг цагаан өнгийн Т.Приус-20 маркийн автомашин төв зам руу орох гэж байгаа бололтой хойшоо явж өнгөрсөн. Тэр машин явж өнгөрөөд удалгүй зам дээр “түс тас” гээд машин мөргөлдөх чанга чимээ гарсан. Юу болов гээд гараад хартал нэг жийп машин урагшаа хараад зогсчихсон, харин цагаан өнгийн Т.Приус-20 маркийн автомашин зүүн зүг хараад зам дээр зогсож байсан. Би тэр хоёр машиныг мөргөлдсөн байна гэж бодоод яваад очсон чинь жийп машины хажууд хоёр хүн хэвтэж байсан. Тэгэхээр нь би наад хоёр залуугаа хөдөлгөж болохгүй шүү гэж хэлээд ослын газар ирээд зогсчихсон байсан хар өнгийн Харер маркийн машины жолоочийн хамт ослын гурвалжин тэмдэг тавьж өгсөн. Т.Приус машин дотроос хоёр эмэгтэй хүн бууж ирсэн. Цагдаа ирэхэд жолооч нь болох нэг махлаг хүүхэн “яанаа би хүн алчихлаа, би нялх хүүхэдтэй шүү дээ” гээд уйлаад сандарсан байдалтай цагдаад бичиг баримтаа гаргаж өгч байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-71/,

Гэрч Б....гийн: “Би ...ойролцоогоор 12 цагийн үед байх Эмээлтээс Улаанбаатар орох санаатай нөхрийн хамт ...улсын дугаартай Пажеро маркийн машинтай явж байгаад Эмээлт өнгөрөөд мөнгө хураадаг товчоо орох замд явж байтал замын голд нэг цагаан өнгийн Т.Приус маркийн машин машинтай мөргөлдсөн бололтой хот руу харсан байдалтай, цаана нь нэг Ландкрузер машин өнхөрсөн бололтой зогсож байсан. Т.Приус маркийн машиныг өнгөрч зогсоод буугаад хартал Ландкрузер машины хажууд 2 хүн хэвтэж байсан. Машин дотор жолоочийн хажуу талын суудалд нэг хүн ухаангүй, толгойноос нь их цус гарсан, нас барсан бололтой байсан. Би утсаараа 103 луу дуудлага өгөөд цааш явж байхдаа постон дээр байсан цагдаад ослын талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-73/,

Иргэний нэхэмжлэгч М....ын: “Ослын дараа өөрийн эзэмшлийн автомашинаа “...” ХХК-аар үнэлгээ хийлгэхэд 19.140.000 төгрөгөөр тогтоогдсон. Талийгаачийн оршуулгын зардалд хувиасаа тодорхой хэмжээний мөнгө гаргасан. Уг мөнгийг бол Б....ээс нэхэмжлэхгүй гэж бодож байна. Харин гэмтсэн хохирогч О....д 4.282.153 төгрөг, хохирогч О....т 2.241.613 төгрөг, хохирогч ...ад 1.408.387 төгрөг, нийт 7.932.153 төгрөгийг эмчилгээ болон шинжилгээнд яаралтай өөрөөсөө гаргасан. Осол гаргасан жолооч Б....өөрийн буруугаа хүлээн зөвшөөрвөл, мөн нялх хүүхдийг нь бодоод хохирогч нарын эмчилгээнд зарцуулсан мөнгийг нэхэмжлэхгүй гэж бодож байна. Б....анх хэргийн газар дээр энэ олон залуучуудыг алчихлаа гээд өөрийнхөө бурууг хүлээгээд, үсээ зулгаагаад уйлж байсан шигээ хэргээ үнэн зөвөөр хүлээж, хохирогч нарыг болон талийгаачийн ар гэрийнхнийг гомдол саналгүй болговол миний зүгээс хатуурхаж автомашины үнэлгээгээр тогтоогдсон мөнгөнөөс 50 хувийг нь нэхэмжлэе гэсэн бодолтой байна. Харин гэм буруугаа хүлээхгүй гэвэл гарсан бүх зардлаа баримтаар нэхэмжилнэ. Наад зах нь журмын хашааны төлбөр, ачилгын төлбөр, үнэлгээ хөлс, миний өөрийн эмчилгээний зардал гэх мэт. Ер нь бол хохирогч нарт болон ар гэрт нь тодорхой хугацаанд хоол хүнс, эмнэлэгт эргэж тойрох, байр түрээслэн хамт амьдарч асарч сувилж байсан. Энэ бүх зардлыг нэхэмжлэхгүй байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-56/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019.06.19-ний өдрийн 2978 дугаар дүгнэлтэд: “...3. Toyota Prius-20 маркийн 40-58 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зүүн булан хэсгээр Toyota Landcruiser-100 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл баруун хажуу талаар мөргөлдсөн байдлыг шинжилгээний хавсралт зургийн №220-д харуулсан. ...5. ... улсын дугаартай Toyota Landcriuser-100 маркийн автомашины дугуйн мөрний эхлэлийг “2” дугаараар тэмдэглэж “А” цэг хүртэл 18,5 метр зайтай, “А” цэгээс автомашин зогсох хүртэл шарваж, онхолдсон мөр үүсгэж 72,8 метр зайд зогссон байх тул тоормосны бүрэн зогсолтын зам биш тул хурдыг тодорхойлох боломжгүй байна...” гэжээ /1 дүгээр хавтас, хх-103-154/,

Шинжээч Г.Цэндсүрэнгийн: “...Наклад элэгдсэн нь осолд шууд нөлөөлөхгүй. Тухайн автомашины бүрэн зогсолтын замыг уртасгах нөлөө үзүүлсэн байх магадлалтай. Уг зам тээврийн осолд наклад нимгэрсэн нь шууд нөлөөлөхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-74-75/,

“...” ХХК-ийн 2019.06.14-ний өдрийн автомашин техникийн үнэлгээний 211 дүгээр тайланд: “Toyota Landcruiser 100 маркийн 8111 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн техник эвдрэл, хохирлын үнэлгээ шууд зардлын дүн 18.170.000 төгрөг, нийт дүн 19.140.000 төгрөг” гэжээ /1 дүгээр хавтас, хх-167/,

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019.06.23-ны өдрийн 262 дугаар дүгнэлтэд: “1.Toyota Prius-20 маркийн 40-58 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслййн жолооч Б....нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Toyota Landcriuser-100 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 3.Toyota Landcriuser-100 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй болно. 4.Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад байгууламж нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна...” гэжээ /1 дүгээр хавтас, хх-158-159/,

Шүүгдэгч Б....ийн яллагдагчаар өгсөн: “2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр ...Тоёота Приус 40-58 УБМ улсын дугаартай автомашинаа жолоодон ...Эмээлтэд тоосгоны үйлдвэрийг үзэхээр очсон боловч эзгүй байхаар нь буцаад явж байсан. Миний автомашины хөгжим дуугардаггүй учраас ямар нэгэн анхаарал сарниагүй явж байсан. Би автомашинтайгаа шороон замаар ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй явж байгаад төв зам руу баруун гар тийш буюу баруунаас зүүн чиглэлд замын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээ рүү ороод явж байхад араас цагаан өнгийн Харейр маркийн автомашин явж байсан. Би 1 дүгээр эгнээнээс 2 дугаар эгнээ орохдоо толиндоо харахад миний машины хойно явж байсан цагаан өнгийн Харейр маркийн автомашин 1 дүгээр эгнээгээр зорчиж явснаас өөр тээврийн хэрэгсэл харагдаагүй. Гэнэт “түс тас” хийх чимээ гарсан. Нэг мэдсэн би машинтайгаа замын зорчих хэсэг дээр буцаж эргээд зогсчихсон байсан. Эсрэг урсгалд хар өнгийн жийп машин 4 дугуйн дээрээ зогсож байсан. Осол болсны дараа ... бид хоёр өөрсдийнхөө утсаар 103 руу дуудлага өгсөн. Нэг мэдсэн замын цагдаа нар ирчихсэн байсан. ...Ослын газарт байсан цагдаа нар надаас мөргөлдсөн цэгийг асуухад би мэдэхгүй байна гэдгээ хэлсэн. Осол хэргийн газрын үзлэгийн схем зурагт автомашин мөргөлдсөн гэх А цэгийг буруу тавьсан байна. Би осол гарах үед 1 дүгээр эгнээнээс 2 дугаар эгнээ рүү шилжиж орох үед осол гарсан гэж бодож байна. А цэгийг зөвшөөрөхгүй байна. Учир нь би 1 дүгээр эгнээнд мөргөлдөн бүтэн эргэж зогссон цэгийг ”А үсгээр тэмдэглэсэн байна гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-182-184/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч /1 дүгээр хавтас, хх-6-20/, цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас, хх-21-25/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас, хх-34, 35/, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны тодорхойлолт /1 дүгээр хавтас, хх-248/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хавтас, хх-249/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /2 дугаар хавтас, хх-2/, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /2 дугаар хавтас, хх-3/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /2 дугаар хавтас, хх-4/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /2 дугаар хавтас, хх-7-8/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтас, хх-13/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,

шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О....аас гаргаж өгсөн иргэний нэхэмжлэл, хохирлын 25 хуудас баримтуудыг,

хохирогчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн “О.... нь “Баян нар од” ХХК-д сарын 1.500.000 төгрөгийн цалинтай ажилладаг гэх тодорхойлолт”,

шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн төрсний бүртгэлийн лавлагаа, дансны хуулга зэргийг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүгдэгч ...нь хохирогч нарт 39 сая төгрөг төлөх тооцоо гарч байгаа. Тэр хохирлыг иргэний нэхэмжлэгч ... дундаас нь төлсөн, шүүгдэгч хохирол дээр маргаад байгааг ойлгохгүй байна” гэж,

хохирогч О....ын өмгөөлөгч Ц.... “...гэм буруутай. Хохирогчид гэмтэл учирч, олон хоног эмчлүүлсэн, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан, групп тогтоолгосон байгаа. Сарын 1.5 сая төгрөгийн цалин авдаг байсан нь гэрчүүдийн мэдүүлэг, цалингийн тодорхойлолтоор нотлогдож байна. Жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдуулах гэсэн прокурорын санал үндэслэлгүй. Хөдөлмөрийн хуульд болон Улсын Дээд Шүүхийн 33 дугаар тогтоолд тодорхой байдаг. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэж,

иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч “...ын жолоодон явсан тээврийн хэрэгслийн хурдыг томъёогоор бодвол 55,1 км/цаг-ийн хурдтай явж байсан байдаг. ... түргэний машинаар эмнэлэгт хүргэгдэж тэндээ согтуурлаа шалгуулсан байгаа. Хохирогч нарын хохирлыг шүүгдэгчээр төлүүлэх үүднээс өөрийн хохирлын зарим хэсгээсээ татгалзаж байгаа...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Эгнээ солихдоо дохио өгөлгүйгээр, харалгүй орсноос осол болсон гэж ойлгож байгаа. Тамга тэмдэггүй, гарын үсэггүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа 2,5 сая төгрөгийг хасаж, 1,5 сая төгрөг төлснийг дурдаж, оршуулгын зардалд 5.564.755 төгрөг төлөхөөр зааж өгнө үү. ...н эмчилгээний зардалд 2.432.660 төгрөг төлнө. Бусад зардлыг хангахгүй орхиж өгнө үү. ...ын эмчилгээний зардал 252.420 төгрөг төлнө. ... нэхэмжлэл гаргаагүйг дурдаж өгнө үү. ...ын нэхэмжлэлийг энэ удаа шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэлээ жич шийдвэрлүүлэх эрхийг тогтоолд дурдаж өгнө үү. Шүүгдэгч ...хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шаардлага хангасан баримтыг үндэслэн хохирлыг төлнө гэж байгаа...” гэж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.... “Гоо сайхны хагалгаанд орох 10 сая, цалинг гаргуулахыг хүсэж байна”

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.... “Оршуулгын зардлаа бүрэн авахыг хүсэж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцуулав.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б....нь 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 12 цаг 17 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Эмээлт орох замд “Тоёота Приус-20” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасныг зөрчиж буюу хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэхдээ аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангаагүйн улмаас М....ын жолоодон явсан “Тоёота Ландкрузер-100” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн “Т.Ландкрузер-100” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь онхолдож, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Б....ын амь насыг хохироосон, зорчигч О...., О.... нарын эрүүл мэндэд хүнд, зорчигч Э....ын эрүүл мэндэд хүндэвтэр, иргэний нэхэмжлэгч М....ын тээврийн хэрэгсэлд 19.140.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь шүүх эмнэлгийн 858 дугаар “1.Талийгаач Б....ын цогцост гавлын орой, суурь ясны хэлбэр дүрс алдагдсан үйрч, бяцарсан хугарал, тархины эдийн бяцрал, няцрал, хатуу хальсны урагдал, тархи дарагдал, зулайн хуйханд шарх, дух, зүүн хацар, шанаа, баруун, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь авто ослын улмаас мөргөгдөх, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэх шинжилгээ /1 дүгээр хавтас, хх-94-95/, хохирогч О....ын “...манай машины урдуур нэг цагаан өнгийн Т.Приус маркийн автомашин хөндлөн ташуу ороод ирсэн. Тэгээд мөргөлдөөд түс хийгээд...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-41-42/, шүүх эмнэлгийн 4215 дугаар “1. О....ын биед баруун чамархайгаас доош суурь яс, чихний суваг хөхлөг сэртэн дайрсан хоёрлосон нийлмэл шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, ар нуруу, баруун дал, мөр, баруун ташаа, хэвлийн баруун хажууд баруун өвдөгт зулгаралттай, баруун мөрөнд улаан хүрэн өнгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т заагдсанаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /1 дүгээр хавтас, хх-90-91/, шүүх эмнэлгийн 4211 дүгээр “1.О....н биед суурь яс, чамархайн яс, дух яс, ухархайн дээд, дотор гадна ханагаймароын хөндийн хана, хамар ясны хугаралууд, тархины эдийн няцрал, цус хуралт, аалзан хальсны цус харвалт, баруун талын 1,5,2,3,4-р хавирганы хугарал, зүүн 1, 2-р хавирганы хугарал, зүүн эгэм ясны хугарал, бүсэлхийн 5, ууцны 1,2,3,4-р нугалмуудын баруун талын латерал масс баруун талын ууц сүүжний үе дайрсан хугарал, ууцны 5-р нугалмын баруун талын латерал масс дайрч их бие рүү ташуу чиглэлтэй хугарал баруун талын умдаг ясны дээд болон доод салаа их бие, симфизийн үе дайрч бяцарсан хугарал, баруун дунд чөмөгний толгой хүзүүний хугарал, гэмтэл тогтоогдлоо. 3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.12, 3.1.15-д тус тус заагдсанаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /1 дүгээр хавтас, хх-85-86/, хохирогч Э....ын “...замаар 2 дугаар эгнээгээр явж байтал гэнэт осол болсон. ...Гэнэт манай машин зүүн гар тал руу жолоогоо дарахад нь юу болов гээд хартал манай машины урдуур цагаан өнгийн Т.Приус автомашин хөндлөн орж ирж байгаа харагдсан. Тэгээд уг машинтай мөргөлдөөд...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-52-53/, шүүх эмнэлгийн 4217 дугаар “1.Э....ын биед бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, хуйханд зөөлөн эдийн няцрал, дух, зүүн шанаа, зүүн мөр, ар нуруу, ууцанд зулгаралт, зүүн дээд зовхи, зүүн чихний ар хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /1 дүгээр хавтас, хх-81/, шинжээчийн 2978 дугаар “...3. Toyota Prius-20 маркийн 40-58 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зүүн булан хэсгээр Toyota Landcruiser-100 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл баруун хажуу талаар мөргөлдсөн байдлыг шинжилгээний хавсралт зургийн №220-д харуулсан...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтас, хх-103-154/, “...” ХХК-ийн 211 дүгээр автомашин техникийн “Техник эвдрэл, хохирлын үнэлгээ нийт дүн 19.140.000 төгрөг” гэх тайлан /1 дүгээр хавтас, хх-167/, гэрч С....ын “...2 дугаар эгнээ рүү яваад ортол Эмээлтээс Улаанбаатар хот руу чиглэлтэй Л.Крузер маркийн автомашин гэнэт орж ирээд манай машины зүүн урд хэсэгт мөргөөд замын хойд хэсэг рүү гараад онхолдоод, эргэлдээд дөрвөн дугуйн дээр буугаад зогссон. ...Манай автомашин шороон замаас гарч ирээд 2 дугаар эгнээ рүү ороод ташуу байрлалтай байхад мөргөлдсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-63/, гэрч Б....ын “...2 дугаар эгнээгээр явж байтал ... “өө пизда” гээд орилохоор нь юу болов гээд хартал 1 дүгээр эгнээнээс нэг цагаан өнгийн Т.Приус-20 маркийн автомашин буцаж эргэх гэж байгаа бололтой манай машины урдуур хөндлөн ороод ирсэн. ... жолоогоо зүүн гар тал руугаа дараад Т.Приус-20 маркийн автомашины зүүн урд дугуй орчимд мөргөөд манай машин тэнцвэр алдаад миний сууж байсан талаар налаад машин хазайгаад онхолдоод, өнхрөөд явчихсан. Талийгаачийн толгой бяцраад цус болон тархи нь гоожиж байсан. Миний хажууд сууж байсан ..., ..., ... гурав гадаа зам дээр хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-68-69/, гэрч Г....ын “...Т.Приус-20 маркийн автомашин төв зам руу орох гэж байгаа бололтой хойшоо явж өнгөрсөн. Тэр машин явж өнгөрөөд удалгүй зам дээр “түс, тас” гээд машин мөргөлдөх чанга чимээ гарсан. Юу болов гээд гараад хартал нэг жийп машин урагшаа хараад, цагаан өнгийн Т.Приус-20 маркийн автомашин зүүн зүг хараад зам дээр зогсож байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-71/, гэрч Б....гийн “...замын голд цагаан өнгийн Т.Приус маркийн машин машинтай мөргөлдсөн бололтой хот руу харсан байдалтай зогсож байсан. Цаана нь нэг Ландкрузер машин өнхөрсөн бололтой зогсож байсан. ...Ландкрузер машины хажууд 2 хүн хэвтэж байсан. Машинд жолоочийн хажуу талын суудалд нэг хүн ухаангүй, толгойноос нь их цус гарсан, нас барсан бололтой байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-73/, Тээврийн цагдаагийн албаны 262 дугаар “1. Toyota Prius-20 маркийн 40-58 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслййн жолооч Б....нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтас, хх-158-159/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч /1 дүгээр хавтас, хх-6-20/, цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас, хх-21-25/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Б....ийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэхдээ аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангаагүйн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 2 хүний эрүүл мэндэд хүнд, 1 хүний амь нас хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан буюу Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж хүний амь нас хохироосон гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэн түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б....ын амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Хэрэгт авагдсан баримт /1 дүгээр хавтас, хх-188-210/-аар тогтоогдсон 9.692.500 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэх нэхэмжлэл гаргасан. Шүүх дээрх нотлох баримтуудаас доторх бичиглэл нь уншигдахгүй болсон буюу арилсан, зарлагын баримт нь тамга тэмдэггүй, зарлагын баримтын үнийн дүн дээр нэмж бичиглэл хийсэн дүнг, үнийн дүн давхардсан баримтыг, түүнчлэн зарлагын талаар гараар бичсэн баримтуудыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж дүгнэн нийт 6.826.418 төгрөгийн баримттай хохирол тогтоогдсон гэж үзлээ. Үүнээс шүүгдэгчийн төлсөн 1.500.000 төгрөгийг хасаж тооцон үлдэх 5.326.418 төгрөгийг шүүгдэгч Б....ээс гаргуулахаар шүүх шийдвэрлэснийг шүүгдэгч төлсөн болно. Түүнчлэн нотлох баримтын шаардлага хангахгүй дээрх баримтуудтай холбоотой нотлох баримтаа хуулийн шаардлага хангуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэж байна. Мөн “Сэтгэл санааны хохиролд 70 сая төгрөг гаргуулж өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.        

Хохирогч О....ын эрүүл мэндэд хүнд хохирол учирч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон 252.420 төгрөгийг, хохирогч О....н эрүүл мэндэд хүнд хохирол учирч шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтаар тогтоогдсон 2.432.660 төгрөгийг шүүгдэгч тус тус төлсөн болно.   

Түүнчлэн хохирогч Э....ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд тэрээр нэхэмжлэл гаргаагүй тул энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй гэж үзэв.

Хохирогч О...., О.... нар “Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.... “Хохирогч О....д гоо сайхны хагалгаа хийлгэх 10 сая төгрөг гаргуулах” тухай, хохирогч О...., О...., Э.... нар цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдан шийдвэрлэж байна.  

Иргэний нэхэмжлэгч М....ын эд хөрөнгөд 19.140.000 төгрөгийн хохирол, улмаар хохирогч О....ын эмчилгээнд 2.241.613 төгрөг, хохирогч О....н эмчилгээнд 4.282.153 төгрөг, хохирогч Э....ын эмчилгээнд 1.408.387 төгрөг зарцуулсан, нийт 27.072.153 төгрөгийн хохирол М....т учирсан гэж дүгнэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй” гэж заасны дагуу иргэний нэхэмжлэгч М.... нь “Шүүгдэгч М....ээс 27.072.153 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 13.536.076 төгрөг гаргуулах хэсгээс татгалзсан болохыг тогтоолд дурдах нь зүйтэй. Үлдэх төлбөр 13.536.076 төгрөгийн хохирлыг талууд харилцан тохиролцож “9.000.000 төгрөгт Тоёота Приус-20 маркийн 40-58 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тооцон авч, үлдэх 4.536.076 төгрөгийг бэлэн төлж барагдуулсан” байх тул шүүгдэгч Б....ийг энэ тогтоолоор иргэний нэхэмжлэгч М....т төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Уг гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирсон, нэг хүн хүний асаргаанд орсон, дахиад нэг хүн хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан хэзээ эрүүл болохыг мэдэхгүй зэргээс дүгнээд эрүүгийн хариуцлага нь шударга ёсны зарчимд нийцэх ёстой гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б....ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилээр хасаж, 4 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т заасан байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлсөн ч гэсэн хохирол төлөх асуудал дээр хайхрамжгүй хандсан. Маш их хохирол учирсан, хүн чанаргүй хандаж байна. Хүүхдүүдийн асран хамгаалах, харгалзан дэмжих асуудлаар гаргасан шийдвэр байхгүй, эцэг нь хүүхдүүдээ харах боломжтой гэж үзэж байна. Хорих ялыг биечлэн эдлүүлж өгнө үү...” гэж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.... “Их гомдолтой байна” гэж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.... “Оршуулгын зардлыг бэлэн өгч чадахгүй байгаад гомдолтой байна” гэж,

хохирогч О.... “Хэргийн материалтай танилцахад шүүгдэгч нь нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг гэж мэдүүлсэн байна. Одоо нөхөр салсан гэж худлаа хэлж байна гэж бодож байна” гэж,

иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч “Эвдрэлтэй машиныг авч байгаа. Хохирогч нарын хохирлыг төлүүлэх үүднээс өөрийн хохирлоосоо татгалзсан” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж, 2 жилийн хорих ял оногдуулж, 8 сартай хүүхэдтэй, ганц бие эх гэдгийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял хойшлуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэхдээ аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангаагүйн улмаас тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн, улмаар нөгөө тээврийн хэрэгсэл онхолдож олон хүн гэмтэж, эд хөрөнгө эвдэрсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 2 хүний эрүүл мэндэд хүнд, 1 хүний амь нас хохирсон, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан гэм хор бүрэн арилаагүй, нотлох баримт бүхий хохирол төлөгдсөн, хохирогч нарын цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн, хохирогч нар “Гомдолтой” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй байдал, 7 сараас 5 насны 2 хүүхэдтэй/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хорих ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг тус тус үндэслэлтэй гэж дүгнэн шүүгдэгч Б....эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял оногдуулж, ялыг дээрх нөхцөл байдлуудыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бага насны 2 хүүхэдтэй, ганц бие эх учраас шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эхэд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б....нь 2014.08.13-нд охин Тэмүүжингийн Хөх-Үжинг, 2019.01.28-нд охин М.Энх-Үжинг төрүүлсэн болох нь төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б....ийн үйлдсэн гэмт хэргийн дээрх байдлаар тогтоогдсон нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.  

Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б....ийн бага насны хүүхэд болох 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төрсөн Тэмүүжингийн Хөх-Үжин /РД:ЩЖ14281364/, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн ...ийн Энх-Үжин /РД:УП19212840/ нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Б....ийн жолоочийн В ангиллын 1174210 дугаар үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, Б....ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.   

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б....урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт ...гийн ...ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж 1 хүний амь нас хохироосон, 2 хүний эрүүл мэндэд хүнд, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б....ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б....эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б....эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай. 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б....урьдчилан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б....ийн жолоочийн В ангиллын 1174210 дугаар үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б....ы “Сэтгэл санааны хохиролд 70.000.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч О...., хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.... нарын “Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаар нотлох баримтаа бүрдүүлэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.... нь хохирогч О....н, хохирогч О...., Э.... нар нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.... оршуулгын зардалтай холбоотой нотлох баримтаа шаардлага хангуулан тус тус иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б....ийн хүүхэд 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төрсөн Тэмүүжингийн Хөх-Үжин /РД:ЩЖ14281364/, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн ...ийн Энх-Үжин /РД:УП19212840/ нарт асран хамгаалагч,  харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг бөгөөд шүүгдэгч Б....эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б....эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР