Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 0696

 

2016 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2016/00696

Орхон аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 13-05 тоотод оршин суух С.Алтантунгалагын нэхэмжлэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Баруун дэнжийн 5-08 тоотод оршин суух А.Гэрэлмаад холбогдох 2 450 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Алтантунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Алтантунгалаг миний бие нь А.Гэрэлмаагийн хүсэлтээр 2 000 000 төгрөгийг 1 сарын хугацаагаар 1 сарын 15 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр болсон. 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдөр бэлэн 2 000 000 төгрөгийг гэрээ байгуулан зээлдүүлсэн. А.Гэрэлмаа нь 14 хоногийн дотор гэхэд хүүгийн хамт төлнө гэж хэлж байсан. Гэрээний хугацаа өнгөрч 2 000 000 төгрөгийн хүү болох 300 000 төгрөг өгөх ёстой байтал өгөлгүй, хойноос нь эрэл сурал болж, хоёр таслаж 210 000 төгрөгийг өгсөн. Үүнээс хойш зээлээ, хүүгийн хамт нэхэн шаардахад утсаа авахгүй сураггүй болсон. Иймд үндсэн зээлийн 2 000 000 төгрөг түүний хүү болох 450 000 төгрөг, нийт 2 450 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.Гэрэлмаа нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: С.Алтантунгалагийн нэхэмжилсэн 2 450 000 төгрөгийг 2016 оны 03 дугаар сарын 13-нд хашаа, байшингийн гэрчилгээгээ барьцаалж зээлдэж авсан нь үнэн. Эхний сарын хүүний 210 000 төгрөргийг өгсөн. Үүнээс хойш хүүг, үндсэн мөнгөтэй нь хамт 2016 оны 06 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч А.Гэрэлмаа нь нэхэмжлэгч С.Алтантунгалагын нэхэмжлэлийн шаардлага 2 450 000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор багтааж төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.  

 

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон    

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нэхэмжлэгч С.Алтантунгалагын нэхэмжлэлийн шаардлага 2 450 000 төгрөгийг хариуцагч А.Гэрэлмаа нь 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр багтаан төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 54 150 төгрөгийн төрийн санд хэвээр үлдээж, тал хувь болох 27 075 төгрөгийг төрийн сангаас, тал хувь болох 27 075 төгрөгийг хариуцагч А.Гэрэлмаагаас тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Алтантунгалагд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                      Л.АРИУНЦЭЦЭГ