| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0079/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/077 |
| Огноо | 2020-03-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2020/ШЦТ/077
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж
Улсын яллагч: Э.Гантулга
Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ
Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Бд холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 18-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч О.Б нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-4-24 тоотод оршин суух иргэн Ю.******* гэрээс 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар эд зүйл болох хөөрөг хулгайлж 12000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч О.Бийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг
... Би 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Ю.******* ахынд очсон байж байгаад гэрээс нь хөөргийг хулгайлсан. Би эхлээд хулгай хийе гэж бодоогүй авдрыг нь онгойлгож үзтэл хөөргө байхаар нь авсан, би хохирлыг бүрэн барагдуулсан..гэх мэдүүлэг /хх-ийн 60-62 /
Хохирогч Ю.******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг
... Манай нэг гэр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод байдаг. Миний бие эхнэрийн хамтаар ажил хийхээр 2020 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр яваад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ирсэн. Энэ хугацаанд манай гэрт 3 хүүхэд байсан. Би гэртээ ирээд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр авдар дотор байсан зүйлээ үзэж байгаад хөөрөг алга болсон талаар мэдсэн. Миний хувьд хөөргө хамгийн сүүлд 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр явахдаа үзэхэд байсан Манай гэрээс өөр зүйл алга болоогүй ганцхан хөөрөг алга болсонд би гайхаад байна. Манай дүү О.Б нь хөдөө гэрээсээ аймгийн төвд ирэхдээ манайхаар орж гардаг манай хүүхдүүд таньж мэддэг. Дүү О.Б нь ямар ч байсан 2020 оны 1 дүгээр сарын сүүлээр аймгийн төвд ирсэн гэсэн. Чухам манай гэрт ирсэн эсэхийг мэдэхгүй байна манай хүүхдүүд мэдэх байх. Хөдөөнөөс ирсэн болохоор манайд ирсэн байх гэж бодож байна. Надад хөөрөг байдаг талаар мэдэх ёстой харин хараад таньж мэддэг эсэх талаар нь мэдэхгүй байна. Манайхаас алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээтэй танилцлаа. Алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээ болох 12000000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Надад гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй. Би хөөргөө буцаан авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10-13/
Гэрч Д.******* мөрдөн байцаалтад өгсөн
... Би Есөн-Эрдэнэ зах дээр үнэт эдлэл авдаг. 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ажил дээрээ байхад хөөрөг зарна гээд нэг эмэгтэй ирэхээр нь иргэний үнэмлэхийг нь үзсэн чинь О.Б гэх хүн байхаар нь би авахгүй хөөрөг сурсан хүн ирвэл чамд хэлье гээд утасны дугаарыг авч үлдсэн. Тэгээд цагдаа ******* хөөрөг зарах гэсэн хүн ирлээ гэж хэлээд нөгөө эмэгтэйн утас руу залгаад хүн хөөрөг авна гэнэ гэж дуудаж ирүүлээд 3000000 төгрөгөөр худалдаж аваад цагдаад мэдэгдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 17-23/
Насанд хүрээгүй гэрч Э.******* мөрдөн байцаалтад өгсөн
... Миний хувьд ээж аав 2-ыг байхгүй байхад 2 дүүгийн хамтаар гурвуулаа гэртээ байсан. Аав ээж хоёр 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ирсэн. Ээж аав 2 ирснээс хойш 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ээж авдраа уудалж байгаад хөөрөг алга болсон байна гээд цагдаад дуудлага өгснөөр мэдсэн тэрнээс өмнө хөөрөг алдагдсан талаар мэдээгүй. Манайхаар манай аавын төрсөн дүү болох О.Б нь ирж 2 хоноод явсан. Өөр хүн ирж манайд хоноогүй. О.Б эгч хөдөөнөөс ирсэн гэж байсан. Ингэж ирсэн өдөр манай дүү халуураад ханиад хүрсэн байсан бөгөөд манайд хонох болсон шалтгаан нь манай дүү халуурсан ханиадтай байсан болохоор эгч нь дүүг нь тэврээд хоноё халууныг нь авчихъя гээд хонож байсан бас надад мөнгө өгч эм авахуулж дүүд өгсөн. Эхлээд ирсэн өдөр нь 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр байсан бөгөөд нэг хоноод яваад 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө ирсэн. Тэгэхэд дүүгийн биеийг асууж ирээд мөнгө өгч бид нар бэлэн гоймон авч идсэн. Тэгээд манай дүү ******* бид 2-ыг эгчийнхээ цүнхийг айлаас аваад ир гэж явуулсан. Энэ үед манай бага дүүтэй хоёулхнаа манай гэрт үлдсэн. О.Б нь надаас дүүгийнхээ хамтаар яваад ирсний дараа орон дээр сууж байгаад хөөрөгтэй даалин үзүүлж энэ хэний хөөргө юм гэж асуусан гэж худлаа. Намайг дүүгийн хамтаар орж ирэхэд гэрийн шал угаагаад байж байсан. О.Б эгч өөрийнхөө цүнхийг айлаас аваад ир гэж хэлж явуулсан. Би энэ талаар ээжийг асуухад нь хэлсэн.... гэх мэдүүлэг /хх-ийн 25-27/
Баянхонгор аймаг дахь “Энх-Нахиа” ХХК--ний 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “ ... Шүрэн толгойтой, гуулин нуухтай, ган халбагатай хуучны манан хөөрөг 12.000.000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт /хх-ийн 46-47/
-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 01-03/, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шүүгдэгч О.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 66/, Баянхонгор аймгийн ******* сумын 5 дугаар багийн Засаг даргын 2020.02.10-ны өдрийн 15 тоот тодорхойлолт /хх-ийн 67/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа / хх-ийн 65/, шүүгдэгч О.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 72/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц , хууль бусаар бүр мөсөн үнэ төлбөргүйгээр эзэшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцдог.
Шүүгдэгч О.Б нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-4-24 тоотод оршин суух иргэн Ю.******* гэрээс 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар эд зүйл болох хөөрөг хулгайлж 12000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Шүүгдэгч О.Б ... би авдрыг нь онгойлгож үзтэл хөөргө байхаар нь авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 60-62 /
Хохирогч Ю.*******... би гэртээ ирээд авдар дотор байсан зүйлээ үзэж байгаад хөөрөг алга болсон талаар мэдсэн,... би хөөргөө буцаан авсан, гомдол саналгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10-13/
Гэрч Д.*******... ажил дээрээ байхад хөөрөг зарна гээд нэг эмэгтэй ирэхээр нь иргэний үнэмлэхийг нь үзсэн чинь О.Б гэх хүн байсан утасны дугаарыг авч үлдсэн. Тэгээд цагдаа ******* хөөрөг зарах гэсэн хүн ирлээ гэж хэлээд нөгөө эмэгтэйн утас руу залгаад хүн хөөрөг авна гэнэ гэж дуудаж ирүүлээд 3 сая төгрөгөөр худалдаж аваад цагдаад мэдэгдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 17-23/
Насанд хүрээгүй гэрч Э.*******... О.Б нь надаас дүүгийнхээ хамтаар яваад ирсний дараа орон дээр сууж байгаад хөөрөгтэй даалин үзүүлж энэ хэний хөөргө юм гэж асуусан гэж худлаа. .....гэх мэдүүлэг /хх-ийн 25-27/
Баянхонгор аймаг дахь “Энх-Нахиа” ХХК--ний 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ...Шүрэн толгойтой, гуулин нуухтай, ган халбагатай хуучны манан хөөрөг 12.000.000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт /хх-ийн 46-47/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогдоогдож байна.
Шүүгдэгч О.Б нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-4-24 тоотод оршин суух иргэн Ю.******* гэрээс 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар эд зүйл болох хөөрөг хулгайлж 12000000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Уг гэмт хэргийн хохирогч Ю.******* алдсан манан хөөрөгийг 12000000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч хэн аль нь маргаагүй, хүлээн зөвшөөрсөн ба шүүгдэгч О.Б нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч О.Бэд Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл түүний үйлдэлд нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүхээс О.Бийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч О.Б ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч О.Б нь хохирогч Ю.*******т манан хөргийг нь биет байдлаар буцаан өгч хохирлыг нөхөн төлж барагдуулсан нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.
Шүүгдэгч О.Б нь Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг биет байдлаар нөхөн төлж, гэм хорыг арилгасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч О.Бэд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч О.Бийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд тэрээр хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг биет байдлаар нь нөхөн төлж барагдуулсан, ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон, айлын мал маллаж амьдардаг болон хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Бэд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж , үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч О.Бэд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавьж байхыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлагүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Шүүгдэгч О.Бийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.Бэд хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч О.Б нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч О.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч О.Бэд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Бэд хэрэглэсэн хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА