Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 983

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,

улсын яллагч Ц.Хашбаатар,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар,

шүүгдэгч Б.... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б....ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903006710322 дугаар хэргийг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум, 2 дугаар баг, Ширхэнцэг, ...тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн зам, ...тоотод байрлах байгууллагын хашаанд түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Сартуул овогт ...ын ... /РД:.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Б.... нь 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг 28 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Эмээлтийн зам Оргил худалдааны төвийн урд талын автомашины зогсоолд Тоёота Марк-2 ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14 “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөнөөс Тоёота Приус-20 маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суух гэж байсан жолооч Т....ыг автомашинтай нь хавсран мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Машиндаа суухад ард машин харагдаагүй. Шалавч дарагдаад мөргөчихсөн. Буруугаа ойлгож байгаа. 2.419.1507 төгрөг төлсөн. Сард 1 сая гаруй төгрөгийн орлоготой. Гэм буруугаа хүлээж байна. Ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн 1903006710322 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Т....ын: “2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг 30 минутын үед би Эмээлтийн “Оргил” худалдааны төвийн үүдний автомашины зогсоол дээр өөрийн Тоёота Приус маркийн ...дугаартай машиндаа суух гээд баруун талын хаалгаа дөнгөж онгойлгож байтал гэнэт миний араас машин мөргөсөн. Намайг машины хаалгатай хавчсан. Эргээд хартал цагаан өнгийн суудлын машин байсан. ...Миний умдаг яс хугарсан, духандаа оёдол тавиулсан. ...Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-15-18/,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 2019.06.16-ны өдрийн 7356 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Т....ын биед баруун умдаг ясны далд хугарал, духанд шарх, ооч, умдаг, баруун гуя, өвдөгний цус хуралт, хоёр шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /хх-49/,

“Кости-Эстимэй” ХХК-ийн 2019.06.17-ны өдрийн авто машин үнэлгээний 14151463 дугаар тайланд: ““Toyota Prius-20” загварын 2008 онд үйлдвэрлэгдсэн, 2017 онд орж ирсэн, автомашины нийт шууд зардлын дүн 430.000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн 490.000 төгрөг” гэжээ /хх-52-53/,

Шүүгдэгч Б....ийн яллагдагчаар өгсөн: “2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг 28 минутын үед би Тоёота Марк-2 ... улсын дугаартай автомашинаа жолоодоод Эмээлтийн “Оргил” худалдааны төвийн үүдэнд ухрах үйлдэл хийж байтал гэнэт миний машины ард тас гэсэн хүчтэй дуу чимээ гарахаар нь тоормосоо гишгэж зогсоод, гараад хартал машины ард хар өнгийн Тоёота-Приус маркийн машин зогсож байсан. Тэгтэл би ухарч байхдаа тэр машины баруун урд хаалгыг нь, жолооч эмэгтэйг нь машиндаа суух гэж байхад нь хаалгатай нь хавчиж мөргөсөн байсан. Тэр машины жолооч эмэгтэйн нөхөр нь цагдаа, түргэнд дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-73-74/,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-9/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /хх-10, 11/, хохирлын баримтууд /хх-28-33, 46-47/, гэрч ...нарын мэдүүлэг /хх-38, 40/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-79/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-80/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-84/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-85/, эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа /хх-86/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-87/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-88/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-89/, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт /хх-93/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

мөн хохирогчийн шүүхэд ирүүлсэн “Эмчилгээний болон машины зардалд нийт 2.000.000 төгрөг авсан, одоогоор нэхэмжлэх зүйлгүй, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэсэн хүсэлт,

шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн “...” ХХК-ийн тодорхойлолт, банкны дансны дэлгэрэнгүй хуулгыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.... нь 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг 28 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Эмээлтийн зам, “Оргил” худалдааны төвийн урд талын автомашины зогсоолд “Тоёота Марк-2” ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14 “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө...” гэсэн заалтыг зөрчсөнөөс “Тоёота Приус-20” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суух гэж байсан жолооч Т....ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Т....ын “...машиндаа суух гээд баруун талын хаалгаа дөнгөж онгойлгож байтал гэнэт миний араас машин мөргөсөн. Намайг машины хаалгатай хавчин мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-15-18/, шүүх эмнэлгийн 7356 дугаар “1.Т....ын биед баруун умдаг ясны хугарал, духанд шарх, оч, умдаг, баруун гуя, өвдөгний цус хуралт, хоёр шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-49/, шүүгдэгч Б....ийн яллагдагчаар өгсөн “...ухрах үйлдэл хийж байтал гэнэт миний машины ард тас гэсэн хүчтэй дуу чимээ гарахаар нь тоормосоо гишгэж зогсоод, гараад хартал машины ард хар өнгийн “Тоёота-Приус” маркийн машин зогсож байсан. Би ухарч байхдаа тэр машины баруун урд хаалгыг, жолооч эмэгтэйг машиндаа суух гэж байхад нь хаалгатай нь хавчиж мөргөсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-60-61/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-9/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б....ийн тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийгээгүйгээс хохирогч Т....ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Т....ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, эд хөрөнгөд 490.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогчийн шүүхэд ирүүлсэн “...эмчилгээний болон машины зардалд нийт 2.000.000 төгрөг авсан, одоогоор нэхэмжлэх зүйлгүй, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэсэн хүсэлтийг үндэслэн шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин хохирогч цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай. Тухайн гэмт хэрэг болгоомжгүй үйлдэгддэг боловч уг хэрэгт жолоочийн хандаж байгаа хандлага, үйлдлийг харгалзан 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Хохиролд 2.419.150 төгрөг төлж барагдуулсан. Машины хохирол, эмчилгээний баримттай зардлыг төлсөн. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзан торгох ялын хэмжээг 450.000 төгрөг болгож өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /тээврийн хэрэгслийн хөдөлгөөний  аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийгээгүй, хохирогчийг тээврийн хэрэгсэлтэй нь хавчиж мөргөсөн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр, эд хөрөнгөд хохирол учруулсан, эмчилгээний баримттай зардал нөхөн төлөгдсөн, хохирогч цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага, гэм буруугаа хүлээж байгаа/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж шүүх дүгнэн шүүгдэгч Б....ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс /эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой/, бусад орлого олох боломжийг үндэслэн шүүгдэгч Б....ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.... урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Сартуул овогт ...ын ...ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б....ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б....ийг 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.... торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.... урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Т.... цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б....өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР