Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 988

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гомбо,

шүүгдэгч Б.... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б....ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908038121185 дугаар эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Баянтурууны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Орхон овогт ...ын ... /РД:.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Б.... нь 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянтурууны ...тоотод гэртээ иргэн Г....ын “Хуавэй П-20” маркийн гар утас, монетон бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж байна” гэв.

Эрүүгийн 1908038121185 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Г....ын: “...2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ажлаа тараад ажлын ах нартай пиво уугаад ажлаасаа 20 цаг өнгөрч гараад харих гэж байхад ... ах “чи манайд очоод хонох юм уу, ээж Эрдэнэт явсан, би гэртээ ганцаараа байгаа” гэсэн. ...Бид хоёр дэлгүүрээс 2 литр 500 граммийн  пиво аваад ... ахын гэрт очсон. Пивоо хувааж уугаад талд нь оруулаад миний нойр хүрээд 00 цаг өнгөрч байхад унтаад өглөө 06 цагийн үед сэрэхэд ... “манай гэрийн зурагт алга болсон байна, хажууд чинь байсан чиний гар утас, бөгж алга болсон байна” гэхээр нь би ... ахын гэрт хулгай орсон байна гэж бодоод хажуу талын айлд орж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ... ах миний бөгжийг надад авчирч өгөхдөө “ах нь чиний бөгжийг авдран доогуураа хийсэн байсан юм” гэж хэлсэн. ...... ах миний гар утас болон бөгжийг буцаагаад өгсөн учир надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-14-15/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019.07.24-ний өдрийн 04/357 дугаар дүгнэлтэд: “...2.Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан гарын мөр иргэн Б....ы зүүн гарын эрхий хурууны хээнүүдтэй тохирч байна...” гэжээ /хх-31/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019.07.25-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний 822 дугаар тайланд: “Хуйвэй П-20 маркийн утас 450.000 төгрөг, монетон бөгж 30.000  төгрөг, нийт дүн 480.000 төгрөг” гэжээ /хх-35-37/,

Шүүгдэгч Б....ы яллагдагчаар өгсөн: “2019 оны 7 дугаар сарын 21-ний ...орой ажлаа тараад 22 цагийн үед гэртээ ирсэн. Манай ажлын ... манайд ирж хонохоор болсон. Өөр очих газар байхгүй гээд байхаар нь би дагуулж гэртээ ирсэн. Манайд 2 литрийн пиво хувааж уугаад шөнийн 00 цагийн үед унтацгаасан. Үүрээр 04 цаг болж байхад ... “би харилаа, явлаа” гээд байхаар нь би унтуулах гэсэн боловч унтаж өгөхгүй байсан. Шөнө харанхуй байхад явах гээд байхаар нь би ...ын гар утас, монетон бөгжийг аваад илүү гэр дотор байдаг шургуулганд нуусан. Хулгай орсон болж харагдуулах гээд гэрийнхээ зурагтыг бас илүү гэрт нуусан. Өглөө 07 цагийн үед эрүүл болж босож ирээд “миний гар утас, бөгж алга болчихлоо, танай гэрт хулгай орчихсон юм биш үү” гэхээр нь би жүжиглээд “тийм байна, одоо яах вэ” гэхэд “цагдаа дуудъя” гэж хэлээд хажуу айлын хаалга нүдэн цагдаа дуудаад өгөөч гэж дуудуулсан юм билээ. ...Би ...оос авсан зүйлүүдээ тэр дор нь буцаагаад өгчихсөн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл өгнө үү” гэх мэдүүлэг /хх-51-53/,

эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-40/, прокурорын тогтоол /хх-42/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-44/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-57/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-58/, мөрдөгчийн “Цагдаагийн АСАП санд торгууль шийтгэл байхгүй, гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй байна” гэх тэмдэглэл /хх-60/, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны тодорхойлолт /хх-61/, хохирогчид хэргийн материал танилцуулсан баримт /хх-62/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.... согтуурсан үедээ 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянтурууны 12 дугаар гудамж, 07 тоотод байрлах гэртээ иргэн Г....ын “Хуавэй П-20” маркийн гар утас, монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 480.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ хохирогч Г....ын “...Ажлын ах нартай пиво уугаад, гэрт нь пиво хувааж уугаад унтсан. ...... ах миний бөгжийг надад авчирч өгөхдөө “ах нь чиний бөгжийг авдран доогуураа хийсэн байсан юм” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-14-15/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 822 дугаар “Хуавэй П-20 маркийн утас 450.000 төгрөг, монетон бөгж 30.000  төгрөг, нийт дүн 480.000 төгрөг” гэх тайлан /хх-35-37/, шүүгдэгч Б....ы яллагдагчаар өгсөн “...би ...ын гар утас, монетон бөгжийг аваад илүү гэр дотор байдаг шургуулганд нуусан. Хулгай орсон болж харагдуулах гээд гэрийнхээ зурагтыг бас илүү гэрт нуусан. ...... “миний гар утас, бөгж алга болчихлоо, танай гэрт хулгай орчихсон юм биш үү” гэхээр нь би жүжиглээд “тийм байна, одоо яах вэ” гэхэд...” гэх мэдүүлэг /хх-51-53/, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-40/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-44/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б....ы хохирогч Г....ыг унтаж байхад нь гар утас, монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г....од 480.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн хохирогчийн “...... ах миний гар утас болон бөгжийг буцаагаад өгсөн учир надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-15/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-44/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугийн талаар маргаагүйг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн асуудлаар маргаагүй. Хохирлыг биет байдлаар төлсөн. Асап санд зөрчилд ч холбогдож байгаагүй, эхийн хамт амьдардгийг харгалзан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял болгож өгнө үү. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /гэртээ, хамт ажилладаг хүнийхээ эд зүйлийг унтаж байхад хулгайлсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 480.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол биет байдлаар төлөгдсөн, хохирогч “Гомдол саналгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /гэр бүлийн байдал, үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага/-ыг тус тус харгалзан улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэв. Гэвч ялын хэмжээний хувьд гэмт хэрэг үйлдсэн дээрх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.... урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Орхон овогт ...ын ...ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б....ыг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.... нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.... урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б....д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

             

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР