| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0088/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/086 |
| Огноо | 2020-03-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2020/ШЦТ/086
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж
Улсын яллагч: В.Дэлгэрмаа
Шүүгдэгч Ц.Т нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журамаар хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгч Ц.Тд холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,
Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №01 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар,
Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар дээр мөн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №01 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 10 хоногийн хорих ялын эдлээгүй үлдсэн 1 жил 7 хоногийн хорих ялын зарим болох нэг сарын ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 сарын хугацаагаар баривчлах ялаар тогтоож байсан, Ц.Т
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Ц.Т нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод Б.Г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Ц.Тын мөрдөн байцаалтад өгсөн
... 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор сумын 9-2-93 тоотод Ц.******* ахын гэрт архи уугаад байж байхад Б.Г орж ирсэн архи ууж байгаад бид 2 хоорондоо маргалдаад би бэлэг эрхтэн рүү нь нэг удаа өшиглөсөн мөн цээж орчимд нь нэг удаа цохьсон...Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна дахиж ийм зүйл хийхгүй байж чадна...гэх мэдүүлэг / хх-ийн 44-45/
Хохирогч Б.Гын мөрдөн байцаалтад өгсөн
… 2019 оны 12 дугаар сарын 04-ны өдөр би Хөх толгойд найзындаа юм ууж байгаад согтоод ирэх үед Ц.******* гэх таньдаг ахындаа явж очсон тэнд Ц.Т Ц.******* ахтай хамт ганц шил архи тавьчихсан ууж байсан. Би хамт тэр хоёртой архи хувааж ууж дуустал Ц.******* ах галаа түлнэ гэж хэлээд гэрээс гарч явсан тэр үед би явлаа гэхэд Ц.Т чи яахаараа явдаг юм гэж хэлээд миний нуруу орчим цохиж бэлэг эрхтэн рүү өшиглөсөн, бэлэг эрхтнээс цус алдсан тэр үед хамт байсан группэд байдаг Батнасан гэх ах ******* ахыг дуудсан тэгээд цагдаа дуудаж удалгүй эмнэлгийн түргэн тэсламж ирсэн. Тухайн үед би цус алдаад доогуур нойтон оргиод байхаар нь дотуур хувцсаа тайлсан, миний доод хэсгээс цус алдсан байсан. Миний гэдэс нуруу бэлэг эрхтэн рүү өшиглөсөн, хэдэн удаа өшиглөж зодсоныг санахгүй байна бэлэг эрхтэн орчимд оёо тавьсан нуруу дал орчимд хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/
Гэрч Ц.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн
... 2019 оны 12 дугаар сарын 04-ны Баянхонгор сумын ******* тоот гэртээ байхад Ц.Т Б.Г нар ганц шил архи барьж ирсэн хувааж ууж байгаад би гал түлэх ажлаар Баянбүрд караокены галыг түлчихээд гэртээ орж ирэх үед тэр хоёр хоорондоо зодоон хийчихсэн Б.Гын хувцсыг тайлчихсан шалдан бэлэг эрхтнээс цус гарчихсан байсан. Би цагдаа дуудсан эмнэлэг дээр ирж оёо тавиулсан тийм зүйл болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №727 дугаар шинжээчийн
1. Б.Гын биед бэлгийн бага уруулд шарх, нуруунд цус хуралт, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Б.Гын биед 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө учирсан гэх хуучин гэмтэл тогтоогдсонгүй.
4. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
4.Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 11/
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 41-42/, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 67/ яаралтай тусламжийн хуудас / хх-ийн 12-15/, хохирогчийн хохирлын баримт болон гэрэл зураг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 31-44/, дипозит дансны хуулга /хх-ийн 50-52/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 57/, шүүгдэгч Ц.Тын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/ шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 58-61/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 68/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Т нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдер Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод Б.Г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Ц.Тын... Б.Г орж ирсэн архи ууж байгаад бид 2 хоорондоо маргалдаад би бэлэг эрхтэн рүү нь нэг удаа өшиглөсөн мөн цээж орчимд нь нэг удаа цохьсон ... гэх мэдүүлэг / хх-ийн 44-45/
Хохирогч Б.Гын … Ц.Т нуруу орчим цохиж бэлэг эрхтэн рүү өшиглөсөн, бэлэг эрхтнээс цус алдсан,....би цус алдаад доогуур нойтон оргиод байхаар нь дотуур хувцсаа тайлсан миний доод хэсгээс цус алдсан байсан,....миний гэдэс нуруу бэлэг эрхтэн рүү өшиглөсөн, хэдэн удаа өшиглөж зодсоныг санахгүй байна бэлэг эрхтэн орчимд оёо тавьсан нуруу дал орчимд хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/
Гэрч Ц.*******ийн... Б.Гын хувцсыг тайлчихсан шалдан бэлэг эрхтнээс цус гарчихсан байсан,...эмнэлэг дээр ирж оёо тавиулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №727 дугаар шинжээчийн..., Б.Гын биед бэлгийн бага уруулд шарх, нуруунд цус хуралт, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, ....гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...гэх дүгнэлт /хх-ийн 11/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн готлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Ц.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Хэрэг учрал болсон өдөр хохирогч Б.Г, шүүгдэгч Ц.Т нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч Ц.Т нь хохирогч Б.Гын биед бэлгийн бага уруулд шарх, нуруунд цус хуралт, зулайд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүдийг цохих, түлхэх цохигдох хүчний үйлчлэлээр үүссгэсэн үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан, хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогч нарын биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Хэргийн хохирогч Б.Г эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Шүүгдэгч Ц.Т нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 2 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн № 01 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №33 дугаарт шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар дээр мөн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №01 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 10 хоногийн хорих ялын эдлээгүй үлдсэн 1 жил 7 хоногийн хорих ялын зарим болох нэг сарын ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 сарын хугацаагаар баривчлах ялаар тогтоож байсан бөгөөд 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул шүүгдэгчийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч Б.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөнгөн дүнгээр хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Т нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Ц.Тын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгч Ц.Тд тухайн зүйл ангид заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Шүүгдэгч Ц.Т нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 1,4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Тыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Т нь шүүхээс оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Тд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5. Шүүгдэгч Ц.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Тд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА