Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 207

 

 

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2017/00208

 

 

 “Жинстийн жимс” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2016/01118 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “Жинстийн жимс” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Хоёр дахь албадан дуудлага худалдаа, санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Оюунбилэг,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаяр,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Жинстийн жимс” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 сарын 27-ны өдрийн 703 дугаар шийдвэрээр "Жинстийн жимс" ХХК-иас 970 417 765 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хотын банкинд олгохоор шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруу, 18-р байрны 58 тоот 34 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 58 тоотын өргөтгөлийн хэсэг A тоот 22.68 м.кв талбайтай цайны газар, 58 тоотын өргөтгөлийн хэсэг Б тоот 48.3 м.кв талбайтай дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 350 000 000 төгрөгөөр үнэлсэн. Хан-Уул дүүргийн 11-р хороо, Богины ам 34а тоот 3 давхар орон сууцыг 900 000 000 төгрөгөөр үнэлсэн. Баянгол дүүргийн 8-р хороо, 4-р хороолол, 8-р байр, 160 тоот 3 өрөө орон сууцыг 75 000 000 төгрөгөөр үнэлсэн байна. Тус албаны шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж буй дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэ тогтоон 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулж байгаа талаар мэдэгдэл өгсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчид 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах талаар гомдол гаргасан боловч миний гаргасан гомдлыг хугацаа нь болохоор өгнө гэж хэлээд 2016 оны 6 сарын 28-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч н.Хадбаатар нь баталгаат шуудангаар хүргүүлсэн байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас зохион байгуулсан 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Тус албанд санал болгох хурлыг хууль бус ажиллагаа явуулсан талаар ахлах шийдвэр гүйцэтгэгч н.Хадбаатарт 2016 оны 6 сарын 21-ний өдөр гомдол гаргасан боловч миний гаргасан гомдлын хариуг 2016 оны 8 сарын 17-ны өдөр 2 сарын дараа өгсөн болно. Тус алба нь дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2016 оны 6 сарын 10-ны өдөр албадан дуудлага худалдаанд оруулсан. "Жинстийн жимс" ХХК болон иргэн Д.Оюунбилэг надад ямар ч санал болгох хурлын талаар мэдэгдэл өгөөгүй атлаа 2016 оны 6 сарын 14-ний өдөр буюу Мягмар гарагт эрэн сурвалжлах хэсгийн ажилтан нь тус албанд аваачиж санал болгох хуралд шууд оруулсан нь эд хөрөнгийн зах зээлийн үнэ төлбөрийн хэмжээ ойролцоо учир төлбөртөө тооцон авахыг санал болгох нь төлбөр барагдуулах зорилгод нийцэхээс гадна өмчлөгчийн
эрх зөрчигдөхгүй бөгөөд энэ агуулга зарчмаар уг ажиллагаа хуулиар зөвшөөрсөн
байна. Үүнээс үзэхэд дуудлага худалдаагаар борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг
төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгох нь заавал хийгдэх ажиллагаа
биш болно. Өмчлөгч бусдын өмнө хүлээсэн үүргээ өмчлөлийн зүйлийг борлуулах
замаар шийдвэр гүйцэтгэлийн журмаар барагдуулах тохиолдолд өмчлөгчийн хувьд
эдлэх үндсэн эрх зөрчигдөхгүй байх ёстой. Гэтэл тус алба нь бусад өр төлбөрийг
тооцохгүйгээр шууд нэг талыг баримтлан Улаанбаатар хотын банкинд дээрх үл
хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлсэн мөн боломжит хугацаа огт олгоогүй. Иймд дээрх
үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэгүйдүүлж өмчлөгчийн эрхийг зөрчсөн тул тус албанаас
явуулсан 2 дахь албадан дуудлага худалдаа, мөн санал болгох ажиллагааг хүчингүй
болгуулж өгнө үү гэжээ.     

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шүүхэд гаргасан тайлбарт: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 703 дугаар шийдвэрээр "Жинстийн жимс" ХХК-иас 970 417 756 төгрөг гаргуулж Улаанбаатар хотын банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураан авсан төлбөр төлөгч "Жинстийн жимс" ХХК-ийн захирал Д.Оюунбилэгийн өмчлөлийн барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруу, 18-р байрны 58 тоот 2 өрөө орон сууц, 58 тоотын өргөтгөлийн хэсэг A тоот цайны газрын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 58 тоотын өргөтгөлийн хэсэг Б тоот дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүргийн 8-р хороо, 4-р хороолол, 8-р байрны 160 тоот 3 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Богины ам, 34а тоотод байрлах амрагчдын сууцны зориулалттай 3 давхар хувийн сууцыг төлбөрт битүүмжлэн, хураан, Иргэний хуулийн 177.1-д заасны дaryy талуудын харилцан тохиролцсон үнэлгээний 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177.4-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарын харилцан тохиролцсон үнэлгээний 50 хувиар тооцон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй. Иймд тус албаны 2016 оны 6 сарын 14-ний өдрийн санал болгох хурлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48.7-д заасны дaryy дээрх үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгож, шилжүүлэн өгөхөөр шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

   Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 34 дүгээр зүйлийн 34.3, 48 дугаар зүйлийн 48.7-д заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох комиссын 2016 оны 6 сарын 14-ний өдрийн 93 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, 2016 оны 6 сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 70 200 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаярын давж заалдах гомдолд: Санал болгох комиссын хуралдааны шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь нэгдүгээрт төлбөр авагчийн эрх ашиг, хоёрдугаарт хуулийн заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь “Жинстийн жимс” ХХК-д Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас санал болгох хурлын тухай биечлэн мэдэгдсэн бөгөөд уг мэдэгдлийн дагуу “Жинстийн жимс” ХХК-ийн захирал Д.Оюунбилэг уг ажиллагаанд оролцсон болно. Иймд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2016/01118 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн санал болгох комиссын хурлын шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж,  зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч "Жинстийн жимс" ХХК нь хоёр дахь албадан дуудлага худалдаа болон  төлбөрт хураагдсан эд хөрөнийг төлбөр авагчид санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 703 дугаартай "Жинстийн жимс" ХХК-иас 970 417 765 төгрөг гаргуулж, “Улаанбаатар хотын банк” ХХК-д олгох тухай   шийдвэр, 719 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруу, 18-р байрны 58 тоот 2 өрөө орон сууц, 58 тоотын өргөтгөлийн хэсэг A тоот цайны газрын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 58 тоотын өргөтгөлийн хэсэг Б тоот дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүргийн 8-р хороо, 4-р хороолол, 8-р байрны 160 тоот 3 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Богины ам, 34а тоотод байрлах амрагчдын сууцны зориулалттай 3 давхар хувийн сууцыг төлбөрт битүүмжлэн хурааж, үл хөдлөх хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагчтай харилцан тохиролцож тогтоох, талуудын тохиролцон тогтоосон үнийн 70 хувиар албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох журмыг мэдэгдсэн байх / хх 46-49, 53-58/ ба төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч харилцан тохиролцож дээрх 3 үл хөдлөх хөрөнгийн санал болгох нийт үнийг 2 650 000 000 төгрөгөөр тогтоосон /хх 41-43/ ажиллагаа явуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. Иймд хариуцагч байгууллагыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 10 дугаар зүйлийн 10.1.1, 36 дугаар зүйлийн 36.1, 36.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.    

   

             Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4 дэх хэсэгт заасан журмын дагуу төлбөрт хураагдсан хөрөнгүүдийг талуудын харилцан тохиролцож тогтоосон үнийн 70 хувь буюу 1 855 000 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг, хоёрдахь албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 1 325 000 000 төгрөгөөр тус тус тогтоон анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй болох нь хэргийн 42-68 дугаар талд авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шийдвэр гүйцэтгэх албаны мэдэгдэл зэрэг баримтуудаар тогтоогдсон тул анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн хоёрдахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.   

 

            Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт зааснаар хоёр дахь албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгох хурлыг 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр явуулсан боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад тухайлбал төлбөр төлөгчид уг хуралд өөрийн саналаа гаргах, тохиролцох боломж олгоогүй нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан цаг хугацаа, нэхэмжлэгчийн “санал болгох хурлын талаар өмнө нь мэдэгдээгүй, хурал болох өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны эрэн сурвалжлах хэсгийн ажилтан намайг  аваачиж хуралд суулгасан” гэх гомдлыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй зэргээр тогтоогдож байна.

 

           Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох талаар хуулийн нарийвчилсан зохицуулалт байхгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн ерөнхий зарчимд нийцүүлэн шүүх хуулийн заалтыг тайлбарлан хэрэглэсэн нь буруу биш юм.

 

            Иймд үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон өгөх санал болгох ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан зарчимтай нийцээгүй гэж анхан шатны шүүх үзснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

            Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2016/01118 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ 

           

                             ШҮҮГЧИД                                     А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                         

                                                                                      А.МӨНХЗУЛ