Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2021/0286

 

 

 

 

 

 

 

“Ж д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, цахимаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А, Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч, хариуцагч Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 212 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, “Ж д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/245 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэгт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 212 дугаар шийдвэрээр:

“Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2020/08 дугаар дүгнэлт, Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 180 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хоёр. Хариуцагч Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт:

1.“Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15, 11.2-т зааснаар Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /Кадастрын хэлтэс/ ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах бүрэн эрхтэй байх хэдий ч мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл холбогдох нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргах ёстой" гэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “...Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална",  56.1.5-д “...Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан" бол тусгай зөвшөөрлийг цуцлах зохицуулалттай тул Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/08 дугаар дүгнэлтийг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 180 дугаар шийдвэрээр цуцалсан.

2.“Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллага нь захиргааны акт батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг

 


сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг тайлбар, санал гаргах боломжоор хангах үүрэгтэй байх ба энэхүү маргааны тохиолдолд дээрх маргаан бүхий захиргааны актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2-т заасан сонсох ажиллагаа хийхгүй байх үндэслэлд хамаарахгүй тул хариуцагч нарыг маргаан бүхий захиргааны актуудыг гаргахдаа “сонсох ажиллагаа явуулаагүй байна гэж үзнэ" гэжээ.

 

Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “Нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол”, мөн хуулийн 28.1.2-т “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол" гэж заасны дагуу төрийн захиргааны байгууллага сонсох ажиллагаа хийхгүйгээр шууд шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Төрийн захиргааны байгууллага тухайн тусгай зөвшөөрлийг цуцлаагүй бол байгаль орчинд хортой нөлөө үзүүлж, орон нутгийн иргэд, малчдын эрүүл аюулгүй амьдрах орчин нь хязгаарлагдан, бэлчээр улмаар экологийн тэнцвэрт байдал алдагдаж мал их хэмжээгээр хорогдох байсан. Тиймээс дээрх гарцаагүй байдлын улмаас нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай байсан тул төрийн захиргааны байгууллага сонсох ажиллагаа хийхгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлтэй байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 212 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гурав. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүх шийдвэртээ: “...Ажлын хэсэг нь тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй гэх нөхцөл байдлыг эрх бүхий этгээдээс шалгаж тогтоогоогүй, Засаг даргаас хүргүүлсэн баримт нь хуулийн шаардлага хангаагүй байхад тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт гаргасан нь хууль бус болжээ” гэж дүгнэсэн байна.

Гэтэл Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2-т “...Аймаг, нийслэлийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ...” гэж, 16.2.4-д “...нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх” гэж, 16.2.10-д “...байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах...гэж тус тус заасан.

Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2-т “...Сум, дүүргийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ..." гэж, 17.2.4-д “...нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх” гэж, 17.2.8-д “...байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах” гэж тус тус заасан.

Дээрх хуульд заасан эрх бүхий байгууллага буюу нутгийн захиргааны байгууллага нь тухайн орон нутагтаа Байгаль орчныг хамгаалах хууль тогтоомж, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтийг хангуулах, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг мөрдүүлж ажиллах үүргийг хүлээдэг бөгөөд эрх, үүргийнхээ дагуу хяналт шалгалтаа хийж саналаа ирүүлсэн байдаг.

Түүнчлэн сумын иргэдийн Төлөөлөгчид нь орон нутгийн иргэдийн байр суурийг илэрхийлж, эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, иргэдийн оролцоог хангаагүй талаар нотолж, үүнийгээ цагдаагийн байгууллагаар шалгуулахаар өгсөн нотлох баримт байхад анхан шатны шүүх орон нутгийн захиргааны байгууллагын өөрсдийн эрх ашгаа хамгаалахаар явуулсан албан бичгийг хуулийн шаардлага хангаагүй гэж үндэслэлгүй дүгнэсэн болно.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2.6-д "байгаль орчинд хортой нөлөөлөх" гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл, эс үйлдэхүй хамаарна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч тал үйл ажиллагаа явуулаагүй гэдэг ч энэ нь байгаль орчинд хортой нөлөөлөх эс үйлдэхүй болж байгааг үгүйсгэх аргагүй юм.

Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 1.1-д “байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг" төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна” гэж заасан байхад анхан шатны шүүх Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг хяналт, шалгалтын байгууллага мэтээр хуулийг буруу тайлбарласан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1-д “...Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлнэ” гэж заасан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй хэргийн шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрт “...нэхэмжлэгч хуулийн этгээдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан чухам ямар үүргээ биелүүлээгүй болохыг нотолж чадахгүй байх тул нэхэмжлэгчийг байгаль орчин хамгаалах болон менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй гэж шууд буруутгах үндэслэл тогтоохгүй байна” гэж дүгнэсэн.

“Ж д” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4.4-т зааснаар тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг нөхөн сэргээлт хийхээсээ өмнө батлуулж, түүнийхээ дагуу техникийн нөхөн сэргээлт хийх ёстой байсан. 

Түүнчлэн нэхэмжлэгч нь байгаль орчны 5 жилийн менежментийн төлөвлөгөөнд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүйгээс тусгай зөвшөөрөл бүхий талбайн байгаль орчин бохирдсон нь мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон үйл баримт байхад анхан шатны шүүх дээрхийг харгалзаж үзээгүй болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 212 дугаар шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэж заасныг хангаагүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийн “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 106.4 дэх хэсгийн “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэсэн шаардлагыг бүрэн хангажээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/08 дугаар дүгнэлтээр “Ж д” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-010061 тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж үзэхдээ Увс аймгийн Засаг даргын “Санал хүргүүлэх тухай” мөн оны 1/489 дүгээр албан бичгийг үндэслэсэн, гэтэл уг саналд “…тус компанийг байгаль орчинд ихээхэн хохирол учруулж, олон жил байгаль хамгаалах талаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байгааг нутгийн иргэд, малчин эсэргүүцэж, удаа дараа гомдол гаргасан талаар, мөн нэхэмжлэгчээс уг орд газарт байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэхдээ олон нийтийн оролцоог хангаагүй, нарийвчилсан үнэлгээг дэмжсэн багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хурал болон уг хурлаас гарсан 6 дугаар санал нь хуурамч болохыг сумын удирдлага нотолж, тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал ирүүлснийг дэмжиж, холбогдох 5 хуудас материалыг хавсарган хүргүүлэв…” гэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан тохиолдолд тухайн тусгай зөвшөөрлийг цуцлахаар” заасныг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох яаманд аймаг, орон нутгаас ирүүлсэн аливаа саналыг эрх хэмжээнийхээ хүрээнд судалж, нягтлахгүйгээр зөвхөн “ёсчлох”, өөрөөр хэлбэл бодит байдалд хуульд заасан зөрчил гаргасан эсэх, зайлшгүй тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн эсэхийг шалгаж тогтоолгүйгээр “дүгнэлт” гаргах эрхийг олгосон зохицуулалт гэж үзэхгүй.

Ийнхүү дүгнэхийн учир нь хэрэгт авагдсан баримтаар “Ж д” ХХК 2018-2020 онд ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй болохыг холбогдох эрх бүхий болон мэргэжлийн байгууллагуудаас тогтоосон энэ тохиолдолд нэхэмжлэгчийг байгаль орчинд хортой нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэж буруутгах, цаашлаад тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа нь үндэслэлгүй юм. 

Аймгийн Засаг даргын дээрх санал ч хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсанчлан байгаль орчныг хамгаалах, хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд тогтоогдсон “зөрчил”-д бус зөвхөн иргэд, малчдын удаа дараагийн гаргасан гомдолд үндэслэсэн шинжтэй, иймд тухайн орон нутгийн болон багийн иргэд, малчдын гомдол үндэслэлтэй эсэхийг Засаг даргаас мөн л өөрийн чиг үүргийн дагуу шалгаж, зөрчлийг тогтоосон баримтгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал хүргүүлсэн байхад яамнаас үүнийг огт харгалзалгүйгээр “механик” байдлаар дүгнэлт гаргасан, улмаар яамны дүгнэлт үндэслэлтэй эсэхийг хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд тодруулалгүйгээр зөвхөн дүгнэлт ирүүлсэн гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр нь Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай хуульд тус тус нийцээгүй хууль бус захиргааны актууд байна.

Үндсэндээ сөрөг нөлөөлөл бүхий, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн маргаан бүхий шийдвэрүүдийг зорилгодоо бүрэн нийцсэн, үндэслэлүүд нь нотлох баримтаар хангалттай тогтоогдсон байх хуулийн шаардлагыг огт хангаагүй гэж үзнэ.

Учир нь “…аймгийн Засаг даргаас зохих хяналт шалгалт хийсний үндсэн дээр яаманд саналаа ирүүлсэн, хуурамчаар үйлдсэн гэх багийн Хурлын тэмдэглэл, албан бичгийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн…” гэх зэргээр дүгнэлт гаргах болсон үндэслэлээ яамны зүгээс тайлбарлах боловч Засаг дарга чухам ямар шалгалтыг хэзээ, хэрхэн явуулсан болох нь тодорхойгүй, бодит байдалд хяналт шалгалт огт явуулаагүй төдийгүй компанийн үйл ажиллагаа байгаль орчинд хэрхэн нөлөөлснийг тогтоох боломжгүй гэдгээ аймгийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн 2020 оны 1/1493 дугаар албан бичигт, түүнчлэн эрх бүхий байгууллагаас холбогдох баримт бичгүүдийг “хуурамч” гэж үзсэн ямар ч шийдвэр гараагүй талаар Увс аймгийн Цагдаагийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 45/1508 дугаар албан бичигт тус тус тодорхой дурджээ.

Гэтэл цаг хугацааны хувьд маргаан бүхий актуудаас хойш гарсан Увс аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 20-04-338/01 тоот дүгнэлтэд “Ж д” ХХК-ийг 2019 оны 5 дугаар сараас 10 дугаар сарыг хүртэл Шүдэн уулын давсны ордод техникийн нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэсэн, тусгай зөвшөөрлийн талбайд хууль бус олборлолт явуулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор байнгын харуул хамгаалалт ажиллуулж байгаа, хууль бусаар ашигт малтмал олборлоогүй, газар, газрын хэвлий эвдэж сүйтгээгүй, тусгай зөвшөөрөл бүхий талбай болон хүрээлэн буй орчинд хөрс, агаар, усны бохирдол үүсгээгүй, үйл ажиллагаандаа химийн хорт болон аюултай тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл ашиглаагүй болохыг тогтоосноос гадна байгаль орчинд хортой, сөрөг нөлөөлөл учруулаагүй гэж дүгнэсэн, аймгийн Байгаль орчны газрын 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 52, Давст сумын Засаг даргын 2021 оны 37, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын мөн оны 77 дугаар дугаар албан бичгүүдэд нэхэмжлэгчийг 2008-2020 онд үйл ажиллагаа явуулаагүй, харин тусгай зөвшөөрөл бүхий талбайд нь бичил уурхай эрхлэгчид байгаль орчныг бохирдуулсан, түүний баялагийг зүй бусаар ашигласан, гэмтээж сүйтгэснээс байгаль орчинд учирсан хохирлыг “Ж д” ХХК бүрэн арилгаж, нөхөн сэргээлт хийсэн болохыг тус тус тодорхойлсон байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/402 дугаар тушаалаар баталсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг хэлэлцэж дүгнэлт гаргах журамд Ажлын хэсгийн эрх, үүргийг тодорхойлохдоо тухайлбал журмын 3-т “…тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал хууль зүйн үндэслэлтэй, байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан чиг үүргээ биелүүлээгүй талаар эрх бүхий хууль хяналтын байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон, байгаль орчинд хортой нөлөөлж байгааг хэмжилт шинжилгээний дүнгээр баталгаажуулсан нь нотлох баримтаар тогтоогдож байвал ажлын хэсэг олонхын саналаар тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гаргах”-аар заасан, гэтэл маргаан бүхий дүгнэлт энэхүү шаардлагыг огт хангаагүйг журмаас өмнө гарсан гэх байдлаар зөвтгөх үндэслэлгүй.

Тэр ч байтугай Увс аймгийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 1/99 дүгээр албан бичгээр “Ж д” ХХК-ийн сүүлийн 2-3 жилд орон нутагт, Давст суманд хийсэн ажил, хөрөнгө оруулалтын үр нөлөөг болон ордыг ашиглахтай холбогдуулж хийсэн судалгаа, байгаль орчны менежментийн төлөвлөгөө зэрэг бичиг баримтыг судалж үзээд цаашид хамтран ажиллахад татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн нь хэрэгт авагджээ.

Иймд дээрх байдлаар хариуцагчдын гаргасан давж заалдах гомдлын үндэслэл нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хангахгүй орхиж, харин шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн нэг шаардлага болох “дүгнэлт”-ийг Ажлын хэсэгт холбогдуулж шийдвэрлэснийг зөвтгөсөн өөрчлөлт оруулав.

Учир нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг нь яамны хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг бүхий зохион байгуулалтын нэгж болохоос бус биеэ даасан захиргааны байгууллага биш, хуульд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргахаар заасан тул дүгнэлтийг ажлын хэсгийн бус яамны дүгнэлт гэж үзэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 212 дугаар шийдвэрийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “…Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар батлагдсан Ажлын хэсгийн…” гэснийг “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н, Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж нарын давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН