Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 989

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат,

шүүгдэгч Х.... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х....ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908029960970 дугаар хэргийг 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн ...тоотод оршин суух,

урьд Завхан аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял шийтгэгдэж, 2006 оны Өршөөлийн хуулиар суллагдсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 238 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Сартуул овогт ...ын ... /РД:.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Х.... нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт А....ын арматур таслагч, хом матагч, арматур матагч зэрэг багажийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилан 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Х.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж байна, хохирлыг төлсөн. Уг багажнуудыг ломбарданд тавиад дараа авах гэсэн чадаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Эрүүгийн 1908029960970 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч А....ын: “...2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр зүс таних урьд өмнө нь тоног төхөөрөмж түрээслэж байсан Х.... нэг ширхэг арматур тасдагч, нэг ширхэг хом матагч, нэг ширхэг арматур матагч, сунган тасдагч дөрвөн ширхэг багажийг 7 хоногийн хугацаанд 500.000 төгрөгөөр түрээслэхээр авсан. 3-4 хоногийн дараа таслагчаа буцааж өгөөд үлдсэн 3 ширхэг багажийг нийт 3.200.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод дахин 500.000 төгрөг нэмж үлдэгдэл 2.200.000 төгрөгийн нэг сарын хугацаанд төлөхөөр болж тохиролцсон боловч мөнгөө өгөлгүй сураггүй алга болсон.

...Надад нийт 2.200.000 төгрөгийн хохирол учирснаас 1.000.000 төгрөгийн хохирлоо авсан. Би ...тэй тохиролцож нотариатаар гэрчлүүлж гэрээ байгуулан үлдэгдэл мөнгийг 7 дугаар сарын 30-нд авахаар болсон. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-7, 74-75/,

Гэрч М....ын: “...Х.... Гранд плазагийн урд барилга дээр бригад байгуулаад барилгын ажилд ашиглахын тулд хэрэгтэй багаж болох хом матагч, арматур таслагч, арматур матагч тоног төхөөрөмжийг Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байдаг үл таних хүнээс түрээслэнэ гэж авч байсан. Барилгын ажлаа явуулж байхад захиалагч компани ажлыг зогсоосон, ажилчдынхаа цалинг олгож чадаагүй учраас уг тоног төхөөрөмжийг цалингийнхаа оронд ажилчиддаа өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-11/,

Гэрч Д....гийн: “...Х.... манай ломбарданд 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр арматур матагч, морин тасдагч, хом матагч, катан сунгагч, усны голом зэрэг тоног төхөөрөмжүүдийг 700.000 төгрөгийн барьцаанд тавиад өдийг хүртэл аваагүй. 14 хоногийн хугацаатай тавьсан ба хүлээлгийн хоног дуусснаас хойш би ... гэх хүний ...дугаарууд руу удаа дараа залгаж “тоног төхөөрөмжүүдээ аваарай” гэхэд эхлээд авна гэж байсан боловч сүүлдээ утсаа авахаа больсон...” гэх мэдүүлэг /хх-17-18/,

Гэрч М....ын: “...... нь манай барилгын карказын 1 м/кв-ыг 35.000 буюу 1980 м/кв талбайг нийт 70.000.000 төгрөгөөр бариулахаар тохиролцож барилгын ажил эхлүүлсэн. Ажил эхэлснээс хойш 7 хоногт хийх ажлыг 40 орчим хоногт багтааж хийснээс гадаа хүйтэрч, цаашид барилгын ажил явуулахгүйгээр барилгын ажил зогссон. Анх суурь 10.000.000, дээшээ давхар бүр 6.000.000 төгрөг байхаар тохиролцсон. Суурийн хөлс 10.000.000 төгрөгийг ...т өгсөн. Би ажлын хөлсийг бүрэн дүүрэн төлсөн. Миний өгсөн мөнгө ...ийн ажилчдын цалинд хангалттай хүрэх мөнгө байсан...” гэх мэдүүлэг /хх-22/,

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019.06.10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний 630 дугаар тайланд: “Арматур матагч 595.000, арматур тасдагч 1.080.000, хом матагч 525.000, нийт дүн 2.200.000 төгрөг” гэжээ /хх-31-33/,

Шүүгдэгч Х....ийн яллагдагчаар өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын дундуур 9 давхар зочид буудлын карказ угсралтын ажлыг хийлгэхээр иргэн ...тай амаар тохиролцож ажлаа эхлүүлсэн. Надад зарим барилгын багаж хэрэгтэй болсон учир Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо, Депогийн орчим хувиараа барилгын багаж түрээслүүлдэг А.... гэх хүнтэй очиж уулзахад 1.000.000 төгрөг өгч арматур таслагч худалдан авч, арматур матагч нэг ширхэг, хом матагч нэгийг 1 сарын хугацаатай түрээслэсэн. Ажлаа дуусгаад уг багажийг нийт 2.200.000 төгрөгөөр худалдаж авна гэж тохиролцсон. ...тай 3 сарын хугацаанд ажлаа дуусгахаар тохирсон. Гэвч нэг сарын хугацаа өнгөрөхөд зөвхөн барилгын суурь хэсэг боссон тул ... “хугацаа алдлаа, ажил хэт удаан байна” гэж ажлаа хийхээ болисон. Би ажилчдынхаа цалинг өгч чадахгүйдээ тулсан. Миний авсан мөнгө ажилчдын цалинд хүрэхгүй байсан учир би нөгөө багажаа хоёр ажилчинд цалингийнх нь оронд 900.000 төгрөгөөр өгсөн. “Та хоёр наадахаа барьцаанд тавиад мөнгөө гаргаад авчих би дараа очоод авчихъя” гэж хэлсэн. Тэгээд багажаа авч чадаагүй...”  гэх мэдүүлэг /хх-69-70/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-50/, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-51/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-52/, Голомт банкны  “Х.... данстай болох” талаарх тодорхойлолт /хх-53/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-55/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан хохирол төлөх талаарх баталгаа /хх-76/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн шүүгдэгчээс хохирогчид 1.200.000 төгрөг төлсөн банкны хуулгыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй болно.       

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Х.... нь 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн А....ын арматур таслагч, хом матагч, арматур матагч зэрэг багажийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч шилжүүлэн авч 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч А....ын “...2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр зүс таних урьд өмнө тоног төхөөрөмж түрээсэлж байсан Х.... гэдэг хүн арматур тасдагч, хом матагч, арматур матагч, сунган тасдагч багажийг 7 хоногийн хугацаанд 500.000 төгрөгөөр түрээслэхээр авсан. 3-4 хоногийн дараа таслагчаа буцааж өгөөд үлдсэн 3 багажийг 3.200.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод дахин 500.000 төгрөг нэмж үлдэгдэл 2.200.000 төгрөгийн нэг сарын хугацаанд төлөхөөр болж тохиролцсон боловч мөнгөө өгөлгүй сураггүй алга болсон...” гэх мэдүүлэг /хх-7/, гэрч М....ын “...Х.... Гранд плазагийн урд талд барилга дээр бригад байгуулаад ажиллаж байсан бөгөөд барилгын ажилд ашиглахын тулд хэрэгтэй багаж болох хом матагч, арматур таслагч, арматур матагч зэрэг тоног төхөөрөмжийг Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байдаг үл таних хүнээс дээрх багажуудыг түрээслэнэ гэж авч байсан...” гэх мэдүүлэг /хх-11/, гэрч Д....гийн “...Х.... манай ломбарданд 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр арматур матагч, морин тасдагч, хом матагчийг, мөн катан сунгагч, усны голом зэрэг тоног төхөөрөмжүүдийг 700.000 төгрөгийн барьцаанд тавиад өдийг хүртэл аваагүй. ...Удаа дараа залгаж “тоног төхөөрөмжүүдээ аваарай” гэхэд эхлээд авна гэж байсан ч сүүлдээ утсаа авахаа болисон...” гэх мэдүүлэг /хх-17-18/, шүүгдэгч Х....ийн яллагдагчаар өгсөн “...надад зарим барилгын багаж хэрэгтэй болсон учир ...багаж түрээслүүлдэг А.... гэх хүнтэй очиж уулзаад 1.000.000 төгрөг өгч арматур таслагч худалдан авч, арматур матагч, хом матагч нэгийг нэг сарын хугацаатай түрээслэсэн. ...Нөгөө багажаа хоёр ажилчинд цалингийнх нь оронд бодож 900.000 төгрөгөөр өгсөн...”  гэх мэдүүлэг /хх-69-70/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х....ийн урьдын харилцааны явцад бий болсон хохирогч А....ын итгэлийг урвуулан ашиглаж, хуурч, эд хөрөнгийг шилжүүлэн авч 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан буюу залилах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч А....т 2.200.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Надад нийт 2.200.000 төгрөгийн хохирол учирсан. Уг хохирлоос би 1.000.000 төгрөгийн хохирлоо авсан...” гэх мэдүүлэг /хх-74-75/, шүүгдэгчээс хохирогчид 1.200.000 төгрөг төлсөн банкны хуулга /шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримт/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.... 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Хохирлоо төлсөн ч эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн хорих ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Хувиараа ажил эрхэлж, санхүүгийн асуудал гарсны улмаас түрээслэсэн хөрөнгийг ажилчдын цалинд өгсөн гэм буруугаа хүлээж байгаа. Торгох ял оногдуулж өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /бусдын эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр шилжүүлэн авсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирлыг нөхөн төлсөн, хохирогч “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /хувиараа барилгын ажил эрхэлдэг, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага/-ыг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Х....т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлсийг үндэслэн шүүгдэгч Х....т 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Х.... урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Сартуул овогт ...ын ...ийг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х....ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х....ийг 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.... торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.... урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х....т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

             

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР