| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2020/0075/Э/ |
| Дугаар | 65 |
| Огноо | 2020-04-20 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Х.*******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн 203600610069 дугаартай 178/2020/0075/Э/ индекстэй хэргийг 2020 оны 04 сарын 15-ны өдөр хүлээн авч 04 сарын 20-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, ард захчин, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Манхан сумын Ботгон багт оршин суух хаягтай, аминдаа 240 мал, мотоцикль нэгийн хөрөнгөтэй, шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай ******* овогт ******* ******* /******* хочтой/
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
Шүүгдэгч Х.******* нь 2019 оны 06 сард Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн нутаг дэвсгэр “Наранбулаг” хэмээх газраас иргэн Я.******* өмчлөлийн бод мал болох 8 тооны хар алаг зүсмийн 1 тооны сарлагийн бух буюу 1 тооны бод малыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч иргэн Я.Гэрэлчулуунд 900000 төгрөгийн хохирол учруулсан , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Хэргийн газар үзлэг хийсэн...Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн нутаг дэвсгэрт “Наранбулаг” гэх нэртэй газарт болсон байлаа. Хэргийн газрын үзлэгийг иргэн Я.******* бух байсан гэх газраас эхэлж бух бэлчиж байсан гэх газрыг “А” үсгээр тэмдэглэж бухыг тууж ирж ачиж явсан гэх газрыг “Б” үсгээр бухыг ачиж авч ирж нядалсан гэх хашааг “Д” үсгээр тэмдэглэж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Хэргийн газраас ямар нэгэн ул мөр илрээгүй...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-07-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд Я.******* гэрчээр өгсөн...2017 онд Ховд аймгийн Манхан сумын Ботгон багт амьдарч байгаад 09 сард Ховд аймгийн Жаргалант суманд нүүж ирсэн. Нүүж ирэхдээ хүргэн Энхбаярт 30 тооны үхэр хүлээлгэн өгөөд ирсэн. 2019 оны 10 сарын 15-ны үеэр 15 үхэр зарсан. Үлдсэн 10 үхрийг сумын төвд оруулж ирж нядалсан. Бусад үхрийг идшинд хэрэглэж дуусгаад 1 бух үлдсэн. Тэгээд би үлдсэн бухаа өөр үхрээр сольж идэшний үхэр болгох гээд 2019 оны 06 сард очиход манай бух алга болсон байсан. Тэгтэл манай бухыг /*******/ ******* сумын төвөөс машин дуудаж “Наранбулаг” гэх газарт очиж ачиж сумын төвд оруулж ирж алсан байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 08-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд М.Цогтоогийн гэрчээр өгсөн...2019 оны 06 сард би гэртээ байж байхад Ц.Энхтөр, Х.******* нар Ц.Батмөнхтэй хамт Ботгон багт хүрээд ир гэхээр нь бид 2 миний өөрийн эзэмшлийн 96-61 ХОҮ улсын дугаартай ачааны “Портер” маркийн тээврийн хэрэгсэлтэй Манхан сумаас гараад оройны 18 цагийн үед Ботгон багийн бригадын төвийн дээд тал “Наранбулаг” гэх нэртэй газарт очиход Х.******* байж байсан. Ц.Батмөнх бид 2 очоод Х.*******тай нийлээд 2 тооны бух ачаад 23 цагийн үед сумын төвд ирсэн. Маргааш нь тухайн 2 бухыг алсан. Ц.Энхтөр өөрийнхөө авч ирсэн бухны махаа авч явсан. Би Х.*******ы авч ирсэн бухын махыг худалдаж авсан юм. Би Х.*******ы авч ирсэн бухыг хулгайн үхэр гэдгийг мэдээгүй. Намайг үхэр ачаад өг гэхээр нь би очиж ачиж авч ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Энхбаярын гэрчээр өгсөн...Би 2015-2019 оны хооронд хадам эгч Я.******* үхрийг хариулж байсан юм. 2018 оны намар 1 бух үлдээгээд бусад үхрийг зарж өгсөн. 2019 оны 06 сард хадам эгч үлдсэн 1 тооны бухаа асуухаар нь би “Хүйтэн” гэдэг газар гарч хайгаад олоогүй. Би тухайн бухыг бэлчээрээр байгаа байх гэж бодоод хайлгүй орхисон. 2019 оны 08 сарын эхээр Х.******* надад Гэрлээ эгчийн бухыг би хавар зарчихсан. Гэрлээ эгч урьд нь зараад өг гэж байсан юм чинь идэшний үхэр болгоод өг гээд надад хэлж байсан. Тэгээд дараа нь би Гэрлээ эгчтэй айлын хурим дээр тааралдсан. Тэгтэл надаас бухаа асуухаар нь хурим дээр олон хүн байхад найзыгаа муу хэлээд яахав гэж бодоод олдоогүй байна гэж хэлсэн. Х.*******д би Гэрлээ эгчийн бухны мөнгийг олж өгөөч гэхэд би ажил төрөлд ороогүй байна мөнгөтэй болохоороо өгнө гэсэн. 2020 оны 01 сард Гэрлээ эгч над руу залгаад миний бух яасан бэ? Юу болж байна гэхээр нь би сураг гарч байна сайн нягталж байгаад таньд хэлнэ гэхэд чи хамт зарчихаад юу яриад байгаа юм бэ? гээд над руу дайрахаар нь би зараагүй гээд хэрэлдсэн. Би яг хэзээ хаанаас явж очиж авсаныг сүүлд Х.*******аас сонссон. Цогтоо гэх хүнтэй очиж авсан гэж хэлж байсан. Х.******* надад урьд нь зарчих уу? гэж хэлж байсан. Яг авах үедээ надад хэлсэн зүйл байхгүй...гэх мэдүүлэг/ хх-ийн 12-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Энхтөрийн гэрчээр өгсөн...2019 оны 06 сард би ах Ц.Сонинтөртэй Ботгон багт очиж уулзаад бухаа өгчих оронд нь би бага насны бух олж өгнө гээд бухыг авахаар болсон. Сумаас М.Цогтоо гэх ахыг машинтай дуудсан. Тэгээд үхэр ачаад ирээрэй гэж хэлчихээд би тэндээ архи ууж байгаад түрүүлээд суманд хүрээд ирсэн. Араас М.Цогтоо ах Х.******* нар үхэр ачиж авч ирсэн. Би маргааш өглөө нь М.Цогтоо ахын гэрт очиход Ц.Батмөнх, М.Цогтоо 2 бух гаргаж байсан. Тэгээд би өөрийнхөө бухын махыг аваад явсан.Тэд мухар алаг 2 бух гаргаж байсан. Им тамгыг анзаараагүй. Хөх бух нь миний ахаас авсан бух байгаа юм. Алаг бух нь хэний бух юм мэдэхгүй. Миний бухтай хамт байсан болоод авч ирсэн байх. Хаана хэнд хэлж авч ирсэнийг би мэдэхгүй...гэх мэдүүлэг/ хх-ийн 13-14-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Сонинтөрийн гэрчээр өгсөн...Манай дүү Ц.Энхтөр надаас бух авмаар байна. Хүүхдээ үзүүлэх гэсэн юм. мөнгөний хэрэг болоод байна гэж хэлсэн. Манай бух хөх зүсмийн бух байсан. Бэлчээрт байхад нь авсан байх. Бэлчээрээр нийлээд байж байдаг байсан. Хүйтэн юм уу Шар булан орчимд бэлчээрлэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Батмөнхийн гэрчээр өгсөн...2019 оны хавар яг хэдэн сард гэдгийг санахгүй байна. М.Цогтоо ах над руу залгаад “хоёулаа миний машинтай хөдөө яваад ирье. Х.******* Ботгон багт ирээд үхэр ачаад өг” гээд залгаад байна гэж хэлсэн. Намайг гэрт байхад ирж аваад орой 17 цагийн үед Манхан сумаас гарч явсан санагдаж байна. Манхан сумын Ботгон багийн нутаг “Наранбулаг” гэх газарт очиж үхэр дотроос 2 тооны бух ачаад М.Цогтоо ах бид 2 хоёулаа машинтайгаа Манхан суманд ирж М.Цогтоо ахын хашаанд 2 бухаа буулгаад би гэрлүүгээ явсан. М.Цогтоо ах бид 2 “Наранбулаг” гэх газарт очиход Х.******* бид 2-ыг хүлээж байсан. Тэгээд бид гурав 2 тооны бухаа аваад М.Цогтоо ах бид 2 машинтайгаа түрүүлээд явсан. Нэг бухыг нь Х.******* Б.Энхбаяраас авч байгаа. Нэг бухыг Ц.Энхтөрөөс авч байгаа гэж хэлсэн.Би хулгайн үхэр гэж мэдээгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 20-21-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Рагчаагийн гэрчээр өгсөн...Би 2019 оны 06 сард Х.******* үхрийн мах зарна гэхээр нь цул бол авна гэхэд надад 90 орчим кг мах авч ирж өгсөн. Би тухайн үед 7500 төгрөгөөр бодож авсан. Нийт 600000 төгрөг болж байсан. Санагдаж байна. Нарийн сайн санахгүй байна. Би мөнгийг нь 2-3 хувааж өгсөн. Надад ямар нэгэн хулгайн малын мах гэж хэлээгүй. Мах зарна гэхээр нь цул бол авна гэж хэлээд мөнгийг нь хувааж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-рт/
Мал үнэлсэн шинжээчийн...сарлагийн бух 8 настай 900000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 29-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд...хохирогч /Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 06-01 тоотод оршин суух, 1950 оны 01 сарын 01-нд төрсөн, 70 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй тэтгэвэрт ******* дугаарын регистртэй/ ******* овогт ******* ******* өгсөн...2017 онд Ховд аймгийн Манхан сумын Ботгон багт амьдарч байгаад 09 сард Ховд аймгийн Жаргалант суманд нүүж ирсэн. Нүүж ирэхдээ хүргэн Б.Энхбаярт 30 тооны үхэр хүлээлгэн өгөөд ирсэн. 2018 оны 10 сарын 15-ны үеэр 15 үхэр зарсан Үлдсэн 10 үхрийг сумын төвд оруулж ирж нядлаад бусад үхрийг идшинд хэрэглэж дуусгаад 1 бух үлдсэн юм. Тэгээд би үлдсэн бухаа өөр үхрээр сольж идэшний үхэр болгох гээд 2019 оны 06 сард очиход манай бух алга болсон байсан. Тэгтэл манай бухыг /*******/ Х.******* сумын төвөөс машин дуудаж “Наранбулаг” гэх газарт очиж ачиж сумын төвд оруулж ирж алсан байсан. Манай бух 8 настай хар алаг сарлагийн бух аль нэг чихэндээ шар пирктэй байсан. Би бухаа 1500000 төгрөгөөр үнэлж байна... гэх мэдүүлэг/хх-ийн 34-35-рт/
Шүүгдэгч Х.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн...Би 2018 оны 11 сарны 20-ны үед Я.Гэрэлчулуунтай уулзахад надад одоо ганц бух үлдлээ дараа жил идэшний үхэр болгож авмаар байна гэхээр нь би 2019 оны 06 сарын дундуур Я.******* бухыг Манхан сумын Ботгон багийн дээд тал “Наранбулаг” гэх газраас очиж аваад махлаад зарсан. Би өөрөө тухайн үед намар Я.Гэрэлчулуунд идэшний үхэр өгнө гэж бодоод авсан. Гэтэл намайг цагдаад өгсөн байсан. Би сумаас Ц.Энхтөр гэж залуутай мал руу явсан. Ц.Энхтөр мөн өөрийнхөө 1 тооны үхэр авч ирж зарна гэж яваад хамт ирсэн. Бид 2 үхрээ М.Цогтоогийн “Портер” машинаар сум руу авч орж ирээд махалсан. Би М.Цогтоо, Ц.Энхтөр хоёрт Я.Гэрэлчулуун намайг зараад өг гэсэн юм. Сум оруулж зарж өгнө гэж хэлээд хамт сум руу аваад явсан. Намайг хулгайлсан гэдгийг мэдээгүй.Тэр үед мөнгийг нь авч чадаагүй. Дараа нь бага багаар авч хэрэглэсэн. Гэм буруугаа ойлгож байна. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:
Шүүгдэгч Х.******* нь 2019 оны 06 сард Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн нутаг дэвсгэр “Наранбулаг” хэмээх газраас иргэн Я.******* өмчлөлийн бод мал болох 8 насны хар алаг зүсмийн 1 тооны сарлагийн бух буюу 1 тооны бод малыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч иргэн Я.Гэрэлчулуунд 900000 төгрөгийн хохирол учруулсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад 900000 төгрөгийн хохирлыг төлсөн хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.*******ы өөрийнх нь мэдүүлснээр... Би 2019 оны 06 сарын дундуур Я.******* бухыг Манхан сумын Ботгон багийн дээд тал “Наранбулаг” гэх газраас очиж аваад махлаад зарсан. Би өөрөө тухайн үед намар Я.Гэрэлчулуунд идэшний үхэр өгнө гэж бодоод авсан гэх үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
Шүүгдэгч Х.******* нь нууцаар, хууль бусаар, бусдын 1 тооны бухыг зарж, 900000 төгрөгний орлого олсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан...бусдын мал хулгайлсан...гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Х. ******* болон өмгөөлөгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Х. *******ыг бусдын мал хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг :
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Я.Гэрэлчулуун нь ..Хэргийн материал танилцуулсан баримтанд шүүх хуралд суухгүй нэхэмжлэх зүйл байхгүй...гэх /хэргийн 78-р хуудас/ баримт, шүүгдэгч Х.*******ы гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ба хохирогчтой эвлэрсэн, хохирол нөхөн төлсөн...гэх баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Х.*******ыг хохирогч Я.Гэрэлчулуунд учруулсан хохирол 900000 төгрөгийг төлсөн гэж үзнэ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Х.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 48 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” – аар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Х.******* нь хохирогчид учруулсан хохиролоо төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Х.******* нь бусдын 1 тооны бух хулгайлсан гэмт хэрэг нь нотлогдсон тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 4 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг...хүлээлгэж, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэх саналтай гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлт тайлбартаа: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа. Хохирол төлсөн зэргийг харгалзан тэнсэж өгнө үү? гэв.
Шүүхээс шүүгдэгч Х.*******ыг бусдын мал хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт, тайлбар, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.*******ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 4 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.5-д заасан...тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Х.*******д тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар...оршин суух газар ,ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгч Х.*******д хүлээлгэв.
Эрүүгийн 2036000610069 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл тус тус хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бусдын мал хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхйи ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 4 сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн 2036000610069 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх 900000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.5-д заасан...тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Х.*******д тайлбарласугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар...оршин суух газар ,ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгч Х.*******д хүлээлгэсүгэй.
6. Шүүгдэгч Х.*******д “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА