Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 0681

 

 

   2016 оны 05 сарын 19 өдөр

          Дугаар 142/ШШ2016/00681

                       Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн  шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Ховд аймаг Жаргалант сум Цамбагарав багийн ЭСБА-ийн 24-р байрны 8 тоотод түр оршин суугч Олхонуд овгийн Дамдингийн Ариунаа /ПН:76062101 /

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант  баг Уртын гол 5-19 тоотод оршин суух Сатам овогт Магсарын Ренчинванжил /ИФ:76092019/

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ариунаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ренчинважилтай 1997 онд анх танилцаж 2000 оноос хамтран амьдраснаас хойш 2000 оны 03-р сарын 22-нд охин Норжинлхам, 2005 оны 10-р сарын 25-нд хүү Мягмар-Эрдэнэ-Од нар төрж бид 2013 он хүртэл хамт амьдарсан. М. Ренчинванжил нь архи их ууж ,ааш зан нь эвдэрч , агсан тавьж , зодож дарамтлаж тайван амьдрах нөхцөлгүйгээр бид 13 жилийг өнгөрөөсөн. Энэ бүх байдалд би хүлээцтэй тэвчээртэй ханддаг байсныг ах дүү ойр дотны хүн бүхэн мэднэ . Тэгтэл сүүлдээ бүр даамжирсаар амь насаа алдахад хүрсэн. Тийм учраас Ренчинванжилтай ахин амьдрах байтугай эвлэрэх асуудал байхгүй шууд л гэр бүлээ цуцлуулмаар байна. Ингэж архи их ууж , гэр орондоо хонож өнждөггүй ажилгүй хүнтэй охин Норжинлхам, хүү Мягмар-Эрдэнэ-Од нараа байлгаж чадахгүй тул гэрлэлтээ цуцлуулж, охин Норжинлхам, хүү Мягмар-Эрдэнэ-Од нараа өөрийн асрамжиндаа авч М.Ренчинванжилаас хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулан авах хүсэлтэй байна. М. Ренчинванжил бид хоёр эд хөрөнгийн маргаан байхгүй тул гэрлэлтийг минь цуцалж охин Норжинлхам, хүү Мягмар-Эрдэнэ-Од нарт тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ. 

Хариуцагч М.Ренчинванжил шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ренчинванжил нь 1997 онд оюутан байхдаа анх танилцаж 2000 оны 03-р сарын 22-нд охин Норжинлхам, 2005 оны 10-р сарын 25-нд хүү Мягмар-Эрдэнэ-Од нар төрсөн. 2000 онд Орхон аймагт шилжин ирж амьдарсан. 2003 оны 10 дугаар сарын 11-нд албан ёсоор хурим хийж 2013 оны 10 сар хүртэл элэг бүтэн хамт амьдарсан. Ийнхүү амьдрахдаа би ажилгүй байж үзээгүй. Эхнэр бид хоёр гэр бүлийн маргаангүй сайхан л амьдардаг байсан. Энхэр нэг бус удаа миний таних танихгүй хүнээс их, бага хэмжээний мөнгө  төгрөг надад хэлэхгүй авдаг байсныг би хожим мэдэж хааяа гэр бүлийн маргаан гардаг болсон.  Эхнэр 2013 оны  10 дугаар сард хүү Мягмар-Эрдэнэ-Одыг намайг ажилд явсан хойгуур аваад явсан байсан. Охиныг маань ятгасан боловч охин би явахгүй би эндээ аавтайгаа үлдэнэ гээд хоцорсон байсан. Охин Норжинлхам дөрөвдүгээр сургуульд 10-р ангид сурдаг. Одоо оюутан болох болохоор хоёр хүүхдийнхээ ирээдүйг бодож хамт амьдармаар байна.  Эхнэр Ариунаа Ховд аймагт  түрээсийн байранд амьдарч тодорхой ажилгүй учраас хоёр хүүхдээ өгмөөргүй байна. Эцэст нь хоёр хүүхдээ бодож урьдынх шигээ аз жаргалтай байлгамаар байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Ариунаа нь шүүхэд гаргасан тайлбартаа: Би М.Ренчинванжилаас нууж хүнээс мөнө төгрөг зээлж үзээгүй худлаа зүйл бичсэн байна. Мөнгө төгрөгний асуудлыг бид хоёр харилцан ярилцаж зөвшилцөж байж л авч өгөлцдөг байсан.  Мөн хүү Мягмар-Эрдэнэ-Одыг авч ирэхдээ бүх хол ойрын ах дүү нарт нь хэлээд ирсэн. Охин Норжирлхамаа өөрийнх нь саналаар хадамуудын асрамжинд 10 дугаар анги учраас тэндээ төгсөе гэж ярилцаад үлдээсэн.  Ямарч байсан хоёр хүүхдээ өөрийн асрамжиндаа авмаар байна. Архи ууж зодож дарамталдаг байсан учраас л салах болсон гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Д.Ариунаа нь хариуцагч М.Ренчинванжилд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Зохигчид 1997 онд анх танилцаж, хамтран амьдарсан бөгөөд 2006 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь Г-124 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрлэгсдийн дундаас 2000 оны 03 дугаар сарын 22-ны өдөр охин Р.Норжинлхам, 2005 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүү Р.Мягмар-Эрдэнэ-Од нар төрсөн, одоо эрүүл өсөж байгаа болох нь хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Жаргалант сумын арван жилийн нэгдүгээр сургуулийн сургалтын менежерын тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна.

Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцлын улмаас гэр бүлийн таарамжгүй харилцаатай байсан, одоо тусдаа амьдарч байгаа,  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн тайлбар зэргийг харгалзан шүүх гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.

Хариуцагч М.Ренчинванжил нь хүү Р.Мягмар-Эрдэнэ-Одын эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргасан боловч хүсэлтээ дэмжээгүй, Р.Мягмар-Эрдэнэ-Одын төрсөн эцэг болохыг хүлээн зөвшөөрч 2005 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Г-1270 дугаартай төрсний гэрчилгээ авсан зэрэг нөхцөл байдлыг үнэлээд Р.Мягмар-Эрдэнэ-Одын төрсөн эцэг нь М.Ренчинванжил мөн гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргах үед охин Р.Норжинлхам аавынхаа асрамжинд байсан ба одоо ээж, дүүгийн хамтаар амьдарч байгаа, Ховд аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн шинжээчийн багийн дүгнэлт, хүүхдүүдийн өөрсдийнх нь саналыг тус тус харгалзан  2000 оны 03 дугаар сарын 22-ны өдөр охин Р.Норжинлхам, 2005 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүү Р.Мягмар-Эрдэнэ-Од нарыг эх Д.Ариунаагийн асрамжинд байлгах нь зүйтэй байна.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс  нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх  эрхтэй гэж заасан байх тул эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа эд хөрөнгийн маргаангүй гэсэн ба хариуцагч энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй болно.

Нэхэмжлэгч Д.Ариунаа шүүх хуралд өөрийг нь байлцуулахгүйгээр хурлыг хийлгэх тухай хүсэлтээ хурал бүрийн өмнө гаргадаг ба ирэхгүй байгаа шалтгаанаа нуруундаа гэмтэл авсны улмаас эмчилгээ хийлгэж байгаа, доргионтой унаагаар явах боломжгүй, өндөр настай аав, ээж болон харах хандах хүнгүй хоёр хүүхдээ орхиод явах боломжгүй, санхүүгийн хувьд хүндрэлтэй, хариуцагчийн зүгээс утсаар байнга дарамталж заналхийлдэг тул аргагүй эрхэнд очих боломжгүй байна гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн өөрийгөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хариуцагч М.Ренчинванжилын шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн ба хүсэлттэй холбоотой холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй, удаа дараа дуудахад шүүхийг үл хүндэтгэн гаргасан хүсэлтээ дэмжихгүй байх тул хэргийг сэргээж 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 15 цаг 30 минутад болох шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүй тул шүүхэд албадан ирүүлэх захирамж гаргаж хариуцагчийг албадан ирүүлсэн ба 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 30 минутад болох шүүх хуралдааны товыг 2016 оны 05 дугаар сарын 17-ний өдөр өөрийн биеэр авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 131 дүгээр зүйлийн 131.3-т заасны  дагуу зохигчдыг байлцуулахгүйгээр, хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хянан шийдвэрлэсэн болно.

            Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.Ренчинванжилаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ариунаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 69 765 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй. 

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Олхонуд овогт Дамдинын Ариунаа, Сатам овогт Магсарын Ренчинванжил нарын гэрлэлтийг цуцалсугай.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2000 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Р.Норжинлхам, 2005 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Р.Мягмар-Эрдэнэ-Од нарыг  эх Д.Ариунаагийн асрамжинд үлдээсүгэй.
  3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар Р.Мягмар-Эрдэнэ-Од, Р.Норжинлхам нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг М.Ренчинванжилаар тэжээн тэтгүүлсүгэй.
  4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.
  5. Нэхэмжлэгч Д.Ариунаа нь эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
  6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц  шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Одончимэгт даалгасугай.
  7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.Ренчинванжилаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ариунаад, 69 765 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.
  8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

      ШҮҮГЧ                                     Л.АРИУНЦЭЦЭГ