Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 1003

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа, 

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Аззаяа,

шүүгдэгч Л.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Л....ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908021211086 дугаар хэргийг 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ...тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигин овогт ...гийн ... /РД:.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Л.... нь 2019 оны 4 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны ...тоотод оршин суух иргэн Э....ийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар сунадаг шат 1 ширхэг, төмөр хаалганы цоож 1 ширхэг, сликон цавуу 5 ширхэг, гутал /онцгой байдлын ажлын албаны гутал/ 1 хос, шрүп 2 хайрцаг, унадаг дугуй /хуучин/ 1 ширхэг зэргийг хулгайлан авч бусдад нийт 423.500 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л....ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний буруу учраас мэдүүлэг өгөхгүй. Цэргийн найзтайгаа таараад архи уусан. Намайг уучлаад хөнгөн ял өгнө үү” гэв.

Эрүүгийн  1908021211086 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Э....ийн: “Би 2019 оны 4 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө 00 цагийн орчимд гэртээ байхад ээж Бямбаханд над руу яриад “”танай хойд талын байшинд чинь хулгай орчихсон байна” гэж хажуу талын айлын хүмүүс утасдсан” гэсэн. Тэгээд би шууд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ... тоот хашаандаа иртэл хажуу айлын хүмүүс хулгайчийг барьчихсан байсан. Манай урд айлын ... /.../ гэх залуу шал согтуу баригдчихсан байсан. Байшин дотор орж алдагдсан эд зүйлсээ үзэхэд барилгын сунадаг шат, бүргэд хаалганы ком цоож, сликон 5 ширхэг, 2 хайрцаг шрүп, унадаг дугуй, онцгой байдлын албаны ажлын гутлыг ... /Л..../ гэх залуугийн хашаан дотроос авсан. Би ... /Л..../ дээр очоод “яагаад ингэж байгаа юм бэ” гэж асуухад “нэгэнт авчихсан юмыг яадаг юм бэ, цагдаагаа дууд” гээд байсан. ...Манай байшингийн урд талын цонхоор орчихсон байсан. Хажуу айлын эгч ... хулгай хийж байсан залуу ...ыг барьж ээж рүү ярьсан байсан. ... архи их уусан юм шиг байсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-17-18/,

Гэрч Д....гийн: “Би тухайн өдөр ...23 цагийн орчим нойл орчихоод явж байтал ...ийн байшингийн тэр хавьд хүн дуугараад, чимээ гараад байх шиг байхаар нь яваад очтол нэг согтуу хөл нүцгэн хүн цонхыг нь онгойлгочихсон доор нь сууж байсан. Тухайн хүнээс юу хийж байгааг нь асуухад шал согтуу юм дуугарахгүй байсан. Байшингийнх нь тэр хавьд эд зүйлс гаргаад тавьчихсан байсан. Тэгээд би ...ийн ээж Бямбаханд руу залгаж “...ийн байшинд хулгайч орсон байна, хүн нь энд байна” гэж утасдаж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-26/,

Гэрч Д....ийн: “...Орой 00 цагийн орчимд хажуу талд нохой хуцаад хүмүүс орилолдоод байсан. Гараад очтол манай арын хашаан дотор ... шал согтуу өөрийн мэдрэлгүй байж байсан. Хажуу айлын хүмүүс гараад ирчихсэн “танай нөхөр хулгай хийсэн байна” гэж ярьж байсан. ... хувиараа барилга дээр ажиллаж байгаа...” гэх мэдүүлэг /хх-24/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2019.05.06-ны өдрийн хөрөнгийн үнийн 19/163 дугаар тодорхойлолтод: “Сунадаг шат 200.000, цоож 60.000, цавуу 7.500, гутал 100.000, шрүп 6.000, унадаг дугуй 50.000, нийт дүн 423.500 төгрөг” гэжээ /хх-28-29/,

Шүүгдэгч Л....ын яллагдагчаар өгсөн: “2019 оны 4 дүгээр сарын 16-ны 17 цагийн орчим цэргийн найз ...тай Хархорин зах дээр тааралдсан. Паб-д пиво, архи уусан. Нилээд муудсан ухаан санаа орж гараад байсан. Тэндээс харихаар болж ...аас салаад автобусанд суусан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байгаа. Нэг мэдэхэд цагдаагийн машин дотор сэрсэн. ...Би яагаад хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-37-38/,

хэргийн газрыг үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-10/, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны тодорхойлолт /хх-43/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-45/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-46/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-47-49/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-66/, АСАП сангийн мэдээлэл /хх-67-69/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Л....ыг гэм буруутайд тооцуулах саналтай. Бусдад төлөх төлбөргүй. Завдалт гэх ойлголт энэ хэрэгт байхгүй. Эд хөрөнгийг хашаа давуулан шидсэнээр гэмт хэрэг төгссөн гэж үзэж байгаа...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн хувьд маргахгүй, орон байранд нэвтэрсэн үйлдэл дээр маргаагүй. Шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д зааснаар завдалт гэж үзэж байгаа. Гэрч ... ирснээр хулгайн үйлдэл таслан зогсоогдсон. Тиймээс хулгайлсан эд зүйлийг өөрийн дураар захиран зарцуулах бодит бололцоо үүсээгүй байсан тул зүйлчлэлийг өөрчилж өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцуулав.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Л.... согтуурсан үедээ 2019 оны 4 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны ...тоотод байрлах иргэн Э....ийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч 423.500 төгрөгийн  үнэ бүхий эд зүйлийг хулгайлахыг завдсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Э....ийн “...урд айлын ... /.../ гэх залуу шал согтуу баригдчихсан байсан. Манай байшингийн урд талын цонхоор орчихсон байсан. Хажуу айлын эгч ... хулгай хийж байсан залуу ...ыг барьж ээж рүү ярьсан байсан...” гэх мэдүүлэг /хх-17-18/, гэрч Д....гийн “......ийн байшингийн тэр хавьд хүн дуугараад чимээ гараад байх шиг байхаар нь яваад очтол нэг согтуу хөл нүцгэн хүн цонхыг нь онгойлгочихсон доор нь сууж байсан. Байшингийнх нь тэр хавьд эд зүйлс гаргаад тавьчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-26/, гэрч Д....ийн “...ар талын хашаанд ... шал согтуу өөрийн мэдрэлгүй байж байсан. Хажуу айлын хүмүүс “танай нөхөр хулгай хийсэн байна” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-24/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн 19/163 дугаар “Сунадаг шат 200.000, цоож 60.000, цавуу 7.500, гутал 100.000, шрүп 6.000, унадаг дугуй 50.000, нийт 423.500 төгрөг” гэх тодорхойлолт /хх-28-29/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-10/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Л....ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.... бусдын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, бусдын эд хөрөнгийг уг орон байрнаас гарган тавьсан, улмаар хашаа давуулж байх явцад нь гэрч Т.... ирснээр түүний хулгайн үйлдэл таслан зогсоогдож туйлдаа хүрээгүй болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч, гэрч Т.... нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл гэмт этгээд эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үеэс хулгайлах гэмт хэргийг төгссөнд тооцох бөгөөд шүүгдэгч Л.... тухайн эд хөрөнгийг хадгалагдан хамгаалагдаж байсан орон байрнаас нь хөдөлгөж шилжүүлсэн байх боловч өөрийн болгон хэрэглэх бодит боломж бүрдээгүй байгаа тул хулгайлах гэмт хэргийг төгссөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн болно. Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Л....ын хохирогч Э....ийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч нэр бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан санаатай үйлдэл нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхийг завдсан гэмт хэргийн шинжтэй байх тул Л....ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Э....т 423.500 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “Эд зүйлээ буцаан авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-17-18/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.     

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Бусдын орон байр халдашгүй байх ёстой. Шүүгдэгч согтуугаар үйлдсэн, үйлдэл дээрээ баригдсан учраас хулгайлсан эд хөрөнгийг буцаан өгсөн байгааг анхаарах хэрэгтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Л....т 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч нь хувиараа гагнуурын ажил амьдралаа авч явдаг. Бага насны 3 хүүхэдтэй. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэх ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж хуульчилсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заасан бөгөөд дээрх хуулийн зохицуулалтаас дүгнэхэд гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутай үйлдэлд оногдуулах эрүүгийн хариуцлагад ялын дээд болон доод хэмжээг хуульчлаагүй, харин гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж, төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан тухайн гэмт хэргийн ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр хэмжээг тогтоох нь шүүхэд эрх олгосон заалт болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, бусдын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор орж эд зүйлийг нь гарган тавьсан, зарим эд зүйлийг өөрийнхөө хашаа руу давуулсан байсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 423.500 төгрөгийн хохирол учирсан, хохирогч “Эд зүйлээ буцаан авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /эхнэр, 3-13 насны 3 хүүхдийн хамт амьдардаг, хийсэн хэрэгтээ гэмшиж буй байдал/ болон шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг тус тус харгалзан шүүгдэгч Л....т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10 /арав/ сарын хорих ял оногдуулж, уг ялыг дээрх үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.    

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л....т урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Л....ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Боржигин овогт ...гийн ...ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Л....ыг 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л....т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л....ыг урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л....т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л....т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР