Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 1004

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,  

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр,

шүүгдэгч С.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1,  17.4 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт С....ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808005670259 дүгээр 3 хавтас хэргийг 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, ...тоотод оршин суух бүртгэлтэй, тодорхой оршин суух хаяггүй,

урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 262 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Монгол овогт ...гийн ... /РД:....

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч С.... нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр ...тоотод байрлах иргэн Д....ийн үйл ажиллагаа явуулах зориулалттай үйлдвэрийн байрны дээврийн цонхоор нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Bosch брендийн хөрөө 1 ширхэг, Кен брендийн цахилгаан уран хөрөө 1 ширхэг, хонины гулууз мах 3 ширхэг зэргийг хулгайлан авч бусдад 413.100 төгрөгийн хохирол шууд учруулсан, вакум салхины шил 13.200 төгрөгийн хор уршиг, нийт 426.300 төгрөгийн хохирол учруулсан,

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хайрханы 02-05 тоотод үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-нд мужаанаар ажиллаж байхдаа 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 84.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан дрилл 1 ширхэг, 184.000 төгрөгийн үнэлгээ бүхий уран хөрөө 1 ширхэг, 72.000 төгрөгийн үнэлгээ бүхий зүлгүүрийн шар машиныг, 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 176.000 төгрөгийн үнэлгээ бүхий градустай цахилгаан хөрөө 1 ширхэг, 184.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан харуул 1 ширхэг, 1.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий монгол гэрийн тооно 1 ширхгийг тус тус завшиж, бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол буюу нийт 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, ...дүгээр орцны подвальд иргэн Д....тэй маргалдан, толгойн тус газарт нь хайчаар хатгаж эрүүл мэндэд нь “зүүн зулай ясны цууралт, зүүн чамархай, дагзны хатуу хальсан доорх нимгэн ялтаслаг цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, дагзны шарх, хоёр нүдний зовхи, эрүүний баруун буланд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Зарын дагуу ...тэй танилцаж ажилд орсон. 2.500.000 төгрөгөөр тохироод гэр хийхээр болсон. Урьдчилгаа 500.000 төгрөг авч хохирлоо өгнө гэж тохирсон. Эхлээд тооноо хийсэн. Тэнд өлмөн, зэлмэн ажил хийж, юмыг нь харж ханддаг байсан. Тооноо хийж дуусаагүй байхад үйлдвэрийн цахилгаанаа таслуулсан. Хэлэхэд тэр ирээгүй. Өөр газар очиж ажлаа хийж байсан. Тоног төхөөрөмжөө барьцаанд тавьж хоол ундны зүйл авсан байсан. Урьдчилгаа авъя гэхэд өгөөгүй, түүнээс дэлгүүрт 10.000, унааны мөнгө гэж 1000, 2000 төгрөг авч байсан. Хохирогч мөнгө өгсөн талаар худлаа хэлсэн байна лээ, нэг ч төгрөг аваагүй. ...н хувьд сайн мэдэхгүй. Гэмшиж байгаа. Хулгайн хэрэгтээ гэмшиж байна. Намайг хүмүүс “...” гэж дууддаг. Би өөрийгөө “...” гэж хэлж байгаагүй. Хохирлоо ажил хийгээд төлж барагдуулна. 3 зүйл ангиа хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээж байна” гэв.

 

Эрүүгийн  1808005670259 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

1. Яллагдагч С.... нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, ...тоотод байрлах иргэн Д....ийн байшинд нэвтэрч “Bosch” брендийн хөрөө 1 ширхэг, “Кен” брендийн цахилгаан уран хөрөө 1 ширхэг, хонины гулууз мах 3 ширхгийг хулгайлан авч 426.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

Хохирогч Д....ийн: “...2018 оны 01 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө манай үйлдвэрийн 2 давхрын корридорын цонхыг хагалж, хулгай орж агуулахын 1 давхрын гражид байсан машины ачаан дээрээс хонины 3 ширхэг гулууз мах, ажлын байрны зааланд байсан градус дардаг цахилгаан хөрөө рам алдагдсан. ...3 ширхэг гулууз мах 450.000 төгрөгөөр үнэлнэ. Градус дардаг хөрөө рамыг 2017 оны эхээр 920.000 төгрөгөөр худалдан авсан. Одоо энэ үнээрээ үнэлнэ. Гомдолтой байна, алдагдсан эд зүйлийг олж өгнө үү. ...Градустай хөрөөгөө буцааж авсан. Бусад эд зүйлсээ олж аваагүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-54-56, 57/,

Гэрч Б....гийн: “Уг үйлдвэрт би туслахаар ажиллаж байсан. 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр үйлдвэр дээр 11 ширхэг хонины мах ирээд би тэр махыг ээжийнх нь машинд оруулж хийсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-59-60/,

Гэрч Ж....ийн: “...11 ширхэг хонины гулууз мах ачаад явуулсан. 2018 оны 01 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хамаатны хүүхэн ...ийн “...” тавилгын үйлдвэрийн байрны гражид хийсэн гэж хэлж байсан. ...2018 оны 01 дүгээр сарын 22-ны 9 цагийн үед босоод байж байтал ... орж ирээд “үйлдвэрт хулгай орсон байна, таны хонины 11 ширхэг гулууз махнаас 3 ширхэг алга болсон байна, би цагдаад мэдэгдчихлээ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-61-62/,

“Дамно” ХХК-ийн 2019.5.06-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний СХД3-19-468 дугаар тайланд: “Градустай хөрөө 150.000, цахилгаан уран хөрөө 54.000, вакум цонхны шил 13.200, хонины 3 ширхэг гулууз мах 209.100, үнэлгээгээр нийт 426.300 төгрөг” гэжээ /2 дугаар хавтас, хх-224-225/,

Шүүгдэгч С....ын: “Би 2018 оны 01 дүгээр сард зар сонин дээрээс “мужаанаар ажилд авна” гэхээр нь утсаар яриад сарын 800.000 төгрөгөөр ажиллахаар тохиролцоод тэр газар 6 хоног ажилласан. Инженер нь “их удаан ажил хийгээд байна, цалинг чинь 600.000 төгрөг болгоно” гэсэн. “Тэгвэл ажилласан өдрийнхөө мөнгийг аваад гаръя” гэхэд мөнгө өгөхгүй гэсэн. Захирал ... гэх эмэгтэйтэй уулзаад “ажил хоногийн мөнгөө авъя” гэхэд надад 10.000 төгрөг өгөөд өөр мөнгө өгөхгүй гэсэн. Надад 120.000 төгрөг өгөх ёстой байсан. Миний дургүй хүрээд 1 сарын сүүлчээр байх би согтуудаа шөнө 23 цагийн орчимд нөгөө “Уран хос” компанийн үйлдвэр дээр ирээд зүүн талын жалга хэсгээр нь гражийн дээр гараад дээврээр дамжиж яваад байшингийн цонхыг хашаанд байсан төмрөөр хагалаад орсон. Градустай модны жижгэвтэр 10 орчим кг жинтэй хөрөөг нь аваад гарах гэхэд мах ачсан цэнхэр өнгийн Портер машин байхаар нь хонины 1 гулууз мах аваад орж ирсэн цонхоороо гараад жалгаар доош алхаад 34 дүгээр байрны гүүрийн араас засмал зам дээрээс таксинд суугаад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр 120-ын 18 дугаар байрны 3 дугаар орцны подваль руу явсан. Тэгээд таксины жолоочид “би мөнгөгүй байна, чи ахдаа хэдэн төгрөг өгөөд энэ махыг авчих” гэхэд надад 40.000 төгрөг өгөөд махыг авсан. Тэгээд хөрөөгөө оруулж подвальд оруулж нуучихаад ...архи авч ганцаараа уучихаад дахин мах авмаар санагдаад байхаар нь би буцаж такси бариад нөгөө үйлдвэр дээр ирээд таксигаа хүлээлгэчихээд эргэж нөгөө цонхоороо ороод 2 хонины гулууз мах, сэлбэг хийчихээр эвдэрхий уран хөрөө байсныг бас аваад шуудайнд нэг гулуузны хамт хийгээд, нэг гулуузыг нь үүрээд цонхоор гарч шуудайтай зүйлсээ чирээд такси руугаа явсан. Замдаа шуудай цоороод нөгөө уран хөрөө хаягдсан байсан. Тэгээд хонины 2 гулууз махыг аваад подваль руугаа яваад очсон. Маргааш нь градустай хөрөөгөө авч яваад Нарантуул зах дээр тоног төхөөрөмж авдаг хүнд 95000 төгрөгөөр зарсан. Харин нэг гулуузыг нь 50.000 төгрөгөөр зараад мөнгөөр нь архи уусан. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-98-99, 2 дугаар хавтас, хх-99-100/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-7-11/, шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-39-50/,

2. Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хайрханы 02-05 тоотод үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-д мужаанаар ажиллаж байхдаа 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө цахилгаан дрилл 1 ширхэг, уран хөрөө 1 ширхэг, зүлгүүрийн шар машиныг,2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр градустай цахилгаан хөрөө 1 ширхэг, цахилгаан харуул 1 ширхэг, монгол гэрийн тооно 1 ширхгийг тус тус завшиж, 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

Хохирогч С....ийн: “...Би 2018 оны 4 дүгээр сарын 17-ны үед санагдаж байна. Зарын дагуу ... гэх залууг авч ажиллуулсан. ... нь манай Био дахь аж ахуйн хашаанд байрлан ажилладаг байсан. Манай сийлбэртэй Монгол гэр хийдэг үйлдвэр 2018 оны 02 дугаар сард Сүхбаатар дүүрэгт буюу Их дэлгүүрийн хойд талын 3 дугаар байрны подвалийн давхарт үйл ажиллагаа явуулдаг байхад ... ирээд ажилд ормоор байна гээд гуйгаад байдаг байсан. ... манай аж ахуйн хашаанд 2018 оны 4 дүгээр сараас хойш байрлаж ажиллахдаа градустай цахилгаан хөрөө, уран хөрөө, цахилгаан дрилл, цахилгаан харуул, зүлгүүрийн цахилгаан шар машин, 6 ханатай монгол гэрийн тооно зэрэг эд зүйлсийг хулгайлан авч зарсан байна. Өнөөдөр буюу 2018 оны 5 дугаар сарын 17-ны 18 цаг 30 минутын үед өөрийн аж ахуйн хашаанд ...гийн цалин мөнгийг өгөх гэж очиход хашаан дотор мөнгөлөг өнгийн Хондо Кап маркийн автомашин оруулаад зогсоосон, ... болон жолооч нар нь миний үйлдвэрийн суурин ногоон цахилгаан хөрөө, суурин презерийн машин хоёрыг хулгайлж ачаад явах гэж байхад нь тааралдаж барьж авсан. ... их хэмжээний согтолттой байсан. Уг жолоочийг хөлслөөд 32-н тойрогт байх айл руу ачиж авч явах гэж байсан. Ингээд цагдаад хандаж байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-1-2/,

Гэрч Б....ийн: “Би яг хэдийд гэдгийг нь санахгүй байна, ямартай ч 2018 оны 5 дугаар сарын дундуур хувиараа Приус-11 маркийн ...улсын дугаартай автомашинаар Зээлээс Нисэх чиглэлтэй явж байхад 3 эрэгтэй хүн гар өргөсөн. Гартаа цахилгаан дрилл, уран хөрөө барьчихсан зогсоод мөнгөний хэрэг байна, үүнийг түр барьцаанд аваач гэхээр нь 10,000 төгрөг өгсөн. Маргааш буцааж авна гээд миний утасны болон машины дугаарыг бичиж авсан. Маргааш нь ирж аваагүй, нөгөөдөр нь надад барьцаанд эд зүйлээ тавьсан 3 залуугийн нэг 1 залуу ирж 12.000 өгөөд тавьсан эд зүйлээ аваад явсан. 2 хоногийн дараа миний дугаар луу нэг хүн залгаад “би хулгайд эд зүйлээ алдсан хүн байна, чам руу цагдаагаас залгах байх” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-5/,

Гэрч Н....ийн: “Би Нисэх Био чиглэлд өөрийн тээврийн хэрэгслээрээ таксинд явдаг. 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр ...нэг хүн гар өргөөд замын хойд талаас “багаж ачаад 32-н тойрогт хүргүүлэх гэсэн юм, 40.000 төгрөг өгье” гэж хэлэхээр нь “тэгье” гээд тэр залууг машиндаа суулгаад явсан. Намайг дагуулж яваад ...тоотод ирээд хашааныхаа хаалгыг онгойлгоод би машинаа оруулж зогсоогоод мужааны цехээс дөрвөлжин хөрөө, призер гэдэг багаж машинд ачиж байтал гаднаас цехийн эзэн нь ороод ирсэн. Тэр залууг хулгайч гэх зэргээр загнаад байхаар нь хулгай хийж байгааг мэдсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-6/,

 “Дамно” ХХК-ийн 2018.05.24-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний ХУ2-18-601 дүгээр тайланд: “6 нэр төрлийн эд зүйлийн үнэлгээний дүн 1.900.000 төгрөг” гэжээ /2 дугаар хавтас, хх-9-10/,

Шүүгдэгч С....ын яллагдагчаар өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 17-ны орчим Б....тэй холбогдсон. Өөрийгөө ... гэж танилцуулаад хүмүүс намайг ... гэж дууддаг талаар хэлсэн. Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Био комбинатад байрлах ...тоотод байрлах “...” ХХК-ийн аж ахуйн хашаанд мужааны ажил хийлгэн, сийлбэртэй гэр хийж зарах талаар хэлээд намайг тухайн газар дуудсан. Ойролцоогоор 20 гаран хоног ажиллахад 6 ханатай гэрийн тооно хийж дууссан. Сүүлдээ материал дуусаж ажил зогсож Б.... цалингаа өгөхгүй, хоол ундаар дутаагаад ирэхгүй байсан учир ажил явагдахад хүндрэл тулгарч эхэлсэн. Эрчим хүчнээс тог тасалсан учир ажил хийж чадахаа байсан. ...Өглөө сэрээд шартаж үхэх гээд байсан учир өөрийн ашиглаж байсан багажнаас барьцаанд тавьж архи, хоол унд авч хэрэглэсэн. Эхлээд зүлгүүрийн машин, жижиг презер машиныг барьцаанд тавьсан. Тухайн дэлгүүрийн нэрийг мэдэхгүй. Дараа нь цахилгаан дрилл, уран хөрөөг машинтай хүнд хямдхан өгч явуулсан. Дараа нь градустай цахилгаан хөрөө, гар цахилгаан харуулыг Приус-20 маркийн автомашинтай хүнд барьцаанд тавьсан. Тоггүй байх хугацаанд тооноо Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, ...тоотод байрлах Дашзэвэг гэх хүний хашаанд аваачиж тавьсан байгаа. Ямар нэгэн өр зээлэнд тавиагүй, тоггүй байсан учир сийлбэрийг нь хийлгэх гэж тухайн газар аваачсан. 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, ...тоот руу багажаа аваачих гэж байгаад Б....т баригдаад цагдаагийн газар очсон...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-67-68, 99-100, 160-162/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /1 дүгээр хавтас, хх-242-246/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-247/,  

3. 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, ...дүгээр орцны подвальд иргэн Д....тэй маргалдан, толгойн тус газарт нь хайчаар хатгаж биед нь зүүн зулай ясны цууралт, зүүн чамархай, дагзны хатуу хальсан доорх нимгэн ялтаслаг цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, дагзны шарх, хоёр нүдний зовхи, эрүүний баруун буланд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийн талаар:

Хохирогч Т....н: “2018 оны 9 дүгээр сарын 04-ний орой шиг санагдаж байна. ...Танил ах ... таарч бид 3 архи хувааж уусан. ... ах үлдэгдэл архиа Анх...с нэхэж аваад уурлаад дахин хөөж бид хоёр орцоор гарахаар ... түрүүлж гараад би хойноос нь орцоор гарахын алдад ... ах толгойн ар дагз орчим нэг зүйлээр цохиж час хийгээд өвдөж, би гараараа толгойгоо бариад үзтэл гар нилээд цус болж, цус тогтохгүй, ... ах цамц мэт зүйлээр толгойг дарж би нэг мэдсэн ухаан алдсан. Сэртэл цагдаа эмч нар ирчихсэн, эмч намайг Гэмтлийн эмнэлэгт авчирсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-121-123/,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 2018.09.08-ны өдрийн 10897 дугаар дүгнэлтэд: “1.Т....н биед зүүн зулай ясны цууралт, зүүн чамархай, дагзны хатуу хальсан доорх нимгэн ялтаслаг цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, дагзны шарх, хоёр нүдний зовхи, эрүүний баруун буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /2 дугаар хавтас, хх-132/,

Шүүгдэгч С....ын: “2018 оны 9 дүгээр сарын 04-ний 14 цагийн үед Нокиа маркийн гар утсаа гудамжинд явсан хүнд зараад 0,75 литрийн архи, 0,5 литрийн архийг дэлгүүрээс авч ...сууж байтал ... нэг залуутай ирээд “архи ууя” гээд ...хувааж уугаад бараг дуусаад сууж байхдаа ..., ... хоёрыг хөөж гаргасан. ..., ... хоёр буцаж орж ирэхээр нь маргалдан хөөж гаргаад ...н толгойн тус газар хайчны гуяар хатгаж, ... “цус нь тогтохгүй байна” гэж байхад ухаан ороод ...г харахад толгойны цус тогтохгүй байхаар нь эмч, цагдаа хоёр ирж ... бид хоёрыг эрүүлжүүлсэн. ...н биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-191-194/,

гэрч Э....ий мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-58/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтас, хх-116-118/, АСАП сангийн мэдээлэл /1 дүгээр хавтас, хх-108-118, 2 дугаар хавтас, хх-53-57/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хавтас, хх-128, 2 дугаар хавтас, хх-73/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас, хх-129/, Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны тодорхойлолт /1 дүгээр хавтас, хх-134, 2 дугаар хавтас, хх-76/, оргодол эрэн сурвалжилсан мэдээлэл /2 дугаар хавтас, хх-53-57, 148-152/, шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хавтас, хх-146-147/, эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /2 дугаар хавтас, хх-219-220/, мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан шүүгдэгчийн хүсэлт /2 дугаар хавтас, хх-221/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 4 ширхэг гэрэл зургийг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул С....ыг гэм буруутайд тус тус тооцуулах саналтай. ... хохирлын баримт гаргаж өгөөгүй, төлбөргүй. ...т 426.300 төгрөгийн, ...т 1.900.000 төгрөгийн төлөх төлбөртэй. Тоононы хувьд өөр газар шилжүүлсэн. Хийц дутуу байгаа” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Чин санаанаасаа гэмшиж байгаа тул гэм буруугийн асуудлаар маргах зүйлгүй. Ажлын хөлсний асуудал яригдах ёстой” гэж тус тус дүгнэлтээ танилцуулав.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч С.... согтуурсан үедээ 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын ... тоотод байрлах иргэн Д....ийн байшинд нэвтэрч “Bosch” брендийн хөрөө 1 ширхэг, “Кен” брендийн цахилгаан уран хөрөө 1 ширхэг, хонины гулууз мах 3 ширхгийг хулгайлан авч нийт 426.300 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хайрханы 02 дугаар гудамж, 05 тоотод үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-д мужаанаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох цахилгаан дрилл 1 ширхэг, уран хөрөө 1 ширхэг, зүлгүүрийн шар машин, 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр градустай цахилгаан хөрөө 1 ширхэг, цахилгаан харуул 1 ширхэг, монгол гэрийн тооно 1 ширхгийг тус тус завшиж, бусдад нийт 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, ...дүгээр орцны подвальд иргэн Д....тэй маргалдан, толгойн тус газарт нь хайчаар хатгаж зүүн зулай ясны цууралт, зүүн чамархай, дагзны хатуу хальсан доорх нимгэн ялтаслаг цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, дагзны шарх, хоёр нүдний зовхи, эрүүний баруун буланд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч С....ын хохирогч Д....ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжтэй,

хохирогч С....ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй,

хохирогч Д....н толгойн тус газар нь хайчаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч С....ыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.

Хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Д....т 426.300 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол төлөгдөөгүй тул уг мөнгийг шүүгдэгч С....аас гаргуулж, хохирогч Д.... /Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, ...тоотод оршин суух, РД-.../-т олгохоор,

завших гэмт хэргийн улмаас хохирогч С....т 1.900.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 1.200.000 төгрөгийн үнэ бүхий 6 ханатай монгол гэрийн тооныг хүлээлгэж өгсөн байх тул үлдэх хохирол болох 700.000 төгрөгийг шүүгдэгч С....аас гаргуулж, хохирогч С.... /Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, ...тоотод оршин суух, РД-.../-т олгохоор тус тус шийдвэрлэв.

Харин хохирогч Т.... нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа гаргаж өгөөгүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч 3 удаа санаатай гэмт хэргийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялын 40 хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар ялуудыг нэмж нэгтгэн нийт 4 жил 1 сар 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч 2 охинтой, нарийн мужаан мэргэжилтэй, уран хүн, гэр бүл салалтаас сэтгэлээр унаж, архинд донтсоны улмаас гэмт хэрэгт холбогдсон. Хохирогч ...ийн зүй бус үйлдлээс шалтгаалан оргон зайлсан. Хохирлоо төлөх гэж яваад дараа дараагийн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар тус бүр 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү. Нийт 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг тогтоож өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /завших гэмт хэргийн хувьд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хувьд зэвсэг хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн 3 гэмт хэргээ согтуурсан үедээ үйлдсэн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 2 хүний эд хөрөнгөд нийт 2.326.300 төгрөгийн хохирол учруулсан, хохирлыг нөхөн төлөөгүй/, шүүгдэгчийн хувийн байдал /урьд ял шийтгэгдсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага/ зэргийг харгалзан шүүгдэгч С....т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцон 130 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч С....т оногдуулсан хорих ялын хэмжээг 2 жил 4 сар 10 хоногоор тогтоож, оногдуулсан хорих ялыг дээрх үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч С....ыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2018 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 2 хоног, 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1 хоног, урьдчилан хоригдсон 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 194 хоног, нийт урьдчилан хоригдсон 197 /нэг зуун ерэн долоо/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулах тооцох нь зүйтэй гэж үзэв. /2 дугаар хавтас, хх-59, 71, 209-210, 216-217, 231-232, 234-235, 247-248/.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Монгол овогт ...гийн ...ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,

хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч С....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч С....т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож 130 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх нийт хорих ялын хэмжээг 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сар 10 /арав/ хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С....т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар С....ын урьдчилан хоригдсон 197 /нэг зуун ерэн долоо/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С....аас нийт 1.126.300 /нэг сая нэг зуун хорин зургаан мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж, 426.300 төгрөгийг хохирогч Д.... /Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, ...тоот, РД-.../-т, 700.000 төгрөгийг С.... /Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, ...тоот, РД-.../-т тус тус олгож, хохирогч Т.... нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С....ын эдлэх ялыг 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С....т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР