| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/0998/Э |
| Дугаар | 1006 |
| Огноо | 2019-09-17 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 1006
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч Б.Мөнгөншагай,
шүүгдэгч Б.... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б....г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1903008760370 дугаар хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч,хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, дүү, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, ...тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Орхон овогт ...ы ... /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Б.... нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны 19 цаг 26 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хорооллын баруун урд замд “Тоёота вангуард” маркийн ...улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн 16.3-т заасан “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа xacaж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэснийг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч С....ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. 2011 онд жолооч болж, тасралтгүй машин барьж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.
Эрүүгийн 1903008760370 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч С....ы: “Би тэр өдөр ...сургуулийн буудал дээр буугаад Таван шарын төмөр замын гармын хойд талын явган хүний гарц тэмдэглэгээтэй хэсгээр урдаас хойш чиглэлд зам хөндлөн гарч байх үед нэгдүгээр эгнээнд явж байсан том жийп машин байсан байх, сайн мэдэхгүй байна, надад зам тавьж өгөөд зогсохоор урдуур нь зам хөндлөн гартал 2 дугаар эгнээнд явж байсан автомашин намайг мөргөсөн. Би газарт биеийн нуруу, ахар сүүл хэсгээрээ унасан. Жолооч бууж ирээд эмнэлэг, түргэн тусламж, цагдаа дуудсан. Би тэр үед гэрлэн дохион дээр хүнээс гэрэл дохио асдаг уу гэж асуухад хажууд явж байсан хүн гэрэл ажилладаггүй гэсэн учир машин зам тавьж өгөхөөр нь зам гарсан. ...Жолооч 258.000 төгрөгийн эм тариа, бүс авч өгөөд дараа нь 1.000.000 төгрөг өгсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй. Санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 77/,
Насанд хүрээгүй гэрч Б....гийн: “2019 оны 7 дугаар сарын 25-нд ээжийн хамт Таван шарын төмөр замын гармын хойд талд урдаас хойш явган хүний гарцаар зам гарч байсан чинь ээж машинд мөргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-33/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.07.31-ний өдрийн 9146 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.С....ы биед сээрний 7, 12-р нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-38/,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2019.08.09-ний өдрийн 290 дүгээр магадлагаанд: “1. Зорчигч С.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 2. Т.Вангуард маркийн ...дугаарын автомашины жолооч Б.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “16.1.Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.”, “16.3.Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэжээ /хх-41/,
Шүүгдэгч Б....гийн яллагдагчаар өгсөн: “2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 19 цаг 26 минутын үед Т.Вангуард маркийн ...дугаарын автомашиныг жолоодон Сонгинохайрхан дүүргийн Залуус хорооллын урд замд баруунаас зүүн тийш явж байх үедээ явган хүний гарцаар гарч байсан С....ыг мөргөж биед нь гэмтэл учруулсан. Тухайн үед нэгдүгээр эгнээнд том автомашин байсан учир би явган хүн гарч байгааг анзааралгүй явсан. Хүн гэнэт гараад ирэхээр нь тоормос гишгэсэн боловч очоод мөргөсөн. ...Анхны өдөр 258.000 төгрөгөөр эм тариа болон бүс авч өгсөн. Дараагийн эмчилгээний төлбөрт 1.000.000 төгрөг өгч санал гомдолгүй болгосон. Би гаргасан алдаагаа ухамсарлаж байна...” гэх мэдүүлэг /хх-73-74/,
зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-8/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /хх-9/, хохирлын баримтууд /хх-21-23, 25-26/, иргэний хариуцагч Б....ийн мэдүүлэг /хх-28/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-56/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-57/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /х-58/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-59/, эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа /хх-60/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-61/, хохирогчийн “...Эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг авсан гомдолгүй, ...нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй” гэх хүсэлт /хх-67/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.... нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 19 цаг 26 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хорооллын баруун урд замд “Toyota Vanguard” маркийн ...улсын дугаартай Б....ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, 16.3-т заасан “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа xacaж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэснийг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч С....ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч С....ы “...явган хүний гарц тэмдэглэгээтэй хэсгээр урдаасаа хойшоо чиглэлд зам хөндлөн гарч байх үед нэгдүгээр эгнээнд явж байсан машин ...зогсохоор урдуур нь зам хөндлөн гартал 2 дугаар эгнээнд явж байсан автомашин намайг мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-16-17/, насанд хүрээгүй гэрч Б....гийн “...явган хүний гарцаар зам гарч байсан чинь ээж машинд мөргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-33/, шүүх эмнэлгийн 9146 дугаар “1.С....ы биед сээрний 7, 12-р нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-38/, мөрдөгчийн 290 дугаар “1.Зорчигч С.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 2. ...жолооч Б.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “16.1.Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа олон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.”, “16.3. Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байтал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх магадлагаа /хх-41/, шүүгдэгч Б....гийн яллагдагчаар өгсөн “...явган хүний гарцаар гарч байсан С....ыг мөргөж биед нь гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-73-74/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-8/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б....гийн явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч С....ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч С....ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Нэхэмжлэх зүйл байхгүй. Санал гомдол байхгүй. Би нийтдээ 1.258.000 төгрөгийн эд зүйл, төлбөр авсан” гэх мэдүүлэг /хх-77/, “...эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг авсан гомдолгүй, ...нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй” гэх хүсэлт /хх-67/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, маргадаггүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, мөн хохирлыг нөхөн төлснийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай агийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б....д 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгч “Тайлбар үгүй. Гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байгаа” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогчийг явган хүний гарцтай замын гарцтай хэсгээр зам хөндлөн гарч явахад, нэгдүгээр эгнээний тээврийн хэрэгсэл зогсож зам тавьж өгсөн байхад 2 дугаар эгнээгээр явахдаа зам тавьж өгөлгүй мөргөсөн буюу бусад замын хөдөлгөөнд оролцогчоос хөдөлгөөнөө урьтан хийх давуу эрхтэй явган зорчигчийг мөргөсөн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан, хохиролд 1.258.000 төгрөг төлсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага, 2019.09.02-нд төрсөн нялх хүүхэдтэй/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. Гэвч хэмжээний хувьд явган хүний гарцан дээр зам хөндлөн гарч явсан давуу эрх бүхий явган зорчигчийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны болоод шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж шүүх дүгнэн, шүүгдэгч Б....г 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс /эрхэлсэн тодорхой ажилгүй, 15 хоногтой нялх хүүхэдтэй/, бусад орлого олох боломжийг үндэслэн шүүгдэгч Б....г 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.... урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Орхон овогт ...ы ...г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б....г 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б....г 3.000.000 төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.... торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.... урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б....д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР