Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 03

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын 5 дугаар баг Баянговьт оршин суух, Хар тугчин Шарын Олонбаярын хүсэлттэй

Нас барсныг тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ш.Олонбаяр, гэрч Б.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ш.Олонбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Ш.Олонбаяр миний охин Буянхишиг нь 2001 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн. 2004 оны 09 дүгээр сараас тунгалагийн булчирхайн хорт хавдар оноштойгоор эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн цусны тасагт хэвтэн эмчлүүлж байсан. Химийн эмчилгээ хийгээд түр завсарлах хугацаандаа Дархан-Уул аймагт очиж байж байгаад 2005 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өвчнийхөө улмаас нас барсан. Тэгээд сумдаа ирж холбогдох баримт бичгээ сумын иргэний бүртгэлийн хэлтэст өгөхөд нас барсны гэрчилгээ дууссан тул дараа нь ирж ав гэсэн. Тэрнээс хойш бүх бичиг баримтыг нь авсан боловч алга хийсэн учраас нас барсны гэрчилгээ авч чадаагүй. Ээж Оросоогийн Цэнд-Аюушийг алдарт эхийн одонд оруулах гэхэд нас барагчийн гэрчилгээ шаардлагатай болсон учир нас барсныг тогтоож өгнө үү гэжээ.

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хүсэлт гаргагч хүсэлтдээ охин О.Буянхишигийг 2005 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нас барсныг тогтоолгох хүсэлт гаргасан байна.

Уламбаярын Буянхишигийг төрснийг Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын төрөлтийн бүртгэлийн 90 дугаарт 2001 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бүртгэсэн болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 105/000006 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

2

Уг төрсний бүртгэлийн лавлагаанд Буянхишигийн эцгийг Ш.Уламбаяр гэсэн байх бөгөөд Ш.Олонбаярыг Ш.Уламбаяр гэж зөрүүтэй бичсэн болох нь У.Буянхишигийн төрсний бүртгэлийн лавлагаан дахь эцэг нь Хартугчин Шарын Уламбаяр ДБ72011433 гэсэн байгаа нь Шарын Олонбаярын иргэний үнэмлэх дэх ургийн овог, эцгийн нэр, регистрийн дугаартай таарч байгаа болон, Шарын Олонбаяр, Оросын Цэнд-Аюуш нарыг 1993 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл болсныг 1993 оны 12 дугаар сарын 13-ны өдөр бүртгэсэн №029 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байх тул Ш.Олонбаяр нь уг хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Ш.Олонбаяр нь шүүхэд гаргасан хүсэлтдээ “...миний охин Буянхишиг нь 2001 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн. 2004 оны 09 дүгээр сараас тунгалагийн булчирхайн хорт хавдар оноштойгоор эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн цусны тасагт хэвтэн эмчлүүлж байсан. Химийн эмчилгээ хийгээд түр завсарлах хугацаандаа Дархан-Уул аймагт очиж байж байгаад 2005 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өвчнийхөө улмаас нас барсан...” гэсэн нь Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн №163724 дугаартай өвчтөний /хүүхдийн/ түүх болон Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянговь багийн 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 05/340 дугаартай тодорхойлолт, Ш.Олонбаярын 2004, 2005 оны мал тооллогын маягтад бичигдсэн ам бүлийн тоо, гэрч Б.Бат-Эрдэнийн “Манай дүү нь нас барсан хүүхдийнх нь бие өвдөж хотруу авч яваад эмчилгээнд орж дараа нь Дарханд очиж эмчлүүлж байгаад тэндээ нас барсан юм. Тэрнийхээ бичиг баримтыг олж авах гэж нэлээд хөөцөлдсөн...” гэсэн гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд Олонбаярын Буянхишигийг 2005 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өвчний улмаас нас барсан болохыг тогтоох нь үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан Хар тугчин Шарын Олонбаяр, Сартуул Оросын Цэнд-Аюуш нарын гэр бүлд 2001 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Олонбаярын Буянхишиг нь 2005 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өвчний улмаас нас барсан болохыг тогтоосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН