Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 1011

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар,

шүүгдэгч Ц....нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ц....ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908034911184 дүгээр хэргийг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “...” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт ...тоотод оршин суух,

урьд Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 337 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Амбагай овогт ...ийн .../РД:.../.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Ц....нь 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон-2 хорооллын ...тоотод иргэн Д....ыг гэрт хүмүүс авч ирж архи уулаа гэх шалтгааны улмаас түүний толгой руу нь гараараа 1 цохиж, цээж рүү нь 1 өшиглөж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц....шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 6 дугаар сарын 29-нд ... залгаад “...ажилдаа явахгүй байна, 2 хүн авчраад архи ууж байна” гэсэн. Би очоод уурлаад хохирогчийг нэг өшиглөсөн. Гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Эрүүгийн 1908034911184 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Д....ын: “Миний бие ...гэх хүний компанид ажилладаг байхдаа 2019 оны 6 дугаар сарын 28-ны 22 цагийн орчим ..., ... бид гурав таксин дотор архи хувааж уусан. 2019 оны 6 дугаар сарын 29-ний өглөө ...ын найз ... намайг гэрээс ирж авна гээд ирэхээр нь би “найз нь үхэх гээд шартаад байна, би ажилдаа явахгүй” гэтэл ...т “энэ чинь ажилдаа явахгүй байна шүү дээ” гэж хэлээд ...ыг аваад ирсэн. ...“чи чинь яасан даварчихсан юм бэ” гээд хэл амаар доромжлоод шууд миний толгой руу гараараа нэг удаа цохиод, цээж рүү нэг өшиглөсөн. Би “хавирга эвгүй болчихлоо” гэж хэлтэл яваад өгсөн. ...Гомдолтой байна, эмчилгээний зардал 200.000 төгрөгөө гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-9-10/,

Гэрч Т....ын: “...... залгаад “маргааш хэдээс ажилтай юм” гэхээр нь “06 цагаас ажилтай, эрт очно шүү, бэлэн байж байгаарай” гэж хэлээд 2019 оны 6 дугаар сарын 29-ний өглөө залгатал утсаа авахгүй байхаар нь очоод ......ыг ажилдаа явъя гэтэл нилээн согтуу орноосоо босож ирээд “явахгүй” гэхээр нь ......дээр очоод “... ажилдаа явахгүй гээд байна” гээд хэлтэл “очиж уулзъя, юу яриад байгаа юм бэ” гээд бид хоёр ... дээр очоод ...... хоёр хоорондоо маргалдаад байсан. Би нөгөө өрөөнд нь байж байтал пид гэх чимээ гарсан. Би юугаар хаана нь цохисныг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-16/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.07.04-ний өдрийн 8079 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Д....-н биед зүүн талын 7-р хавирганы далд хугарал, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэжээ /хх-17-18/,

Шүүгдэгч Ц....ын яллагдагчаар өгсөн: “2019 оны 6 дугаар сарын 29-ний өглөө ...... согтуу байхаар нь “гэр оронд архи улаа” гэж уурлаад сууж байхад нь гуяны дээхэн талд нэг удаа өшиглөчихөөд “гэрээс гар, өөр байр хай” гэж хэлээд ...той хамт ажил руу явсан...” гэх мэдүүлэг /хх-31-33/,

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-34/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-36-38/, эд хөрөнгө “бүртгэлтэй” лавлагаа /хх-41/, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа /хх-42/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-43/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-44/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-45/, банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-46-84/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн хохирогчийн “...Ц....оос 2019.08.05-ны өдөр өөрийн дансаар 153.000 төгрөг, бэлэн 47.000 төгрөг хүлээн авсан нь үнэн” гэх хүсэлтийг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар Ц....нь 2019 оны 6 дугаар сарын 29-ний өглөө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон-2 хорооллын 33 дугаар байр, 19 тоот гэртээ иргэн Д....ын цээж рүү нэг өшиглөж зүүн талын 7-р хавирганы далд хугарал, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Д....ын “.........хэл амаар доромжлоод шууд миний толгой руу гараараа 1 удаа цохиод, цээж рүү нэг өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-9-10/, шүүх эмнэлгийн 8079 дугаар “1.Д....-н биед зүүн талын 7-р хавирганы далд хугарал, чээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-18/, шүүгдэгч Ц....ын яллагдагчаар өгсөн “......ыг сууж байхад нь гуяны дээхэн талд нэг удаа өшиглөчихөөд... ” гэх мэдүүлэг /хх-31-33/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц....ын хохирогч Д....ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д....ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч 153.050 төгрөгийн эмчилгээний баримт /хх-22/ хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн хохирогчийн “...Ц....оос 2019.08.05-ны өдөр дансаар 153.000 төгрөг, бэлэн 47.000 төгрөг хүлээн авсан нь үнэн болно” гэх хүсэлтийг үндэслэн шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогчийн “Ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдаж шийдвэрлэж байна.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь хохирогчийг өөрийн байранд байлгаж байсан, хохирогчийн гаргаж байгаа авирыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц....т 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн хувьд маргаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул 1000 нэгжийг багасгаж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”, 1.4-т заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. 

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогчийн согтуурч, зүй бус үйлдэл гаргаснаас шалтгаалан хүний эрх, эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, нотлох баримт бүхий хохирол төлөгдсөн/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага/-ыг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц....ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /хувиараа хөдөлмөр эрхэлж тодорхой орлого олдог/-ийг үндэслэн шүүгдэгч Ц....ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц....урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Амбагай овогт ...ийн ...ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц....ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц....ыг 800.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц....торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц....урьдчилан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Д....ын гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц....т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР