| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/1004/Э |
| Дугаар | 1012 |
| Огноо | 2019-09-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 1012
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,
улсын яллагч Н.Ундрах,
шүүгдэгч Ш.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ш....ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1908043351315 дугаар хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д оператор ажилтай, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Чунаг овогт ...ын ... /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч Ш.... нь 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах “...” ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэрийн байранд хохирогч Э....тэй “ажлаас түрүүлж явсан” гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харьцаа үүсгэн зодож, эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславч мурийлт, зүүн хацарт хаван, хавдартай, дээд эрүүний 1 шүд эмтэрсэн гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ш.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Би нэг мөргөөд уг гэмтлийг учруулсан. 800.000 төгрөгийн торгуулийг 3 сарын хугацаанд төлөх боломжтой. Би сард 900.000 орчим төгрөгийн цалин авдаг. Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.
Эрүүгийн 1908043351315 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Э....гийн: “...2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Ш....ыг “ажил дээрээ байж бай” гэсэн чинь “миний хийх ёстой ажил дууссан” гээд эсэргүүцээд явсан. Маргааш өдөр нь ...Ш....од хандаж “өчигдөр үгэнд орохгүй зодохнээ” гэсэн чинь өөдөөс томроод, пээдэлзээд тулж ирээд хэрэлдээд байхаар нь мангасдсан чинь “цохиоч” гээд байхаар нь зүүн талын шанаа тус газар нь цохиж, харилцан заамдалцаад барьцалдсан. Ш.... нүүрэн тус газар нэг удаа мөргөсөн чинь үүдэн нэг шүд эмтэрч, хамар эвгүй болсон. ...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-7/,
Гэрч Б....ын: “...Ажил дээр үйлдвэрийн туслах ... бид хоёр байсан чинь үйлдвэрийн дарга ... орж ирээд “өчигдөр ажлаа хаяж явлаа, байж бай гэхэд явчихлаа” гэж уурласан. “Бид хоёр ажлаа дуусгачихаад явсан” гэж хэлсэн чинь ... ...ыг “бацаан минь, ална шүү” гээд заамдсан. Харилцан заамдаж байгаад ... ...ыг нэг удаа шанаан тус газар нь цохисон чинь зөрүүлээд нэг мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-13/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.08.19-ний өдрийн 9927 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Э....гийн биед хамар ясны хугарал, таславч мурийлт, зүүн хацарт хаван хавдартай, дээд эрүүний нэг шүд эмтэрсэн гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-15/,
Шүүгдэгч Ш....ын яллагдагчаар өгсөн: “2019 оны 8 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө ...03 цагийн үед ажил дуусаж машин, тоног төхөөрөмжөө унтрааж хариад амарч байтал ... залгаад “3 куб бетон дутаад байна, ир” гэж дуудсан. Би “хийх ажлаа дуусгасан, одоо амарч байна” гээд очоогүй. ...Ажлаа хийгээд байж байтал 13 цагийн үед менежер ... орж ирээд “өчигдөр яагаад ажил дутуу орхиод явж байгаа юм” гээд уурлаж, хэл амаар доромжилж, бид хоёр хоорондоо маргалдсан чинь ... намайг өмсөж байсан хувцсаар хүзүү боож, гараараа нэг удаа шанаадсан. Би биеэ хамгаалж зөрүүлээд нэг удаа мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-23-24/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст гаргасан иргэн Э....гийн өргөдөл /хх-3/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-32/, эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа /хх-33/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-34/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-35/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа /хх-36/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-37/, “...” ХХК-ийн “Ш.... тус компанид ажиллаж байгаа нь үнэн болно. Сарын 1.100.000 төгрөгийн цалин авдаг” гэх тодорхойлолт /хх-38/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-41/, хохирогчийн “... надаас уучлал гуйж, бид хоорондоо эвлэрсэн тул надад ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэх хүсэлт /хх-49/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ш.... нь 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэрийн байранд хохирогч Э....г мөргөж хамар ясны хугарал, таславч мурийлт, зүүн хацарт хаван хавдартай, дээд эрүүний 1 шүдний эмтрэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Э....гийн “...“өчигдөр үгэнд орохгүй зодохнээ” гэсэн чинь өөдөөс томроод, пээдэлзээд тулж ирээд хэрэлдээд байхаар нь мангасдсан чинь “цохиоч” гээд байхаар нь зүүн талын шанаа тус газар нь цохиж, харилцан заамдалцаад барьцалдсан ...Ш.... нүүрэн тус газар нэг удаа мөргөсөн чинь үүдэн нэг шүд эмтэрч, хамар эвгүй болсон...” гэх мэдүүлэг /хх-7/, гэрч Б....ын “...... ...ыг “бацаан минь, ална шүү” гээд заамдсан. Харилцан заамдаж байгаад ... ...ыг нэг удаа шанаа тус газар нь цохисон чинь зөрүүлээд ... ...г хамар тус газар нь мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-13/, шүүх эмнэлгийн 9927 дугаар “1. Э....гийн биед хамар ясны хугарал, таславч мурийлт, зүүн хацарт хаван хавдартай, дээд эрүүний нэг шүд эмтэрсэн гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжилгээ /хх-15/, шүүгдэгч Ш....ын яллагдагчаар өгсөн “...... гаднаас орж ирээд “өчигдөр яагаад ажил дутуу орхиод явж байгаа юм” гээд уурлаж, хэл амаар доромжилж, бид хоёр маргалдсан чинь ... намайг өмсөж байсан хувцсаар боож, гараараа нэг удаа шанаадсан. Би биеэ хамгаалж зөрүүлээд нэг удаа мөргөчихсөн...” гэх мэдүүлэг /хх-23-24/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ш....ын хохирогч Э....тэй маргалдан хамар луу нь мөргөж хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Э....гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн “...Гомдол санал, нэхэмжлэх юм байхгүй...” гэх мэдүүлэг /хх-7/, “... надаас уучлал гуйж, бид хоорондоо эвлэрсэн тул надад ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэх хүсэлт /хх-49/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш....од 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгч “Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Шударга шийдэж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогч ажлын талаар зүй ёсны шаардлага тавьсан хэдий ч шүүгдэгчийн эрх чөлөөнд гэмтэл учруулахгүйгээр нүүр лүү нь гараараа түлхэх, заамдах, зүүн шанаа руу цохих зэргээр халдсан зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш....ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс /сард 1.100.000 төгрөгийн цалинтай/, бусад орлого олох боломжийг үндэслэн шүүгдэгч Ш....ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.... урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Чунаг овогт ...ын ...ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш....ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш....ыг 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.... торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.... урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш....од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР