Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 69

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ж” ХХК, /РД: /******/,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 108 дугаар тогтоолын дагуу “Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны халуун усны байрыг Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасны дагуу давуу эрхээр “Ж” ХХК-д 86323963 төгрөгөөр хувьчлах ажлыг зохион байгуулж шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, дээрх тогтоолыг биелүүлж хувьчлах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алтантогоо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхдөл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ж” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах 8 хүний халуун усны байрыг баригдаж байх үед анх манай компанийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2004 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183 дугаар захирамжаар тус халуун усны барилгын эзэмшигчээр баталж, барилгыг ашиглалтанд оруулах, халуун усны үйлчилгээний чиглэлийг өөрчлөлгүйгээр үйл ажиллагааны алдагдалыг нөхөхөд шаардлагатай үйлчилгээ нээх зорилгоор нэмэлт хөрөнгө оруулалт хийж үйлчилгээгээ өргөтгөн ажиллахыг “Ж” ХХК-д зөвшөөрсүгэй гэж шийдвэрлэсэн.

        Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын 2005 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 14/05 дугаар актаар халуун усны чиглэлээр ашиглахад хангалттай гэж үзээд санхүүжилтийн эцсийн тооцоогоор 86,323,263 төгрөгийг өртөгтэйгээр ашиглагч байгууллага болох “Ж” ХХК-ийн мэдэлд 2005 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс үйлдвэрлэл-үйлчилгээ явуулахыг зөвшөөрсөн байдаг ба энэ хугацаанаас эхлэн хууль ёсоор ашиглах эрх үүсэж өнөөдрийг хүртэл анхны зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж, үйл ажиллагаа явуулан хөрөнгө оруулалт, засвар үйлчилгээг тухай бүрт нь хийж гүйцэтгэж байсан.

        2016 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” 6/13 дугаар тогтоол гаргахдаа манай компанийн олон жил үйл ажиплагаа явуулж, хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байгаа 8 хүний халуун усны байрыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлах тухай жагсаалтад оруулж баталсныг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж манай компанид Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна” гэж зааснаар хувьчлахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 319 дүгээр шийдвэрээр бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байдаг. Одоо уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

          Дээрх шүүхийн шийдвэрийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас биелүүлж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 108 дугаар тогтоол гарч манай компанид давуу эрхээр хувьчлахыг шийдэж Нийслэлийн Засаг даргад тус тогтоолыг хэрэгжүүлэхийг даалгаж шийдээд хүргэгдсэн байдаг.

Энэхүү тогтоолыг хэрэгжүүлж Нийслэлийн Засаг даргаар зохих шийдвэр гаргаагүй удсан тул 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандаж дээрх тогтоолын дагуу давуу эрхээр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах халуун усны барилгыг 86323963 төгрөгөөр хувьчлах асуудлыг шийдэж өгөхийг хүссэн хүсэлтийг өгсөн боловч өнөөдрийг хүртэл ямар нэг байдлаар шийдвэр гаргаагүй хууль бус эс үйлдэхүй гаргаж байна. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг дарга нь Нийспэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг нэн даруй хэрэгжүүлэх, нэхэмжлэгч компанид хууль болон шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр тус тус баталгаажсан давуу эрхээр хувьчлан авах эрхийг нь хууль бус байдлаар хязгаарлах, удаах байдлаар хүнд суртал гаргаж байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1. “Орон нутгийн өмчийг хувьчлах арга, хэлбэр, журмыг энэ хуулийн зургаадугаар бүлэгт заасныг удирдлага болгон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно”, 78.1-д “Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орон нутгийн өмчийн эд хөрөнгийн талаар гарсан шийдвэрийг Засгийн газрын бодлогод нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй”, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлйин 3.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэхэд энэ хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь заалт, 16 дугаар зүйлд заасан хугацааг баримтална” гэж заасантай тус тус нийцээгүй.

         Цаг хугацааны хувьд маш их удаж байгаа ба энэхүү асуудлыг 2017 онд баггаан шийдвэрлэхээр жагсаалт, хөтөлбөрийг баталсан байхад он дуусах гэж байгаа энэ үед ямар ч шийдвэр гаргахгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж байгаа нь бодит үйл баримтаар нотлогдож байна.

          Иймд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 108 дугаар тогтоолын дагуу “...Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны халуун усны байрыг Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасны дагуу давуу эрхээр “Ж” ХХК-д 86323963 төгрөгөөр хувьчлах ажлыг зохион байгуулж шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, дээрх тогтоолыг биелүүлж хувьчлах шийдвэр гаргахыг хариуцагчид даалган шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхдөл шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах 8 хүний халуун усны байрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар 2004 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183 дугаар захирамжаар тус халуун усны үйлчилгээний чиглэлийг өөрчилж үйл ажиллагаа явуулж байсан. 

Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 319 дүгээр шийдвэрээр тус халуун усны барилгыг эзэмшигчид иргэний хуулийн 105.1-д заасны дагуу давуу эрхээр хувьчлахыг даалгасан шийдвэрийн дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 108 дугаар тогтоолоор тус барилгыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлах гэснийг Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн дагуу давуу эрхээр хувьчлах шийдвэр гарсан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78.6-д зааснаар орон нутгийн өмчийн эд хөрөнгийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын мэргэжил, арга зүйн удирдлагын дор хувьчлах ажлыг зохион байгуулна гэж заасан бөгөөд Засаг дарга хувьчлах жагсаалтад оруулах тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Ж” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 108 дугаар тогтоолын дагуу “Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны халуун усны байрыг Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасны дагуу давуу эрхээр “Ж” ХХК-д 86.323.963 төгрөгөөр хувьчлах ажлыг зохион байгуулж шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, дээрх тогтоолыг биелүүлж хувьчлах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлжээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг: Маргааны үйл баримтын талаар: 

Анх Нэхэмжлэгч “Ж” ХХК-иас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” 6/13 дугаар тогтоолын “...Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны халуун усны байр”-ыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах жагсаалтанд оруулсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, уг халуун усны байрыг Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасны дагуу давуу эрхээр Ж ХХК-д хувьчлах тухай өөрчлөлт оруулахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна . 

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг “Монгол улсын Засаг дахиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 25 дугаар зүйлийн 25.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.9, 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6/13 дугаар бүхий “Жагсаалт батлах тухай” тогтоолын “Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, халуун усны барилга, нээлттэй дуудлага худалдаа” гэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоож,  уг 6/13 дугаар бүхий “Жагсаалт батлах тухай” тогтоолд “халуун усны барилгыг Ж ХХК-д хувьчлах” гэж өөрчлөлт оруулахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгасугай” гэж эцэслэн шийдвэрлэсэн  бөгөөд уг шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.1 дэх хэсэгт зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон байна . 

Нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан тул Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шүүхийн шийдвэрийн заавал биелэгдэх шинжийг ухамсарлан 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 108 дугаар тогтоолоор “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 319 дүгээр шийдвэрийн дагуу Нийслэлийн өмчөөс 2017 оны хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалтад орсон Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 86.323.963 төгрөгийн өртөг бүхий халуун усны барилгыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлах гэснийг Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн дагуу давуу эрхээр хувьчлах гэж өөрчилжээ.

Уг тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу хүчин төгөлдөр байгаа болно. 

Орон нутгийн өмчийг хувьчлах талаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай  хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д “Орон нутгийн өмчийг хувьчлах арга, хэлбэр, журмыг энэ хуулийн зургадугаар бүлэгт заасныг удирдлага болгон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно” гэж, Орон нутгийн өмчтэй холбоотой Засаг даргын бүрэн эрхийн талаар энэ хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.6-д “орон нутгийн өмчийн эд хөрөнгийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын мэргэжил, арга зүйн удирдлагын дор хувьчлах ажлыг зохион байгуулах”-аар, харин Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1-д “Хурал, түүний Тэргүүлэгчдээс хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж дүнг тайлагнах” гэж заасан зэргээс үзвэл Нийслэлийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийнхээ Хурал, түүний Тэргүүлэгчидийн гаргасан шийдвэрийг биелүүлэх буюу хэрэгжүүлж ажиллахаар байна.

Гэтэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 06 дугаар сарын 22-ний тогтоолоор Нийслэлийн өмчөөс 2017 оны хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалтад орсон Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 86.323.963 төгрөгийн өртөг бүхий халуун усны барилгыг Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн дагуу давуу эрхээр хувьчлах ажлыг биелүүлэхийг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгосоор атал хариуцагч Нийслэлийн Засаг дарга дээрх хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй. 

Мөн “Ж” ХХК-иас гаргасан өргөдлийг  шийдвэрлэхгүй Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж заасныг зөрчин энэ хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Нийслэлийн Засаг даргын Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 108 дугаар тогтоолыг биелүүлж шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдож байна.

Хариуцагчийн энэхүү хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байх тул “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 108 дугаар тогтоолын дагуу “Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны халуун усны байрыг Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасны дагуу давуу эрхээр “Ж” ХХК-д 86.323.963 төгрөгөөр хувьчлах ажлыг зохион байгуулах шийдвэр гаргахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай  хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 108 дугаар тогтоолын дагуу “Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны халуун усны байрыг Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасны дагуу давуу эрхээр “Ж” ХХК-д 86.323.963 төгрөгөөр хувьчлах ажлыг зохион байгуулах шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 108 дугаар тогтоолыг биелүүлж хувьчлах шийдвэр гаргахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.БАТБААТАР