| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/1006/Э |
| Дугаар | 1013 |
| Огноо | 2019-09-19 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 1013
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,
улсын яллагч Д.Агар,
шүүгдэгч Н.... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н....ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1903005920304 дүгээр эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “...” ХХК-д ээлжийн ахлах ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, ... тоотод оршин суух,
урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 278 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдөр эдлээгүй үлдсэн 3 сар 29 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Боржигон овогт ...ийн ... /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Н.... нь 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 19 цаг 20 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, 1 дүгээр хороолол, 23 дугаар байрны арын замд “Toyota Crown” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б....ийг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. 7 жил жолоо барьж байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд 10.300.000 төгрөг төлсөн. Гэм буруутайгаа ойлгож байна. Дахин ийм асуудал гаргахгүйг хичээж явна” гэв.
Эрүүгийн 1903005920304 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Насанд хүрээгүй хохирогч Б....ийн: “2019 оны 5 дугаар сарын 29-ний орой 19 цаг 20 минутын орчим хичээл тарж сургуулийнхаа хойд талын автобусны буудал дээрээс автобус хүлээсэн боловч ирээгүй. Буцаад замын урдаас автобусанд суухаар явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй зам гарч байтал ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй явж байсан Кроун маркийн автомашины жолооч зогсолгүй ирж мөргөсөн. Тэгээд би гарцан дээр унасан. Мөргөсөн жолооч урагш яваад зогссон. Жолооч бууж ирээд надаас “бие нь зүгээр үү, яаж байна” гэж асуусан. Би “хөл, гар өвдөж байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-19/,
Иргэний нэхэмжлэгч Б....ын: “Миний хүү Б.... ослын улмаас зүүн хөлний өсөлтийн зоо, баруун гарын шуу тус тус хугаралтай байсан. ...Жолооч хүүгийн эмчилгээний бүх төлбөрийг гаргаж өгч байгаа. Хүүгийн биеийн байдал өдөр өдрөөр сайжирч байгаа. Хүүгийн хамраас өдөр болгон цус гараад байдаг болсон. Надад гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-18/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.06.10-ны өдрийн 6826 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Б....-н биед баруун шуу богтосны ясны далд хугарал, зүүн шаант тахилзуур ясны далд хугарал, зүүн шууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэжээ /хх-30/,
Шүүгдэгч Н....ын яллагдагчаар өгсөн: “...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч хүүхдийн эмчилгээнд 2.300.000 төгрөг зарцуулсан. Цаашид эмчилгээ болон бусад зүйлд хэрэглээрэй гээд 8.000.000 төгрөг хүүхдийн эцэг Б....т нотариатаар батлуулж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-77-78/,
зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-10/, тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай тэмдэглэл /хх-12/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-79/, жолоочийн лавлагаа /хх-82-83/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-89/, хохирлын баримтууд /хх-102-115/, хохирол төлсөн баримт /хх-116, 117/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б....ын: “...Хохирлоо бүрэн төлүүлж авсан. Гомдол санал гаргахгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх-123/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.... нь 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 19 цаг 20 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 23 дугаар байрны арын замд “Toyota Crown” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан заалтыг зөрчиж явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн үедээ хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгөөгүйн улмаас явган зорчигч /13 настай/ Б....ийг мөргөж эрүүл мэндэд нь баруун шуу, богтосны ясны далд хугарал, зүүн шаант тахилзуур ясны далд хугарал, зүүн шууны зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь насанд хүрээгүй хохирогч Б....ийн “...Кроун маркийн автомашины жолооч зогсолгүй гарцан дээр ирж мөргөсөн. Тэгээд би гарцан дээр унасан...” гэх мэдүүлэг /хх-19/, иргэний нэхэмжлэгч Б....ын “Миний хүү Б.... ослын улмаас зүүн хөлний өсөлтийн зоо, баруун гарын шуу тус тус хугаралтай байсан...” гэх мэдүүлэг /хх-18/, шүүх эмнэлгийн 6826 дугаар “1. Б....-н биед баруун шуу богтосны ясны далд хугарал, зүүн шаант тахилзуур ясны далд хугарал, зүүн шууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэх шинжилгээ /хх-30/, шүүгдэгч Н....ын яллагдагчаар өгсөн “...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-77-78/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-10/ зэрэг нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Н....ын явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан 13 настай, зорчигч Б....ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б....ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “хохиролд 10.300.000 төгрөг төлсөн” гэх мэдүүлэг /хх-77-78, шүүх хуралдааны тэмдэглэл/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б....ын “...гомдол санал гаргахгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт /хх-123/, “хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 3.000.000 төгрөг өгсөн” гэх баримт /хх-116/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “...Цаашид гарах эмчилгээний зардал болох 8.000.000 төгрөг авсан. Гомдол санал гаргахгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх-117/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, болгоомжгүй үйлдэгддэг гэмт хэрэг, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлэг өгч байсныг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэж,
шүүгдэгч “Гэм буруутайгаа ойлгож байна. Дахин ийм асуудал гаргахгүйг хичээж явна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан бусад замын хөдөлгөөнд оролцогчоос хөдөлгөөнөө урьтан хийх давуу эрхтэй замын хөдөлгөөнд оролцогч болох явган зорчигчийг явган хүний гарцан дээр мөргөсөн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хохиролд 10.300.000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага, гэм буруугаа хүлээж байгаа/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзлээ. Гэвч хэмжээний хувьд явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн үедээ хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгөөгүйн улмаас явган зорчигч /13 настай/ Б....ийг явган хүний гарцан дээр мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны болоод шударга ёсны зарчимд үл нийцнэ гэж шүүх дүгнэн, шүүгдэгч Н....ыг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой/-ийг үндэслэн шүүгдэгч Н....ыг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.... урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт ...ийн ...ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н....ыг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н....ыг 3.000.000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.... торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.... урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н....д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР