| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/1007/Э |
| Дугаар | 1014 |
| Огноо | 2019-09-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 1014
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,
улсын яллагч Н.Ундрах,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,
шүүгдэгч Э.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э....ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1908042251329 дүгээр хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын модон эдлэлийн технологич мэргэжилтэй, хувиараа мал малладаг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, ...тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, ...түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Заан овогт ...ийн ... /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч Э.... согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ...газарт 10 настай, бага насны Г....ыг “морь түрүүлүүлсэнгүй” гэх шалтгааны улмаас ташуураар зодож, түүний биед хүзүү, зүүн шуу, баруун, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн хацрын зулгаралт, зүүн, баруун шилбэ, нурууны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн, одоо мэдүүлэг өгөхгүй. Тухайн үед бага зэрэг уусан байсан. Хохирогч хүүхэд 6 сарын сүүлээр манайд ирсэн. Эмчилгээний зардлыг би төлсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Эрүүгийн 1908042251329 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Насанд хүрээгүй хохирогч Г....ын: “...Нэг ах гэрт ирээд аав, ээжтэй уулзаад хурдан морь унуулахаар намайг авч явсан. 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр ...ьд овооны наадамд уяач ... ахын хүрэн зүсмийн даага унаж уралдаад 7 дугаар байранд орсон. Наадмын дараа морио ачаад харьж байхад уулын орой дээр ... ах 3 найзтайгаа нийлээд 4 том пиво уусан. ...араас ... ах ирээд “чи түрүүлсэнгүй” гээд байшингийн хажууд суран ташуураар нуруу, бие рүү ороолгоод байсан. Би нүүрээ дарж хамгаалж байгаад зугтаагаад аав ...ын ажил дээр очоод ээжийг дуудаад хамт хот орох гээд зам дагуу алхаж байхад нэг машин зогсоод бид хоёрыг авч яваад Гэмтлийн эмнэлэгт үзүүлээд Тахилтад байдаг аавын хамаатан Отгоо ахынд хүргэж өгсөн. ...намайг анх эмнэлэгт ирэхэд “тохой нь цуурсан байна” гээд зүүн гарын хуруунаас тохой хүртэл гипс тавьсан. Би 7 хоног гипстэй байж байгаад өөрөө авчихсан. Гипсээ аваад тохойгоо тэнийлгэхэд жоохон өвдөж байсан. Гэмтлийн эмчийн онош шүүх эмнэлгийн дүгнэлтэд тусгагдаагүй тодруулмаар байна. Дахин бүрэн шинжилгээнд орж үзүүлмээр байна.
...Надад эмчилгээ хийлгэсэн зардлын баримт байхгүй. ... ах эмчийн үзлэгийн мөнгө өгсөн гэж байсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-53, 144/,
Гэрч Д....ийн: “...2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр ...20 цагийн үед намайг үхрээ хураагаад явж байхад ..., ...а хоёр ирчихсэн гэртээ орж байгаа харагдсан. Хэсэг хугацааны дараа ......а уйлаад байхаар нь гэрээс гараад ...ын гэр лүү алхаж явахад ...а өөдөөс гүйгээд гараад ирсэн. Юу болсон талаар асуухад “... ах толгой руу ташуураар ороолгосон, би харилаа” гээд хажуугаар гүйгээд явсан. Тэр үед бүрэнхий болж байсан болохоор би ...ын араас хайгаад олоогүй...” гэх мэдүүлэг /хх-28-29/,
Гэрч Л....ийн: “...2019 оны 8 дугаар сарын 08-ны ...20 цагийн үед ...а даагаа хөтлөөд хашаа руугаа орж харагдсан. ...Хэсэг хугацааны дараа ...а уйлж орилоод байхаар нь “юу болов” гээд нөхрийн хамт гараад ...ын гэр лүү алхаж явахад өөдөөс уйлаад гараад ирсэн. Тэгээд “... ах миний толгой руу ороолгочихлоо, би харилаа” гээд шууд гүйгээд явчихсан. ...ын гэрт ороход согтуу байхаар нь гараад гэртээ орсон. Нөхөр ...ыг хайгаад олсонгүй гэж хэлсэн. ” гэх мэдүүлэг /хх-32-33/,
Гэрч Ө....ий: “2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 22 цагийн үед авга эгч ...гийн хамт Төв аймаг ...ь сум ороод буцах замд 61-н гарам орж явахад зам дээр 2 хүүхэдтэй эмэгтэй гар өргөн суусан. ...Тэгсэн эмэгтэй надад “манай бага хүүхэд айлд хурдан морь унадаг юм, өнөөдөр “морийг нь түрүүлүүлсэнгүй” гээд архи уучихаад ташуурдаад зодсон байна” гэж хэлээд нуруу, гар зэргийг нь харуулсан. Тэгээд ...а гэх хүүхдийг, ээж ахынх нь хамт ...Гэмтлийн эмнэлэгт хүргэж ирсэн. Эмч гарных нь зургийг үзүүлээд энэ хэсэг гээд зураг дээр зааж үзүүлээд хугарсан байна гэж хэлсэн. Хүүг эмчид үзүүлээд ...гэрт нь хүргэж өгсөн. ......ын нуруу, баруун гуя хөхөрч хавдсан, баруун чихний ард бага зэрэг зулгаралттай, зүүн гарын тохой хавдартай байсан...” гэх мэдүүлэг /хх-22-23/,
Гэрч О....гийн: “...Би ...ыг хэзээнээс ... гэх хүний хурдан морийг унах болсон талаар мэдэхгүй. ... гэх хүнтэй холбогдоод юу болсон талаар асуусан чинь “...а миний юмыг хулгайлаад 2 хоног алга болоод ирсэн, тийм болохоор нь би зодсон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-25/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.08.13-ны өдрийн 9710 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Г....а-н биед хүзүү, зүүн шуу, баруун, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн хацрын зулгаралт, зүүн, баруун шилбэ, нурууны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-43/,
Шинжээч Ц....ийн: “......ын биед учирсан гэмтэл нь олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд буюу 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Суран ташуур мохоо зүйлд хамаарна. Эд мөрийн баримтаар хураан авсан ташуураар үүсэх боломжтой. Гэмтлийн эмнэлгийн 2019.08.08-ны рентген зургийг ...их эмч С....ээр уншуулахад яс үенд гэмтлийн өөрчлөлтгүй гэж хариу гаргасан тул Гэмтлийн эмнэлгийн үзлэгээр учирсан гэмтэл дүгнэлт хэсэгт тусгаагүй. ...ын духанд ямар нэгэн гэмтэл байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-47-48/,
Шүүгдэгч Э....ын яллагдагчаар өгсөн: “2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн ...ь сумын овооны наадамд өөрийн хүрэн зээрд зүсмийн даагыг унаач хүүхэд Г....аар унуулаад 7 дугаар байранд орсон. Би харих замдаа найз ... нарын хамт овоон дээр 2,5 литрийн хэмжээтэй пиво хоёрыг хувааж уугаад ...аар морио хөтлүүлж, би араас нь гэртээ очсон. Морио уяад ачаа бараагаа янзалж байхад ...а алга болчихсон. Би айлын хүүхэд алга болгочихлоо гэж санаа зовоод хайж байгаад урд уулын энгэрээс олоод гэртээ оруулаад хэлэхгүй гарч явлаа гэх шалтгаанаар хурдан морины суран ташуураар 3-4 удаа ороолгож, загнаж байхад ...а гараад зугтаагаад явчихсан. ...Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Буруу зүйл хийснээ ойлгож байгаа тул хөнгөн ял өгнө үү” гэх мэдүүлэг /хх-141-142/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас /хх-4/, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан иргэн Д....ийн өргөдөл /хх-5/, хэргийн газрийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-9/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-14/, гэрч О....гийн мэдүүлэг /хх-34/, хохирлын баримт /хх-56/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-81-83/, нас тоолсон тэмдэглэл /хх-88/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-101/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-110/, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны тодорхойлолт /хх-111/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-112-114/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акт /хх-115-117/, банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-120-132/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,
шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан суран ташуур 1 ширхгийг талуудын хүсэлтээр тус тус шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар Э.... согтуурсан үедээ 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, ...газарт 10 настай, бага насны хүүхэд Г....ыг “морь түрүүлүүлсэнгүй” гэх шалтгааны улмаас суран ташуураар зодож, хүзүү, зүүн шуу, баруун, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн хацрын зулгаралт, зүүн, баруун шилбэ, нурууны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь насанд хүрээгүй хохирогч Г....ын “...... ах 3 найзтайгаа нийлээд 4 том пиво хувааж уусан. ...... ах ирээд “чи түрүүлүүлсэнгүй” гээд байшингийн хажууд суран ташуураар нуруу, бие рүү ороолгоод байсан...” гэх мэдүүлэг /хх-53/, гэрч Д....ийн “......а уйлаад байхаар нь ...юу болсон талаар асуухад “... ах толгой руу ташуураар ороолгосон, би харилаа” гээд гүйгээд явсан...” гэх мэдүүлэг /хх-28-29/, гэрч Л....ийн “......а уйлж орилоод байхаар нь “юу болов” гээд гараад ...ын гэр лүү алхаж явахад өөдөөс уйлаад гүйгээд ирсэн. Тэгээд “... ах миний толгой руу ороолгочихлоо, би харилаа” гээд гүйгээд явчихсан...” гэх мэдүүлэг /хх-32-33/, гэрч Ө....ий “...Тэгсэн эмэгтэй “манай бага хүүхэд айлд хурдан морь унадаг юм, өнөөдөр “морийг нь түрүүлүүлсэнгүй” гээд архи уучихаад ташуурдаад зодсон байна” гэж хэлээд нуруу, гар зэргийг нь харуулсан...” гэх мэдүүлэг /хх-22-23/, гэрч О....гийн “...Би ... гэх хүнтэй холбогдоод юу болсон талаар асуусан чинь “...а миний юмыг хулгайлаад 2 хоног алга болоод ирсэн, тийм болохоор нь би зодсон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-25/, шүүх эмнэлгийн 9710 дугаар “1. Г....а-н биед хүзүү, зүүн шуу, баруун, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн хацрын зулгаралт, зүүн, баруун шилбэ, нурууны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-43/, шүүгдэгч Э....ын яллагдагчаар өгсөн “...2,5 литрийн хэмжээтэй пиво 2-ыг хувааж уугаад ...гэртээ оруулаад хэлэхгүй гарч явлаа гэх шалтгаанаар хурдан морины суран ташуураар 3-4 удаа ороолгож, загнаж байхад ...а зугтаагаад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-141-142/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-9/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-14/, нас тоолсон тэмдэглэл /хх-88/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-81-83/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э....ын согтуурсан үедээ, суран ташуураар бага насны хүүхэд /10 настай/ хохирогч Г....ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г....ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-144/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч учруулсан хохирлыг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э....ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял, уг ялыг 5 сарын хугацаанд төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн талаар маргахгүй. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна. Өөрөө хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан байгаа. 1.000.000 төгрөгийг 6 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хурдан морины уралдаанд морь түрүүлүүлээгүй гэх шалтгаанаар бага насны хүүхдийг суран ташуураар зодож, эрх, эрх чөлөөнд нь халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирол төлөгдсөн, хохирогч “Гомдол саналгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /хөдөлмөрийн чадвараа нэг нүд сохорсон оношоор 50 хувь алдсан, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна үзлээ. Харин торгох ялын хэмжээний хувьд согтуурсан үедээ, бага насны хүүхдийг “морь түрүүлүүлсэнгүй” гэж шалтаглан зодсон үйлдэлд 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх Эрүүгийн хуульд заасан хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э....ыг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /хувиараа мал малладаг, тодорхой орлого олдог/-ийг үндэслэн шүүгдэгч Э....ыг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн суран ташуур 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.... урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Заан овогт ...ийн ...ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э....ыг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э....ыг 2.000.000 төгрөгөөр торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.... торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн суран ташуур 1 ширхгийг шийтгэх тогтол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.... урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э....т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР