| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2016/00799/И |
| Дугаар | 31 |
| Огноо | 2017-01-09 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 31
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь cум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 3-12 тоотод оршин суух, 1976 онд төрсөн, эрэгтэй, РД:ОЭ76031915, Булгадар овогт Баяраагийн Алтаншоогийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом Политехник коллежид холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Алтаншоо, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болормаа, хариуцагч Улаангом Политехник коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Балжинням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Алтаншоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие боловсролын байгууллагад 19 дэх жилдээ ажиллаж байна. 2013 оноос Сургалтын албаны менежерийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан боловч Улаангом политехник коллежийн захирал 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/33 дугаартай тушаалаараа намайг ажлаас чөлөөлсөн болно. Ажлаас чөлөөлөх тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг баримталсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан” бол ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлөхөөр заажээ. Миний бие нь ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчлийг гаргаагүй байхад үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргалаа. Намайг ямар зөрчил гаргасан талаар надад танилцуулж шалгаж тогтоосон зүйл байхгүй. Иймд намайг урьд эрхэлж байсан Улаангом политехник коллежийн сургалтын албаны менежерийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Улаангом Политехник коллежийн захирал Д.Баттогтох шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Улаангом политехник коллежийн захирал Д.Баттогтох миний бие Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Алтаншоогийн гаргасан нэхэмжлэлийг үл зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Б.Алтаншоо нь Увс аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ үндэслэлгүй гаргасан байна.
1. Б.Алтаншоо нь Хөдөлмөрийн яамнаас баталсан Монгол улсын хэмжээнд мөрдөх сургалтын төлөвлөгөөг зөрчиж ажилласан байна. Ингэхдээ 2016 оны 1 дүгээр сард элсүүлэн суралцуулсан 5 мэргэжлийн ангийг сургалтын төлөвлөгөөний дагуу 10 сар суралцуулж 2016 оны 10 дугаар сард төгсгөн төгсөгч нарт бичиг баримт олгох байсан боловч Тогооч мэргэжлийн ангийн сургалтын төлөвлөгөөний мөрдөх хугацааг зөрчиж одоог хүртэл төгсгөөгүй явж байгаа яам болон бүсийн арга зүйн төвд явуулах статистик мэдээ худлаа зөрчилтэй явагдсан нь байгууллагын үйл ажиллагаанд доголдол үүсгэж байна. Энэ ангийг хугацаанд нь төгсгөөгүй учраас яам болон бүсийн арга зүйн төвөөс сургалтын төлөвлөгөөний хугацаа зөрчсөн хэмээн удаа дараа мэдэгдсэн болно. Б.Алтаншоо нь энэ зөрчлийг хүлээн зөвшөөрч байгаа.
2. Мөн хичээлийн хуваарийг цаг хугацаанд нь мөрдүүлж ажиллаагүй бөгөөд 2015-2016 оны шинэ хичээлийн жилд 9 сараас хойш хичээлийн хуваарь 6 удаа солигдоход сургалтын менежер Б.Алтаншоо хичээлийн хуваарийг өөрөө хянаагүй мөн захирлаар батлуулахгүйгээр мөрдөж ажилласан нь ажил үүргээ хангалтгүй биелүүлж байна гэж үзэж байна.
3. Мөн хичээлийн хуваарьт ижил мэргэжлийн багш нарт цагийн ачааллыг харилцан адилгүй хуваарилсан нь багш нарт ижил тэгш бус хандаж нэг багшид нь давуу эрх олгох, улмаар Хөдөлмөрийн хуулийн 70 дугаар зүйлийг мөрдөж ажиллаагүй байна.
4. Хөдөлмөрийн сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу сургуулийн танхимийн бус кредит олгох журмын хэрэгжилтэд дотоод аудит хийхэд Б.Алтаншоо нь тэнхимийн эрхлэгч нарын тооцож ирсэн багш нарын цагийн тооцоог хянахгүйгээр гарын үсэг зурснаар Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/198/215 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт “Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын багшийн ажлыг багц цагаар тооцох журам”-ыг зөрчсөн байна. Журмын заалтыг зөрчиж багш гүйцэтгэх ажилтнуудад кредит олгосон нь цаанаа мөнгө санхүүгийн зөрчил үүсч байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, ажил олгогч ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийг үндэслэн Б.Алтаншоог ажлаас чөлөөлсөн ба энэ нь үндэслэлтэй, нотолгоо баримттай тул нэхэмжлэгч Б.Алтаншоогийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Алтаншоо, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болормаа, хариуцагч Улаангом Политехник коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Балжинням нар шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжлэгч Б.Алтаншоо миний бие тус шүүхэд Увс аймгийн Улаангом Политехник коллежийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/33 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Сургалтын албаны менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Тус сургуулийн шинээр томилогдсон захирал Э.Балжинням нь намайг урьд эрхэлж байсан Сургалтын албаны менежерийн ажилд эргүүлэн авахаар болж бид энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав. Хариуцагч Улаангом Политехник коллежийн захирал Э.Балжинням би нэхэмжлэгч Б.Алтаншоотой харилцан зөвшилцөж, түүнийг урьд эрхэлж байсан Сургалтын албаны менежерийн ажилд 2017 оны 1 дүгээр сарын 10-ны дотор эргүүлэн томилохоор бид эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Алтаншоо нь хариуцагч Увс аймгийн Улаангом политехник коллежид холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Алтаншоо, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болормаа, хариуцагч Улаангом Политехник коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Балжинням нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, хариуцагч Улаангом Политехник коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Балжинням нь нэхэмжлэгч Б.Алтаншоог урьд эрхэлж байсан Сургалтын албаны менежерийн ажилд эгүүлэн тогтоохоор тохиролцсон болох нь нэхэмжлэгч Б.Алтаншоо, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болормаа, хариуцагч Улаангом Политехник коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Балжинням нарын хооронд 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Иймд зохигчдын эвлэрийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Увс аймгийн Улаангом Политехник коллежоос 35.100 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Алтаншоо, хариуцагч Увс аймгийн Улаангом Политехник коллеж /захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Балжинням/ нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, хариуцагч Увс аймгийн Улаангом Политехник коллеж нь Б.Алтаншоог урьд эрхэлж байсан Сургалтын албаны менежерийн ажилд 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн дотор эгүүлэн тогтоохоор зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Улаангом Политехник коллежоос улсын тэмдэгтийн хураамж 35.100 төгрөг гаргуулж улсын орлогод /150000941 тоот данс/ оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч Улаангом Политехник коллеж сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР