Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
Хэргийн индекс | 133/2017/00005/и |
Дугаар | 07 |
Огноо | 2017-01-02 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 07
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 07 дугаар гудамж 11 тоотод оршин суух, Буурал Чүлтэмсамбын Ихбаярын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Ихбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Чүлтэмсамба овогтой Ихбаяр би 1981 оноос 1987 он хүртэл тус аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдлийн Баянбуурал бригадад малчнаар 1988-1992 он хүртэл тус аймгийн Алтай хотын худалдаа бэлтгэлийн трестэд тогоочоор ажиллаж байсан болно. Энэ хугацааны хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул миний ажиллаж байсан Алтай хотын худалдааны трест 1992 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 129 дүгээр тушаалаар татан буугдан хувьчлагдаж, би 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс тогоочийн ажлаас чөлөөлөгдсөн болно. Иймд миний бүрдүүлж өгсөн нотлох баримтуудыг үндэслэн 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдэлд малчнаар, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Алтай хотын худалдаа бэлтгэлийн ангид тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Учир нь хүсэлт гаргагч хүсэлтдээ 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдэлд малчнаар, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Алтай хотын худалдаа бэлтгэлийн трестэд тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлт гаргасан нь Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 517 дугаартай архивын лавлагаанд “...тус аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдлийн Баянбуурал бригадад малчин байсан Чүлтэмсамба овогтой Ихбаяр нь 1981 онд 7-12 сард 346,20 төгрөг, 1982 онд 1-12 сард 978 төгрөг, 1983 онд 1-12 сард 1056 төгрөг, 1984 онд 1-12 сард 978,50 төгрөг, 1985 онд 1-12 сард 1156 төгрөг, 1986 оны 1-12 сард 2134 төгрөг, 1987 оны 1-12 сард 1978,60 төгрөг...” гэсэн Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 395 дугаартай архивын лавлагаанд “...тус аймгийн Алтай хотын худалдаа бэлтгэлийн трестед тогоочоор ажиллаж байсан Чүлтэмсамба /Чүлтэмсамбуу, Чүлтэм/ овогтой Ихбаяр нь...” гээд 1988 оны 01 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд авч байсан цалинг тодорхойлсон байгаа, мөн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 710 дугаартай архивын лавлагаа зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд Буурал Чүлтэмсамбын Ихбаярыг 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдэлд малчнаар, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Алтай хотын худалдаа бэлтгэлийн трестэд тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Буурал Чүлтэмсамбын Ихбаярыг 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдэлд малчнаар, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Алтай хотын худалдаа бэлтгэлийн трестэд тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН