Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 1017

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

иргэний нэхэмжлэгч Б....,

иргэний хариуцагч Н....,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б....,

шүүгдэгч Н.... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н....ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1903006410308 дугаар эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч нарын хамт Булган аймгийн Хишиг-Өндөр сум, 5 дугаар баг, ...тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо...тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Олгонууд овогт ...ын ... /РД:.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Н.... нь 2019 оны 6 дугаар сарын 03-ны орой 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, ДЦС-4 уулзварын хойд замд “Daewoo” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д “Нэмэгдэл гэрлэн дохио зөвхөн сум заасан чигийн хөдөлгөөнийг зохицуулах бөгөөд үндсэн гэрэл дохио нэмэгдэл дохионы зааснаас бусад чигийн хөдөлгөөнийг зохицуулна” гэсэн заалтыг зөрчиж зүүн гар тийш эргэх зөвшөөрсөн сум асаагүй байхад уулзвар луу нэвтэрсний улмаас “H.Starex” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч Б....гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Гэрэл дохио ажиллаж байсан. Хохирогч ...д 2,3 сая төгрөг өгсөн. Уучлалт гуйж байна. Гэм буруугаа хүлээж, гэмшиж байна. Дахин ийм алдаа гаргахгүй” гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 6 дугаар сарын 03-нд осол боллоо гэсэн. ... гэмтсэн. Тээврийн хэрэгсэл ашиглагдахгүй байгаа. 363.000 төгрөг ...д өгсөн. 558.800, 410.000 төгрөгийн баримт байгаа. 6, 7 сард тус бүр 500.000 төгрөг өгсөн. Нийт 16.196.8000 төгрөг нэхэмжилнэ” гэв.

Иргэний хариуцагч Н.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн тээврийн хэрэгслийг 2013 онд худалдаж авсан. Үнэлгээгээр тогтоогдсон төлбөрийг төлнө. Хохирогч ...гийн хохирлыг төлсөн” гэв.

Эрүүгийн 1903006410308 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б....гийн: “2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 12 цаг өнгөрч байхад ...ын жолоодож явсан H.Starex маркийн ...дугаартай автомашины зорчигчийн суудалд суугаад явж байхад Сонсголонгийн уулзвар дээр хойноос зүүн гар тийш эргэх гээд зогсож байхад нэг том машин ирж машины гол хэсэг рүү мөргөөд, би шидэгдээд урагшаа нэг цочир саваад тухайн үед амьсгаа авч чадахаа больчихсон. Ногоон өнгийн чигээрээ явах дохио ассан байсан. Өвчүү цууралтай, нурууны 4, 7 дугаар үе хугарсан. Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-17-18/,

Гэрч Ч....ын: “2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 11 цаг өнгөрч байхад ДЦС-4 уулзвараар урдаас хойшоо 2 дугаар эгнээгээр ойролцоогоор 60 орчим км/цаг-ийн хурдтай нэвтэрч байхад хойноос зүүн гар тийш эргэж байсан ачааны улаан хүрэн өнгийн машин гэрэл дохио зөрчөөд ороод ирсэн. Би нөгөө машиныг хармагцаа тоормосоо гишгэсэн боловч нөгөө машин хэт их ойртсон байсан учир машины гол хэсэг рүү мөргөсөн. ...Гэрэл дохио ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хх-70/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.06.17-ны өдрийн 7070 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Б....-н биед өвчүү ясны хугарал, сээрний 4, 7-р нугалмын их биеийн дээд гадаргуунд хугарал, баруун мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна” гэжээ /хх-82/,

“Итгэлт Эстимэйт” ХХК-ийн 2019.06.06-ны өдрийн автомашин техникийн үнэлгээний 1405588 дугаар тайланд: ““Эсто” ХХК-ийн эзэмшлийн “Hyundai Starex” үйлдвэрийн 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд орж ирсэн, саарал өнгийн автомашины шууд зардлын дүн 3.355.000 төгрөг, үнэлгээгээр тогтоосон дүн 4.106.000 төгрөг” гэжээ /хх-90-93/,

Иргэний нэхэмжлэгч Б....гийн: “...Манай байгууллага уг автомашиныг 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 14.500.000 төгрөгөөр худалдан авсан. Машин эргээд засуулахааргүй болсон. 4.106.000 төгрөгийн үнэлгээ гарсан. Мөн байгууллагын ажилтан уг осол хэргээс болж ажлаа хийж чадахгүй байсан учраас байгууллагын зүгээс сард 500.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөг гаргаж өгөөд байна...” гэх мэдүүлэг /хх-59/,

Иргэний хариуцагч Н....ын: “......улсын дугаартай автомашиныг 2018 оны 12 дугаар сард 18.000.000 төгрөгөөр худалдан авсан. Өөрийн дүү ...ийг цалинжуулаад машинаа жолоодуулж байсан. Хохирлыг даатгалаас төлж барагдуулна гэж бодож байгаа...” гэх мэдүүлэг /хх-67/,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019.07.03-ны өдрийн шинжээчийн 49793 дугаар дүгнэлтэд: “...2. 3 дугаар тэнхлэгний тоормосны хүч зүүн талын тоормос зогсоогүй, зүүн урд, зүүн хойд оврын гэрэл асахгүй, хойд тоормосны гэрэл асахгүй, урд салхины шил хагарч цацарсан байдалтай байна. 3, 4 Зүүн урд, зүүн хойд оврын гэрэл асахгүй, хойд тоормосны гэрэл асахгүй, урд салхины шил хагарч цацарсан гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн байх боломжтой. Харин 3 дугаар тэнхлэгний тоормосны хүч зүүн талын тоормос зогсоогүй нь тоормосны мөр уртасгах байдлаар нөлөөлөх боловч уг осолд хэрхэн нөлөөлснийг нарийн тогтоох боломжгүй. 5.6. ...тоормос хэвийн ажиллагаатай байна” гэжээ /хх-98-102/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2019.07.09-ний өдрийн 286 дугаар магадлагаанд: “1. “Daewoo” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н....  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.10 Нэмэгдэл гэрэл дохио нь зөвхөн сум заасан чигийн хөдөлгөөнийг зохицуулах бөгөөд үндсэн гэрэл дохио нь нэмэгдэл дохионы зааснаас бусад чигийн хөдөлгөөнийг зохицуулна. 8.11 ...Нэмэгдэл гэрэл дохио асаагүй бол /гэрлэн дохионы зохицуулгатай үед/ уг чигт хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг зөрсөн байх үндэслэлтэй байна. 2.Жолооч Ч.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэжээ /хх-109/,

Шүүгдэгч Н....ийн яллагдагчаар өгсөн: “2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр би эгчийнхээ том машиныг жолоодож яваад станцын уулзвар дээр зогсож байгаад ногоон өнгийн гэрэл асахаар нь уулзварт ороод өмнөөс ирж байсан машинтай мөргөлдсөн. Нөгөө машин нилээд хол харагдаж байсан. Өмнө байсан хоёр жижиг тэрэг уулзвар луу орчихоор нь дагаад орчихсон. Осол хэрэг гарах үед би гэрэл дохио зөрчөөд буюу нэмэлт гэрэл асаагүй байхад орсноо хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-122-123/,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол хэрэг гарсан газарт үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч /хх-4-10/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /хх-12/, иргэний нэхэмжлэл /хх-27/, хохирлын баримтууд /хх-21-42/, “ЭСТО” ХХК-ийн “Б.... нь тус компанид Асфальт дэвсэгчийн оператороор ажиллаж байна. Сарын үндсэн цалин 1.335.233 төгрөг болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /хх-41/, “Daewoo маркийн автомашин Н....ын нэр дээр бүртгэлтэй” лавлагаа /хх-69/, хохирогчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-47/, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны тодорхойлолт /хх-124/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-125/, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын ерөнхий боловсролын лаборатори сургуулийн тодорхойлолт /хх-126/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-127/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-128/, хохирогчид хэргийн материал танилцуулсан тухай “...эмчилгээний зардалд 2.300.000 төгрөг авсан, гомдол санал байхгүй...” гэх тэмдэглэл /хх-137/, хохирогч “...хохиролд 2.300.000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт /хх-139/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Улсын яллагч “Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирогч ...д 2.300.000 төгрөг төлөгдсөн, төлбөргүй. Иргэний хариуцагч, шүүгдэгч нар тээврийн хэрэгслийн үнэлгээ 4.106.000 төгрөгийг төлөх ёстой. Иргэний нэхэмжлэгчээс хохирогчид давхардуулан олгосон цалин, эмчилгээний зардлыг иргэний хариуцагч төлсөн байна. Бусад баримтын хувьд жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж өгнө үү” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн талаар маргаагүй, зөвшөөрч байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн мөнгийг иргэний нэхэмжлэгч дахин нэхээд байгаа. Иргэний нэхэмжлэгч хохирогч ...гээс нэхэмжлэх нь зүйтэй. Иргэний нэхэмжлэгчээс ...д 410.000 төгрөг төлөгдөөгүй, үүнийг нэхэмжлэх үндэслэлгүй. 4.106.000 төгрөгийн хохирол гэж үзнэ. 7,5 сая төгрөгийг төлөх үндэслэлгүй. Уг 4.106.000 төгрөгийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар иргэний нэхэмжлэгч бүрэн хариуцах ёстой” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.... нь 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, ДЦС-4 уулзварын хойд замд Н....ын эзэмшлийн “Daewoo” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д “Нэмэгдэл гэрлэн дохио зөвхөн сум заасан чигийн хөдөлгөөнийг зохицуулах бөгөөд үндсэн гэрэл дохио нэмэгдэл дохионы зааснаас бусад чигийн хөдөлгөөнийг зохицуулна” гэсэн заалтыг зөрчиж зүүн гар тийш эргэх зөвшөөрсөн гэрэл асаагүй байхад уулзвар луу нэвтэрсний улмаас “ЭСТО” ХХК-ийн эзэмшлийн “H.Starex” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Б....гийн эрүүл мэндэд хүндэвтэр, уг тээврийн хэрэгсэлд 4.106.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б....гийн “...Сонсголонгийн уулзвар дээр хойноос зүүн гар тийш эргэх гээд зогсож байхад нэг том машин ирж машины гол хэсэг рүү мөргөөд би шидэгдээд урагшаа нэг цочир саваад тухайн үед амьсгаа авч чадахаа больчихсон...” гэх мэдүүлэг /хх-17-18/, гэрч Ч....ын “...60 орчим км/цаг-ийн хурдтай нэвтэрч байхад хойноос зүүн гар тийш эргэж байсан ачааны улаан хүрэн өнгийн машин гэрэл дохио зөрчөөд ороод ирсэн. Би нөгөө машиныг хармагцаа тоормосоо гишгэсэн боловч нөгөө машин хэт их ойртсон байсан учир машины гол хэсэг рүү мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-70/, шүүх эмнэлгийн 7070 дугаар “1. Б....-н биед өвчүү ясны хугарал, сээрний 4, 7-р нугалмын их биеийн дээд гадаргуунд хугарал, баруун мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-82/, “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн 588 дугаар “Hyundai Starex” үйлдвэрийн 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд орж ирсэн, саарал өнгийн автомашины шууд зардлын дүн 3.355.000 төгрөг, үнэлгээгээр тогтоосон дүн 4.106.000 төгрөг” гэх тайлан /хх-91/, мөрдөгчийн 286 дугаар “1. “Daewoo” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н....  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.10 Нэмэгдэл гэрэл дохио нь зөвхөн сум заасан чигийн хөдөлгөөнийг зохицуулах бөгөөд үндсэн гэрэл дохио нь нэмэгдэл дохионы зааснаас бусад чигийн хөдөлгөөнийг зохицуулна. 8.11 ... Нэмэгдэл гэрэл дохио асаагүй бол /гэрлэн дохионы зохицуулгатай үед/ уг чигт хөдөлгөөнийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Жолооч Ч.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэх магадлагаа /хх-109/, шүүгдэгч Н....ийн яллагдагчаар өгсөн “...Осол хэрэг гарах үед би гэрэл дохио зөрчөөд буюу нэмэлт гэрэл асаагүй байхад орсноо хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-122-123/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол хэрэг гарсан газарт үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч /хх-4-10/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нарын мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н....ийн үндсэн гэрэл дохиогоор зөвшөөрөгдсөн чиглэлээс өөр чиглэлд зөвшөөрсөн нэмэгдэл дохио асаагүй байхад эргэх хөдөлгөөн хийж “Hyundai Starex” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зорчигч Б....гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б....гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...хохиролд 2.300.000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт /хх-139/-ийг үндэслэн шүүгдэгчийг хохирогч Б....д төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөөнд ...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заажээ. Иймд иргэний нэхэмжлэгч хуулийн этгээдийн “тээврийн хэрэгсэл нь цаашид ашиглагдах боломжгүй болсон тул тээврийн хэрэгслийн үнийн дүнг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хангах, түүнчлэн хохирогч Б....гийн хохиролд ажил олгогчоос давхардуулан олгосон цалин хөлс, бусад зардал, гэрч Ч....ын эмчилгээнд зарцуулагдах төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй юм.    

Харин иргэний нэхэмжлэгч “ЭСТО” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд  4.106.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол /хх-91-93/ учирсан бөгөөд уг хохирлыг шүүх хуралдаан завсарлуулсан хугацаанд шүүгдэгч төлсөн болох нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн банкны дансны хуулга, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлгээр тогтоогдсон тул шүүгдэгчийг энэ тогтоолоор “ЭСТО” ХХК-д төлөх төлбөргүй гэж үзэн, иргэний нэхэмжлэгч Б.... нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгчийг тодорхой орлоготой гэх баримт хэрэгт авагдаагүйг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н....т 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хариуцлагын зорилго нь зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг төлөх байдаг бөгөөд зорилго хангагдсан. Шүүгдэгчийн эхнэр нь жирэмсэн, шүүгдэгч барилгын туслах ажилтан хийж байгаа, эхнэрийн биеийн байдал эмчилгээ хийлгэх шаардлагатай байгааг харгалзан 450.000 төгрөгөөр торгож өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /эргэх хөдөлгөөн хийх нэмэгдэл гэрлэн дохио асаагүй байхад хөдөлгөөн хийснээс бусдын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч хуулийн этгээдийн эд хөрөнгөд 4.106.000 хохирол учирсан, хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч “Гомдолгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /22 настай, барилгын туслах ажил хийдэг гэх, үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага буюу гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа/-ыг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж шүүх дүгнэн шүүгдэгч Н....ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /бусдын тээврийн хэрэгслийг цалинтайгаар жолоодон орлого олдог гэх/-ийг үндэслэн шүүгдэгч Н....ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.... урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Олгонууд овогт ...ын ...ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н....ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н....ийг 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.... торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.... урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний нэхэмжлэгч “ЭСТО” ХХК, төлөөлөгч Б.... нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н....т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР