| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0103/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/027 |
| Огноо | 2020-01-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2020/ШЦТ/027
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж
Улсын яллагч: Э.Гантулга
Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ
Шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгч А.Нод холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1.Монгол улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 9-д заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 165.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хоёр зуун дөчин /240/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялаас эдлээгүй үлдсэн хоёр зуун гучин зургаан /236/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорин ес /29/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн №175 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, А.Н
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч А.Н нь Б.Б бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах иргэн Ц.*******ын эзэмшлийн Арьс ширний үйлдвэр буюу байнга үйл ажиллагаа явуулдаг агуулахад 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 14-ны хооронд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч элдсэн арьс хулгайлан авч 3100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
шүүгэгч А.Ны мөрдөн байцаалтад өгсөн
... Б.******* бид хоёр төвд буюу Номун далай ахлах сургуулийн ойролцоо таарч нэг 1 литрийн хэмжээтэй Нутаг нэртэй архи авч төв дотор байшингийн хажуу талд хувааж уугаад гэрлүүгээ явлаа гээд явсан. Би гэртээ очсон тэгтэл Б.******* араас манай гэрт хүрч ирээд намайг 2 уулаа нэхий авъя гэхээр нь би ээж намайг гэрээс гаргахгүй байх гэж хэлсэн чинь чи хувцасаа надад өгчих хувцас авъя гээд гараад ирчих гэхээр нь би араас нь гараад Есөн-Эрдэнэ буюу доод захын ойролцоо гудамжны үзүүр дээр Б.Бтаараад уулзсан чинь Б.******* архи уух уу гэхээр дэлгүүр орж 0.75 гр-ийн хэмжээтэй Нутаг нэртэй архи авч архиа гудамж руу орж уучихаад ууж байх үедээ нэхий авъя гэж ярилцаад Есөн-Эрдэнэ захаас зүүн урагшаа явсан нэхийний үйлдвэр дээр очсон чинь нэхийний үйлдвэр цоожтой байсан хойшоо харсан 3-4 цонх байхаар нь Б.******* гараараа цонхыг нь түлхсэн чинь цонх онгойсон. Би цонхоор үйлдвэр дотор ороход өрөөнд 2-3 хэсэг хураалттай байсан нэхийнүүд байсан араас Б.******* цонхоор орж ирсэн өрөөнд нилээн хэдэн шуудай байсан бөгөөд уг шуудай нь 50 хэмжээтэй шуудайнаас арай том шуудай байхаар нь цонхоор шуудайг би шидэж Б.******* бид 2 элдсэн нэхийнүүдийг цонхоор гаргаж шидсэн. Б.******* бид хоёр 2 шуудайнд хувааж хийсэн нарийн тоог мэдэхгүй байна барагцаагаар 100 гаран нэхий орчих шиг болсон. Тэгээд Б.******* бид хоёр шуудайтай нэхийгээ үүрээд МСҮТ-ийн ар талын 7 дугаар байрны хонгил доогуур хийчихээд Б.******* би гэрлүүгээ яваад өгсөн. Би гэртээ очиж хончихоод маргааш өглөө нь 07 цагийн гэрээс гарч 8-9 цагийн үед 7 дугаар байран дээр иртэл Б.******* ирсэн намайг хүлээгээд байж байсан. Б.******* бид хоёр 2 шуудайтай нэхийгээ үүргээд Есөн-Эрдэнэ зах руу яваад Цэлмэг өглөөгийн хойд талын контенорийн хавьд Б.******* би уранхай цоорхой хувцастай юм чинь надаас хүмүүс дорно худалдаж авна гээд намайг наана байж бай гээд нэг шуудайгаа үүрээд нөгөө шуудайтай нэхийгээ хажуу талдаа бариад явсан би хойд талд байх хашаа руу бие засчихаад эргээд гараад иртэл контенорын хажууд явуулын болтой нэг танихгүй эрэгтэй хүнд өгч байгаа харагдаж байсан бөгөөд мөнгөө аваад хүрээд ирсэн. Б.******* ирээд би мөнгөний тоо сайн мэдэхгүй зарчихаад ирлээ гэхээр нь би мөнгийг нь аваад тоолсон чинь 300.000 төгрөг байхаар нь тэр мөнгийг аваад Б.******* бид 2 буудалд архи ууж хоол унд авч мөнгийг нь үрж тараагаад дуусгасан ... гэх мэдүүлэг / хх-ийн 98-104, 233-235 /
Хохирогч Ц.*******ын мөрдөн байцаалтанд өгсөн
... 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 18 цагийн үед Д.******* надруу залгаад үйлдвэрт хулгай орсон байна гэж надад хэлэхээр нь үйлдвэр дээр очоод Д.*******ын хамт үйлдвэрийн өрөөнүүдэд ороод үзтэл элдсэн нэхийнүүдээс их хэмжээний нэхий байхгүй байсан тэгээд цагдаад дуудлага өгсөн. Үйлдвэрийн түлхүүр ганцхан Д.*******ад байгаа өөр хүнд байхгүй. 2018 оны 02 дугаар сарын 14-нөөс хойш манай үйлдвэр ажиллаагүй, өнөөдөр Д.******* үйлдвэрээс юм авах гэж ороход цонх нь онгорхой байсан гэсэн. Би бол 2018 оны 02 дугаар сарын 14-нөөс хойш үйлдвэр дээр очоогүй байсан юм. Манай үйлдвэрт ойролцоогоор 3500 гаран нэхий байсан байх нэхийний данс тооцоо Д.*******, С.******* ах хоёрт байгаа. Манайх нэг нэхийг 25,000-30,000 мянган төгрөгийн хооронд зарж байсан. Манайх цагаан сараар л хэдхэн тооны нэхий зарсан. Зарсан тоогоо биччихсэн байгаа, яг одоо хэдэн нэхий алга болсон талаар мэдэхгүй байна. Манай үйлдвэрээс хэзээ алга болсон талаар би сайн мэдэхгүй байна. А.Н, Б.******* нар нь манай үйлдвэрт ажиллаж байгаагүй би танихгүй хүмүүс байна. Манай үйлдвэр дотор байсан 738 ширхэг хонины элдсэн нэхий алдагдсан байсан уг тоог манай нярав Д.******* нэг бүрчлэн тоолж гаргасан. Эхлээд 400 гаран нэхий дутуу байсныг Д.******* бид 2 барагцаагаар тоолж гаргасан дараа нь Д.******* нэг бүрчлэн тоолж үзэхэд 738 ширхэг нэхий алдагдсан байсан. Манай үйлдвэрт 50 хэмжээтэй шуудай байсан бөгөөд арай том хэмжээтэй байсан байх гэхдээ хэдэн ширхэг шуудай байсныг мэдэхгүй байна. Манай үйлдвэрт уртаараа 1 метр 20 см хэмжээтэй шуудай байдаг . Элдсэн нэхий нь элдээгүй нэхийнээс зөөлөн овор хэмжээ нь бага болдог 1 метр 20 см хэмжээтэй шуудайнд ойролцоогоор 60-70 ширхэг элдсэн нэхий орох байхаа. Анх үйлдвэрт хулгай орсон байхаар нь Д.******* бид 2 багцаагаар тоолж үзэхэд 400 гаран нэхий дутаж байсныг тухайн үед цагдаад хэлсэн. Дараа нь нярав Д.******* нэг бүрчлэн тоолж үзэхэд 738 ширхэг алдагдсан байсан. Манай нярав Д.*******ын өөрийн бүртгэл мөн хүнээс нэхий худалдаж авсан мөн үйлдвэрт орсон нэхийний тоо зэрэг баримтууд байгаа баримтуудыг Д.******* сайн мэдэж байгаа ... гэх мэдүүлэг / хх-ийн 35-38, 225-227 /
Гэрч Д.*******ын мөрдөн байцаалтад өгсөн
... 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр би гэртээ байж байгаад 17 цаг 40 минутын үед нэхийний үйлдвэр орж паяалк авах гээд ажил дээрээ очсон, мөн парны ус гойждог болохоор тэрнийгээ үзэх гээд ажил ороод хойд өрөөнд ороод паяалк автал өрөөний цонх онгорхой байхаар нь нэхий байсан өрөөнүүд рүү ороод үзтэл хураалттай байсан элдсэн нэхийнүүдээс зарим нэг хэсэг газраас элдсэн нэхий алга байхаар нь С.******* ах, Ц.******* нарт нэхий алга болсон байна цонх онгорхой байна гэж хэлтэл Ц.******* ах үйлдвэр дээр ирээд би үйлдвэрийн хаалгын онгойлоод Ц.******* ах бид хоёр үйлдвэр дотор ороод өрөөнүүдэд байсан элдсэн арьс дутуу байгааг мэдээд цагдаад дуудлага өгсөн. Үйлдвэрийн өрөөний түлхүүр ганцхан надад байдаг. 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ажиллаад тэрнээс хойш очоогүй байж байгаад 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр очиж паяалк авах гээд ажил ортол нэг өрөөний цонх нь онгорхой байсан. Тэгээд цонхыг хаачихаад С.*******, Ц.******* ах нар руу залгасан боловч утсаа аваагүй надаас өөр хүнд ажлын өрөөний түлхүүр байхгүй. Манай ажлын өрөөнд 3000 мянга гаран элдсэн нэхий байсан одоо тэрнээс хэдэн ширхэг элдсэн нэхий байхгүй болсон талаар би мэдэхгүй байна тоолж байгаад мэдэгдэх байх, Би нэхийний үйлдвэрийн инеженер нь байгаа юм. С.******* ах, Ц.******* нар нь үйлдвэрийн дарга тэр хоёрт бол үйлдвэрийн гадна талын түлхүүр байхгүй харин өрөөнүүдийн түлхүүрүүд нь байдаг юм. Манай үйлдвэр нийт 738 ширхэг элдсэн нэхий алдсан юм. Элдсэн нэхий нь элдээгүй нэхийнээс овор хэмжээ нь хамаагүй бага болж цөөхөн болдог. Хонины нэхийг үйлдвэрт оруулж зөөлрүүлж угааж цэвэрлэж үйлдвэрийн аргаар элдэг тул овор хэмжээ нь бага болдог юм. Анх хулгайд алдсан үедээ Ц.******* бид 2 нарийн сайн тоолж үзээгүй багцаагаар 400 гаран нэхий алдагдсан байна гэж хэлсэн дараа нь дахин би ганцаараа нарийн сайн тоолж үзэхэд 738 ширхэг дутаж байсан. Манай үйлдвэрт 2 өрөө байдаг өрөө өрөөгөөр нь нэг бүрчлэн тоолж үзэхэд 738 ширхэг элдсэн нэхий алдагдсан байсан. Миний гаргаж өгсөн гэх баримтууд нь нийт хүнээс худалдаж авсан нэхийнүүдийн баримт байгаа юм уг баримтаар үйлдвэрт хичнээн тооны нэхий байсан эсэх тоо гарч байгаа бөгөөд алдсан гэх нэхийний тоо нь гарч байгаа юм ... гэх мэдүүлэг / хх-ийн 39-45, 228-230 /,
Гэрч С.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн
... Ц.******* бид хоёр 2017 онд жижиг дунд үйлдвэрийн төслөөр нэхийний үйлдвэр байгуулахаар болоод хуучин "*******" ХХК-ийн байранд үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба 2018 оны 07 дугаар сараас эхлэн нэхийгээ авч элдэж эхэлсэн. 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр цагаан сар болох гээд үйл ажиллагаагаа зогсоогоод түүнээс хойш очоогүй байсан. Тэгсэн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Д.******* над руу залгаад байранд хулгай ороод элдсэн нэхий алга болсон байна гэхээр нь очиход Ц.*******, Д.******* хоёр ирчихсэн мөн цагдаагаас хүмүүс ирсэн байсан. Тухайн үед хаалганы баруун талын цонхоор хулгай орсон байсан. Тухайн үед 400 гаран нэхий алдагдсан байна гэж байсан чинь дараа нь дахиж тоолоод 700 гаран нэхий алдагдсан байна гэж байсан... Үйлдвэрт 3000 гаран нэхий авсан байсан яг хэдэн ширхэгийг авсан байсныг сайн мэдэхгүй байна. Падаан шахаж байж тоо нь гарна. Д.******* л бүртгэл хөдөлдөг болохоор дэвтэр дээр нь байгаа. Элдсэн нэхийг 25.000 -30.000 төгрөгийн хооронд л зардаг юм ... гэх мэдүүлэг / хх-ийн 56-57 /
Баянхонгор аймгийн “******* ” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №20 дугаар “...элдсэн хонины нэхий 738 ширхэг эд зүйлийг 18450000 төгрөг болохыг тогтоосон...” үнэлсэн үнэлгээ /1-р хх-ийн 61-62/
Баянхонгор аймгийн “******* ” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 335 дугаар “...элдсэн хонины нэхий 124 ширхэг эд зүйлийг 3100,000 төгрөг болохыг тогтоосон...” үнэлсэн үнэлгээ /2-р хх-ийн 108-109/
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / 1-р хх-ийн 1-3, 6-8/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 25-32/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 80-82/, мөрдөн шалгах туршил хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 87-93/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 105-140/, шүүгдэгч А.Нын хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багийн засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 04 дугаартай тодорхойлолт, А.Нын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 144, 145/, шүүгдэгчийн эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 143/, шүүгдэгч А.Нын эрүүгийн хариуцлага хүлээж байсан сэхийг шалгах хуудас/ хх-ийн 154-156/, шүүгдэгч А.Нын Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 159-163/, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 168-175/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.Н нь Б.Ббүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах иргэн Ц.*******ын эзэмшлийн Арьс ширний үйлдвэр буюу байнга үйл ажиллагаа явуулдаг агуулахад 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 14-ны хооронд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч элдсэн арьс хулгайлан авч 3100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Б.*******ийн ... А.Н 1 цагийн дараа 2 шуудайтай элдсэн нэхий үүрээд гараад ирэхээр нь нэг нэгээр нь үүрч дунд зах буюу Дэлгэрэх захад хүргэж өгчихөөд би хойшоо айл руу явсан. А.Н шуудайтай нэхийтэй Дэлгэрэх зах дээр үлдсэн ... гэх мэдүүлэг / хх-ийн 95-97, 231-232 /
Шүүгдэгч А.Нын ... Б.Бархи авч уучихаад ууж байх үедээ нэхий авъя гэж ярилцаад Есөн-Эрдэнэ захаас зүүн урагшаа явсан нэхийний үйлдвэр дээр очсон чинь цоожтой хойшоо харсан 3-4 цонх байхаар нь Б.******* гараараа цонхыг нь түлхсэн чинь цонх онгойсон Б.******* цонхоор орж 50 хэмжээтэй шуудайнаас арай том шуудай байхаар нь цонхоор шуудайг би шидэж Б.******* бид 2 элдсэн нэхийнүүдийг цонхоор гаргаж шидсэн. Б.******* бид хоёр 2 шуудайнд хувааж хийсэн нарийн тоог мэдэхгүй байна барагцаагаар 100 гаран нэхий орчих шиг болсон... гэх мэдүүлэг / хх-ийн 98-104, 233-235 /
Хохирогч Ц.*******ын .... Д.******* нэг бүрчлэн тоолж үзэхэд 738 ширхэг нэхий алдагдсан байсан. Манай үйлдвэрт 50 хэмжээтэй шуудай байсан бөгөөд арай том хэмжээтэй байсан байх гэхдээ хэдэн ширхэг шуудай байсныг мэдэхгүй байна. Манай үйлдвэрт уртаараа 1 метр 20 см хэмжээтэй шуудай байдаг .. Анх үйлдвэрт хулгай орсон байхаар нь Д.******* бид 2 багцаагаар тоолж үзэхэд 400 гаран нэхий дутаж байсныг тухайн үед цагдаад хэлсэн ... гэх мэдүүлэг / хх-ийн 35-38, 225-227 /
Гэрч Д.*******ын ... Анх хулгайд алдсан үедээ Ц.******* бид 2 нарийн сайн тоолж үзээгүй багцаагаар 400 гаран нэхий алдагдсан байна гэж хэлсэн дараа нь өрөө өрөөгөөр нь нэг бүрчлэн тоолж үзэхэд 738 ширхэг элдсэн нэхий алдагдсан байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 39-45, 228-230 /,
эрч С.*******гийн ... тухайн үед 400 гаран нэхий алдагдсан байна гэж байсан чинь дараа нь дахиж тоолоод 700 гаран нэхий алдагдсан байна гэж байсан... Үйлдвэрт 3000 гаран нэхий авсан байсан яг хэдэн ширхэгийг авсан байсныг сайн мэдэхгүй байна. Падаан шахаж байж тоо нь гарна. Д.******* л бүртгэл хөдөлдөг болохоор дэвтэр дээр нь байгаа. Элдсэн нэхийг 25.000 -30.000 төгрөгийн хооронд л зардаг юм ... гэх мэдүүлэг / хх-ийн 56-57 /
Баянхонгор аймгийн “******* ” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 335 дугаар “...элдсэн хонины нэхий 124 ширхэг эд зүйлийг 3100,000 төгрөг болохыг тогтоосон...” үнэлсэн үнэлгээ /2-р хх-ийн 108-109/ зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Н нь Б.Ббүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах иргэн Ц.*******ын эзэмшлийн Арьс ширний үйлдвэр буюу байнга үйл ажиллагаа явуулдаг агуулахад 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 14-ны хооронд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч элдсэн арьс хулгайлан авч 3.100.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Уг гэмт хэргийн хохирогч Ц.*******ын алдагдсан эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь маргаагүй, шүүгдэгч А.Н нь эд зүйлсийг хулгайлж авсан өөрсдийн үйлдэл болон авсан эд зүйлийн тоо, хэмжээ болон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч А.Нод ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар зааснаар гэмт хэргийг бүлэглэн үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч А.Н нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар Б.Бгэмт хэрэгт хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан тохиролцоогүй, хэрэг үйлдэх явцдаа гэмт хэргийг бүлэглэн , гүйцэтгэсэн, мөн амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор буюу шунахай сэдэлтээр дээрх хулгайн гэмт хэрэгт хамтран оролцсон нь хангалттай нотлогдсон болно.
Шүүгдэгч А.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдөөгүй, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор хорих ялыг оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Түүнлэнч шүүгдэгч А.Н нь Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн ба уг ялаас 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар биеэр 6 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялыг эдэлж, 5 сар 02 хоногийн хорих ялын үлдэж байгаа ба энэ тогтоолоор оногдуулсан ял дээр нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн ялын эдлээгүй үлдсэн 5 сар 02 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Нын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 179 хоног, 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 199 хоног, нийт 378 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.Нын гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1.550.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.*******т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин хохирогч Ц.*******ын хэрэгт авагдсан эд зүйлийг худалдаж авсан талаархи холбогдох орлого, зарлагыг бүртгэн хөтөлдөг гэх баримт нь хэрэгт ач холбогдол бүхий баримтад эрх зүйн үнэлэлт өгөхөд / зарлагын баримтад бичигдсэн нэхийний тоо хэмжээг, ямар баримтыг үндэслэж гаргасан, баримтуудад он, сар өдөр бичигдээгүй, засвартай, тухайн хуулийн этгээдийн тамга тэмдэг дарагдаагүй, баримтанд хуулийн этгээдийн болон иргэний нэр бичигдээгүй, гарын үсэг зурагдаагүй, тухайн баримтыг нэг өдөр бичигдсэн буюу бичгийн хэв адилхан, эд зүйлийн тоо бичигдээгүй / учир дутагдалтай байх тул шүүх үнэлэх боломжгүй байна.
Шүүгдэгч А.Н нь эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Ныг байнга үйл ажиллагаа явуулах агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөниий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.Нод хоёр / 2 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч А.Нод Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг / 1/ жилийн хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн таван / 5 / сар хоёр / 2 / хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг хоёр / 2/ жил таван / 5 / сар хоёр / 2 / хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч А.Нод оногдуулсан хоёр / 2 / жил, таван / 5 / сар хоёр / 2 / хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А.Нын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 179 хоног, 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-нй өдрийг хүртэл 199 хоног, нийт 378 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-т зааснаар шүүгдэгч А.Ноос 1.550.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.*******т олгосугай.
7. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, шүүгдэгч А.Нод хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тооцсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Нод хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА