| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/1012/Э |
| Дугаар | 1018 |
| Огноо | 2019-09-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 1018
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,
улсын яллагч Б.Энхбат,
хохирогч З....,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,
шүүгдэгч Б.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б....ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808053830942 дугаар хэргийг 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1960 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн ...тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 2 дугаар байр, ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Авга овогт ...гийн ... /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч Б.... нь согтуурсан үедээ буюу 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны 1 дүгээр орцны 5-6 давхрын дунд шатан дээр иргэн З....ийн биед халдаж, эрүүл мэндэд нь зулай, шанааг дайрсан, хацар, эрүүний зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 11 дүгээр сарын 20-нд төрсөн өдөр болоод ...г дуудаж архи ууснаас ийм юм болчихлоо. Би ...г цохиогүй, хөл гар муутай хүн. Ууж байснаа л мэдэж байна. Өөр юу ч мэдэхгүй байна” гэв.
Хохирогч З.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 11 дүгээр сарын 20-нд ... “хүрээд ир” гэсэн. Нэг шил архи задалсан. Дахиад 1-ийг уусан. 16 цагийн үед “эхнэр ирнэ, яв” гэсэн. Би гараад 3 давхар хүрээд утсаа орхисноо мэдээд буцаж ороод авсан. Тэгээд шатан дээр жаахан суусан. Гэтэл араас ... гарч ирээд “чи яв гээд байхад яагаад явахгүй байгаа юм” гэсэн. Тэгээд толгой руу хүчтэй цохисон. Юу болсныг мэдэхгүй байгаа. Үүнээс хойш надтай огт холбоо бариагүй. Эхнэр лүү 2-3 удаа согтуу ярьсан байсан. Гомдолтой байна” гэв.
Эрүүгийн 1808053830942 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч З....ийн: “2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ...найз ... яриад “маргааш миний төрсөн өдөр, өнөөдөр хүрээд ир” гэхээр нь би 10 цаг өнгөрч байхад очсон. ...Тэгээд хоол унд идээд ... архи гаргаж ирээд ...бид хоёр хувааж уусан. ...... дэлгүүр гараад дахиж 1 шил архи авчраад уугаад сууж байсан чинь “одоо эхнэр ирнэ, чи ингээд яв” гээд би 17 цаг өнгөрч байхад гарч яваад утсаа орхисноо мэдээд эргэж орж аваад ...ын орцны 6-5 давхар хоёрын завсар шатан дээр сууж байсан. Тухайн үед толгой эргээд согтоод байхаар нь архиа гаргах гээд суусан. Тэгсэн ... гэрээсээ гарч ирээд “чамайг яв гээд байхад явахгүй юугаа хийгээд байгаа юм” гэхээр нь “жаахан сууж байгаад явлаа” гэсэн. Би шатан дээр суугаад хана налаад зүүрмэглээд сууж байсан чинь миний толгойны хажуу тал руу “түг” гээд ... юмаар цохих шиг болсон. Би юугаар цохисныг мэдэхгүй, би ухаан алдсан. ...Намайг шатан дээр сууж байхад ... хатуу юмаар зүсэж учруулсан. Би эмчилгээний мөнгөө нэхэмжилнэ. Гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-21-22/,
Гэрч Д....ийн: “2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ажлаа тараад 19 цаг 45 минутын үед ирэхэд манай гэр лүү орох шатны коридорт нэг хүн доошоо тонгойн баруун хажуу харсан байдалтай цус юм уу, ямар нэг зүйл дээр хэвтэж байсан. Би гэртээ ороод нөхөр ...т “... шатны доор тавцан дээр цус алдсан юм уу, шатан дээр хэвтэж байна, амьд эсэх нь мэдэгдэхгүй хэвтэж байна, гараад хар” гэсэн. Нөхөр гарч хараад “цус байна” гэж хэлсэн. Манай нөхөр “... манайд ирсэн, архи ууж байна. ... бид хоёр хэрэлдээд би хөөж гаргасан, орцонд байна. Чи ирэхдээ хараарай” гээд над руу 16-17 цагийн үед ярьсан. 16 цагийн үед хөөж гаргасан, тэгсэн ... 2 цаг хэртэй орцонд унтаж байгаад 19 цагийн үед орж ирээд утсаа орхисон байна гээд гарсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-18-19/,
Гэрч Ю....ийн: “...2018 оны 11 дүгээр сард байсан, өдрийг нь санахгүй байна, оройхон байсан. Гэмтлийн эмнэлгээс залгаад “... эмнэлэг дээр байна, ирж уулз” гэсний дагуу таксидаж очиход эмч нь “таних уу” гэхэд “танина, хуурай дүү нь” гэсэн чинь цүнхийг нь өгсөн. ...З....тэй уулзахад Б.... “намайг цохисон юм шиг байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-56-57/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.12.04-ний өдрийн 14249 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.З....-н биед зулай, шанааг дайрсан, хацар, эрүүний зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /хх-25/,
Шинжээч Ж.Ганцэнгэлийн: “...ийн биед учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Ир үзүүртэй зүйл гэдэгт хутга, хагархай шил, заазуур зэрэг зүйлс орно. Унаснаас үүсэх боломжгүй” гэх мэдүүлэг /хх-28/,
Шүүгдэгч Б....ын яллагдагчаар өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ...... ирэхээр нь хоол унд хийгээд 0,75 литрийн 1 шил архи хувааж уугаад танил ...г дуудаад түүнд би картаа өгч нэг шил архи авчруулаад ... архи уудаггүй учраас удаагүй явсан. ... бид хоёр үлдсэн архийг ууж байгаад нэг мэдсэн тасарсан сандал дээр унтаж байсан чинь орой 19 цагийн үед эхнэр орж ирээд “... цус гарсан доод талын шатан дээр хэвтэж байна” гэсэн. Гараад харсан чинь шатны доор доошоо харсан хэвтэж байсан тул цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-49-52/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-10/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-17/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-37/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-39/, хохирлын баримтууд /хх-42-43/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг болон хохирогчоос шүүхэд гаргаж өгсөн гэмтлийн дараах гэрэл зураг зэргийг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Б....ыг гэм буруутайд тооцуулах саналтай. Архидан согтуурснаас болж гэмт хэрэг үйлдэгдсэн. Гэмт хэргийн улмаас 116.300 төгрөгийн төлбөртэй.
Шүүгдэгч ууснаа санаж байна гэж мэдүүлж байна. Хохирогч мэдүүлгийн эх сурвалжаа шууд зааж байгаа. Гэрч ...ийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлгээр давхар нотлогдоно. Үүнээс дүгнэхэд шүүгдэгч нь хохирогчийг орцонд хэвтэж байгаа гэдгийг мэдэж байжээ...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу дээр маргана. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-д заасан нотолгоог хангаагүй. Хохирогчийн мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдох ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 тогтоогдоогүй. Камертай гэх боловч түүнийг шүүгээгүй, бусадтай зодолдсон ч байж болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-ыг тогтоогоогүй. Хохирогч гэрээс гарсан байсан, түүний араас очих шаардлага байгаагүй. Хагархай шил, заазуур байгаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдэж өгнө үү.
Хавтаст хэргийн 22 дугаар хуудсанд хохирогч мэдүүлэгтээ мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй. Санахгүй байна гэдэг. Цохисон эд зүйл нь хаана байна. Хохирогч одоо бол шууд ... гээд заагаад байна...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Шүүгдэгч Б.... уг хэргийг үйлдсэн гэдгийг бүрэн дүүрэн нотолж чадаагүй, гэмт хэргийг хэн үйлдсэнийг, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоож чадаагүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.... согтуурсан үедээ 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 2 дугаар байр, 1 дүгээр орцны 5-6 давхрын дунд шатан дээр иргэн З....ийн биед халдаж зулай, шанааг дайрсан, хацар, эрүүний зүсэгдсэн шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч З....ийн “...... гэрээсээ гарч ирээд ...юмаар цохих шиг болсон...” гэх мэдүүлэг /хх-21-22/, гэрч Д....ийн “...нэг хүн доошоо хараад, толгой нь баруун хажуу харсан байдалтай цус юмуу ямар нэг зүйл дээр хэвтэж байсан. ......т “... шатны дор тавцан дээр цус алдсан юм уу хэвтэж байна. Манай нөхөр “... манайд ирсэн, архи ууж байна. ... бид хоёр хэрэлдээд би хөөж гаргасан, орцонд байна. Чи ирэхдээ хараарай” гээд над руу 16-17 цагийн үед ярьсан. 16 цагийн үед хөөж гаргасан, тэгсэн ... 2 цаг хэртэй орцонд унтаж байгаад 19 цагийн үед орж ирээд утсаа орхисон байна гээд гарсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-7-8/, гэрч Ю....ийн “...З....тэй уулзахад Б.... “намайг цохисон юм шиг байна” гэж хэлсэн...”гэх мэдүүлэг /хх-56-57/, шүүх эмнэлгийн 14249 дүгээр “1. З....-н биед зулай, шанааг дайрсан, хацар, эрүүний зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх шинжилгээ /хх-25/, шинжээч Ж.Ганцэнгэлийн “......ийн биед учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Унаснаас үүсэх боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-28/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-10/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-17/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б....ын согтуурсан үедээ, хохирогч З....ийн биед халдаж, эрүүл мэндэд нь зулай, шанааг дайрсан, хацар, эрүүний зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч З....ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч 214.930 төгрөгийн хохирлын баримт /хх-42-43/ гаргаж өгсөн бөгөөд шүүх хуралдаан завсарлуулсан хугацаанд дээрх хохирлыг төлж барагдуулсан нь шүүхэд гаргаж өгсөн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх тул цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч ажил эрхэлдэггүй, орлогогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б....т 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Шүүгдэгч 59 настай учир 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ эд зүйл ашиглан хүний эрх, эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, нотлох баримт бүхий хохирол төлөгдсөн, хохирогч “Гомдолтой байна” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /58 настай, эрүүл мэндийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага/-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б....т нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлгүй байна гэж дүгнэн 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг үндэслэн шүүгдэгч Б....ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.... урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Авга овогт ...гийн ...ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б....ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б....ыг 700.000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.... торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.... урьдчилан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч З.... нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б....т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ Л.БААТАР