Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 133/ШШ2019/00013

 

Зохигчид эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би

Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч *** банкны Говь-Алтай салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***ийн ***ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн *** сумын 0 тоотод оршин суух *** овогт ***ы ***, *** овогт ***гийн ***нарт холбогдох

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээл 2.494.975,23 төгрөг, зээлийн хүү 417.944,96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38.625,96 төгрөг, нотаритын үйлчилгээний төлбөр 20.000 төгрөг нийт 2.951.546,06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн  хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч ***банкны Говь-Алтай салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Мянган овогтой Баянзул нь *** банкны Говь-Алтай салбараас 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ЗГ15/464 тоот зээлийн гэрээ байгуулан 5.000.000 төгрөгийн зээлийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, өрхийн хэрэгцээндээ зориулан гэр бүлийн хүн ***ын эзэмшлийн автомашиныг болон гэрийн эд хогшил зэргийг барьцаалуулан авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.3.1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 2.445.024,77 төгрөг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээний 4.2.4-д заасан нөхцөлийг зөрчин, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөр 2.921.777,40 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч *** банкны Говь-Алтай салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч*** шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Зээлдэгч *** овогтой *** нь зээлийн гэрээний 4.2.4-д заасан нөхцөлийг зөрчин гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй тул банк зээлийн гэрээний 5.1.2 дахь хэсгийг үндэслэн зээлийн гэрээг татгалзах, зээлийн өр нэхэмжлэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан бөгөөд нэхэмжлэл гаргасан  өдрөөс  өнөөдрийг  хүртэл  43  хоног болж байгаа тул зээлдэгчийн дээрх хоногт бодогдсон зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэмж нэхэмжилж байна. 2017 оны 01 сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2.494.975,23 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 417.944,96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 38.625,87 төгрөг бүгд 2.951.546,06 төгрөг болно гэжээ.

Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: Энэхүү эвлэрлийн гэрээг нэг талаас *** банкны Говь-Алтай салбар түүнийг төлөөлж зээлийн багц хариуцсан менежер ***, нөгөө талаас *** сумын *** тоот хаягт оршин суух ***ы *** нар харилцан тохиролцож дор дурдсан нөхцлөөр байгуулав.

1.1. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь дараах нөхцөлийг харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна.

1.1.1. Нэхэмжлэгч нь 2017 оны 01 сарын 04-ний өдрийн байдлаар ***аас үндсэн зээл 2.494.975,23 төгрөг, зээлийн хүүгийн 417.944,96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38.625,87 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 20.000 төгрөг, нийт 2.951.546,06 төгрөг гаргуулах, нэхэмжлэл шүүхэд гаргахтай холбогдон гарсан зардал буюу улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр гаргуулах, шүүхийн шийдвэрийн дагуу зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр сайн дураараа барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

 1.2. Нэхэмжлэлийн шаардлагыг дараах нөхцөлтэйгээр биелүүлэхийг хариуцагч хүлээн зөвшөөрөв. Үүнд:

1.2.1. Нэхэмжлэлийн шаардлагын дагуу нийт 2.951.546,06 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 04-ний дотор төлж барагдуулах,

1.2.2. Төлбөрийг 2017 оны 06 дугаар сарын 04-ний дотор төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан борлуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангах,

1.3. Хариуцагч энэ гэрээний 1.2.1-т заасан нөхцөлийн дагуу төлбөр барагдуулсан тохиолдолд Банк зээлийн барьцаанд байгаа хөрөнгийг чөлөөлж зээлдэгчид баримт бичгийг олгоно.

 1.4 Зээлдэгч энэ гэрээгээр хүлээсэн үүргээ нэг удаа зөрчсөн тохиолдолд энэ гэрээний дагуу гарсан шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх, зээлийн барьцаа хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж зээлийн төлбөрийг барагдуулна.

2.1 Нэхэмжлэгч дараах эрхийг эдэлж үүргийг хүлээнэ.

2.1.1 Энэ гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2.1 дэх хэсэгт заасан хугацаанд зээлийн төлбөрийг барагдуулахыг шаардах,

2.1.2 Энэ гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-т заасан нөхцөл бий болсон тохиолдолд гэрээ зөрчигдсөн өдрөөс хойш энэхүү гэрээгээр банкны талаас хүлээсэн үүрэг хүчингүй болох ба шүүгчийн захирамжийн биелэлтийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар хангуулна.

2.2 Хариуцагч дараах эрх үүрэгтэй.

2.1.1 Энэ гэрээний 1.2.1 дахь хэсэгт заасан үүргийг биелүүлнэ.

2.1.2 Энэ гэрээний дагуу төлбөрийг хугацаанд нь барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгийг хураалган худалдан борлуулж, зээлийг барагдуулна.

3.1 Хариуцагч энэ гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2.1 дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөр болон бусад зардлыг ямарваа нэгэн шалтгаанаар тогтоосон хугацаанд барагдуулаагүй, гэрээний нөхцлийг зөрчсөн тохиолдолд банк энэ гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, шүүгчийн захирамжийн биелэлтийг албадан гүйцэтгүүлнэ.

4.1 Талууд ИХШХШТХуулийн 74, 75 дугаар зүйлийг бүрэн ойлгосон, нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхх ажиллагаанаас үүдэн гарах аливаа үр дүнг хүлээн зөвшөөрөв.

4.2 Гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс шүүгчийн захирамжийн биелэлтийг албадан гүйцэтгүүлэхэд зээлдэгчийн болон зээлийн төлбөрт холбогдолтой аливаа иргэн татгалзал үзүүлэхгүй болно.

5.1 Энэхүү гэрээг 3 хувь үйлдэж талууд тус бүр нэг хувийг хадгалж, нэг хувийг шүүхэд хүргүүлэх бөгөөд хувиуд адил хүчинтэй байна.

5.2 Энэ гэрээ талуудын эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** банкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй, ***, *** нарт холбогдох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн нийт төлбөр 2.951.546,06 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Учир нь нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож эвлэрсэн болох нь “...1.1. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь дараах нөхцөлийг харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна. 1.2.1. Нэхэмжлэлийн шаардлагын дагуу нийт 2.951.546,06 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 04-ний дотор төлж барагдуулах, 1.2.2. Төлбөрийг 2017 оны 06 дугаар сарын 04-ний дотор төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан борлуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангах, 1.3. Хариуцагч энэ гэрээний 1.2.1-т заасан нөхцөлийн дагуу төлбөр барагдуулсан тохиолдолд Банк зээлийн барьцаанд байгаа хөрөнгийг чөлөөлж зээлдэгчид баримт бичгийг олгоно...” гэх 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн эвлэрлийн гэрээгээр батлагдаж байна.

Дээрх эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ. Нэхэмжлэгчээс төлөөлөгчид олгосон итгэмжлэлд эвлэрэх эрхийг шилжүүлсэн байх тул эвлэрлийн гэрээг баримтаар үнэлэх үндэслэлтэй байна гэж үзсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66.656 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 66.656 төгрөгийн тал хувь 33.328 төгрөгийг улсын орлогоос, 33.328 төгрөгийг хариуцагч ***, *** нараас нэхэмжлэгч *** банкны Говь-Алтай салбарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх  хэсгүүдэд заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. *** банкны Говь-Алтай салбарын итгэмжлэгдсөн төлөөлөгч ***ийн нэхэмжлэлтэй, ***, *** нарт холбогдох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 2.494.975,23 төгрөг, зээлийн хүү 417.944,96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38.625,96 төгрөг, нотаритын үйлчилгээний төлбөр 20.000 төгрөг нийт 2.951.546,06 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч талууд нийт 2.951.546,06 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 04-ний дотор төлж барагдуулах, төлбөрийг 2017 оны 06 дугаар сарын 04-ний дотор төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан борлуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангах нөхцөлтэй байгуулсан эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66.656 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 66.656 төгрөгийн тал хувь 33.328 төгрөгийг улсын орлогоос, 33.328 төгрөгийг хариуцагч ***, *** нараас нэхэмжлэгч *** банкны Говь-Алтай салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ц.ҮЙТҮМЭН