| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/1019/Э |
| Дугаар | 1024 |
| Огноо | 2019-09-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 1024
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,
улсын яллагч Х.Анхцэцэг,
шүүгдэгч Б.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б....ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908036751301 дүгээр хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1962 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, “...” ГҮТББ-ын хамгаалалтын албанд талбайн зохицуулагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын ...тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн ...тоотод байрлах нийтийн байранд түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Багш овогт ...гийн ... /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч Б.... нь 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн ...тоотод байрлах нийтийн байранд иргэн Ч....ын толгойн тус газар нь пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Торгох ялыг багасгаж өгнө үү” гэв.
Эрүүгийн 1908036751301 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Ч....ын: “...2019 оны 7 дугаар сарын 10-ны ...21 цаг 30 минутын үед чанга хөгжим дуугараад байхаар нь сэрээд ханаа нүдсэн. Хажуу айлын ах орж ирээд “хана яагаад нүдээд байгаа юм” гэхээр нь “уучлаарай ахаа, наад дуугаа жоохон багасгачих” гэсэн. 30 минут арай гайгүй багасаад удалгүй дахиад хөгжмөө чангалаад байхаар би хаалгыг нь нүдээд “та хөгжмөө багасга” гэж хэлсэн. Над руу дайрахаар нь хаалгыг хаасан. Дотроос “чамд ямар хамаатай юм бэ” гээд тэр ах согтуу байсан. Гэртээ ороод унтах гэтэл дахиад хөгжмөө чангалаад байхаар нь дахиад хаалга нүдтэл хаалга онгойгоод “чамд ямар хамаатай юм бэ” гээд пивоны шил дух руу, толгой руу шидсэн. Миний толгойноос цус гараад ...7 оёдол тавиулсан. ...Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-13/,
Гэрч П....ын: “...2019 оны 7 дугаар сарын 10-ны орой ...гэртээ орсон хамтран амьдрагч ... согтуу “хажуу өрөөний залуу томроод байхаар нь пивоны шил шидээд, толгойг нь хагалчихлаа” гэж хэлсэн. Коридорын шалан дээр бага зэрэг цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-19/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.08.21-ний өдрийн 10137 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Ч....-н биед зүүн чамархайд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-21/,
Шүүгдэгч Б....ийн яллагдагчаар өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ...200 грамм архи уугаад өрөөндөө хөгжим сонсоод байж байтал хажуу айлын ... хана цохиод байхаар нь би эхэндээ тоогоогүй. Хогоо асгаад гэртээ ороод байж байтал хаалга тогшсон. Онгойлготол ... согтуу “хөгжмөө багасга, ална шүү пизда минь” гэхээр нь уур хүрээд хажууд байсан пивоны шил толгойн тус газар луу нь шидсэн. Духанд нь оноод цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-38-39/,
Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны тодорхойлолт /хх-42/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа /хх-44/, эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа /хх-45/, “...” ГҮТББ-ын “Б.... нь “Гранд плаза” цогцолборын Харуул хамгаалалтын албанд гадна талбайн зохицуулагчаар ажилладаг, сарын 400.000 төгрөгийн үндсэн цалинтай” гэх тодорхойлолт /хх-46/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-47/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.... согтуурсан үедээ 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 47 дугаар гудамж, 6 тоотод иргэн Ч....ын толгой руу нь пивоны шил шидэж, зүүн чамархайн шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Ч....ын “...пивоны шил дух руу, толгой руу шидсэн. Миний толгойноос цус гараад ...7 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-13/, гэрч П....ын “...... согтуу “хажуу өрөөний залуу томроод байхаар нь пивоны шил шидээд, толгойг нь хагалчихлаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-19/, шүүх эмнэлгийн 10137 дугаар “1. Ч....-н биед зүүн чамархайд шарх гэмтэл тогтоогдлоо. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-21/, шүүгдэгч Б....ийн яллагдагчаар өгсөн “...... согтуу “хөгжмөө багасга, ална шүү пизда минь” гэхээр нь уур хүрээд хажууд байсан пивоны шил толгойн тус газар руу нь шидсэн. Духанд нь оноод цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-38-39/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б....ийн хохирогч Ч....ын толгой руу пивоны шил шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ч....ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хавтаст хэрэгт хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэн, харин хохирогч Ч.... уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “”Пивоны шил шидэж хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирогч баримттай хохирлоо нэхэмжилнэ гэсэн боловч баримтаа гаргаж өгөөгүй тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй. Баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй. Шүүгдэгч ажил эрхэлдэг, цалин хөлс олдог нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Согтууруулах ундаа хэрэглэдэг, хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох саналтай...” гэж,
шүүгдэгч “Торгох ялыг багасгаж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ хохирогчийн удаа дараа тавьсан зүй ёсны шаардлагыг эсэргүүцэн нийтийн байранд шар айрагны шил шидэн хүний эрх, эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, 7 оёдол тавиулсан/, шүүгдэгчийн хувийн байдал /57 настай, эрхэлсэн тодорхой ажилтай, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Гэвч торгох ялын хэмжээний хувьд нийтийн байранд бусдын амгалан тайван байдал алдагдуулж, улмаар хохирогчийн “Хөгжмөө багасга” гэх удаа дарааллан тавьсан зүй ёсны шаардлагыг эсэргүүцэн, хохирогчийн эрүүл мэндэд пивоны шилээр хөнгөн хохирол учруулсан үйлдэлд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх Эрүүгийн хуульд заасан хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б....ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс /сарын 400.000 төгрөгийн цалинтай/, бусад орлого олох боломжийг үндэслэн шүүгдэгч Б....ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүх улсын яллагчийн “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох саналтай” гэсэн дүгнэлтийг дээр дурдсан шүүгдэгч Б....ийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.... урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Багш овогт ...гийн ...ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б....ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б....ийг 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.... торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.... урьдчилан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Ч.... гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б....эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР