| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/0657/и |
| Дугаар | 0657 |
| Огноо | 2016-05-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 0657
| 2016 оны 05 сарын 16 өдөр | Дугаар 142/ШШ2016/00657 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багт байрлах Худалдаа хөгжлийн банкны Эрдэнэт салбар,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 53а-05 тоотод оршин суух Тайжууд овогт Элдэв-Очирын Хашбат /ФМ:75091753/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 17-05 тоотод оршин суух Улаан овогт Даваагийн Хүрэлбаатар /ФВ:80032113/
Зээлийн гэрээний үүрэг 11 755 173, 67 төгрөг гаргуулах, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд батлан даагч Д.Хүрэлбаатараар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дамбаравжаа, хариуцагч Э.Хашбат, Д.Хүрэлбаатар, нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Эрдэнэт салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Элдэв-Очирын Хашбат нь тус банктай 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр №2014/000287/1358 тоот Цалингийн зээлийн гэрээ, Цалингийн зээлийн барьцааны гэрээг байгуулан 17 500 000 төгрөгийг сарын 1.4 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлж авсан. Тус зээлд Даваагийн Хүрэлбаатар нь 2014 оны 05 сарын 12-ны өдөр №2014/000287/8094 тоот цалингийн зээлийн хувийн батлан даалтын гэрээгээр үүрэг хүлээсэн. Зээлдэгч нь Цалингийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд цалин түүнтэй адилтгах орлого, мөн худалдаа хөгжлийн банкны 407183142 тоот дансны орлогыг барьцаалсан. Зээлдэгч Э.Хашбат нь 2014 оны 12 сараас эхлэн зээлийг хугацаанд нь төлөөгүй тул зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн хуваарь зөрчигдөж зээл төлөөгүй байна. Мөн зээлийн хувийн батлан даагч Д.Хүрэлбаатарт зээл төлөгдөхгүй байгаа талаар албан бичгээр болон биечлэн уулзаж мэдэгдсэн. Зээлдэгч Э.Хашбат нь Цалингийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйгээс 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээл зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 11 536 716,67 төгрөг, мөн тус зээлдэгчийн хувийн хэргийг нотариатаар батлуулсан 4 200 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийг тус тус гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Хашбат шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э.Хашбат миний бие 2014 оны 05 дугаар сарын 12-нд Худалдаа хөгжлийн банкнаас 17 500 000 төгрөгийг цалингийн зээлийн гэрээ хийж авсан. 2014 оны 12 сараас цалингийн зээлийг тодорхой шалтгааны улмаас төлж чадахгүй үүргээ биелүүлж чадаагүй нь үнэн. УБ хот руу явсны улмаас цалин бүтэн гараагүй байсан. Хамтран хариуцагч Д.Хүрэлбаатар нь энэ хугацаанд надаас ажлаа бүтэн хийж зээлээ төлөхийг шаардаж байсан. Одооноос миний бие ажлаа бүрэн хийж цалингаа бүтэн авч өөрийн өмч болох хашаа байшин, авто машинаа зарж тус банкны зээлийг эргэн төлөхөөр чармайн зүтгэж байна. Иймд батлан даагч Д.Хүрэлбаатарт энэ өрийг хамааралгүйгээр би өөрөө төлж барагдуулахыг албан ёсоор мэдэгдэж байна. Хашаа байшин авто машинаа зарагдах хүртэл хугацаанд миний сарын цалингийн үлдэгдлийг Худалдаа хөгжлийн банкинд шилжүүлж байхаар санал болгож байна. Учир нь би Голомт банкнинд сар бүрийн 8-нд 650 000 төгрөгийг төлдөг. Харин сар болгоны 16-нд урьдчилгаа цалин болох 250 000 төгрөгийг өөрөө авч амьдрал ахуйдаа хэрэглэдэг. Худалдаа хөгжлийн банкны нэхэмжилсэн дээрх төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.
Хариуцагч Д.Хүрэлбаатар шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Хүрэлбаатар би хүргэн ах болох Э.Хашбатын Худалдаа хөгжлийн банкинд батлан даагчаар орсон нь үнэн. Гэвч энэ хүн Голомт банкинд шилжин орохдоо Худалдаа хөгжлийн банкинд мөнгөө байршуулж хийгээд Голомт банкинд өргүй гэсэн бичиг аваачиж өгөөд буцаж очоод буруу гүйлгээ хийсэн байна гээд Худалдаа хөгжлийн банкнаас мөнгө буцааж авсан байсан. Өөрөө төрийн банкинд өртэй. Энэ хүний өрийг дарах чадвар байхгүй. Э.Хашбат нь “Эрдэнэт” үйлдвэрийн баяжуулах фабрикт ажиллаж байгаа. Би өөрөө аав Даваа, ээж Нандиа нарын тэтгэвэрийн батлан даагч, ам бүл дөрвүүлээ эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Худалдаа хөгжлийн банкинд гомдолтой байна, буруу гүйлгээ хийлээ гэхээр шууд буцаагаад өгчихдөгт гайхаад байна. 100 төгрөг авч байгаа биш арван хэдэн сая төгрөг авч байхад шалгахгүй өгсөнд гайхаж байна. Зээлдэгч өөрөө төлбөрөө төлнө гээд байхад заавал надаас гаргуулах шийдвэр гаргуулна гээд байгааг ойлгохгүй байна. Зээлдэгч алга болоогүй, төлбөрийн чадваргүй болоогүй, ажил төрөлтэй, цалин орлоготой байхад заавал батлан даагчаар давхар хариуцуулна гээд байгаад гомдолтой байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Эрдэнэт салбар нь хариуцагч Э.Хашбат, Д. Хүрэлбаатар нараас 12 456 716.67 төгрөг, нотариатаар гэрчлүүлсний төлбөрт 4 200 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214 257 төгрөг, нийт 12 675 173.67 төгрөг гаргуулах, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эд хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан ба хариуцагч Э.Хашбатаас зээлийн гэрээний үүрэг 11 755 173, 67 төгрөг гаргуулах, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд батлан даагч Д.Хүрэлбаатараар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэж, нэхэмжлэлийн шаардлагыг бууруулсан үндэслэлээ хариуцагч Э.Хашбат хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад банкинд зээлийн төлбөрөөс тодорхой хэмжээний төлбөр төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж байна гэж тайлбарладаг.
Хариуцагч Э.Хашбат нэхэмжлэлийн шаардлага зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагч Д.Хүрэлбаатараар үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн шаардлагыг зөвшөөрөөгүй. Хариуцагч Д.Хүрэлбаатар нь үндсэн зээлдэгч ажилтай орлоготой, эд хөрөнгөтэй, авсан зээлээ өөрөө хариуцан төлнө гэсээр байхад надаар төлүүлнэ гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хариуцагч Э.Хашбат нь 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр №2014/000287/1358 тоот Цалингийн зээлийн гэрээ, Цалингийн зээлийн барьцааны гэрээг байгуулан 17 500 000 төгрөгийг сарын 1.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан байх ба, уг зээлийг бүрэн төлөөгүй тохиолдолд өөрийн хөрөнгөөр үл маргах журмаар хариуцахаар Д.Хүрэлбаатар нь 2014 оны 05 сарын 12-ны өдөр №2014/000287/8094 тоот цалингийн зээлийн хувийн батлан даалтын гэрээгээр үүрэг хүлээсэн болох нь цалингийн зээлийн гэрээ, цалингийн зээлийн барьцааны гэрээ, цалингийн зээлийн хувийн батлан даалтын гэрээ, зохигчдын тайлбараар тус тус нотлогдож байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл болон 153 дугаар зүйлд зааснаар зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 458 дугаар зүйлд заасан батлан даалтын гэрээ тус тус байгуулагдсан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.
Зээлдэгч Э.Хашбат нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2014 оны 12 дугаар сараас эхлэн хугацаанд нь төлөөгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн үнийн дүн дээр маргаагүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхээр хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд хариуцагч Э.Хашбатаас 1 138 457 төгрөг төлөгдсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 11 536 716,67 төгрөгийг нэхэмжилсэн ба Э.Хашбат нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл батлан даагч Д.Хүрэлбаатараар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт зааж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан тодорхойлсон байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан №2014/000287/1358 дугаартай Цалингийн зээлийн гэрээ, Цалингийн зээлийн барьцааны гэрээ, мөн №2014/000287/8094 дугаартай цалингийн зээлийн хувийн батлан даалтын гэрээг үндэслэл болгодог.
Хариуцагч нар татгалзаж буй үндэслэлээ: Э.Хашбат нь зээлээ бүрэн төлнө гэж хүлээн зөвшөөрдөг төдийгүй Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах фабрикт ажиллаж байгаа, өөрийн гэсэн өмч хөрөнгө хашаа байшин, машинтай, Д.Хүрэлбаатар нь өөрийн авсан зээлээ төлдөг, мөн аав, ээж хоёрынхоо тэтгэвэрийн зээлийн батлан даагч юм. Зээлдэгч эдийн засаг санхүүгийн чадавхитай байхад заавал батлан даагчаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт зааж өг гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
Цалингийн зээлийн хувийн батлан даалтын гэрээний 4.2.1-д “Зээлдэгч нь банкнаас авсан зээлийн үндсэн өр, хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлөөгүй тохиолдолд энэхүү гэрээнд заасны дагуу төлөгдөөгүй зээлийн үндсэн өр, хүү, нэмэгдүүлсэн хүүг өөрийн хөрөнгөөс банкинд үл маргах журмаар төлөх” үүргийг Д.Хүрэлбаатар хүлээхээр тохиролцож гэрээ байгуулсан байна. Уг үүргийн дагуу банк нь хариуцагч Д.Хүрэлбаатараас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байгааг буруутгах боломжгүй юм.
Гэхдээ зээлийг хугацаанд нь төлөхгүй бол дараа дараагийн арга хэмжээг авах болсон албан мэдэгдлийг зээлдэгч нарт хүргүүлсэн эсэх, хариуцагч тал гэрээний үүргийг хэрхэнзөрчсөн эсэх нь тодорхойгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч зээлийг хугацаанаас нь өмнө цуцлах тухай шаардлага шүүхэд гаргаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ, 208.4-т Үүрэг гүйцэтгэх хугацааг хууль буюу гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй, 208.6-д Үүрэг гүйцэтгэгч төлбөрийн чадваргүй болсон буюу үүргийн гүйцэтгэлийг хангах эд хөрөнгийн хэмжээ багассан, эсхүл хөрөнгөгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь энэ хуулийн 208.4-т заасан хугацаанаас өмнө үүргээ нэн даруй гүйцэтгэхийг түүнээс шаардах эрхтэй гэжээ.
Зээлийн гэрээний хугацаа 36 сар буюу 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл үргэлжлэх ба Э.Хашбаттай байгуулсан барьцаат зээлийн гэрээний 8 дугаар зүйлд заасан гэрээ дуусгавар болох, цуцлах үндэслэл тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл гэрээний хугацаа дуусаагүй бөгөөд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаар хууль болон гэрээнд заасан үндэслэл бүрдээгүй, нэхэмжлэлийн шаардлагад гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай шаардлага гаргаагүй байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байх боловч нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк нь хариуцагч Э.Хашбаттай байгуулсан барьцаат зээлийн гэрээнд нэмэлт хугацаа тогтоож байсан гэх нөхцөл тогтоогдохгүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс нэхэмжлэгч татгалзаагүй
байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иймд Худалдаа хөгжлийн банкны Эрдэнэт салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Хашбатаас зээлийн гэрээний үүрэг 11 755 173, 67 төгрөг гаргуулах, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд батлан даагч Д.Хүрэлбаатараар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт тусгайлан зааж өгөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1, 460.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Хашбатаас зээлийн гэрээний үүрэг 11 755 173, 67 төгрөг гаргуулах, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд батлан даагч Д.Хүрэлбаатараар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт тусгайлан зааж өгөх тухай Худалдаа хөгжлийн банкны Эрдэнэт салбарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 214 257 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ
| |