| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2020/0051/Э |
| Дугаар | 58 |
| Огноо | 2020-03-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 58
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж, нарийн бичгийн дарга Б.Энхзул, улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б ид холбогдох эрүүгийн 2015000480030 дугаартай, 163/2020/0051/Э индекстэй хэргийг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Ц.Б.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн ...ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Б” ХХК-д засварын механикаар ажиллаж байх хугацаандаа 4.1 грамм алтны баяжмалтай шороог хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 570174 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б ийн өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, баяжмал шороог буцаан өгч хохирлыг барагдуулсан гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2015000480030 дугаартай хэргээс яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар шүүгдэгч Ц.Б нь Булган аймгийн ...ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Б” ХХК-д засварын механикаар ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 4.1 грамм алтны баяжмалтай шороог бээлийнд хийж бэлтгэн биедээ нууж авч гарсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.М ын өгсөн: “...тус өдөр 19 цагийн үед нийт ажилчдыг нэвтрүүлэхдээ биед нь ерөнхий үзлэг хийж оруулсан. Тухайн үед шалган нэвтрүүлэх байран дээр үүрэг гүйцэтгэж байсан Ж гэх алба хаагч нэг хүн биедээ бээлийнд хийсэн шороо авч орох гэж байсныг илрүүлсэн гэсэн мэдээллийг надад өгсөн. Тэгээд тэр баяжуулах хэлтсийн алба хаагчдаас тухайн хүнийг тодруулахад засварын механик Б гэж хүн байсан. Биенээс нь гарч ирсэн шороог гүйцээн баяжуулах үйлдвэрт орж угаагч нарт өгсөн. Тэр шороон дотроос шар өнгийн зүйл гарч ирсэн” гэх мэдүүлэг/хх-14-16/, гэрч Э.Л ын өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 19 цагийн үед Баяжуулах үйлдвэрийн засварчин Б нь биедээ хоёр бээлийнд шороо хийгээд орж ирсэн” гэх мэдүүлэг /хх-17-18/, гэрч Г.У ын өгсөн: “...намайг очиход төмпөн дотор хийсэн шороо байсан. Тэрийг угаах лоткинд хийж угаасан. Тэгтэл тэрхүү шорооноос алт гарч ирсэн” гэх мэдүүлэг /хх-19-20/, гэрч З.Б ын өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 19 цаг 30 минутын үед хулгайн шороо орж ирсэн гэх мэдээллийг Сонор харуул, хамгаалалтын албанаас авсан. Тэгээд тэр хоёр бээлий бүхий шороог Сонор харуул, хамгаалалтын ажилтнууд авчирч өгсөн. Тэгээд Б , угаагч У гэх залуу, шороо халаасандаа хийж орж ирсэн гэх Б нарын хамт тус компанийн метал угаах хэсэг рүү орж угаагч У гаар хоёр бээлийтэй шороо угаалгаж үзэхэд шар өнгийн металл гарч ирсэн. Хэмжиж үзэхэд 4.17 грамм байсан” гэх мэдүүлэг /хх-23-24/, гэрч С.Ж ийн өгсөн: “...Тэр залуугийн хувцас нь бөмбийсөн байдалтай харагдаад байхаар нь хоёр гараараа дарж үзэхэд хатуу зүйл гарт баригдаад байсан. Тэгэхээр нь энгэрийг нь задгайлуулж үзэхэд гадуур өмссөн байсан куртикны дотор хэсэгт ажлын, цагаан өнгийн хоёр ширхэг бээлийтэй шороо нуусан байсан” гэх мэдүүлэг /хх-25-26/, “шинжилгээнд ирүүлсэн 4.1 грамм жинтэй шаргал өнгийн металл нь алт байна...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 983 дугаартай дүгнэлт /хх-33-35/, мөн “...Монгол банкны 1 гр алтны ханшийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар зах зээлийн судалгаа, мэдээ мэдээллийг харьцуулахад 4.1 грамм алтны зах зээлийн үнэлгээ 570174 төгрөг” гэх “Тольдох оюуны өгөөж” ХХКийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 200038 тоот дүгнэлт /хх-41-45/,
шүүгдэгч Ц.Б ийн яллагдагчаар өгсөн: “...ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн өглөө 09 цагаас Баяжуулах үйлдвэрийн 5, 6 дугаар үйлдвэрийн гадна талын сендвичэн хавтанг буулгаж хураах ажлыг хийсэн. ... Уг үйлдвэрийн хойд талд ил байх задгай шорооноос өөрийн ажлын, цагаан өнгийн хоёр ширхэг бээлийнд хийж авч биеийнхээ гэдэс хэсэгт цамцны цаад талаар хийж нуусан. …Тэгээд 18 цаг 30 минутын үед амрах байрны шалган нэвтрүүлэх байр луу орж байгаад улмаар хамгаалагч нарт баригдсан. Тэгээд би Б , Б нарыг дагаж яваад гүйцээн баяжуулах хэсэгт орж шороогоо угаагч У гэх залуугаар угаалгаж үзэхэд алт мэт шаргал өнгийн зүйл гарч ирсэн. Би тухайн шорооноос алт гарч магадгүй гэж бодоод авчихсан юм” гэх мэдүүлэг /хх-52-53/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурьдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд “Б” ХХК-нийг төлөөлж хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Ж.М нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлснээр шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 4/09 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Ц.Б ийн нууц далд аргаар авсан шороо нь 4.1 грамм шаргал өнгийн металл буюу алтны агууламжтай байсан, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Монгол банкны ханшаар 4.1 грамм алт нь 570174 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 983 дугаартай дүгнэлт, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 200038 тоот дүгнэлтээр “Б” ХХК-д 570174 төгрөгийн хохирол учирсан байна.
Шүүгдэгч Ц.Б ийн үйлдэл идэвхтэй, компаний өмчлөл, эзэмшилд байгаа талбайгаас алтны агууламж бүхий шороог хууль бусаар авч буй өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй өмчлөх эрхийн эсрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.Б ийн бусдын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлж авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд "Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно" гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндсэлэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ц.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-60-62 тал/ зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, учруулсан хохирлыг арилгасан нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан оногдуулах ялыг хөнгөрүүлж, нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тогтоолд тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД