Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0695/З |
Дугаар | 221/МА2021/0287 |
Огноо | 2021-06-02 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2021/0287
“А р” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, цахимаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 184 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “А р” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 184 дүгээр шийдвэрээр:
“Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.5, 34 дүгээр зүйлийн 34.1, 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.2, 56.3, 56.4, 56.8-д заасныг тус тус баримтлан “А р” ХХК-ийн нэхэмжлэлийн “Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 402 дугаар шийдвэрийн “А р” ХХК-д холбогдох хэсгийг, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 8/1737 дугаар мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах”, “А р” ХХК-ийн эзэмшилд байсан Х\/-020222 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу өмнөх шүүхийн шийдвэрийн болон магадлалын дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг зөвтгөн үргэлжлүүлэн тооцож бүртгэхийг Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлагыг тус тус хангаж, үлдсэн “Кадастрын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” гэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Хоёр. Хариуцагч Ашигт малтмал, Газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 4 дүгээр сарын 26, 30-ны өдөр тус тус Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 402 дугаар шийдвэрийг 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөр тооцвол... тусгай зөвшөөрлийн хугацаа 2020 оны оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр 3 дахь жилийн хугацаа дуусах байсан байна.
Түүнчлэн хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “Энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” гэж заасны дагуу хайгуул хийх хугацааг 4 сар 20 хоногоор хасаж тооцсон нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг удаа дараа дордуулсан шийдвэр гаргасан гэж үзэхээр байна” гэж хугацааг буруу тооцсон байна.
Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д “Энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно” гэжээ.
Өөрөөр хэлбэл “А р" ХХК-ийн хувьд тусгай зөвшөөрлийн 2 дахь жилийн ээлжит төлбөрөө төлөөгүй учраас Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 540 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан.
Шүүхийн шийдвэр биелүүлж тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхэд 2 дахь жилийн төлбөрийг хүлээн авч хүчин төгөлдөр хугацааг шийдвэр гарсан өдрөөс тооцох ёстой. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт “...3 дахь жилийн төлбөрийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр тооцож 3 дахь жилийн хугацаа дуусах байсан” гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.
Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Нэхэмжлэгчийн ... тоот тусгай зөвшөөрлийг хариуцагч дуусгавар болгохдоо нэхэмжлэгчид мэдэгдээгүй... 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 8/1737 дугаар албан бичгээр мэдсэн.... тайлбараар нотлогдож байна. ...Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т ...тус тус хуульчилсан байна. Нэхэмжлэгч 2020 оны хайгуулын ажлын тайланг хариуцагчид хүлээлгэж өгсөн, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар 2018, 2019 оны 2, 3 дахь жилийн төлбөрөө төлсөн байхад хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болсон гэж үзсэн нь үндэслэлгүй байна” гэжээ.
Тусгай зөвшөөрлийг дуусгавар болгоход төрийн захиргааны байгууллагаас аливаа нэг шийдвэр гардаггүй тул мэдэгдэл хүргүүлдэггүй. Үүнийг анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж дуусгавар болгосон мэдэгдлийг гаргахаас өмнө Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг огт биелүүлээгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.
Нөгөө талаар 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 402 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч “...мэдээгүй байж байгаад сүүлд 2020 онд мэдсэн” гэж байгаа нь үндэслэлгүй юм.
Учир нь нэхэмжлэгч “А р” ХХК-ийн хувьд энэ хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөр болох 2, 3 дахь жилийн төлбөрөө шүүхийн шийдвэр биелүүлсэн Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 402 дугаар шийдвэрийн дагуу төлж ирсэн бөгөөд энэ хугацаанд дээрх шийдвэрийн талаар ямар нэгэн маргаан гаргаагүй, харин тусгай зөвшөөрлийн 4 дэх жил буюу Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “Энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах" гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдөл гаргах хугацаагаа алдсаны дараа дээрх 402 дугаар шийдвэртэй маргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч компани Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна” гэжээ. “А р” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын Х\/-020222 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу цуцлаагүй.
“А р” ХХК-ийн хувьд тусгай зөвшөөрлийн 2, 3 дахь жилийн төлбөрөө 402 дугаар шийдвэрийн дагуу төлж ирсэн зэргээс харахад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 402 дугаар шийдвэрийг мэдэж байсан байна.
Нөгөө талаар нэхэмжлэгч компанийн хувьд үнэхээр дээрх 402 дугаар шийдвэрийг гарсныг мэдээгүй байсан бол шийдвэрт заагдсаны дагуу тусгай зөвшөөрлийн 2 дахь жилийн төлбөр, цаашлаад 3 дахь жилийн төлбөрөө төлөхгүй байсан учраас тусгай зөвшөөрөл нь цуцлагдах ёстой.
Гэтэл тусгай зөвшөөрлийн 2 болон 3 дахь жилийн төлбөрөө 402 дугаар шийдвэрийн дагуу төлж ирсэн атлаа тусгай зөвшөөрлөө сунгуулах хугацаагаа алдсан тайлбартаа “...402 дугаар шийдвэр гарсныг мэдээгүй” гэсэн нь үндэслэлгүй юм.
Энэ бүгдээс харахад “А р” ХХК-ийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр шуудангаар хүргүүлсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн мөн оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 66 дугаар магадлалд хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргаагүй, энэхүү үйл баримтуудтай талууд маргаагүй, иймд дээрх магадлалын хуулийн хүчин төгөлдөр болсон хугацааг хариуцагчийн тухайд магадлал гарсан өдрөөс бус харин магадлалыг гардаж авснаас хойш хяналтын журмаар гомдол гаргах 14 хоногийн хугацаа дууссан өдрөөс хойш тооцох ёстой.
Шүүхийн шийдвэрт энэ талаар үндэслэлтэй зөв дүгнэсэн боловч нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүйгээс гадна хугацааг хэрхэн тооцсон нь ойлгомжгүй, мөн захиргааны актад үл хамаарах хариу бичгийг хүчингүй болгосон, шийдвэрийн Тогтоох хэсэгт холбогдох хуулийн хэрэгт хамааралгүй зүйл, заалтыг баримталсан, түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, 107.7 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй бичиглэлийн алдаа гаргасан байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
1.Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” 402 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 853 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 66 дугаар магадлалыг хэрэгжүүлэх зорилгоор Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 540 дүгээр шийдвэрийн “А р” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, харин 2 дахь заалтад “Шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгосонтой холбогдуулан тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д заасны дагуу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөр тооцож 2 дахь жилийн ээлжит төлбөрийг хүлээн авч бүртгэсүгэй” гэж шийдвэрлэсэн байх бөгөөд “А р” ХХК-ийн өмгөөлөгчөөс анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “дээрх шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгуулах” гэж тодруулсан болох нь 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны 730 дугаар тэмдэглэлд тодорхой тусгагджээ.
“Хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэсэн үндэслэлээр XV-020222 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 540 дүгээр шийдвэрийн “А р” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж гаргасан гэх хариуцагчийн 2018 оны 402 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаас үзэхэд шүүхийн шийдвэрээр нэгэнт хүчингүй болгосон 540 дүгээр шийдвэрийн холбогдох хэсгийг дахин хүчингүй болгосон нь нэхэмжлэгчид ямар ч сөрөг үр дагавар үүсгэхгүй, тэгээд ч нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс уг заалттай маргахгүй гэдгээ илэрхийлсээр байхад шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийн “Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэнтэй нийцээгүй байна.
Харин Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 402 дугаар шийдвэрийн 2 дахь заалтын тухайд “А р” ХХК-ийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан буюу 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөр тооцож бүртгэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсгийн “Энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно” гэснийг зөрчсөн хууль бус шийдвэр төдийгүй уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар шүүхийн шийдвэрт үндэслэлтэй дүгнэжээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан дээрх өдрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болно” гэсэнд хамааруулахаас бус Ашигт малтмалын тухай хуульд заасан “шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдөр” гэж үзэхгүй.
Иймд маргаан бүхий шийдвэрийн 2 дахь заалтыг нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын хүрээнд хүчингүй болгож, улмаар ... тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг Ашигт малтмалын тухай хуулийн 56.8-д заасны дагуу үргэлжлүүлэн тооцож бүртгэхийг хариуцагчид даалгах байдлаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр “А р ХХК-д XV-020222 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг 2019 оны 5 дугаар сарын 11-нийг дуустал 3 жилийн хугацаагаар анх олгосон, гэвч Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 540 дүгээр шийдвэрээр энэхүү тусгай зөвшөөрлийг цуцалсныг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 853 дугаар шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 66 дугаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах боломжит хугацаа буюу уг магадлалыг шуудангаар хүргүүлсэн 2 дугаар сарын 23-ныг хариуцагчид гардуулсан өдөр гэж үзвэл үүн дээр хяналтын журмаар гомдол гаргах 14 хоногийн хугацааг нэмж, 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хуулийн хүчин төгөлдөр болсонд тооцно.
Иймд 540 дүгээр шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдөр хүртэлх нийт 6 сар 5 хоногийг 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаанд дээр нөхөж үргэлжлүүлэн тооцох нь хуулийн шаардлага.
2.Ашигт малтмал, Газрын тосны газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 8/1737 дугаар албан бичиг нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актын шинжийг агуулаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн мөн оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 20005 дугаар албан хүсэлтийн хариу буюу эрх зүйн үр дагаваргүй, заавал биелэгдэх шинжгүй бөгөөд харин үүнийг хайгуулын тусгай зөвшөөрлийг хууль бусаар дуусгавар болгосон хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүйн илэрхийлэл гэж үзэж болно.
Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл дуусгавар болох тохиолдлыг л заасан, түүнээс тусгай зөвшөөрлийг цуцалсны нэгэн адил ямар нэгэн шийдвэр гардаггүй, иймд дээрх албан бичгийг нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон захиргааны акт гэж үзэхгүй тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй.
3.Шүүхийн шийдвэрт Ашигт малтмалын тухай хуулийн нэрийг “Монгол Улсын…” гэж буруу бичсэн, мөн маргаанд хамаарал бүхий хуулийн зүйл, заалтыг оновчтой баримтлаагүй, түүнчлэн шийдвэрийн Удиртгал хэсэгт “Авард ресурс” ХХК гэж компанийн нэрийг буруу бичсэн байгааг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 184 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1.Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 34 дүгээр зүйлийн 34.2, 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт заасныг баримтлан “А р” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” 402 дугаар шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, тус компанийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ... тоот тусгай зөвшөөрлийн хугацааг Ашигт малтмалын тухай хуулийн 56.8-д заасны дагуу үргэлжлүүлэн тооцож бүртгэхийг хариуцагчид даалгасугай”, 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасны дагуу Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 8/1737 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай”, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчлөн, хариуцагч Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын гомдлоор гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН