| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
| Хэргийн индекс | 102/2017/01843/И |
| Дугаар | 001/ХТ2018/00375 |
| Огноо | 2018-03-06 |
| Маргааны төрөл | Санхүүгийн түрээс /лизинг/, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 001/ХТ2018/00375
Б.М, С.Н нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2017/02517 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2410 дугаар магадлалтай,
Б.М, С.Н нарын нэхэмжлэлтэй,
М.Д, Б.Б нарт холбогдох,
7.650.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч нарын төлөөлөгч Ч.Мөнхсүхийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын төлөөлөгч Ч.Мөнхсүх, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч Б.М, С.Н нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид Б.Баатарзориг, М.Д нартай "автомашин түрээсээр худалдах, худалдан авах гэрээ" байгуулж, "Тоёота приус 11" маркийн 52-76 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг урьдчилгаа 600.000 төгрөг төлж, 500 өдрийн хугацаанд өдөрт 30.000 төгрөг /мягмар, лхагва, пүрэв, баасан, бямба/ төлөхөөр тохирч, 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл мөнгөө бэлнээр болон бэлэн бусаар төлж үүргээ гүйцэтгэсээр ирсэн. Гэрээний хугацаа дуусахаар тээврийн хэрэгслийг С.Ням, Б.М нар өөрсдийн өмчлөлд шилжүүлэх ёстой байсан. Гэтэл Б.Б нь 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр машинаа хураан авч явсан. Энэ үйлдэл нь гэрээг дуусгавар болгосон бөгөөд гэрээг цуцалснаар бид автомашины өмчлөх эрхийг авах боломжгүй болсон тул гэрээний хугацаанд төлсөн төлбөрийг буцаан шаардаж байна.
Иймд Б.Баатарзориг, М.Д нараас машины урьдчилгаанд төлсөн 600.000 төгрөг, 235 хоногийн төлбөр болох 7.050.000 төгрөг, нийт 7.650.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Баатарзориг, М.Д нар шүүхэд гаргасан тайлбартаа: Гэрээний дагуу Б.Б өөрийн өмчлөлийн "Тоёота приус 11" маркийн 52-76 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч нарт шилжүүлсэн бөгөөд автомашины үнийг 15.000.000 төгрөгөөр буюу өндөр үнээр тохирсон учир нь би тухайн тээврийн хэрэгслийг шууд нэхэмжлэгч нарт зараагүй. Хэдийгээр автомашины үнэ нь шууд худалдаж авбал 15.000.000 төгрөгөөс хямд боловч Б.Б нь бусдад автомашинаа удаан хугацаагаар, эрсдэл хүлээж эзэмшилд нь шилжүүлсэн учир өдрийн олох ёстой ашгийг нэмж гэрээ байгуулах саналыг тавьсан, тэд ч нэг дор мөнгийг төлөх чадваргүй учир автомашиныг сүүлд нь худалдаж авах нөхцөлтэй гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан. Гэрээ байгуулснаас хойш эхний хэдэн сар Б.М түрээсийн төлбөрийг ямар ч асуудалгүй төлж байсан боловч сүүлдээ гэрээний үүргээ зөрчиж төлбөрийг хоцроож эхэлсэн. Түрээсийн автомашиныг хөдөө унаж явж болохгүй гэсэн заалтаа зөрчиж хөдөө явсан, торгууль авчхаад торгуулиа төлөхгүй байсныг Б.Б өөрөө төлж барагдуулсан. Нэхэмжлэгч нар барьцаа 600.000 төгрөгөөс өөр бэлнээр мөнгө өгч байгаагүй, дансаар мөнгийг өгдөг байсан. Нэхэмжлэгч нарт 1.000.000 төгрөг л өгч чадна, бусдыг нь өгч чадахгүй. Энэхүү хэрэгт миний гэр бүлийн хүн болох М.Д нь ямар ч хамаагүй гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2017/02517 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Баатарзоригоос 1.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.М, С.Н нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.650.000 төгрөгт болон хариуцагч М.Дт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баатарзоригоос 28.550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.М, С.Н нарт олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2410 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2017/02517 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн гэсний дараа 205 дугаар зүйлийн 205.1 гэж нэмж, шийдвэрийн бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч нарын төлсөн 121.300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нарын төлөөлөгч Ч.Мөнхсүх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2410 дугаар магадлалыг хүчингүй болгуулах тухай.
Нэхэмжлэгч Б.М, С.Н болон хариуцагч М.Д, Б.Б нарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “Автомашины санхүүгийн түрээсийн гэрээ”-г байгуулан Тоёота приус 11 маркийн 52-76 УНЕ улсын дугаартай автомашиныг 500 хоногийн хугацаанд 1 өдөрт 30.000 төгрөг, 7 хоногт 150.000 төгрөг, 1 сард 600.000 төгрөгийг буюу нийт 15.000.000 төгрөгийг төлж барьцаа 600.000 төгрөгийг хоногийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд суутгаж авч төлж байхаар тус автомашиныг тодорхой хугацааны дараа өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар тохиролцсон. Тохиролцсоны дагуу хариуцагч нараас нэхэмжлэгч нарын эзэмшилд Тоёота приус 11 маркийн 52-76 УНЕ улсын дугаартай автомашиныг албан бусаар хүлээн авсан. Нэхэмжлэгч нар гэрээнд заасан үүргээ тогтмол биелүүлэн 7 хоног болгоны Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Бямба гарагуудын төлөлтийг хавтаст хэрэгт авагдсан баримтаар бэлнээр болон дансаар шилжүүлэн нийт 7.220.000 төгрөгийг хариуцагч нарт тогтмол шилжүүлж байсан.
Гэтэл нэхэмжлэгч нарын байнгын эрхэлдэг бичил бизнесийн буюу /үсчин/ орлого муу болсноос хэдхэн өдрийн төлбөрийг өгөөгүй. Энэ талаараа Б.Баатарзоригт урьдчилж утсаар хэлж анх гэрээ байгуулах үед барьцаа болгож 600.000 төгрөг өгсөн тэр мөнгөнөөс суутгаж байгаач гэж байхад 2017 оны 03 сарын 09-ний өдөр Ачтан эмнэлгийн хажууд 26- р байрны гаднаас автомашинаа дур мэдэн хураан авсан нь гэрээг өөрийн санаачлагаар дуусгавар болгосноор бидэнд өнгөрсөн хугацааны төлсөн төлбөр мөнгөн эд хөрөнгийн хувь болон сэтгэл санааны хувьд хүнд байгаа тул энэхүү гомдлыг гаргаж байна. Хариуцагч Баатарзориг, Дэлгэрцэцэг нартай нэхэмжлэгч Б.М С.Н нар нь гэрээ байгуулаад гэрээний нэг хувийг авч уншиж танилцах, мөн гэрээ байгуулаад нэг хувийг нь өгөхгүй юм уу гэхэд 3 сарын дараа гэрээг чинь өгнө гэсэн боловч гэрээг өгөөгүй байхад шүүхээс гэрээний үүргээ зөрчсөн гэж анхан давж заалдах шатны шүүх дүгнэж байгаад гомдолтой байна. 2016 оны 03 сард нэхэмжлэгч Б.М, С.Н нар нь хариуцагч М.Д, Б.Б нартай тохиролцохдоо 500 хоногийн хугацаанд өдөр болгоны тогтмол төллөлт хийж автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон. Нэхэмжлэгч нараас хэрвээ түрээсээр автомашины авна гэсэн бол уг гэрээг байгуулахгүй. Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлд заасан санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа биш, харин ч мөн хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна. Учир нь гэрээний талууд анхнаасаа автомашиныг худалдах, автомашины төлбөрийг урт хугацаанд тогтмол төлөлтийг хийх зорилготойгоор гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ хариуцагч Б.Баатарзоригийг 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр автомашины дур мэдэн авч явахаас өмнө хоногийн төлөлтийг барьцаа 600.000 төгрөгөөс суутгуулахыг хэлсэн байсан. Энэ байдал нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэх хангалттай үндэслэл болохгүй байхад шүүхээс уг нөхцөл байдлыг харгалзан үзэхгүй ноцтой зөрчил гаргасан гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй мөн гэрээний нэг хувийг нэхэмжлэгч талд өгөөгүй байхад шүүх үүнийг харгалзан үзээгүй нь нэг талыг барьсан. Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 22-ны өдрийн 102/ШШ2017/02517 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2410 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, зохигчдын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж чадаагүйгээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Б.М, С.Н нар хариуцагч М.Д, Б.Б нараас 7.650.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа “...машинаа буцаан авсан тул төлсөн төлбөрийг буцаан гаргуулах...” гэж тодорхойлжээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан, нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул машинаа буцаан авсан” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Баатарзоригтой 2016 оны 3 дугаар сарын 26-ний өдөр Автомашины санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, түүний өмчлөлийн 52-76 УНЕ улсын дугаартай тоёота приус маркийн автомашиныг 15.000.000 төгрөгөөр тооцон 500 хоногийн хугацаанд төлж барагдуулахаар тохирчээ. Талууд барьцаанд 600.000 төгрөг төлөхөөр гэрээнд заасан ба нэхэмжлэгч машиныг эзэмшиж ашиглаж байхдаа урьдчилгаа төлбөрийн хамт нийт 7.220.000 төгрөг төлсөн, хариуцагч 2017 оны 3 дугаар сард машинаа буцаан авсан үйл баримт тогтоогджээ /хэргийн 227 дугаар тал/.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...урьдчилгаанд 600.000 төгрөг төлж, 500 өдрийн хугацаанд өдөрт 30.000 төгрөг төлж, төлбөрийг төлж дуусмагц машиныг өөрийн өмчлөлд шилжүүлэхээр тохирсон...” гэсэн бол хариуцагч тайлбартаа “...автомашиныг шууд худалдаж авбал 15.000.000 төгрөгөөс хямд боловч нэхэмжлэгч нэг дор мөнгийг төлөх чадваргүй тул сүүлд худалдан авах нөхцөлтэй гэрээ байгуулсан...” гэжээ.
Худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээхийг зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т тодорхойлсон.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд зохигчдын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэн, гэрээнээс татгалзаж машинаа буцаан авсан тул нэхэмжлэгч төлсөн төлбөрөө буцаан шаарджээ.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-т зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч машины төлбөрт 7.220.000 төгрөг төлсөн нь хэргийн баримтаар тогтоогдсон, хариуцагч үгүйсгэж чадаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээгээр хангах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т нийцнэ.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангаж, хариуцагчаас 7.220.000 төгрөг гаргуулахаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2410 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2017/02517 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар хариуцагч Б.Баатарзоригоос 7.220.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.М, С.Н нарт олгож, нэхэмжлэлээс 430.000 төгрөгийн болон хариуцагч М.Дт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “...28550...” гэснийг “...130.470...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 121.350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ