Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 309

 

     Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн

     нэхэмжлэлтэй, иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2016/06595 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Засаг чандмань майнз” ХХК-д холбогдох

Татварын өр 409 980 305 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг                       

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цогхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цогхүү

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баасансүрэн, Б.Оюунтуяа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Татварын хэлтэстэй харьцдаг “Засаг чандмань майнз” ХХК нь Өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 39 614 788 төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 135 467 222 төгрөгийг Дорноговь аймгийн Татварын хэлтэст төлж барагдуулах талаар харилцан тохиролцож, гэрээ байгуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагын 175 082 010 төгрөгөөс татгалзаж, 234 898 295 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд: Цалин, хөлс болон тэдгээртэй адилтгах орлогоос суутгах албан татварын тайлангийн өр 182 986 457 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 29 398 451 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын өр 16 789 533 төгрөг, суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан татвар 5 732 851 төгрөг, нийт 234 898 292 төгрөгийг нэхэмжилж байна. Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т зааснаар татвар төлөгч нь татвар ногдох зүйл, татварыг үнэн зөв тодорхойлох, тогтоосон хугацаанд татвар төлөх үүрэгтэй бөгөөд тус хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.1-т ...ногдуулсан татвар, татварын өр буюу дутуу төлөлтийг акт гардуулсан өдрөөс хойш 15 хоногийн дотор төлнө гэсэн заалтыг хариуцагч “Засаг чандмань майнз” ХХК зөрчсөн. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу Татвар төлөгчийн банкин дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар төлүүлэхээр холбогдох дансыг битүүмжилсэн ба мөн хариуцагчтай барьцааны гэрээ байгуулж, татварын өрийг төлөх талаар мэдэгдэл өгсөн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд төлсөнгүй. Иймд хариуцагч “Засаг чандмань майнз” ХХК-иас 234 898 292 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Засаг чандмань майнз” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цогхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг, гэхдээ Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст харьяалагдаж, татвараа тайлагнадаг. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 175 082 010 төгрөгийг Дорноговь аймгийн Татварын хэлтэстэй байгуулсан гэрээний дагуу төлөхөөр болсон учраас нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаад тайлбаргүй. Харин бусад нэхэмжлэлийн шаардлагаас 95 644 424 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь: нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтаас үзвэл манай компани татварын өр үүссэн өдрөөс хойш нийт 95 644 424 төгрөгийг төлсөн, энэ талаар нэхэмжлэгч маргахгүй байх тул нэхэмжлэлээс хасагдах ёстой гэж үзэж байна. Мөн нэмэгдсэн өртгийн албан татварын өр 16 789 533 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Татварын тооцооллын жагсаалтаас үзвэл “Засаг чандмань майнз” ХХК нь 162 135 289,07 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаалттай байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 112 433 957 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс энэхүү үүссэн татварын өрийг он, дарааллын хувьд тодорхойлж чадахгүй байгааг шүүхээс анхаарч, Татварын ерөнхий хуульд заасан урьдчилсан хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах байсан эсэхийг тодруулахыг хүсье гэжээ.

Шүүх: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч “Засагт чандмань майнз” ХХК-иас 175 535 845 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 59 362 450 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс нь хуульд заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч “Засагт чандмань майнз” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 035 674 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цогхүү давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Дараах үндэслэлээр дараах давж заалдах гомдол гаргаж байна.

         1. Шүүхийн шийдвэрт "Нэхэмжлэлд хавсаргасан дээр дурдсан баримтаас үзвэл хариуцагч "Засаг чандмань майнз" ХХК-ийн цалин, хөлс болон тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татварын тайлангийн өр 210 146 031,07 төгрөг байсан боловч хожим 14 855 205,09 төгрөгийн татварын өр нэмэгдэж нийт 225 001 281,16 төгрөг болсон ч татвар төлөгчөөс 42 014 825 төгрөгийг төлж, тус татварын өр нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 182 986 456,16 төгрөг болсон байна. Гэвч нэхэмжлэгч Чингэлтэй дүүргиин Татварын хэлтсээс сүүлд өгсөн татварын тооцоололд хариуцагч "Засаг чандмань майнз" ХХК-иас энэхүү татварын өрөнд нийт 95 644 424 төгрөг төлсөн байна” гэжээ. Хариуцагч "Засаг чандмань майнз" ХХК-иас татварын өрөнд нийт 95 644 424 төгрөгийг төлсөн болохыг нэхэмжлэгч болон шүүхээс тогтоосоор байтал 182 986 457 төгрөгөөс зөвхөн 53 629 599 төгрөгийг хассаныг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс татварын өрнөөс 95 644 424 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасахгүй байгаа шалтгаанаа шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш дахин 76 565 405,07 төгрөг буюу дээр дурдсан 14 855 205,09 төгрөг дээр 61 710 199,09 төгрөгийг нэмэгдсэн гэж тайлбарласан. Гэтэл нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь "...цалин хөдөлмөрийн хөлс болон тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татварын тайлант өр 182 986 457 төгрөг бөгөөд тус төлбөрөөс нэмэгдүүлэн шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гаргаагүй байхад шүүх 182 986 457 төгрөгөөс 53 629 599 төгрөгийг хассаныг хууль зөрчиж байна. Мөн Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу хугацаанд төлөөгүй татварын өрийг барагдуулах зорилгоор урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагааг нэхэмжлэгчээс явуулах ёстой байтал шүүхэд нэмэгдүүлсэн шаардлага ч гаргаагүй, урьдчлан шийдвэрлэх арга хэмжээ ч аваагүй асуудлыг шүүх 53 629 599 төгрөгийг хассан ч үндэслэлгүй байна.

2. Хэрэгт авагдсан Татварын тооцооллын жагсаалтанд дурдсанаар шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар хариуцагч “Засаг чандмань майнз" ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын өр 47 773 859,17 төгрөг байснаас буцаалт 30 984 326,09 төгрөгийг хасч, нийт 16 789 533 төгрөгийг нэхэмжилж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс гаргаж өгсөн Татварын тоцооллоос үзвэл нэмэгдсэн өртгийн албан татварын хүрээнд хариуцагч “Засаг чандмань майнз” ХХК-д 162 135 289,07 төгрөгийн буцаан олголтын дүнтэй байна" гэжээ. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс үзэхэд нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс өгсөн НӨАТ-ын хүрээнд 162 135 289 төгрөгийн буцаан авалтыг нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс хүлээн зөвшөөрсөн байхад шүүх уг дүнг хасч тооцохгүй байгаа нь ойлгомжгүй байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14, 15 дугаар зүйлд заасны дагуу албан татварт хасалт хийх, илүү төлсөн татварыг буцаан олгох харилцаа, түүний үндэслэл журмын талаар зохицуулсан ба тодорхой үндэслэл, нөхцөл бүрдсэн тохиолдолд татвар төлөгчийн төлсөн татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцох эсхүл илүү төлсөн татварыг буцаан олгодог зохицуулалттай. Гэтэл хариуцагч компаниас нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан авалтаар 162 135 289 төгрөгийг буцаан авах буюу төлсөн гэж үзэхээр байхад шүүх татварын хэлтэс шийдвэрлэх журамтай гэж үзсэн нь шүүх нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн өр 16 789 533 төгрөгийг нэхэмжлэгчид олгох эрхгүй гэж ойлгохоор байна. Иймд шийдвэрт хариуцагчаас 175 535 845 төгрөг гаргуулж Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст олгох төлбөрөөс нэмэгдсэн өртгийн албан татварын өр 16 789 533 төгрөг, цалин хөлс тэдгээртэй адилтгах орлогоос суутгалын албан татварын тайлангийн өр 42 014 825 төгрөг нийт 58 804 358 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

        Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс нь хариуцагч “Засаг чандмань майнз” ХХК-д холбогдуулан татварын өр 409 980 305 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь татварын өр 58 804 358 төгрөгийг хүлээн  зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан хариуцагч “Засаг чандмань майнз” ХХК-ийн 2014 оны 4 дүгээр улирлын “Аж ахуй нэгжийн орлогын албан татвар”-ын тайлан, 2013 оны 4 дүгээр улирал, 2014 оны 4 дүгээр улирлын “Суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татвар”-ын тайлан, 2014 оны 4 дүгээр улирал, 2015 оны 2 дугаар улирлын “Цалин хөлс, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан” гэсэн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичгийн нотлох баримт эх хувиар эсхүл нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагыг хангаагүй байхад анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгосон нь мөн хуулийн 116 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчжээ /хх-7-15/.

Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн татварын тайлан нь цахим мэдээллийн хэлбэрээс өөр бусад байдлаар гарах боломжгүй бол тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу үзлэг хийлгэх замаар ажиллагааг гүйцэтгүүлэн мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар нотлох баримт бүрдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх замаар маргааны үйл баримтыг тогтоох, шүүхийн шийдвэрт дүгнэлт өгөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2016/06595 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Засаг чандмань майнз” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 451 972 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           ШҮҮГЧИД                                         М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                                                      Д.БАЙГАЛМАА