Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 34

 

 

С.Цэрэнтогтоход холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, цагаатгагдсан этгээд С.Цэрэнтогтох, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир прокурор Ш.Сувд-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 83 дугаар цагаатгах тогтоолтой, С.Цэрэнтогтоход холбогдох эрүүгийн 201721000175 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг  үндэслэн, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, урьд ял шийтгэлгүй Буян олхонууд овогт Содномбарын Цэрэнтогтох нь Ховд аймгийн Жаргалант сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Цагдаагийн газрын байранд 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр иргэн Н.Ядамсүрэнтэй маргалдаж, зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Ховд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буянт олхонууд овгийн Содномбарын Цэрэнтогтоход холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Цэрэнтогтоход авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 4, 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-нд хуулбарласан бичлэгийг хэргийн хамт хадгалж, хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч С.Цэрэнтогтох нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Хохирогч Н.Ядамсүрэнгийн мэдүүлэг, гэрч Л.Отгонбаярын мэдүүлэг, дүрс бичлэгт хийсэн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлгүүдээр С.Цэрэнтогтох нь хохирогч Н.Ядамсүрэнтэй маргалдах явцдаа хохирогчид хүч хэрэглэн түлхэж унаган, өчиг хийж 2 давхарт гаргаж, өрөөнийхөө үүдэнд хэвтүүлэн өрөөгөө онгойлгон орсон үйлдэл, хохирогч Н.Ядамсүрэн хохирогчоор өгсөн мэдүүлэг зэргээс С.Цэрэнтогтох нь хохирогч Н.Ядамсүрэнг цохисоны улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон байхад шүүхээс С.Цэрэнтогтохыг хохирогчийг цохиогүй мэтээр буруу дүгнэлт хийж хэт нэг талыг барьж цагаатгах тогтоолыг гаргасан нь үндэслэлгүй байна гэж дүгнэхээр байна.

Түүнчлэн хэрэг бүртгэлтийн шатанд хохирогчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуульд заасны дагуу хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүргийг сануулан мэдүүлэг авсан бөгөөд хохирогч хэрэг бүртгэлтийн шатанд С.Цэрэнтогтоход зодуулсан талаараа тогтвортой мэдүүлэг өгсөөр байхад хохирогчийн шүүхийн шатанд өөрөө бичсэн эсэх нь тодорхой бус хүсэлт болон шүүгдэгч С.Цэрэнтогтохын хавтаст хэрэгт авагдсан хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас болсон үйл явцын талаар эрс зөрүүтэй, өөрийнхөө хийсэн үйлдлийг хаацайлах гэсэн би Н.Ядамсүрэнг өрөөнд орж асуудлаа шийдвэрлэе гэсэн боловч орохгүй гэж хэлсэн. Ингээд би өрөө рүү орьё гээд нэг давхрын шатнаас Н.Ядамсүрэн өөрөө шат руу унасан.

Би цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагаа тавьсан бөгөөд хоёр давхарт өрөө рүү орохгүй гээд шатны хажууд унахад нь би өчиж аваад өрөө рүү орсон гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаагүй баримтууд болон хохирогчид хүч хэрэглэж байгааг харсан боловч цохиж байгааг шууд хараагүй гэрч нарын мэдүүлгүүдэд үндэслэж цагаатгах тогтоол гаргасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл зэргийг тусгаж чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана, 34.14 дүгээр зүйлийн 2-д заасан шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилнө гэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаараас давсан хэтэрхий нэг талыг барьсан Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй тогтоол гаргасан гэж үзэхээр байна.Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Л.Ган-Очир давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэл бүхий гарсан. Учир нь хохирогч маань цагдаагийн албан хаагчтай ёс зүйгүй ааш авир гаргаж харьцаж чамайг ажилгүй болгож чадна гэх мэт үгээр дайрч байсан. Мөн хохирогчид учирсан хохирол С.Цэрэнтогтохын үйлдлийн улмаас биш өөр хүний үйлдлээс үүссэн байх магадлалтай юм. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Цагаатгагдсан этгээд С.Цэрэнтогтох давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Хавтаст хэрэгт хэрэг бүртгэлтийн шатанд хохирогчид хуульд заасны дагуу хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүргийг сануулан мэдүүлэг авсан бөгөөд хохирогч хэрэг бүртгэлтийн шатнаас тогтвортой мэдүүлэг өгсөөр байхад хохирогчийн шүүхийн шатанд өөрөө бичсэн эсэх нь тодорхой бус хүсэлт болон С.Цэрэнтогтохын хавтаст хэрэгт авагдсан хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас болсон үйл явцын талаар эрс зөрүүтэй, өөрийнхөө хийсэн үйлдлийг хаацайлах гэсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаагүй баримтууд болон хохирогчид хүч хэрэглэж байгааг харсан боловч цохиж байгааг шууд хараагүй гэрч нарын мэдүүлгүүдээс шүүгдэгчид ашигтай байдлаар дурдаж цагаатгах тогтоолын үндэслэл болгож шүүхээс цагаатгасан нь шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй тогтоол гарсан гэж үзэж байна.

Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүх  прокурорын эсэргүүцлийг  хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж  дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд өөрчлөлт  оруулж  шийдвэрлэв.

 Ховд аймгийн Прокурорын газраас С.Цэрэнтогтохыг иргэн Н.Ядамсүрэнгийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэн түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Уг хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Н.Ядамсүрэнд учирсан хөнгөн гэмтэл нь Л.Пүрэвдоржид мөргүүлсэн үйлдлээс болсон уу эсвэл С.Цэрэнтогтохын түлхэж унагасан үйлдлээс болсон уу гэдгийг хангалттай нотлож тогтоогоогүй байна гэж дүгнэн С.Цэрэнтогтоход холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэл буюу гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд дээрх анхан шатны шүүхийн шийдвэр нь  үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ. Учир нь: 2017 оны 05 дугаар сарын 22-ны орой 20 цагийн үед хохирогч Н.Ядамсүрэн нь хөрш айлын хүүхэнтэйгээ газрын маргаанаас болж маргалдах үед иргэн Л.Пүрэвдорж нь  хохирогч Н.Ядамсүрэнгийн толгой руу мөргөх үйлдэл хийсэн болох нь хохирогч Н.Ядамсүрэнгийн “..Тэгээд амьсгаадаад зогсож байтал аав нь миний уруул руу 2 удаа толгойгоороо мөргөчихөөд ёо, ёо пизда минь гээд байсан” гэх мэдүүлэг, гэрч Л.Отгонбаярын “... Манай нөхөр Н.Ядамсүрэн машинаасаа дугуйн дроцов аваад шонгийн торыг ороож байгаад мушгиж салгасан. Тэгэхэд аав  Л.Пүрэвдорж нь  дундуур орж ирээд Н.Ядамсүрэнгийн цээжнээс нь барьж аваад толгойгоороо 2 удаа амруу нь  мөргөчихөөд өөрөө ёо, ёо гээд орилсон.“ гэх мэдүүлэг,  гэрч П.Түвшинжаргалын  “ ...Н.Ядамсүрэн машинаасаа очоод торцов гаргаж ирээд манай торнуудыг таслахаар нь би очоод торцовыг нь булаацалдсан чинь ..манай аав толгойгоороо цээж рүү нь түлхэж байгаад өөрийнхөө толгойг гаргаж авсан.” гэх мэдүүлгүүдээр,

Уг маргааны улмаас хохирогч Н.Ядамсүрэн нь цагдаа дээр ирэхэд цагдаагийн ажилтан С.Цэрэнтогтох нь хохирогч Н.Ядамсүрэнгийн цээж рүү түлхэж унагасан, хоолойг нь багалзуурдсан  үйлдэл хийсэн болох нь хохирогч Н.Ядамсүрэнгийн “…Дуудлагаар очсон цагдаа гэрийг нь олохгүй байна гэхээр нь би буцаж очиж гэрийг нь зааж өгсөн. Тэгээд Цагдаагийн газар дээр бид нарыг авч ирсэн. ...чи яагаад ажлаа хийдэггүй юм бэ гэхэд С.Цэрэнтогтох миний цээж рүү түлхэж унагаагаад ...хоолой багалзуурдаж түлхсэн...” гэх мэдүүлэг, гэрч Л.Отгонбаярийн  “...Н.Ядамсүрэн гэрт очсоны дараа С.Цэрэнтогтохоор зодуулсан талаараа хэлсэн.” гэх мэдүүлэг болон Цагдаагийн газрын камерийн бичлэг, түүнд хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдсон байна.

Мөн хохирогч Н.Ядамсүрэнгийн биед тархины доргилт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн Үндэсний Хүрээлэнгийн Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 285 дугаартай дүгнэлтээр,

  Хохирогчид үүссэн тархины доргилт бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хохирогчийг түлхэж унагасан, мөргөсөн үйлдлүүдийн аль алинаас нь учирч болох нь шинжээчийн дүгнэлт , түүний мэдүүлэгээр тогтоогдсон байна.

Дээрхи хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэж үзэхэд хохирогчийн биед үүссэн хөнгөн зэргийн гэмтэл нь чухам хэний үйлдэлээс учирсан болох нь хангалттай нотлогдоогүй байна. Өөөрөөр хэлбэл  Н.Ядамсүрэнг Н.Пүрэвдорж нь толгойгоороо уруул орчимд нь  мөргөсөн мөн С.Цэрэнтогтох нь хохирогчийг хойш нь түлхэн  унагааж, хоолойг нь боосон үйлдлүүдийг хийсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдож байгаа боловч Н.Ядамсүрэнгийн эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл нь Н.Пүрэвдорж болон С.Цэрэнтогтох нарын хэний үйлдлээс болж учирсан болохыг хангалттай нотлох баримтаар тогтоож чадаагүй, эргэлзээтэй байгаа учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг буруутгах хуульзүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

            Мөн хэрэгт Н.Ядамсүрэнгийн биед хөнгөн гэмтэл учирсан талаарх 285 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан боловч энэ нь хэний үйлдлээс болж гэмтэл учирсан болохыг тогтоогоогүй зөвхөн хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон ба уг гэмтэл нь хохирогчийг түлхэж унагасан, мөргөсөн үйлдлүүдийн аль, алинаас ч авсан байх боломжтой чухам хэнээс учирсан болохыг тогтоох боломжгүй гэж  дүгнэсэн зэргээс үзэхэд Н.Ядамсүрэнд хэн  хөнгөн гэмтэл учруулсан нь эргэлзээтэй байна гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан гэм буруугүйд тооцох зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. Харин шүүх С.Цэрэнтогтоход холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэхь хэсгийн 4-т заасан “ шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гаргасан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана.” гэсэн заалтыг зөрчсөн байх тул тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж зөвтгөх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 83 дугаартай цагаатгах тогтоолын ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буянт олхонууд овгийн Содномбарын Цэрэнтогтоход холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4-т заасныг баримтлан  Ховд аймгийн Прокурорын газраас Содномборын Цэрэнтогтоход 2015 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт яллагдагчаар татаж , яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, С.Цэрэнтогтохыг цагаатгаж, хэргийг прокурорт буцаасугай “  гэж өөрчилсүгэй,

            2.Цагаатгах тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

            3.Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

 

ШҮҮГЧИД                                                       Н.МӨНХЖАРГАЛ

 

                                  

Б.ДАМБА