Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 59

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж, нарийн бичгийн дарга Б.Энхзул, улсын яллагч Д.Сүрэнхор, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд,

шүүгдэгч Б.А  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2025000640041 дугаартай, 163/2020/0050/Э индекстэй хэргийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ял шийтгүүлж байгаагүй, И овогт Б.А.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А ийг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ерөнхий боловсролын сургуулийн суурь боловсролын гэрчилгээ гаргаж өгнө гэж хуурч иргэн Б.Г ас 600 000 төгрөгийг шилжүүлэн авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн

17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А ийн өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг, эрүүгийн 2025000640041 дугаартай хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А нь хохирогч Б.Г ын ерөнхий боловсролын сургуулийн суурь боловсролын гэрчилгээтэй болох гэсэн хүсэл зоригийг ашиглан уг гэрчилгээг гаргаж өгнө гэж хуурч  600000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Төрийн банкин дахь өөрийн эзэмшлийн ************* дугаартай дансанд шилжүүлэн авсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал  тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хохирогч Б.Г ын өгсөн: “...2019 оны 04 дүгээр сард би өөрийн танилаараа дамжуулан Булган аймгийн ... суманд Ерөнхий боловсролын сургуульд ажилладаг гэх Б.А  гэдэг хүнтэй холбогдож, Ерөнхий боловсролын сургуулийн гэрчилгээ гаргуулан авах гэж түүний ******** дугаар луу нь өөрийнхөө ******** дугаараас залгаад гэрчилгээ гаргуулан авах талаар яриад өнгөрсөн юм. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр А  ******** гэсэн дугаараасаа над руу залгаад “яаралтай 600000 төгрөгийг явуул, 2019 оны 06 дугаар сарын эхээр бэлэн болчихно” гэж хэлсэн юм. Тухайн үед би ажилтай завгүй байсан учраас өөрийн ээж Н г “А  гэх хүнтэй холбогдоод мөнгө шилжүүлчих” гэж хэлсэн юм. Тэгээд манай ээж А ийн Төрийн банкны ************* гэсэн дугаартай данс руу 600000 төгрөгийг Уртцагаанд байрлах төрийн банкин дээр очиж шилжүүлсэн байсан. Ингээд 2019 оны 06 сар болоход гэрчилгээ гарсан талаар асуухад мэргэжилтэн нь амарчихсан байна. 2019 оны 07 дугаар сард залгаарай гэж хэлж байсан юм. Тэгээд би хүлээж байгаад 2019 оны 07 дугаар сард залгахад утсаа авахгүй байсан, түүнээс хойш залгахад хуралтай байна, хөдөө зугаалж байна, ажилтай байна гэх мэт шалтгаан хэлдэг байсан. Хэсэг хугацаа өнгөрсний дараа 2019 оны 09 дүгээр сард А  руу залгаад “гэрчилгээгээ больё зүгээр мөнгөө авмаар байна” гэхэд “бэлэн болчихсон байгаа эгчийн дүү гэхдээ авах мөнгө нь нэмэгдэж байгаа шүү” гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-5-7 тал/, гэрч Л.Н гийн өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр намайг гэртээ байж байхад манай хүү Г  над руу утсаар залгаад “Төрийн банкны ************* тоот Б.А  гэх эзэмшигчтэй данс руу 600000 төгрөгийг шилжүүлчихээ, надад гэрчилгээ гаргаж туслана гээд байсан багш юм” гэж хэлэхээр нь гэрээсээ гараад Уртцагааны төрийн банкин дээр очоод Төрийн банкны ************* тоот Б.А  гэх эзэмшигчтэй данс руу

600000 төгрөгийг шилжүүлсэн юм” гэх мэдүүлэг /хх-8 тал/, кассын орлогын баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15-16 тал/, гүйлгээ хийгдсэн Төрийн банкны дансны хуулга /хх-43 тал/,

шүүгдэгч, хохирогч нарын фэйсбүүк чат мессенжерээр харилцсан захидлын

гэрэл зургууд /хх-55-58 тал/, яллагдагч Б.А ийн өгсөн: “...2019 оны 04 дүгээр сард миний ******** гэсэн дугаар луу нэг залуу залгаад ерөнхий боловсролын сургуулийн суурь боловсролын гэрчилгээ гаргаж болдог юм болов уу? гэж асуухад би түүнд хариуд нь би хүн насан туршдаа сурч боловсрох боломжтой гэж хэлээд өнгөрч байсан. Тухайн үед надад яаралтай мөнгөний хэрэг гараад байсан учраас би Г ас 600000 төгрөгийг зээлж авсан гэж ойлготол Г  болон түүний ээж Н  нь надад 600000 төгрөгийг зээлүүлсэн биш гэрчилгээ гаргуулахаар өгсөн гэж ойлгосон юм байна лээ. Тэр үед Г  надад “ээжтэйгээ зөвлөлдөөд яриадхая, та дансаа явуулчих” гэсэн юм. Удалгүй ээж Н  гэх хүн залгаад “дансаа мессэжээр явуулчих” гэхэд би түүн рүү мессежээр төрийн банкны ************* тоот дансаа явуулсан юм. Ээж нь надтай ярихдаа “Г  мөнгө шилжүүл гэж байна, өөрөө ажилтай байна” гэж хэлээд утсаа тасалсан юм. Тэгээд удалгүй миний төрийн банкны ************* тоот данс руу 600000 төгрөг шилжин орж ирсэн юм. Энэ явдлаас хойш тэд нартай огт холбоо бариагүй ээ, Г  удаа дараа 600000 төгрөгөө нэхэх үед нь надад мөнгөний бололцоо байгаагүйн улмаас мөнгийг нь өгч чадахгүй яваад байсан юм...” гэх мэдүүлэг /хх-23-24 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурьдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч Б.А ийн үйлдэл идэвхтэй, ерөнхий боловсролын сургуулийн суурь боловсролын гэрчилгээг гаргаж өгөх боломжгүйг мэдсээр байж түүнийг хуурч буй өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй өмчлөх эрхийн эсрэг хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Б.А ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид 600000 төгрөгийн хохирол учирсан, мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч хохирлыг төлснөөр хохирогч Б.Г  гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ /хх-82 тал/ илэрхийлсэн байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.А ийн хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд "Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно" гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-26-37 тал/ зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, учруулсан хохирлыг арилгасан нөхцөл байдал болон улсын яллагчийн ялын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.А  цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаагүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч И овогт Б.А ийг Эрүүгийнхуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааршүүгдэгч Б.А ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Энэ хэрэгт шүүгдэгч Б.А  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдадтөлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч гомол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.А т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ЦЭРЭНХАНД